Нийтлэл 03 сарын 17, 2020

Өнөө цагийн сурагч нартаа!

Италийн Милан хотын Волта ахлах сургуулийн захирал сурагч нартаа хандан бичсэн захидлыг орчуулан хүргэж байна. Энэхүү захидлыг тэрбээр сургуулийнхаа вэб хуудсаар дамжуулан 2020.02.25 өдөр нийтэлсэн бөгөөд өдгөө дэлхий нийтийн анхаарлыг ихээр татаж буй сэтгэл хөдөлгөм захидал юм. Хэдхэн минут анхаарлаа хандуулан уншихыг та бүхнээс хүсч байна.

ӨНӨӨ ЦАГИЙН СУРАГЧДАД

“Герман цэргүүдийн хамт Миланчуудын дунд аймшигт халдварт өвчин орж ирлээ. Энэ халдварт өвчин зөвхөн Милан хотыг төдийгүй нийт Итали даяарх хот сууринг хамарсан юм”

Энэ бол Манзонигийн бичсэн The Betrothed (Promessi sposi) зохиолын 31-р бүлгийн эхэнд гардаг үг. Энэ бүлэгт 1630 оны Миланд тархсан тахлын тухай гардаг. Өнөө цаг шиг хүнд хэцүү байгаа үед энэхүү гайхамшигт орчин үеийн зохиолыг дахин унших хэрэгтэйг та бүхэнд зөвлөмөөр байна. Бидний нүүр тулж буй бүх л зүйлсийг энд бичсэн байгаа. Халдвар тараасан гэж сэжиглэгдэх гадаад иргэдийг үзэн ядах сэтгэлгээ, төрийн байгууллагуудын хоорондын зөрчил, анхны халдвар тээгчийг олох эрэл хайгуул, мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг үл тоох байдал, хий хоосон мэдэмхийрэгч нарыг өөгшүүлэх байдал, хяналтгүй иргэдийн дуу хоолой, шинжлэх ухааны үндэслэлгүй эмчилгээний жор, өдөр тутмын хэрэгцээт барааг худалдан авахын төлөөх тэмцэл, эрүүл ахуйн онц байдал гэх мэт өнөөдөр болж буй бүхэнийг энд бичиж. Мөн та бүхний сургуульдаа ирэх бүртээ дайрч өнгөрдөг ойр орчмын гудамжийн нэрс ч энд гарна. Жишээлбэл, Ludovvico Settala, Alessandro Tadino, Felice Casati. Манзонигийн зохиолд гарч буй энэ бүхэнг өнөөдрийн сонингоос шуудхан л олоод уншиж чадна.

Эрхэм хүүхдүүд минь, нарт ертөнцийн дор шинэ зүйл гэж үгүй билээ. Сургууль маань хэдий түр хаагдаж байгаатай холбогдуулан та бүхэнд энэхүү захидлыг хүргүүлж байна. Сургууль гэдэг институци бол цаг хугацааны түүхийг өөрийн хэмнэлээрээ хойч үедээ уламжлан үлдээж, иргэншилт амьдралыг шинээр бий болгож байдаг билээ. Сургуулийг түр хугацаанд ч болов хаана гэдэг бол тун ховор тохиолдох онц байдалд төрийн байгууллагуудын авдаг арга хэмжээ. Би уг шийдвэрийг зөв эсэхийг тунгаан шийдэх мэргэжилтэн биш тул энэ талаар үнэлэлт дүгнэлт өгмөөргүй байна. Би төрийн байгууллагын гаргасан шийдвэрийг хүндэтгэн хүлээн авч, тэд нарын шийдвэрт итгэж байна.

Гэхдээ энд би та бүхэнд нэг л зүйлийг хэлэхийг хүсч байна. УХААЛАГ БАЙЦГААЯ. Олон нийтийн буруу хандлагад авталгүйгээр, энгийн амьдралыг буцаан авчрахын төлөө дор бүрнээ анхаарал болгоомжтой байцгаая.
Энэ боломжийг ашиглаад та нар минь агаар салхинд гар, сайхан ном зохиол унш. Хүнсний дэлгүүр болон эмийн санд очиж, олон нийттэй хамт тэмцэл өрнүүлэх шаардлага байхгүй. Маск бол зөвхөн өвчтэй хүмүүст л хүрэхээр үлдсэн, энэ бол тэдэнд л зориулагдсан. Халдварт өвчин дэлхийн нэг өнцгөөс нөгөө өнцөг рүү халдварлах бол цаг хугацааны л асуудал. Үүнийг зогсоох хана хэрэм гэж байхгүй. Хэдэн зууны өмнө өвчин ингэж л тархсан, гэхдээ арай бага хурдацтайгаар.

Өнөө үеийн хамгийн том аюулыг Манзонигийн зохиол (Boccaccio ч байж магадгүй юм) бидэнд зааж өгсөн юм. Бидний өмнө тулгарч буй хамгийн том аюул бол иргэншилт амьдралын зэрлэгшил болон нийгмийн амьдрал, хүн хоорондын харилцааны хордолт юм. Нүдэнд үл үзэгдэх дайсантай нүүр тулсан үед бид тэрхүү халдварын вирусыг хаа саагүй байгаа мэтээр үзэн, амь нэгт эгэл жирийн нэгнээ хүртэл аюул заналхийлэгч мэт үзэн ядаж байна. Энэ бол хамгийн том аюул. XIV болон XVII зуунтай харьцуулахад, бидэнд орчин үеийн эм, технологи байна. Өдийг хүртэлх шинжлэх ухааны ололт, амжилт, хөгжил гэдэг бол тийм ч өчүүхэн зүйл биш гэдэгт та бүхэн минь итгээрэй. Эдгээр эмийг зохион бүтээж чадсан хүн төрөлхтний агуу ухааныг давуу байдлаа болгон, УХААЛАГ байж, бие биенээ ялгаварлан гадуурхалгүй, худал хуурмагт үл автан, бидний хамгийн үнэ цэнэтэй “хөрөнгө” болсон хүнлэг чанар, УХААЛАГ байдлаа хадгалж, нийгмээ хамгаалан авч үлдэцгээе. Хэрэв ингэж чадахгүй бол, энэ цар тахал биднийг ялах болно.

Та бүхнийгээ удахгүй сургуульдаа ирэх өдрийг тэсэн ядан хүлээж байна.

Domenico Squillace

 

arrow icon