Нийтлэл 11 сарын 04, 2020

ИРЭЭДҮЙН ИНЖЕНЕРҮҮДЭД: Эрчим хүч хэрхэн үүсдэг вэ?

Орчин үед хүлэмжийн хий, дэлхийн дулаарал, сэргээгдэх эрчим хүч гэх мэт салбарууд нэн ялангуяа хөгжингүй орнуудад бодлогын чанартайгаар хүчээ авсаар байна. Та бид сэнс бариад, нарны хавтангууд их хэмжээгээр угсарчихвал л байгальд ээлтэй гэж төсөөлдөг. Бас биомасс гэх мэт хэллэг ч газар авч бидний ойлголтоор бол хаягдал хоол, ялгадсаа шатаагаад л цахилгаан гаргачихаж болдог мэт цэв цэвэрхэн энерги мэтээр төсөөлдөг. Гэвч, яг гол онцлог, ялгааны хувьд бүрэн ойлголттой хүн ховор санагддаг тул чадах хэмжээгээрээ өөрийн бичил мэдлэгээ та бүхэндээ цагаан толгой болгон цуврал болгон хүргье гэж бодлоо. Цаашдаа олон нийтлэлээр дамжуулж, бүх том болон жижиг станцуудын ажилладаг  зарчмын тухай танилцуулахын хамт, давуу болон сул тал, мөн цаашлаад ямар шалтгаан болон зорилгоор ашиглагддаг тухай өөрөө ханан ханатлаа бичье гэж бодож байна. Мөн Монгол орныхоо энерги зохицуулалтыг макро түвшинд өөрийн санал бодлоо ч мөн судалгаа болон тооцооны үндсэн дээр дэвшүүлээд явах болно.

Миний бие хүнд үйлдвэрлэлийн компанид шинэ болон хуучин цахилгаан станцын зураг төсөл, төлөвлөгөө, угсрах, засах, сайжруулах гэх мэт ажил хийдэг ба эргэн тойронд маань намайг цахилгааны инженер гэж бодсон хүн олон байдаг ч, яг үнэндээ механик инженер гэдэг мэргэжлээр ажилладаг юм. Нарны хавтангаас бусад бараг бүх энергийн салбар механик энергийг цахилгаан энерги болгодог ба гол энергийн эх үүсвэр нь бүгд өөрөө механик эх үүсвэр байдаг. Тэр байтугай энүүхэндээ гэхэд, цахилгаан хэлхээний хэдэн зураг бага зэрэг гадарлахаас цаашгүйн дээр, нүдэнд харагддаггүй тул би өөрөө цахилгаанаас үхтлээ айдаг юм. Тийм ч учраас бага зэрэг гадарлах механик талаас нь голдуу бичээд явъя гэж бодож байна.

Энэ 2 салбар нь өөрөө бие даасан тусдаа ч, та бүрэн ойлголтгүй бол өөрөө нэг судлаад үзээрэй. Механик болон цахилгаан энергийн гол гүүр гэж хэлж болох холбоос нь бол ердөөсөө л эргэлтийн хүч. Цахилгаанаас механик болгох гол жишээ гэвэл мотор байхад механикаас цахилгаан болгох нь генератор. Энэ бол зүгээр л гол огтолцлын цэг буюу цорын ганц шүтэлцэл нь юм. Харилцан бие биенийхээ оршин тогтнолыг гадарлах ч цахилгааны инженер болон механик инженерийн зааг ч мөн яг энд л оршино. Жишээ нь мотор гэхэд, цахилгаан инженерчлэл бол моторыг асуудалгүй эргэх хүртэлхийг дааж авах бол, механик инженерчлэл мотороос гарах энергийг хэрхэн ашиглах тухай хариуцна. Генераторын мөн адил эсрэгээрээ ба механик инженерчлэл шаардлагатай эргэлт хүчийг генераторт дамжуулах хүртэлхийг л хариуцна.

 

Дашрамд дурдахад биомасс байна уу, нүүрс байна уу, цөмийн энерги байна уу бүгд усыг уур болгож, усыг халааж уур болгох арга нь л нүүрс, биомасс, цөм гэх мэт өөр болохоос, турбиныг эргүүлж, эргэх хүчийг нь генераторт холбож цахилгаан үүсгэдэг. Салхи болон усан цахилгаан станц бол ус болон агаараар эргэлт үүсгэж, тэнхлэгээр холбогдсон генератороор цахилгаан үүсгэж байгаа.

 

Гэх мэтчилэн цаашдаа усны уур ба түүний энерги (энтальпи)-ийн тухай ч мөн адил тусдаа дугаар болгон бичээд явах тул, энэ удаад энэхүү нийтлэлээ оршил гэж үзэн энд хүргээд дуусгая. Уншигч та цаашдаа ямар зүйлийн тухай мэдээлэл, тайлбар авмаар байгаа тухайгаа мөн чөлөөтэй бидэнд хандаарай. Бид хичнээн залуу бөгөөд алдаа оноо ихтэй байж магадгүй ч, өөрсдийн салбартаа ид шатаж яваа залуу үе тул ямар ч санал хүсэлт болон шүүмжийг дуртайяа нүүр тулан хүлээн авах болно.

 

2020.10.22

Инженер И. Өгөөмөр

 

 

Сэтгэгдэл бичих

    • Иргэн
    • 2020-11-05

    Хөөрхөн юм бэ? Амжилт залуу инженер минь :-)

arrow icon