Нийтлэл 03 сарын 25, 2020

Коронавирусийн дэгдэлтэд агаарын бохирдол нөлөөлөх үү?

COVID-19 –ийн тарьж буй гамшгийн хэмжээ нь агаарын бохирдлын хэмжээтэй нь холбоотой байх гэсэн мэдээ их гарах боллоо.

2003 оны Сарс короновирусийн тархалтын үеэр агаарын бохирдол өндөртэй газрууд дахь нас баралтын хувь нь багатай газруудынхаас 2 дахин өндөр байсан юм байна.

Энэ удаад ч агаарын бохирдол ихтэй Вухан, Хойд Италид тархалт хамгийн ноцтой байгаа нь анхаарал татаж байгаа юм.

Агаарын бохирдлын нэг үндсэн үр дагавар нь дархлааг сулруулах бөгөөд дархлаа султай хүмүүс короновируст хамгийн эмзэг байгаа ажээ.

Мөн энэ удаагийн Ковид-19-өөр нас барагчдын ихэнхи нь эрэгтэйчүүд байгаагийн шалтгаан нь тэд эмэгтэйчүүдтэй харьцуулахад их тамхи татдагтай холбоотой байж магадгүй гэсэн таамаг байна. 2012 оны Мерс короновирусийн тархалтын үеэр тамхичид уг вируст илүү өртөмхий, нас баралтын хувь нь ч өндөр байсан ажээ.

Агаарын бохирдолтой тэмцэх нь энэ удаагийн болон цаашид гарах тархалтуудаас сэргийлэх үндсэн аргуудын нэг бөгөөд ийм төрлийн тархалт цаашид улам олшрох төлөвтэй хэмээн судлаачид дүгнэж байгаа юм байна.

Улаанбаатарын агаарын бохирдол дэлхийд дээгүүрт тооцогддог бөгөөд дараах графикуудад үндсэн 4 бохирдуулагчийн динамикийг хэтрүүлж үл болох, заавал мөрдөх ёстой Монгол улсын стандартын хамт 2008.01.01-2020.02.29 хугацаагаар харуулж байна. Дэлгэрэнгүйг эндээс  харна уу.

(Нарийн ширхэглэгт тоосонцор нь нэгээс доош настай хүүхдийн уушгины үйл ажиллагааны хөгжилд сөргөөр нөлөөлж, багтраа болон цусны эргэлтийн тогтолцооны өвчний шинж тэмдгүүд болох ханиад, бронхитийг улам хүндрүүлж, цусны эргэлтийн тогтолцооны өвчний улмаас нас барах тохиолдолыг нэмэгдүүлж байна.)

(Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллага 2013 онд агаарын бохирдлын чухал үзүүлэлт болох тоосонцрыг судалж үзээд түүнийг хорт хавдар үүсгэгч бодисын ангилалд оруулсан байдаг.
...нийслэлийн хүн амын зүрх-уушиг хавсарсан өвчнөөс үүдэлтэй нас баралтын 29%, уушигний хорт хавдраас үүдэлтэй нас баралтын 40% нь хотын агаарын бохирдлоос болсон гэж үзэж байна. Энэ нь нийслэлийн хүн амын нас баралтын 10 хувьтай тэнцэнэ.)

(Өнгөгүй, бага зэрэг таагүй үнэртэй хий бөгөөд агаар мандалд их агууламжтай байх үед бор шаргал, улаан хүрэн өнгөтэй болж, урвалд идэвхтэй ордог. Агаарын бохирдлын эх үүсвэрээс ялгарсан азотын исэл (NO) агаар дахь хүчилтөрөгчтэй нэгдэхэд үүснэ. Үүссэн азотын давхар исэл нь агаар дахь дэгдэмхий органик нэгдэл зэрэг хүчтэй исэлдүүлэгчийг үүсгэнэ. Аливаа түлшний өндөр температурт шатах үед үүсдэг ба авто тээврийн хэрэгслийн дотоод шаталт, цахилгаан халаагуур, цахилгаан станц, химийн үйлдвэр, хог шатаах зуух зэрэг агаар бохирдуулах эх үүсвэрээс ялгардаг.
Азотын давхар исэл нь уушгины эдийг цочроох ба амьсгалын замын халдварт өртөмтгий байдлыг нэмэгдүүлдэг. Азотын давхар исэл нь амьсгалын замын өвчний тохиолдлыг ихэсгэх, гуурсан хоолойн багтраа болон үрэвсэлтэй хүний мэдрэгшлийг нэмэгдүүлэх, уушгины хамгаалах механизмыг бууруулах, зүрх судасны архаг өвчнийг сэдрээх нөлөөтэй. Зүрх судасны, уушгины архаг өвчтэй хүмүүс, түүнчлэн хүүхдүүд, өндөр настнууд архаг нөлөөнд өртөмтгий байдаг.)

Нэлээд мэдээлэл нь дутуу байдаг юм байна. Гэхдээ ерөнхий зүй тогтол нь тоосонцорын хэмжээ нэлээд буурч байгаа ч стандартаас хамаагүй өндөр, мөн хорт хийн хэмжээ ялангуяа SO2-ийн хэмжээ гэр хороололд өсөх хандлагатай байгаа юм байна.

Тэгэхээр бид хувь хүнийхээ хувьд хийж болох хамгийн эхний алхам нь тамхиа багасгаж, нүүрс түлэлгүй цахилгаан халаагуураа залгаж, гэр доторх болон гадаах агаарын бохирдлоо бууруулах ёстой мэт.

Ковид-19-ын эсрэг вакцин хэзээ гарах нь тодорхойгүй, тэмцэх ганц арга нь дундад зууны үеийн буюу эдийн засгийн үйл ажиллагааг зогсоож, тусгаарлах болж байгаа энэ үед нийтийн эрх ашгийг хамгаалах шийдвэр гаргагчид, бизнесийн лидерүүдийн хувьд ирэх хавраас өмнө яндангийн тоог эрс цөөлж, дэгдэлтийн суурийг нь багасгахад анхаарах ёстой мэт.

Энэ байдал хэр удаан үргэлжлэх нь мэдэгдэхгүй байгаа үед 1990-ээд оных шиг хөдөө рүү чиглэсэн ажиллах хүчний шилжилтэд саад болохгүй байсан нь дээр ч юм болов уу гэж бодогдох. Ямартаа ч зарим эдийн засагчдын Ковид-19-д хэрхэн хариу үзүүлэх талаар гаргасан е-ном, үзэл бодлууд хүмүүст хэрэгтэй болж магадгүй юм.

Нүүр зургийн эх сурвалж: Air pollution is farм deadlier than the coronavirus

 

Сэтгэгдэл бичих

arrow icon