Нийтлэл 06 сарын 23, 2020

Топ 10 популист амлалт ба эдийн засгийг энгийнээр

1.Төгрөгийн ханш Монгол улс руу орж буй валютын орлогоос ихээхэн хамаардаг. Экспортыг нэмэгдүүлж, ГШХО татахгүйгээр ханшийг сайн байлгана гэх нь популист амлалт.

2.Зээл бол ирээдүйн орлогоо одоо урьдчилж хэрэглэх боломжийг олгодог санхүүгийн хэрэгсэл учраас ажил орлоготой, хариуцлагатай хүнд зориулсан зүйл. Ядуу орлогогүй хүнд зээл өгнө гэдэг нь популист амлалт.

3.Зээлийн хүү макро орчны эрсдэлтэй уялддаг. Эдийн засгийг тогтвортой байлгахгүйгээр хүүг бууруулна гэх нь популист амлалт.

4.Үнэ бол эдийн засгийн идэвхжлийг илэрхийлдэг, чөлөөт зах зээлийн амин сүнс нь болдог чухал индикатор. Эрэлт нийлүүлэлт ярихгүйгээр үнийг хүчээр тогтооно гэх нь популист амлалт.

5.Инфляци төв банкны үйл ажиллагааны хараат бус байдалтай урвуу хамааралтай байдаг. Мөнгөний бодлогод улстөрч нөлөөлж, инфляцийг нам түвшинд хадгална гэх нь популизм.

6.Цалин орлого бүтээмжтэй уялддаг. Ажил хөдөлмөр ярихгүйгээр "орлогыг өсгөнө" гэх нь популист амлалт.

7.Эдийн засгийн өсөлт технологи/мэдлэгээс ихээхэн хамаардаг. Боловсрол, бүтээмж ярихгүйгээр амьжиргааг сайжруулна гэх нь популист амлалт.

8.Эдийн засгийн өсөлтийн үр өгөөжийг хүртэх хамгийн сайн арга нь өөрөө гар бие оролцож, түүнийг бүтээх. Зүгээр сууж байгаа хүнд өсөлтийн өгөөжийг хүртээнэ, халамжлана гэх нь популист амлалт.

9.Хүссэн хүсээгүй байгалийн баялаг нэг хэсэгтээ Монголын эдийн засгийн хөдөлгүүр байна. Мега төслүүдийг явуулахгүйгээр эдийн засгийн өсөлт, ард түмний амьжиргаа ярих нь популизм.

10. Тэгш бус байдал, бэлчээрийн даац/цөлжилт, замын түгжрээ гээд олон асуудлыг шийдэх эдийн засгийн хөшүүрэг нь татвар. Сонгогчдод таалагдахгүй гээд малчны татвар, орлогын шаталсан татвар, хөрөнгийн татвар, замын татвар гм зүйлсийг ярихгүй байх нь популизм.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon