Нийтлэл 03 сарын 24, 2017

Бидний баялаг юу вэ?

Монголчууд бид эцэг өвгөдөөс өвлөж ирсэн олон жил олон сая хүнийг элбэг дэлбэг амьдруулахаар их, баялаг орд газруудтай ухдаг баялагтай Улс орон.
Эрдэнэт, Оюу-Толгой, Таван толгой, Тосон Заамар, Төмөртэи, Мардай, Бүрэнхаан, Багануур, Төмөртэйн овоо, Шивээ овоо, Нарийн сухайт, Цагаан суврага, Хөшөөт, Асгат, Бороо, Өлт, Тамсаг...олон зуун уул уурхайнууд байна. Нийтээрээ нийлж хүртэх, гамнаж хэрэглэх тангарагтай ухдаг баялaг маань юм.
Эцэг өвгөдөөс уламжилж ирсэн ахуй буюу 60 гаран сая малтай. Хатуу хөтүү өвлийг даваад гарч ирдэг чадвартай, чанартай мал сүрэг маань төллөж жилдээ 20 саяаар тоо толгой нь хавар бүр нэмэгддэг Өсдөг баялагтай ард түмэн.
Мах, сүүгээр өөрийн хэрэгцээг бүрэн хангаж мах, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, аж үйлдвэрийн үнэт түүхий эд бэлтгэж, ноос. ноолуур, нэхий, савхи, арьс ширний үйлдвэрлэл явуулах бүрэн боломжтой. Шилдэг техниж, технологи ашигласан өндөр технологи шингэсэн хүнс-хөнгөн үйлдвэрлэл эрхэлж бренд бүтээгдэхүүн үйлдвэрлэвэл ОХУ... гэсэн асар том зах зээлтэй. Таван хошуу малын буян Монголчуудыг үеийн үед үрийн үрд тэжээж ирсэн уламжлалтай Өсдөг баялaг маань юм.
Үүний зэрэгцээ 110 сая гаруй га-гаар хэмжигдэх бэлчээр устай ард түмэн. Хавар бүр шинээр ургаж намaр нь ашиг шимээ өгдөг ургадаг баялагтай азтай ард түмэн билээ.
Газар тариалангаа хөгжлийн зөв гольдрилд оруулж улаан буудай, хүнсний ногооны аж ахуй эрхлэхийн зэрэгцээ малын тэжээл үйлдвэрлэлийн бодлогыг зөв хэрэгжүүлж ургадаг баялагаа бүрэн ашиглах боломжтой. Бэлчээр, хадлангийн талбайгаа царгасжуулах, дарш бэлтгэхийн тулд эрдэнэ шиш тариж бэлтгэх зэргээр ургадаг баялагаа мөнгө болгох өргөн боломж бидэнд байна.
Эцэг өвгөдөөс залгамжилж ирсэн Хүннү гүрнээс эхтэй бахархдаг баялаг түүхтэй ард түмэн. Энэ түүхт гүрнийг үзэх гэсэн жуулчдын тоо толгой ер тасрахгүй. Их Хаадын минь бүтээсэн дэлхийг донсолгож байсан Их түүхтэй гүрэн улс.
Hollywood, аугаа найруулагчид Монголын түүхийн тухай кино хийгээд эхэлбэл энэ бахархдаг баялаг маань бидний мөнгө олох хөгжлийн нэг салбар болоод явчихна. Movie industry-г Hollywood-тэй хамтарч хөгжүүлбэл бид мөнгө олохоос гадна өөрсдийгөө, Монгол ёс заншлаа, газар нутгаа, амьдрал ахуйгаа дэлхийд сурталчилах таатай нөхцөл бий болно. Жуулчид ч ёстой цутгана даа. Аялал жуулчлалийн том том бүтээн байгуулалтууд тэдний хөрөнгөөр бий болно гэсэн үг шүү дээ.
Бидэнд ийм л үсрэнгүй хөгжилд хүрч болохоор ухдаг, өсдөг, ургадаг, бахархдаг баялагууд байна даа.

Сэтгэгдэл бичих

arrow icon