Нийтлэл 04 сарын 12, 2017

Тэдний араншин- פֶּסַח

Өнөөдөр билгийн тооллоор хаврын дунд харагчин туулай сарын шинийн 15. Ховрой хүмүүсийн хувьд эрх чөлөөний баяр Песах болж байна. Ховрой библийн судар Торагийн Их нүүдэл (the Exodus) бүлэгт өгүүлснээр энэ түүх НТӨ 1300 жилийн тэртээх үйл явдалтай хамаатай.

Египтийн хаан Фараон израильчуудын 10 хараалын хариуд зовж, шаналсан тэдгээр иргэдийг тавьж явуулжээ. Домогт өгүүлснээр аймшигт 10 хараалын хамгийн сүүлчийнх нь айл, амьтны эхний төрсөн үр удмыг устгах тул израильчууд өргөлийн хонь гарган цусаар нь хаалгаа будаж тэмдэг тавиад уг хонио шарж иджээ. Бурхан (өөрөө биш сахиусан тэнгэр эсхүл Ариун сүнс байсан гэж мэтгэлцдэг) Египтийн дээгүүр нисэн өнгөрч (ийм учраас Pesah, англиар Passover гэж нэрлэдэг) хаалган дээрээ тэмдэг тавьсан ховройчуудыг ивгээлдээ авч, өршөөсөн тул Фараон хаан израильчуудын тавьсан нөхцөл болзлоор тэдэнд эрх чөлөө олгов. Үүний дараа израильчууд олноор нүүх болж, үүнийг нь Exodus буюу Их нүүдэл хэмээн Библийн сударт тэмдэглэн үлдээсэн юм.

Песха үдэш хийж иддэг бэлгэдлийн хоолыг сээдэр (Seder) гэж нэрлэдэг.

Тус тусдаа нэртэй зургаан зүйлийг иднэ. Үүнд: Боолчлолын гашуун амьдралыг бэлгэдэн гашуун амттай ногоо жишээлбэл, ашкенази ховройчууд гич иддэг. Дараа нь Египтийн пирамид, байшин барилгын шавар зуурмагийг нүдсэн самар, нухсан алим, шанцай, чихэрлэг виноны нухашаар төлөөлүүлнэ. Бас чинцай, яншуйг давстай усанд дүрж иднэ. Дусалж буй давстай ус нь зовж шаналахдаа урсгасан нулимсыг төлөөлдөг. Үүний дараа Korban Pesah гэж нэрлэдэг өргөлийн хониныхоо мах, ялангуяа шийрний булчин мах иддэг юм. Сонирхолтой нь Төв Азийн лалын шашинтнуудын дунд Курбам Байрам гэж нэрлэдэг Eid Al Adha-Өргөлийн баяр мөн ижил утгатай. Ибрахим өөрийн ууган нялх хүүгээрээ өргөл өргөхөд бэлнээ илтгэн Бурханыг хүлээн зөвшөөрснийг тэмдэглэх, ариун газар Меккад руу хийдэг их эргэл мөргөл-хаж дууссаныг илтгэдэг баяр.   

Дараагийн бэлгэдлийн хүнс нь чаггигах гэж нэрлэдэг булсан өндөг. Чанасан өндгийг ховройчуудын буяны цагаалганд хамгийн эхэнд өгдөг тул уй гашууг бэлгэдэн өндөг бэлддэг. Мөн өнгө өнгөөр будсан өндөг, орчин үед бол өндгөн шоколад иддэг Улаан өндөгний баяр эндээс эхтэй.

Хамгийн сүүлчийн бэлгэдлийн хүнс нь матзот буюу гурван ширхэг гамбир. Гамбирнуудаа хувааж идэхдээ бас бэлгэдлийн үг хэлнэ. Исгэгчгүй талх нь боолчлолоос чөлөөлөгдсөний дараа израильчуудын хамгийн эхэнд идсэн хоолыг гэж Торад тэмдэглэгдэн үлджээ.

Песха уламжлалт хүнсийг шинэчлэн жүрж идэх нь бий бөгөөд энэ нь үржил, шимийг бэлгэдэн, эмэгтэйчүүд, ижил хүйстэн зэрэг ад үзэгдэн, ялгаварлан гадуурхагддаг хүмүүсийн эрх тэгш хувь нэмрийг бэлгэдэн оруулдаг болжээ.  Мөн 2008 онд Энхтайваны төлөө Ховройн Дуу хоолой байгууллагаас Палестнины нутагт булгалж хаясан чидун жимсний модыг бэлгэдэн сээдэр хоолонд чидун жимс нэмэхийг санал болгосон байна.

Ирэх амралтын өдрүүдээр Ертөнцийн эзэн Христийн шашинтны хувьд маш том баяр болох Улаан өндөгний баяр тохиож буй. Христийн шашин дотроо олон урсгалтай. Ромын Католик шашны төв нь Ватиканд байдаг. Эндээс бусад урсгалууд нь салбарлан гарсан гэж үздэг. Үнэн алдартны шашны төв манай хойд хөрш ОХУ-д бий. Хуучин ЗХУ бүрэлдхүүнд байсан улсуудаас гадна грекчүүд үнэн алдартны шашинтай. Яг л манай цагаан сар шиг Улаан өндөгний баяр эдгээр шашинтнуудын хувьд зарим жил нэг өдөр, зарим жил бүр хоёр долоо хоног зөрөх нь бий. Бас л Бурханы шашны улааны урсгал, шарын урсгал гэж үзэлцдэг шиг хоорондоо хэн нь эртний жинхэнэ ориг талаар маргаантай.

Жастин Чадвикийн найруулсан Болэйний охид (The Other Boleyn Girl) гэх түүхэн кинон дээр гардаг үйл явдал нь чухам яагаад англикан шашны урсгал үүссэнийг тод харуулдаг. Онгон Хатан хаан гэж алдаршсан I Елизабет нь VIII Генри хаан болон түүний хоёрдах эхнэр, дүү Болейнээс гарсан. Дүү Болейныг цаазалж, католик шашны зүгээс уг гэрлэлтийг цуцалсан ба эгч Болейн ирээдүйн хатан хааныг өсгөж хүмүүжүүлсэн юм. Хэдийгээр католик сүмийн зүгээс I Элизабетыг бутач гэж үздэг хэдий ч Тюдорын удмын сүүлийн хаан энэ эмэгтэй англикан сүмийг католик шашнаас тусгаарлахад чухал үүрэг гүйцэтгэжээ. Элизабет хатны тухай Кэйт Бланшэтын тоглосон хоёр ч цуврал кино бий.

Түүхийг ойлгохын тулд шашны нөлөө хэрхэн туссаныг маш сайн бодох хэрэгтэй. Учир нь нийтийн боловсрол үүсээгүй цаг дор шашны боловсрол нь тухайн хүний үнэт зүйлийг тодорхойлдог байв. Тухайлбал, АНУ, Франц, Германд сонгуульд шашны байгууллагын дэмжлэг авах маш чухал. Манайд ч мөн ялгаагүй. Гэвч Бурханы шашны улаан, шар урсгалаа ялгахгүй, Дорж Шүгдэн сахиусыг баян Намсрай бурхантайгаа зэрэгцүүлэн хоймортоо залж, Гонгорын мөнгөн бумба амилуулж тахидаг дарга нартай, үнэт эрдэнийн дэлгүүр Шангри-Ла Моллд нээдэг рэнбүүчитэй л сууна даа бидний хэдэн нүүдэлчид...

Сэтгэгдэл бичих

arrow icon