Нийтлэл 12 сарын 10, 2015

Л.Хангай: Орос жуулчдын тоог эрс нэмэгдүүлэх боломж байна

Ерөнхийлөгчийн ОХУ-тай эдийн засаг, дэд бүтэц, хөрөнгө оруулалтын асуудлаар ажиллах бие төлөөлөгч, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Хангайтай Монгол, Оросын харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны талаар ярилцав. 

-Хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагаа, түүний дотор гадаад худалдаа өнөөдөр ямар байдалтай байна вэ? 

 -Энэ оны арван нэгдүгээр сарын 23, 24-нд ОХУ-ын Чита хотноо Монгол, Оросын худалдаа-эдийн засаг, шинжлэх ухаан-техникийн хамтын ажиллагааны засгийн газар хоорондын комиссын 19 дүгээр хуралдаан болсон  байгаа оны ажлаа дүгнэн ирэх жилийнхээ ажлыг  тодорхойллоо. Хоёр орны бараа эргэлт энэ оны эхний есөн сарын байдлаар 2014 оны мөн үетэй харьцуулахад 23 хувиар буурч  844.7 сая ам.доллар болсон нь дэлхийн эдийн засгийн хямралтай холбоотой гэж үзэж болох талтай. Нэг сайн зүйл гэвэлманай экспорт 37 хувиар нэмэгдэж 35.2 сая ам.долларт хүрэв.  Мөн энэ онд Монгол, Оросын хамтарсан “Эрдэнэт” үйлдвэрийн өргөтгөл ашиглалтад орсноор жилдээ 26 сая тонн хүдэр боловсруулдаг байсан бол хүчин чадал нь зургаан саяар нэмэгдэж жилдээ 32 сая тоннд хүрнэ. Жилдээ 517 сая тонн зэсийн баяжмал гаргадаг байсан бол нэмж 113 мянган тонныг гаргах боломж бүрдэж байгаа юм. Үүнд Монголын төдийгүй Оросын мэргэжилтэн, ажилтнуудын сэтгэл, зүтгэл орсон. 

  - ОХУ-тай дэд бүтцийн салбар дахь хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар ямар ахиц байна?  

 -Дэд бүтцийн чиглэлээр саяхан Зам, тээврийн яамныхантай Москвад ажиллаад ирлээ. 2014 оны есдүгээр сард ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путиныг манай оронд айлчлах үеэр гарын үсэг зурсан “Улаанбаатар төмөр зам”-ын шинэчлэл, хөгжлийн стратегийн түншлэлийн тухай хэлэлцээрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг ойрын үед баталж, ирэх оны эхний хагаст багтаан Төмөр замын дамжин өнгөрөх тээврийн тухай хэлэлцээрийг тохирч гарын үсэг зурахаар боллоо. Мөн автомашинаар хил гарах тусгай зөвшөөрлийн тоог 2-4 дахин нэмэгдүүлэхээр тохирсны дээр УБТЗ-аар 2016 онд гурван сая тонн түүхий нефть Хятад руу тээвэрлэхээр болж байна. Нефть тээвэрлэж эхэлснээр УБТЗ-ын тээвэрлэдэг транзит ачаа дөрөв дахин нэмэгдэнэ. Төмөр зам гол ашгаа транзит тээврээс олдог тул ашиг нь бас тэр хэмжээгээр нэмэгдэнэ гэсэн үг.

  -Дэд бүтцийг хөгжүүлэх, түүнд хөрөнгө оруулах талаар их ярьдаг. Харамсалтай нь ярьсан, төлөвлөсөн бүхэн биелэх нь бага байх юм. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?

-Сүүлийн үед манайхан V цахилгаан станц, Таван толгойн дулааны цахилгаан станц барих төслүүдийг мега гэж нэрлэх боллоо.  Эдгээр нь ихээхэн хөрөнгө оруулалт шаардсан, улс орны эдийн засагт чухал нөлөө үзүүлэхүйц төсөл учир ингэж нэрлэх нь бас аргагүй. Гэтэл дэд бүтцийн төслүүд нь тэдгээрээс дутахааргүй хөрөнгө оруулалт шаардсан, зөвхөн Орос, Монголыг төдийгүй Хятад болон бусад орныг хамрах геостратегийн ач холбогдолтой тул илүү том мега төслүүд болохыг анхаарах хэрэгтэй. Иймд дэд бүтцийн эдгээр төслийг судлах, хэрэгжүүлэх дарааллыг тогтоох, хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэх судалгааны олон улсын байгууллага байгуулах шаардлагатай байгаа юм. Хэрэв та нөхөд анзаарсан бол энэ тухай санааг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж долдугаар сард Уфад болсон гурван талын уулзалтын үеэр хэлсэн.           

-Зарим асуудлыг оросуудтай олон жил ярьж байгаа боловч ер ажил болохгүй байна гэх юм. Энэ нь юутай холбоотой вэ?

-Энэ нь юуны өмнө манайтай, мөн нөгөө талтайгаа ч холбоотой. Нөгөө талаа ярихаасаа өмнө эхлээд өөрсдийгөө ярих хэрэгтэй байх л даа.

Манай ажил хариуцдаг хүмүүс ойр ойрхон өөрчлөгдөх нь ажил явуулахад хүндрэлтэй байдаг тухай оросууд ярих юм билээ. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Зам, тээврийн сайд дөрвөн удаа, УБТЗ-ын дарга мөн дөрвөн удаа өөрчлөгдлөө. Ингэж өөрчлөгдөх нь манай улс төрийн тогтолцоотой холбоотой тул яах ч аргагүй, иймээс гадны хүмүүстэй ярьдаг асуудал нь өөрчлөгддөггүй, дараагийн хүн өмнө ярьж байсан зүйлийг үргэлжлүүлээд явах хэрэгтэй байгаа юм. Оросуудтай олон жил ярьж байгаа гэх асуудлуудын нэг нь ч өнөөдөр тодорхой төсөл болж цаасан дээр буугаагүй учраас уг ажил хэзээ, хэн, хаанаас эхлүүлэх, ямар дараалалтай хэрэгжих, хэзээ дуусах нь тодорхойгүй байдаг тул хүн бүр өөр өөрөөр ярих нь аргагүй гэж бодогдож байна. Жишээ нь, УБТЗ-ыг хос замтай болгох, цахилгаанжуулах талаар байнга ярьдаг. Хэдэн сая тонн ачаа тээвэрлэхэд хос зам тавьдаг талаар эдийн засгийн нарийн тооцоо байдаг. Гэтэл бид хэдэн оноос хос зам тавих хэмжээний ачаа тээвэрлэх гэж байгаа тухай тооцоо байхгүй байж яг өнөөдөр цахилгаанжуулсан хос зам барина гэж ярих утга муутай. Иймд юуны өмнө нарийн тооцоо бүхий төсөлтэй болоод түүнийгээ хэрэгжүүлэх талаар ярьж байх хэрэгтэй гэдгийг л дахин дахин хэлэх гээд байна.

Мөн сүүлийн үед орос хэл сайн мэдэх, тэдэнтэй ажиллаж чадах боловсон хүчин ховордсон нь бас нөлөөлж байх шиг.

-Сүүлийн үед ОХУ болон зарим орны харилцаа нэлээд төвөгтэй байдалд орчхоод байна. Энэ байдал манай хоёр орны харилцаанд нөлөөлөх үү?

 -Улс төрийн талыг нь орхиё. Энэ бол миний ярьдаг асуудал биш. Харин эдийн  засгийн хувьд гэвэл хэрэв бид сайн ашиглаж чадвал ажиллах өргөн боломж гарч ирж байгааг хэлэх хэрэгтэй. Жишээлэхэд, Египет болон Туркт жил бүр Оросын зургаан сая гаруй жуулчин очиж амардаг. Гэтэл эдгээр оронд жуулчин явахыг хориглочихлоо. Манайд далайн эрэг байхгүй, олон хүн авчих тохилог буудал ховор гэдгийг ойлгож байна. Гэхдээ л сайн сурталчилбал ирэх зун 60 мянга биш юм аа гэхэд ядаж 6000 жуулчин ирэх байлгүй дээ. Үүний тулд манай компаниуд энэ өвөл ОХУ-д болох аялал жуулчлалын үзэсгэлэнгүүдэд идэвхтэй оролцохын зэрэгцээ Монголын талаарх сурталчилгааг Оросын телевиз, хэвлэл мэдээллийн хэрэгслээр өргөн хиймээр байгаа юм. Үүнд нь манай Гадаад хэргийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам бүх талын дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байх л даа.

Хоёр орны иргэд харилцан визгүй зорчдог болоод байгаа. Саяхан Оросын төв телевиз болох РТР-ээр нэрт сэтгүүлч Сергей Брилев, Татъяана Наумова нарын бэлтгэж хөтөлсөн “Орос, Монгол: визгүй нэг жил” гэсэн тун аятайхан нэвтрүүлэг гарсан нь оросуудын сонирхлыг нэлээд татах шиг болно лээ.

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2016-03-30

    Орос жуулчид загасчлах, наймаа л хийх гэж ирэхгүй бол өөр юмаар манайхыг тоохгүй. Оросууд гадаад руу голдуу далайн эрэг дээр хэвтэж шөнөжингөө бөардахыг хүсдэг. Манайд далай байхгүй ч баардана гэхээр шөнө 12 цагт хаачхаар ямар хэрэг байхав

    • ppppp
    • 2016-02-19

    Medehguidee....... MAH..MAXH 2 sujreed bgaa uzuuleed egeh yum baigaa biz ....seruun zuud bish bol saihna hangai bain oooo

    • Miga
    • 2016-02-17

    Сайхан мэдээлэл. Ажил болгох л хэрэгтэй. Сонгуулийн шоу биш байгаасай гэж ямар их хүсэж байна аа:

    • Зочин
    • 2015-12-10

    зөв

arrow icon