Нийтлэл 03 сарын 25, 2020

ДЭЛХИЙ ЮУ УНШИЖ БАЙНА ВЭ? Түүхч, философич Харари коронавирусын дараах дэлхийн тухай

"Хомосапиэнсийн Товч Түүх", "21-р зууны 21 хичээл" номын зохиогч түүхч, философич Ювал Ноа Хараригийн бичсэн "Коронавирусын дараах дэлхий" нийтлэлийг орчуулан хүргэж байна. 

Хүн төрөлхтөн глобал хямралтай нүүр тулаад байна. Магадгүй манай үед тохиох хамгийн том хямрал ч байж мэдэх. Энэ хэдэн долоо хоногт засгийн газрууд, мөн хүн ардын авч хэрэгжүүлэх шийдвэрүүд угтан ирж буй олон жилд дэлхийн дүр зургийг тодорхойлох бизээ. Эдгээр шийдвэрүүд эрүүл мэндийн тогтолцоо төдийгүй эдийн засаг, улстөр, соёлыг ч дахин тодорхойлох болно. Одоо бид хурдтай бас шийдэмгий үйлдэл хийх шаардлагатай. Түүнээс гадна тэдгээр үйлдлийнхээ урт хугацааны үр дагаврыг бас бодолцох ёстой. Өнөөдөр бид ямарваа нэг сонголт хийхдээ нүдний өмнө тулж ирсэн аюулыг хэрхэн давахаас гадна шуурга намжсаны дараа ямар дэлхийд амьдрах вэ гэдгээ ч асууж үзэх хэрэгтэй. Мэдээж шуурга намжина, хүн төрөлхтөн даваад гарна, бидний ихэнх нь амьд үлдэнэ, гэхдээ бид өөр дэлхийд амьдран суух болно.

Богино хугацаанд авч хэрэгжүүлсэн олон арга хэмжээ амьдралд нутагшиж үлддэг. Онцгой байдлын онцлог нь тэр юм. Тэр нь ч түүхийн явцыг хурдасгаж ирсэн билээ. Жирийн үед олон жил зарцуулж гарах шийдвэрийг хэдхэн цагийн дотор гаргах хэрэгтэй болдог. Бүрэн гүйцэд хөгжүүлээгүй, зарим талаар аюултай технологийг хүртэл хэрэглээнд оруулах хэрэг гарна, хэрэглэхгүй байх нь хамаагүй том эрсдэл дагуулах учраас. Бүхэл бүтэн улс орнууд асар далайцтай нийгмийн туршилт явуулах туршилтын туулай болж хувирна. Бүгд гэрээсээ ажилладаг, бүх хүн зайнаас ажилладаг болвол яах вэ? Сургуулиуд, их сургуулиуд тэр чигтээ онлаин болвол яах вэ? Ердийн нөхцөлд засгийн газрууд, компаниуд, их сургуулийн удирдлагууд ийм туршилт явуулахтай хэзээ ч санал нэгдэхгүй. Гэхдээ өнөөдөр ердийн цаг үе биш.

Ийм хямралын үед бид нэн чухал хоёр  сонголттой тулгардаг. Эхнийх нь тоталитар хяналт ба хүчтэй иргэн хоорондын сонголт. Хоёр дахь нь үндсэрхэг үзэл ба дэлхий дахины эв хамтын тухай.

Арьсан доорх хяналт

Тахлын тархалтыг зогсоохын тулд ард түмнээрээ тодорхой дүрэм зааврыг дагах хэрэгтэй болдог. Үүнийг хэрэгжүүлэхийн төлөөх хоёр гол арга бий. Нэг нь засгийн газраас хүмүүсийг хянаж, дүрмийг зөрчсөн этгээдийг шийтгэх. Өнөөдөр хүний түүхэнд анх удаа технологийн хүчээр бүх хүнийг хянах боломж үүсээд байна. 50 жилийн өмнө КГБ ЗХУ-ын 240 сая иргэнийг 24 цагийн турш мөрдөх боломж ч, цугларсан датаг үр дүнтэй боловсруулах боломж ч байхгүй байлаа. Ажил нь хүний гар хөл, агентууд болон аналистууд дээр тогтдог, тэд бүх иргэдээ дагаж мөрдөг гэдэг ямар ч боломжгүй зүйл байв. Одоо харин засгийн газрууд мах цусанд найдалгүйгээр хаа сайгүй хянаж, тэндээс цугласан датаг хүчтэй машин, алгоритм ашиглан задлан шинжлэх боломжтой болсон.

Коронавирустэй тэмцэх ажлын хүрээнд хэд хэдэн улсын төр шинэ төрлийн хяналтын багаж, технологийг хэрэглээнд оруулаад байна. Хамгийн анхаарал татаж байгаа нь Хятад. Хүмүүсийн ухаалаг утсыг нягт хянаж, зуу зуун сая нүүр таньдаг жижиг камерыг ашиглах, түүнчлэн хүмүүст халуунаа хэмжих, биеийн байдлаа мэдээлэх үүрэг өгөх замаар Хятадын засгийн газар коронавирус туссан байж болзошгүй сэжигтэй тохиолдлыг хурдтай мэдэж авахаас гадна тэдэнтэй хавьталд орсон байж болзошгүй хүний явсан замыг хянаж чадлаа. Төрөл бүрийн мобаил аппаар халдвар авсан хүмүүст хэр ойр байсныг иргэдэд мэдээлж өгөв. Энэ төрлийн технологи гэхдээ зөвхөн зүүн Азиар хязгаарлагдахгүй.

Израйлын ерөнхий сайд Бенжамин Нетанъяху саяхан Израйлын Аюулгүй Байдлын Агентлагт ердийн үед терроризмтой тэмцэх зорилгоор л зөвшөөрөгддөг технологийг коронавирустэй тэмцэх зорилгоор ашиглах зөвшөөрөл өгчээ. Холбогдох парламентын дэд хороо энэ арга хэмжээг хэрэгжүүлэхээс татгалзахад Нетанъяху “онцгой байдлын зарлиг” гэсэн хэлбэрээр нударгадаад батлав. Энэ бүхэн чинь угаасаа л ийм байсан гэж та хэлж мэднэ. Ойрын жилүүдэд засгийн газар ч, хувийн компаниуд ч хэзээ хэзээнээс илүү боловсронгуй технологи ашиглан хүмүүсийг мөрдөж, хянаж, манипюляц хийх болсон.

Гэхдээ бид сэрэмжтэй байхгүй бол энэ удаагийн тахал хяналт мөрдлөгийн түүхэнд маш чухал хагалбар болох магадлал байна. Урд өмнө нь эсэргүүцдэг байсан улс орнуудад ч масс хяналтыг хэвийн зүйл болгож хувиргах төдийгүй “арьсан дээгүүр” байсан хяналтыг “арьсан доогуур” оруулах асар том шилжилтийн урьдач нөхцөл болох эрсдэл бүрдээд байна.

Өнөөг хүртэл таны хуруу смарт утсандаа хүрч ямар нэг линк дээр дарахад төр яг юун дээр дарж байгааг чинь мэдэхийг хүсдэг байлаа. Одоо коронавирус гарч ирснээр энэ сонирхлын фокус өөр тийш шилжив. Одоо төр таны хурууны хэм, арьсан дор чинь эргэж буй цусны даралтыг мэдэхийг хүсэх болов.

Онцгой байдлын амттан

Хяналт шалгалтын нэг асуудал нь бидний хэн нь ч хэрхэн хянагдаж байгаагаа, түүнчлэн ирж буй жилүүдэд эндээс ямар үр дагавар урган гарахыг мэддэггүйд бий. Хяналтын технологийн хөгжил хүзүү хугалам хурдаар урагшилж, 10 жилийн өмнө шинжлэх ухааны зөгнөл байсан санаа одоо хуучирсан мэдээ болж.

Ингэж төсөөлөөд үз, бүх иргэнээсээ биеийн хэм, зүрхний цохилт хэмждэг биометрик бугуйвч 24 цаг зүүхийг шаарддаг засгийн газар байна гээд. Эндээс хуримтлагдах датаг засгийн газрын алгоритмоор анализ хийнэ. Алгоритмууд таныг өвдөхөөс өмнө өвдлөө гэж мэднэ, хаана байсныг чинь, хэнтэй уулзсаныг чинь мэднэ. Халдварын гинж огцом богиносч, бүр тасарч ч магадгүй. Ийм системээр тахлын халдварыг магадгүй хэдхэн өдрийн дотор хяналтдаа авна. Гайхалтай биш гэж үү? Гэхдээ үүний нөгөө талд аймшигтай хяналтын системд хуульчлагдсан эрх үүсэх болно.

Чи жишээ нь намайг Fox News биш CNN-ийн мэдээний линк дээр дарсныг мэдэж байвал миний улстөрийн үзэл бодол, эсвэл минийн зан төлвийн талаар тодорхой ойлголт авах байх. Гэхдээ чи намайг видео клип үзэх зуурт миний биеийн хэм ямар байгааг, цусны даралт, зүрхний цохилтыг хэмжиж чадах юм бол юунд инээдгийг минь, юунд уйлдгийг, юунд чин сэтгэлээсээ бухимддагийг мэддэг болно. Уур хилэн, аз жаргал, уйтгар гуниг, хайр гэдэг бүгд ханиад болон халуурахтай ижилхэн биологийн үзэгдэл гэдгийг ойлгох нь хамгийн чухал.  

Таныг халуурч байгаа эсэхийг шинжилсэн технологи таныг инээж байгаа эсэхийг таньж бас чадна. Хэрвээ компаниуд болон засгийн газрууд та бидний биометрик датаг массаар нь цуглуулж эхлэвэл юу болох вэ? Тэд биднээс илүү биднийг мэддэг болж, бидний мэдрэмжийг таамаглах байтугай манипюляц хийж, зарахыг хүссэнээ зарж эхлэх болно. Тэр нь бараа байна уу, улстөрч байна уу ялгаагүй. Биометрик дата хяналт Кэмбриж Аналитика тойрсон шуугианыг ч чулуун зэвсгийн үеийн хоцрогдол шиг харагдуулж чадна. Хойд Солонгосын 2030 оныг төсөөлөөд үз, бүх иргэн гартаа биометрик бугуйвч зүүсэн байна гээд. Их удирдагчийн илтгэлийг сонсож байхдаа уурлаж байгааг чинь бугуйвч чинь хэмжиж орхивол тэгээд чиний толгой бөндгөс болно.

Та биометрик хяналтыг зөвхөн онцгой байдалд хэрэгжиж байгаа түр зуурын арга хэмжээ гэж санаж тайвширч мэдэх юм. Гэхдээ түр зуурын арга хэмжээнүүд онцгой байдал дууссан ч амьдралд үлддэг муу зантай, нэн ялангуяа дараагийн онцгой байдал ээлжээ хүлээж байж болзошгүй нөхцөл байдалд. Жишээ нь миний эх орон Израйлд 1948 оны Тусгаар Тогтнолын дайны үеэр хэвлэлийг цензурдэхээс эхлээд газар хураан авах гэх мэт онцгой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн юм. Тусгаар тогтнох дайн ялаад удаж байгаа ч Израйл онцгой байдал дуууссан гэж хэзээ ч зарлаагүй, 1948 оны онцгой арга хэмжээнүүдийг эргэж халаагүй(2011 онд онцгой байдлын зарлигийг хүчингүй болгосон). Коронавирусын халдвар тэг болсон ч зарим нэг дата хянаж байх сонирхолтой төрүүд биометрик хяналтыг ямар нэг шалтгааны улмаас үргэлжлүүлэх шаардлагатай гэж шийдэж магадгүй: Дараагийн коронавирусын тархалт ч юм уу, эсвэл шинэ Эбола хувилбар Африкаас гардаг ч юм уу, эсвэл... ямар нэгэн л шалтгаан олдоно.

Ойрын жилүүдэд хувийн нууцлал тойрсон том дайн өрнөж ирлээ. Коронавирусын хямрал энэ тулааны эргэлтийн цэг болж ч мэднэ. Хүмүүст эрүүл мэнд үү, нууцлал уу гэсэн сонголт өгөхөд эхнийхийг нь сонгодог болохоор.

Савангийн цагдаа

Нууцлал уу, эрүүл мэнд үү гэсэн сонголтыг хүмүүст тулгана гэдэгт л чухам асуудлын гол нь нуугдаж буй. Учир нь энэ бол хулхины сонголт. Аль алийг нь хадгалах боломжтой төдийгүй тэгэх ёстой учраас. Бид тоталитар хяналтын дэглэм тогтоох замаар биш иргэдийг хүчирхэгжүүлэх замаар эрүүл мэндээ хамгаалж, коронавирусын халдварыг  зогсоож чадна. Ойрын хэдэн долоо хоногт халдварыг хамгийн амжилттай хумьсан тохиолдол Өмнөд Солонгос, Тайвань, Сингапурт гарлаа.

Эдгээр орнууд зарим хяналтын аппыг ашигласан хэдий ч хамгийн гол нь олныг хамарсан шинжилгээ, шударга мэдээлэл, сайн мэдээлэлтэй иргэдийн хамтын ажиллагаанд найдаж ажиллав. Төвлөрсөн хяналт ба хатуу шийтгэл иргэдийг хэв журамд оруулдаг цорын ганц арга биш. Хүмүүст шинжлэх ухааны баримтуудаар мэдлэг өгсөн бол, төрийн үйлчилгээнд итгэж байвал ар нуруунаас нь “Том Ах”(Том Ахын талаар эндээс) ширтэхгүй байсан ч тэд зөвийг сонгож хийж чадна.

Өөрөө өөртөө мотивацтай, сайн мэдээлэлтэй хүн ам гэдэг цагдан сэргийлэгдсэн, тоомсоргүй хүн амаас хамаагүй хүчтэй байдаг. Жишээ нь гараа угаах. Өнөөдөр ердийн зүйл болоод байгаа ч савангаар гар угаах ямар чухлыг саяхан 19-р зуунд эрдэмтэд нээж олсон байдаг. Тэр нээлтээс өмнө бүр эмч, сувилагч нар хүртэл нэг хагалгаа дуусаад нөгөө хагалгаанд гараа угаалгүй ордог байлаа. Өнөөдөр тэрбум тэрбум хүн савангийн цагдаагаас айсандаа биш ердөө л баримт, шинжлэх ухааныг нь ойлгосон учраас гараа угаадаг болсон. Би вирус, бактерийн тухай мэдэж байгаа учраас, тэдгээр бичил биет өвчин үүсгэдгийг, савангаар тэднийг арилгаж болохыг мэддэг болсон учраас гараа угаадаг.

Гэхдээ ийм хэмжээнд сайн дураар дагаж мөрдөхийн тулд итгэлцэл хэрэгтэй. Хүмүүс шинжлэх ухаанд, төрийн үйлчилгээнд, эрх мэдэлд, бас медиад итгэдэг байх хэрэгтэй. Сүүлийн хэдэн жил ялангуяа хариуцлагагүй улстөрчид төр, шинжлэх ухаан, медиад итгэх итгэлийг үгүй хийж ирлээ. Одоо яг энэ хариуцлагагүй улстөрчид олон нийт зөв зүйл хийнэ гэдэгт итгэхийн аргагүй гэж мэтгэж, авторитар дэглэм рүү чиглэсэн хурдны замаар давхих гэж зүтгэж магад. Ердийн үед жилээс жилд идэгдэж ирсэн итгэлийг шөнийн дотор эргүүлэн сэргээх боломжгүй. Одоо гэхдээ ердийн цаг үе биш. Хямралын үед хандлагыг ч хурдан горимоор өөрчилж болно. Ах дүүтэйгээ олон жил маргасан байж болно, гэхдээ онцгой байдал үүсэхэд хаа нэг газар нуугдаж байсан итгэл, эв найрамдлаа эргээд олж нэг нэгэндээ туслахаар яардаг. Хяналтын дэглэм хийхийн оронд хүмүүсийн шинжлэх ухаан, төр, медиад итгэх итгэлийг сэргээхэд оройтоогүй байна. Бид шинэ технологийг мэдээж хэрэглэнэ, гэхдээ эдгээр технологи төрийг биш иргэдийг хүчирхэгжүүлэх ёстой.

Би халуунаа, цусны даралтаа хэмжихэд бэлэн байна, гэхдээ тэр дата бүхнээс хүчтэй төрийг бүтээхэд хэрэглэгдэж болохгүй. Эсрэгээрээ тэр дата илүү мэдээлэлтэй хувь хүний сонголт хийхэд, төр бол гаргасан шийдвэрээ тайлбарлах, хариуцлага хүлээдэг байхад хөтлөх ёстой. Хэрвээ би эрүүл мэндийн байдлаа 24 цаг хянах боломжтой бол хэзээ би бусад хүмүүсээс зай барих ёстой вэ, эсвэл юу миний эрүүл мэндийг муутгаж байгааг мэдэж авах боломжтой. Хэрвээ надад коронавирусын тархалттай холбоотой найдвартай статистикт нэвтрэх, шинжлэх боломж байвал засгийн газар зөв мэдээлэл өгч байгаа эсэхийг, вирустэй тэмцэхийн тулд зөв бодлого авч явуулж байгаа эсэхийг шүүх боломжтой болно. 

Хяналтын тухай яриа гарах бүрд төрөөс иргэдийг хянах боломж нь эсрэгээрээ иргэд төрийг хянах боломжийг ч илэрхийлнэ гэдгийг санах хэрэгтэй. Тиймд коронавирусын тахал нь иргэн гэж юу вэ гэдэгт хариулт өгөх маш том шалгалт болно. Иргэд бид энэ өдрүүдэд дор бүрнээ шинжлэх ухаанд, эрүүл мэндийн мэргэжилтнүүдэд илүү итгэх хэрэгтэй. Ямар нэг хуйвалдааны онол, худалч улстөрчдөд биш.  Хэрвээ бид өөрсдөө зөв үйлдэл хийхгүй бол эрүүл мэндээ хяналт шалгалтад даатгах цорын ганц хувилбартай болж хамгийн үнэ цэнэтэй эрх чөлөөнөөсөө алсрах болно. 

Үргэлжлэл бий.

arrow icon