Нийтлэл 07 сарын 19, 2016

МЭРГЭЖЛИЙН бөгөөд ХӨГЖЛИЙН засгийн газрын тухай миний төсөөлөл

2016 оны УИХ-ын ээлжит сонгуулиар олонх болж чадсан Монгол Ардын Намын мөрийн хөтөлбөрт “Мэргэжлийн засгийн газар” байгуулна гэсэн амлалт бий. Мэргэжлийн засгийн газар гэж яг ямар бүтэц, бүрэлдэхүүнтэй байвал зохих талаар өөрийнхөө саналыг нэмэрлэхээр шийдлээ.

Төлөвлөж тооцоололгүйгээр шийдчихээд дараа нь шинэчилчихдэг “хэнэггүйхэн” гэмээр ардчилсан намын толгойлсон засгийн үед Монголын төр түүхэндээ байгаагүйгээр баян, бас үрэлгэн байлаа. Миний энэхүү нийтлэл тэднийг сайн, эсвэл муу байсан талаар шүүмжлэх, харлуулах зорилгогүй бөгөөд сонгууль дууссан үед тэгэх шаардлага ч үгүй гэж бодож байна. Өнгөрсөн сонгуулиар бид намчирхаж, талцаж хуваагдаад биесээ хангалттай “хар цагаанаар будсан”. Үүнийг бол ойлгож болно. Харин одоо “элгээрээ хэвтчихсэн” эдийн засгаа аврахад, “сэхээнд байгаа” төрөө төвхнүүлэхэд намчирхаж фракцлалгүйгээр Монгол Ардын Намын амалсан “мэргэжлийн засгийн газрыг” байгуулах нь зөв зүйтэй алхам гэж үзэж байна.

Хэрвээ би буруу ойлгоогүй бол, мэргэжлийн засгийн газар гэдэг нь  хэн нэгэн зөөлөн чихтэй залуугаар туг тахихын тулд урдаа гаргачихаад, улс төрийн томчууд нь уснаас хуурай гарахын тулд өөрснөө ард нь нуугдахыг хэлдэггүй юм билээ. Харин ч Монгол улс орших уу, эс орших уу гэсэн хүндхэн сонголтын өмнө тулчихаад байгаа энэ цаг мөчид “хий нь гарсан” тулхтай улс төрчид нь, мэдлэг нь хэтийдсэн ухаалаг эдийн засагчид нь нам, фракц харгалзалгүйгээр ачааны хүндийг үүрэх хэрэгтэй болов уу. Би залуу хүн. Залуусыгаа улсаа аваад явчихаж чадахгүй гэж бодсондоо хөгшчүүлд тал засч байгаа юм биш. Өнөөдөртөө улс орон туйлын хүнд байгаа учраас бидэнд эх орныхоо ирээдүйгээр туршилт хийх эрх байхгүй учраас л “хал үзэж хат суусан ах нарыгаа нам харгалзалгүй нэгдээд өгөөч ээ” гэж энэхүү нийтлэлээ бичсэн ухаантай юм.

Ингээд, өөрийн санал болгох мэргэжлийн засгийн газрын бүтцийг танилцуулъя. Энэ засгийн газрыг би мэргэжлийн гэхээс гадна “хөгжлийн засгийн газар” гэж нэрлэмээр байна. Бидний мэдэж байгаагаар Монгол улсын төсөв 1.1 орчим их наяд төгрөгийн алдагдалтай явж байгаа. Энэ хэвээрээ яваад байвал бид дампуурлаа зарлахад тун ойрхон байгаа бөгөөд дампуурахгүйн тулд хөгжих л ёстой.

МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН ЗАСГИЙН ГАЗРЫН БҮТЭЦ:

  1. Сангийн яам
  2. Хууль зүй, дотоод хэргийн яам
  3. Гадаад харилцаа, хамтын ажиллагааны яам
  4. Байгаль орчин, ногоон хөгжлийн яам
  5. Батлан хамгаалах яам
  6. Эдийн засгийн хөгжлийн яам
  7. Ниймгийн хамгаалал, хөдөлмөрийн яам
  8. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
  9. Эрүүл мэндийн яам
  10. Зам, тээвэр, дэд бүтцийн хөгжлийн яам
  11. Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам
  12. Уул уурхай, аж үйлдвэрлэлийн яам

Та бүхэн анзаарсан бол Барилга, хот байгуулалтын яамыг хассан байгаа. Миний бодлоор аливаа барилгыг барих, нураах, ямар материалаар барих, мөн хаана, яаж барих барилгын асуудлыг хотын захиргаа болон барилгын компаниудынх нь дунд орхичихвол дээр болов уу. Сүүлийн хориод жилд монголчуудын сайн хийж сурсан зүйлийн нэг бол яахын аргагүй барилга барих. Одоо энэ салбарыг төрийн дарамтгүйгээр мэргэжлийн холбоодод нь, барилгын компаниудад нь даатгах цаг болсон.

Нэгэнт засгийн газрын бүтцийг зурж, мөрөөдөж байгаагаас хойш бүрэлдэхүүнийг нь, сайд нарынх нь нэрсийг ч бас давхар мөрөөдчихье гэж бодлоо.

  1. Хөгжлийн засгийн газрын тэргүүн, Монгол улсын Ерөнхий сайд – Санжаагийн БАЯР

Энэ хүнийг мэдэхгүй, танихгүй Монгол хүн цөөн байх. Түүний толгойлсон засгийн газар сайн муу, есөн шидээрээ л хэлэгдэж байсан. Гэхдээ Монгол улс 2008 оны үеийн эдийн засгийн хямралыг зовлон багатайхан шиг туулсны гавъяа, Тавантолгой, Оюутолгойн төслийг хөдөлгөсөн гавъяа яахын аргагүй энэ хүнтэй холбоотой. Түүний алсын хараа, улс төрийн зангараг өнөөгийн эдийн засгийн хямралаас гаргахад хэрэгтэй гэсэндээ тус засгийн газрыг удирдаасай гэж хүсч байна.

  1. Монгол улсын Шадар сайд – Ухнаагийн ХҮРЭЛСҮХ

Шадар сайд хүн Онцгой байдлын албыг удирддаг. Олон ч хүн энэ албыг толгойлсон боловч армийн бэлтгэл хурандаа У.Хүрэлсүхээс сайн хийж байсан нь цөөн гэж би боддог.

  1. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга – Цэндийн НЯМДОРЖ

Шудрага, хэгжүүн, хэлэх гэснээ хэлчихдэг, хууль дүрмийн амьд толь бичиг шахуу энэ эрхэм Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга байхад яг тохирно. Үүнд өөр тайлбар хэрэггүй.

  1. Монгол улсын Сангийн сайд – Самбуугийн ДЭМБЭРЭЛ

Тэр бол улс төрч биш. Ямар сайндаа л “Би угаасаа хоцордог” гэж хэлээд амьтны амны зугаа болж байхав. Гэхдээ тэр сайн эдийн засагч, бүр гавъяат эдийн засагч. Эдийн засаг хүндэрсэн энэ үед түүнээс өөр сайн менежер олоход хэцүүхэн л байх.

  1. Хууль зүй, дотоод хэргийн сайд – Цэндийн МӨНХ-ОРГИЛ

Туршлагатай хуульч, бас дипломатч энэ хүн харамсалтайгаар 7 сарын 1 гэх эмгэнэлтэй түүхийн гол дүр болчисон. 7 сарын 1 бол төрийн ч, түмний ч алдаа байсан. Мэдээж түүнийг сайд болоход зарим хүн дургүйцэх л байх. Гэхдээ хуулийн шинэчлэл нэрээр төрийг самарч, шүүх ч үгүй, цагдаа ч үгүй болгочихсон энэ эгзэгтэй үед түүнээс өөр хуулийн салбарыг эмх цэгцэнд нь оруулж чадах хүн тун цөөн байхаа.

  1. Гадаад харилцаа, хамтын ажиллагааны сайд – Сүхбаатарын БАТБОЛД

Дампуурахаа шахсан гадаад харилцаагаа сэргээн босгохын тулд мэргэжлийн дипломатч хүнд энэ албыг хариуцуулах хэрэгтэй. Монгол улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан туршлагатай дипломат Сү.Батболдоос илүүтэйгээр Га яамны сайд хийчих хүн тун цөөн.

  1. Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд – Санжаасүрэнгийн ОЮУН

Энэ хүнийг хүмүүс янз бүрээр л хэлдэг. Гэхдээ үе, үеийн Байгаль орчны сайд нар дундаас түүн шиг сайн ажилласан нь ховор. Тэрбээр, ногоон хөгжлийн цогц бодлогыг УИХ-аар батлуулж, сайдаар ажиллаж байх үедээ тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалтыг Монгол улсад оруулж ирэхээр төсөл хөтөлбөр боловсруулан ажиллаж байсан боловч Н.Алтанхуягийн толгойлсон засгийн газар огцорсон учраас түүний хөдөлмөр таг гацсан билээ. С.Оюуныг яаманд нь буцаан аваачиж, ажлыг нь гүйцээлгэвэл Монгол улсад хэрэгтэй.

  1. Батлан хамгаалахын сайд – Жадамбаагийн ЭНХБАЯР

Тэр бол сайн эцгийн хүү, сайн ч төрийн түшээ. Улс орон нь удирдагчаа авч чадахгүй хүнд цаг үед “Төр нь тэргүүнээсээ нүүр буруулж байгаа бол арми нь маршалаа авъя” гэж хэлээд, ёслоод гарч байсан домогт генералын хүү. Батлан хамгаалах салбарыг түүнд найдаж болно.

  1. Эдийн засгийн хөгжлийн сайд – Мэндсайханы ЭНХСАЙХАН

Уг нь энэ алба Монголбанкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатад яг тохирох байлаа. Монгол орны эдийн засгийн хөгжлийн ноён оргилуудын нэг байсан түүнд гүн эмгэнэл илэрхийлье. О.Чулуунбат гуай шиг өргөн мэдлэгтэй хүн гэвэл Монгол улсын Ерөнхий сайд асан Мэндсайханы Энхсайхан гэж би хувьдаа үздэг. Түүнд эдийн засгийн төлөвлөлтөө даатгачихад Монгол улс алзахгүй ээ.

  1. Ниймгийн хамгаалал, хөдөлмөрийн яам – Нямаагийн ЭНХБОЛД

Энэхүү яамнаас албаар давхар дээлтэй сайд төрүүлмээр санагддаг. Эдийн засаг хүнд хэцүү байгаа нь үнэн. Гэхдээ Монгол хүн сайхан амьдрахын тулд, боломжтой үедээ ажиллаж хөдөлмөрлөж, шаардлагатай үедээ төрийнхөө дэмжлэгийг хүнд сурталгүйгээр авдаг болгохын тулд энэ яамыг бараг л үндсэн чиг үүргийн яамны дайд авч явж чадах, тулхтай төрийн түшээгийн гарт энэ салбарыг өгөх учиртай. Н.Энхболд эдгээр шалгуурт яв цав нийцнэ.

  1. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам – Түнжингийн БАДАМЖУНАЙ

Мафи, авилгалчин гээд есөн шидээрээ дуудуулдаг ч, энэ хүн хөдөө аж ахуйн салбарыг удирдаж байхдаа үндэсний компаниудаа дампууруулж байсангүй, Монгол улсыг гурил тэжээлээр тасалж байсангүй. Ногоо буудай тариалдаг компаниудаа нэмж тамлахгүйн тулд ажлаа мэддэг хүнийг салбарын сайдаар тавьсан нь дээр байхаа.

  1. Эрүүл мэндийн сайд – Бундангийн БОЛДСАЙХАН

Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд АН, МАХН хоёр нийлээд, нийлээд энэ салбарыг үнэхээр өөд нь татаж чадсангүй ээ. Эмнэлэгийн үйчилгээ ард түмэнд хүртээмжтэй байдаг билүү, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал эзнээ олдог билүү? Хатуухан хэлэхэд бүрэн дампуурчихсан энэ салбарыг дотор нь олон жил ажиллачихсан, өрхийн эмчээс эмнэлэгийн захирал хүртэл хийж байсан Б.Болдсайхан гэдэг хүн л өөд нь татаж чадах байх.

  1. Зам, тээвэр, дэд бүтцийн хөгжлийн сайд – Норовын АЛТАНХУЯГ

Ардчилсан намынхан засаг барьж байх үедээ нэг салбарыг тун дажгүй хөгжүүлж чадсан. Тэр бол дэд бүтцийн салбар. Харамсалтай нь дэд бүтцийн нэгдсэн бодлогогүйгээс болоод төмөр зам нь нэг талдаа, шилэн кабель нь нөгөө талдаа очоод гацчихсан болохоос авто замыг бол үнэхээр сайн барьсан. Монгол улсын Ерөнхий сайд байсан энэ эрхэмд Дэд бүтцийн хөгжлийн салбарыг хариуцуулаад үзвэл алдахгүй байхаа.

  1. Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам – Ёндонгийн ОТГОНБАЯР

Өнгөрсөн хорь гаран жилд хамгийн их “туршилтанд орсон салбар” бол яахын аргагүй боловсролын салбар. Энэ салбарыг удаан зовоосны үр дүнд нэрээ ч зөв бичиж чаддаггүй дээд боловсролтонгууд олширсон. Үүнийг цэгцлэх ганцхан гарц нь Ё.Отгонбаярын эхлүүлсэн Кембриджийн стандарт. Түүний эхлүүлсэн ажлыг дуусгуулах нь Монголын ирээдүйд маш хэрэгтэй.

  1. Уул уурхай, аж үйлдвэрлэлийн яам – Намгарын АЛГАА

Хятад, тагнуул гээд есөн шидээрээ дуудуулсан ч уул уурхайн салбарыг хөгжүүлэхийн тулд хоёргүй сэтгэлээр зүтгэж яваа хүн бол яахын аргагүй Уул уурхайн үндэсний ассоциацийн Ерөнхийлөгч Н.Алгаа. Эмнэлэгийн хэллэгээр бол “сэхээний ширээн дээр хэвтэж байгаа” уул уурхайн салбарыг хурдан хугацаанд хөл дээр нь босгохыг хүсч л байгаа бол энэ хүнд ачаа үүрүүлэх хэрэгтэй.

Эргээд харвал их бага хэл ам дагуулахаар хүмүүсийг санал болгочихжээ. Гэхдээ эдгээр хүмүүс өөрсдийгөө хоосон магтуулахын тулд биш эх орныхоо ирээдүйн төлөө шүүмжийг үл тоон төлөвлөснөө хийж чаддаг учраас би тэднийг дэмжиж байгаа юм шүү.

Сэтгэгдэл бичих

arrow icon