Нийтлэл 04 сарын 03, 2017

БИДЭНД МОРИН УРАЛДААНЫ ХУУЛЬ ХЭРЭГТЭЙ БАЙНА

Б.Золбоо 30 настай, нийслэлд төрж өссөн. Моринд хайртай, морь унах чин хүсэлтэй залуу. Тэрбээр багаасаа л моринд дуртай, морь хараад л баярладаг хүүхэд байжээ. Гэр бүл удам угсаанд нь морь уядаг хүн байгаагүй ч багадаа аавынхаа найзынд очиж, 6 настайдаа морь унаж сурсан. Найрамдал зуслангийн тэр хавьд болдог байсан уралдаанд түрүүлж ч байсан удаатай. 2011 онд сургуулиа төгсөж ирээд байр ч үгүй машин ч үгүй байхдаа нэг адуу, нэг соёолонг хоёр сая зургаан зуун мянган төгрөгөөр авч байжээ. Одоо тэрээр 40 гаруй адуутай, багаасаа л өөрийн гэсэн морьтой болно гэж боддог байсан мөрөөдлөө ийнхүү биелүүлсэн юм байна. Түүний нэг настай хүү нь моринд үнэхээр дуртай бөгөөд өөрийнхөө морийг хүүгээрээ унуулж уралдуулах нь дараагийн том мөрөөдөл. 

Та хурдан морь унадаг хүүхдийг хэрхэн урамшуулдаг вэ?

Сайн мэдрэмжтэй унаач хүүхэд олох их хэцүү. Сайн унаач хүүхдүүд сардаа нэг сая төгрөгийн цалин авдаг, дээрээс нь түрүүлбэл шагнал урамшуулал бий. Миний хувьд, яг тогтсон цалин бол өгдөггүй боловч хүүхдүүдийн эцэг эхтэй тохирч урамшуулал өгдөг.

Унаач хүүхдүүд үнэхээр өөрсдийнхөө чин хүслээр морь унахаар ирж байна уу?

Тэд үнэхээр морь унах дуртай хүүхдүүд байдаг. Угаасаа тийм чин хүсэлгүй бол морь унаж, уралдаж чадах ч үгүй. Ер нь хөдөөний уяачид ихэвчлэн өөрсдийнхөө хүүхдээр унуулж байгаа. Уяач гэхээр л зөвхөн Улаанбаатар хотын уяачдаар төсөөлж болохгүй. Улаанбаатарт байгаа уяач нар л унаач хүүхдүүдийн эцэг эхтэй тохироод унуулж байгаа. Тэр унаач хүүхдүүд ямар цалин авч хэдэн төгрөг хаагуур явж байгааг юу ч мэдэхгүй. Эцэг эх нь л цалинг нь авдаг.

Ар гэрийн амьдрал нь хэр хүүхдүүд байдаг юм бол?

Үнэнийг хэлэхэд унаач хүүхдүүдийн ар гэрийн  дийлэнх нь амьдралын боломж тааруу хүмүүс байдаг. Яг цалин өгөх өдөр бол эцэг эх нь зоолттой ярьдаг. Хүүхдүүдийнхээ өнөө маргаашийн хоолыг яая даа гэж байгаа хүмүүс ч бий. Тийм байдалд байгаа хүмүүс юун хүүхдүүдийн сургуулийн боловсролд анхаарахтай манатай л байдаг.  Надад мэдэх янз бүрийн сайн муу жишээнүүд байна л даа.

Та жишээнээсээ бидэнд сонирхуулаач?

Шархаданд нэг 14 настай мөртлөө долоо наймтай хүүхэд шиг биетэй хүүхэд байдаг. Маш сайн унаач хүүхэд. Бие нь жижиг ч тархи нь хөгжчихсөн гэсэн үг. Ээж аав хоёр нь архичин. Ерөнхийдөө хүүхдээ зарж, үнэ хаялцуулж хэн их мөнгө өгсөн хүнд хүүхдээ унаачаар өгдөг гэсэн үг.  Би ч хүртэл тэр хүүхдээр морио унуулах юмсан гэж бодоод ээж аавтай нь уулзаад явж байсан удаатай.

Энэ жишээ өөрөө нэг л  ёс зүйгүй, хүүхдийг  бараа таваар шиг үзээд ч байгаа юм шиг. Та энэ тал дээр ямар бодолтой байна вэ?

Ер нь бол тийм л дээ, тэгэхдээ яг бодит байдал ийм л байна. Нээрээ л тэр унаач хүүхдийн амьдрал хэцүү байна, өнөө маргаашийн хоол ундаа яана даа л гэж байгаа хүмүүс байна. Бид нарын зүгээс хүүхэд цалинжуулаад морио унуулъя гэж бодохын хажуугаар бас нэг тус болчих юмсан гэсэн бодол бас тээж л байгаа. Тэр байтугай би нэг хүүхдийг өөр дээрээ аваад сургуульд оруулаад их сургууль төгсгөөд өгье гэж хүртэл гуйж л байсан. Санаснаар болоогүй л дээ. Хүнээс тийм сэтгэл гартал өр эмтрэм дүр зураг байдаг. Нэг унаач хүүхэд айлын хамгийн том нь, гэрт нь ороход ээж аав хоёр нь тасраад уначихсан, нэг настай бага хүүхэд нь заазуур барьчихсан сууж байх тохиолдолд хүн бас эвгүй болдог л юм билээ.

Тэгэхдээ тэр сайхан сэтгэлийн цаана морио унуулах гэсэн хүсэл хамт л яваад байх шиг?

За энд нэг хэцүү хүүхэд байна, би сургуульд оруулж туслаад өөрийнхөө морио унуулчихъя гэж бодохоос илүүтэйгээр би тэр хүүхэдтэй олон цагийг өнгөрөөж байна. Тэр хүүхдэд бас дасаж байна л даа. Унаач хүүхдүүд чинь ерөнхийдөө нэг тийм хэгжүүн байдаг. Гэхдээ л хүүхэд л бол хүүхэд, хөөрхөн шүү дээ. Дасдаг, санадаг болчихдог юм.  Тийм үед хүн яаж ийгээд туслачих юмсан гэсэн сэтгэл яалт ч үгүй цаанаасаа төрдөг.

Танай унаач хүүхдүүд унаж бэртэж байсан уу?

Үгүй, тийм тохиолдол гараагүй. 1996 оноос амь эрсдсэн 25 хүүхэд гээд нэг тоо яваад байгаа. Тэрийг харвал голдуу зөвшөөрөлгүй жижиг уралдаанд хүүхдүүд амь эрсдсэн байдаг.

Засгийн газрын тогтоолтой юмуу томоохон зохион байгуулалт сайтай уралдаанд хүүхэд хүнд бэртээд хөгжлийн бэрхшээлтэй болсон тохиолдол бий юу?

За тэрийг ёстой хэлж мэдэхгүй байна. Ихэвчлэн хүүхэд морь эргэхэд унадаг, зохион байгуулалттай уралдаанд бол унах эрсдэл бага.

Гэхдээ эрсдэл бол байгаа юм байна тийм үү?

Эрсдэл бол мэдээж байгаа, бүх л зүйлд эрсдэл байгаа.

Энэхүү өв уламжлал соёл маань “хүүхэд гэмтэх, нас барах эрсдэлтэй” энэ уралдаанаас илүү чухал зүйл гэж та бодож байна уу?

За би тэрийг ёстой хэлж мэдэхгүй юм байна. Наадах чинь ёстой хэцүү асуулт байна. Миний бодлоор Монголын морин уралдаан байхгүй болбол Монголын тусгаар тогтнолын дархлаа л байхгүй болох байх.

Дархлаа гэхээрээ, жишээлбэл таны амьдралд яг яаж нөлөөлнө гэсэн үг вэ? Үнэхээр өвөл зуны уралдааныг төр засгаас хорилоо гэж бодоход яг юу болно гэсэн үг вэ?

Тэгвэл  бид нар нийлээд л уралдана. Уралдсаар л байна. Хэзээ ч уралдахаа болихгүй. Хориглоод ч болихгүй. Тэгээд зохион байгуулалтгүй уралдаан л болно. Тэрний оронд зохион байгуулалтаа шаардлагаа л сайжруулах хэрэгтэй. Монгол хүний хайрлаж нандигнадаг юм нь  байхгүй болчихно шүү дээ. Морь уяж  хөдөө амьдарч байгаа хүмүүс зөндөө байгаа. Тэгвэл яршиг, бүгдээрээ суурьшсан нь дээр шүү дээ, бүгдээрээ нүүдэлчин Монгол гэхээ больчих хэрэгтэй. Эрийн гурван наадам биш эрийн хоёр наадам л болох байхдаа.

Нэг талд амь эрсдсэн, бэртэж гэмтсэн хүүхдүүд, нөгөө талд Хүннүгийн үеэс ирсэн өв уламжлал соёл байна. Өв уламжлал нийгмээ дагаад өөрчлөгдөж халагдаж эсвэл шинэчлэгдэж болох уу?

Хамгийн эхлээд хууль хэрэгтэй байна. Хуулиа гаргахгүй байж л хавар болохоор бөөн сүр дуулиан болох юм. Монгол Морин Уралдааны Хууль. Зүгээр нэг төрийн бус байгууллагын журам биш. Уяачдын холбоо чинь өөрөө зүгээр нэг төрийн бус байгууллага. Дахин хэлэхэд голдуу жижиг зохион байгуулалтгүй зөвшөөрөлгүй уралдаан дээр хүүхдүүд амь эрсддэг. Ихэвчлэн тархины гэмтлээр нас бардаг, эмнэлэг нь хол, хурдан тусламж авч чаддаггүй.  Хүүхэд эрсэдлээ гэхэд эцэг эхтэй нь юмуу, уяачтай нь хариуцлага тооцдог хуультай болох хэрэгтэй байна. Хэрвээ яг тусгай зориулсан хуультай болчихвол арай ч хуулийн дээр гараад байж чадахгүй байх гэж найдаж байна.

Ярилцсанд баярлалаа. 

Ж.Мандхай

Сэтгэгдэл бичих

arrow icon