Нийтлэл 06 сарын 07, 2016

Төр бол хүний эзэн биш, хүний эрхийн хамгаалагч нохой

Эрт үед нэг жижиг нохой байсныг хүмүүс олоод өөрсдийн идэх хоолноосоо чимх чимхийг өгч хариуд нь тэр нохойг хүн бүрийн аюулгүй сайхан амьдралын баталгааг хангаж, хамгаална гэж үзжээ. Харин тэр нохой хүмүүсийн хоолноос чимх чимхээр идсээр байгаад асар их хүчтэй, хэнд ч дийлдэхээргүй болдог. Яваандаа хүмүүсийн идэх хоолноос хүчээр далайлган авдаг болж. Ядарч туйлдсан хүмүүс түүнээс ийн асуув.

"Чи биднийг хамгаалахын тулд бүтээгдсэн. Гэтэл яагаад бидний идэх хоолноос дээрэмдэх болов. Бид чамаас өмнө сайхан амьдарч байсан."

Хариуд нь аварга нохой

“Энэ бүхэн та нарын л төлөө юм шүү дээ. Та нарыг хамгаалахын тулд би хүчтэй байх хэрэгтэй. Санаа зовох зүйлгүй ээ би та нарыг сайхан ирээдүй хүлээж байгаа гэдгийг мэдэж байна”

гэв. Үүнээс хойш тэрхүү нохой харгис хэрцгий, зальхай ямар нэгэн аргаар хүмүүсийг шулж байв. Харин хүмүүсийн амьдрал дээшилсэн түүх үгүй. Төрийн талаар төсөөлөхөд нэг иймэрхүү л зүйрлэл толгойд буудаг. Ямартаа ч төрийг миний бас таны бусдын энэ хорвоод ирсний утга учрыг гүйцээх гэж үүссэн гэж бодно.

Гэтэл төр гэж яг юу вэ? Юуны тулд оршин байдаг вэ?  Төрд захирагдах, тахин шүтэх дон туссан хэсэг бүлэг байхад төр гэдэг зүйл ямар ч хэрэггүй гэж үздэг анархистууд байна. Хамгийн энгийнээр “Төр гэдэг бол аварга том мангас биш, хүмүүст зүгээр халамж, тэтгэмж өгдөг энэрэнгүй бурхан ч биш, үлгэр домог, бурхан сахиус бүр ч биш гэдгийг хэлмээр байна. Харин төр бол хүний эрхийг хангахын тулд ард түмэнд үйлчлэх байгууллага, тэнд байгаа ард түмнээс эрх шилжүүлэн авсан үйлчилгээний ажилтнууд мөн. Дээрх зүйрлэлтэй холбож үзвэл нохойг хүн тэжээдэгээс нохой хэзээ ч хүнийг тэжээж чадахгүй.

Түүхийн явцад ард түмнээс эрх шилжүүлж авсан төрийн ажилтнууд ард түмнийг сайн сайханд хүргэнэ гэсэн амлалт өгч төөрөгдүүлж байсан. Тэр чинээгээр хүмүүсийн төрд итгэх итгэл дээд цэгтээ хүрч, одоо ч хуурдаг хууртдаг тэр л зарчим үйлчилсээр. Эрт үед төр бол бурхан тэнгэр, түүнд мөргөж дээдэлж байж хүмүүст ивээлээ хайрлана гэж шашинтай холбож мунхруулдаг байлаа. Харин хүмүүс төр шашин хоёр тэс өөр зүйл юм байна гээд мэдчихэв. Гэтэл төр бол төмөр мэт хатуу, хүчирхэг механизм харин хүн бол түүний эрэг шураг гэсэн айдсын сэдлийг ард түмэнд итгүүлжээ. Хүмүүс бас л итгэл алдарч түүний эсрэг нийтээрээ тэмцэж түлхэн унагаж болно гэдгийг ойлгожээ. Дараа нь төрийн эрх мэдэл ард түмний гарт байдаг тийм учраас төрийн бүх үйл ажиллагаа хүмүүст ил тод байдаг, ийм төр хүнд эрх чөлөө өгсөн гэсэн ойлголтыг хүмүүст өгсөн. Харин аль ч үед ард түмнээс эрх шилжүүлж авсан бүлэг хүмүүс хүссэнээ гүйцэлдүүлж чадаж байна.

Айн Рэнд дарангуйллын төрийн жинхэнэ төрхийг харуулсан Магтуу зохиолдоо ийн бичсэн байдаг   “Эхлээд хүнийг бурхан боолчилж байсан. Хүн гинжээ тас татсан. Дараа нь хүнийг хаад боолчилсон. Хүн дахиад уг гинжийг тасалсан. Дараа нь хүн төрмөгц л ахан дүүсдээ, өөрийн төрөлдөө боолчлогдох болсон. Хүн тэдний гинжийг ч тасалсан. Хүн өөрийн ахан дүүсэд “Бурхан ч, хаад ч, өөр ямар ч хүн булааж болохгүй хэчнээн ч эрх байж болно. Учир нь энэ бол хүний эрх, дэлхий дээр энэ эрхээс дээгүүрт тавигдах ямар ч эрх байхгүй” гэж тунхаглажээ. Тэгээд олон зууны турш цус урсган тэмцсэн эрх чөлөөнийхөө үүдэнд ирээд байжээ.” Эндээс үзвэл хүн өөрт байгаа эрх, эрх чөлөөгөө ухамсарлан түүнийгээ эдлэх, хамгаалах, шаардах түүний төлөө тэмцэх нөгөө талаас төр хүний эрх, эрх чөлөөг дээдлэн, хамгаалах механизмыг улам боловсронгуй болгох хэрэгтэй. Хүний эрх, эрх чөлөө гэдэг эрхэм чухаг  харин төрийн эрх мэдэл бол түүнийг хамгаалах ёстой нохой.

Сэтгэгдэл бичих

arrow icon