Нийтлэл 05 сарын 02, 2017

Гэрлэхээсээ өмнө хайртаасаа асуух 13 асуулт

Сэтгүүлч, яруу найрагч Елеанор Стэнфордын Нью Йорк Таймс сэтгүүлд нийтлэгдсэн гэрлэхээсээ өмнө хайртаасаа заавал асуух 13 чухал асуултыг хүргэж байна. Сэтгүүлч асуулт бүрт томоохон их сургуулиудын судлаач болон харилцааны сэтгэл судлаач, мэргэжилтнүүдийн зөвлөгөөг дагалдуулсан байна.   

Хосууд бие биенийхээ талаар мэдэхгүй зүйлээсээ болж нэг нэгнээ гомдоох нь бий.

Ичсэн, сонирхож асуугаагүй эсвэл зүгээр л романтик харилцааг бий болгож нууцлаг байхын тулд бат бөх гэрлэлтийн суурь болдог чухал асуултуудыг бие биенээсээ асуудаггүй гэж хосуудын харилцааны мэргэжилтнүүд үздэг. Мэдээж эхэн үедээ таарч тохирохоо мэдэхийн тулд хосууд бие биенээсээ маш олон асуулт асуудаг. Гэхдээ үнэн хэрэгтээ ихэнх хүмүүс гол асуултуудыг асуулгүй өнгөрөөдөг.

Харилцаанд тулгарсан асуудлыг шийдвэрлэх Үндэсний Институтын (АНУ) гүйцэтгэх захирал Роберт Скуза “Хэрвээ гэрлэхээсээ өмнө асуудлуудаа ярилцаад шийдэхгүй бол гэрлэснийхээ дараа шийдэх хэрэг гарна” гэжээ.

Дараах асуултууд хувийн шинжтэй, зарим нь бүр эвгүй ч гэж хэлж болохоор боловч оройтохоос нь өмнө доторхоо уудлан, үнэн сэтгэлээсээ ярилцах боломжийг хосуудад олгох болно.

 

  1. Танай гэрийнхэн маргаан гарвал яадаг вэ? Уурлаж аяга таваг шидэх, асуудлыг харилцан ярилцах, үг дуугарахгүй чимээгүй болохын алийг сонгодог вэ?  

Хосуудын харилцаа амжилттай сайхан байхад аливаа зөрчлийг хэрхэн шийдвэрлэж буй нь чухал нөлөөтэй байдаг. Бид бүгд гэр бүлийн хүмүүжлээр хүн болдог. Тиймээс энэ асуулт бол найз бүсгүй/залуугаа уурласан үедээ гэр бүлийнхнийхээ гаргадаг ааш авирыг дуурайх эсвэл өөр аргаар шийдвэрлэх гэж үзэх үү гэдгийн алийг сонгохыг тааварлаж мэдэх зорилготой юм.

  1. Хэрвээ бид хоёр хүүхэдтэй болбол чи живхийг нь сольж байх уу?

Хүүхдийн талаар хэн хэндээ хариулт, санал бодлоо хэлэхдээ зөвхөн хайртынхаа сонсохыг хүссэн үгийг хэлж огт болохгүй. Гэрлэхээсээ өмнө хүүхэдтэй болохыг хүсч байгаа эсэх талаараа сайтар ярилцах хэрэгтэй. Хэдэн хүүхэдтэй болохыг хүсч байна вэ? Хэзээ хүүхэдтэй болохыг хүсч байна вэ? Эцэг эх болсны дараа ямар үүрэг рольтой байх вэ? Хүүхэдтэй болохоор шийдэхээс өмнө жирэмснээс хамгаалах арга хэрэгслийн тухай ярилцах нь ч мөн чухал.

  1. Өмнөх харилцаа минь бидэнд саад болох уу?

Виржиниагийн Их Сургуулийн багш Брэдфорд Вилкоксын явуулсан судалгаагаар өмнө нь олон удаа нухацтай харилцаанд орж байсан хосуудад салах магадлал өндөр, гэр бүлийн бат бөх байдал сул байна гэсэн дүгнэлтэнд хүрчээ. Өмнө нь олон удаа салж байсан хүн одоогийн хосоо өмнөх хостойгоо харьцуулах явдал их байдгаас энэ асуудал үүсдэг аж. Иймэрхүү харилцан яриаг аль болох үр дүнтэй байлгахын тулд хэн хэнээ өмнө нь өөр амьдралтай байсан гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.    

  1. Шашин хэр чухал вэ? Шашны баярыг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлж байх вэ?

Хэрэв хоёр хүн өөр өөр шашин шүтдэг гэр бүлээс гаралтай бол гэрлэснийхээ дараа өөр өөрийн шашнаа дагасан хэвээр байх уу? Өөр өөр шашин шүтдэг гэр бүлээс гаралтай бол ихэвчлэн хүүхэдтэй болсны дараа шашны талаарх маргаан үүсдэг. Хэрэв хосууд хүүхэдтэй болохоор шийдсэн бол хүүхдийнхээ шашны боловсрол ямар байх талаар урьдчилан ярилцах шаардлагатай.    

  1. Миний өр чиний өр мөн үү? Шаардлага гарвал миний өрийг төлөх үү?

Найз бүсгүй эсвэл залуу чинь санхүүгийн хувьд бие даасан байдлын талаар ямар бодолтой байдаг тухай болон олсон орлогоо тус тусдаа байлгах уу эсвэл нийлүүлэх үү гэдгийг олж мэдэх нь тун чухал. Ямар хэмжээний өртэйгээ хэн хэндээ мэдэгдэх нь ч мөн чухал.  

  1. Олсон орлогоо юунд илүү зарцуулахыг хүсдэг вэ?

Хосууд санхүүгийн аюулгүй байдал болон мөнгөө юунд зарцуулах вэ гэдэг дээр адил бодолтой байх нь зүйтэй.

  1. Чамгүйгээр ганцаараа ямар нэгэн юм хийхийг хүлээн зөвшөөрөх үү?

Хэдий гэрлэсэн ч олонх хүмүүс амьдралынхаа аль нэг хэсгийг эхнэр эсвэл нөхөртэйгээ хуваалцахгүй байхыг хүсдэг. Жишээ нь өөрийн хобби эсвэл найз нөхдөө зөвхөн өөртөө үлдээхийг хүснэ гэсэн үг бөгөөд түүнийгээ хосууд хэн хэндээ хэлээгүйгээс болж буруу ойлголцол үүсэх нөхцөл болж өгдөг. Мөн “хувийн” гэсэн ойлголт нь хосуудад харилцан адилгүй байх нь бий. Тиймээс тэр талаар ярилцаж, хэзээ ганцаараа байхыг хүсдэг талаар нь мөн асуух хэрэгтэй.  

  1. Бид хэн хэнийхээ эцэг эхэд сайн байдаг уу?

Хосууд хоорондоо л эвтэй байвал хадмуудтайгаа түнжин муутай байх нь зохицуулж болох асуудал. Харин найз бүсгүй эсвэл залуу тань өөрийн эцэг эхтэйгээ муухан харилцаатай байх нь удаан хугацааны харилцаанд сөргөөр нөлөөлж магадгүй.

  1. Секс чиний хувьд хэр чухал вэ?

Одоогийн хосууд өмнө үеийнхнээс илүүтэйгээр ирээдүйд хайртдаа сексийн хувьд татагдсан хэвээр байна гэж үздэг болсон. Эрүүл харилцаатай хосууд сексийн юунд илүү дуртай, хэр хугацаанд хийж байхаа харилцан ярилцдаг байх ёстой. 

  1. Бусад хүмүүстэй сээтэгнэж болох уу? Порно үзэж болох уу?

Гэрлэлт, хосуудын секс харилцааны мэргэжилтэн хэлэхдээ хосууд бусад хүмүүстэй сээтэгнэх болон порног юу гэж боддог талаараа харилцан ярилцах ёстой гэжээ. Энэ сэдвийн талаар хосуудын байр суурь нь явцын дунд өөрчлөгдөх магадлал өндөр учраас эхлээд ярилцаад үзчихсэн байхад хожим дахин ярилцахад хялбар байх юм.  

  1. Миний цаагуураа “Би чамд хайртай” гэж хэлж байгаа үйлдлүүдийг минь мэддэг үү?

1992 онд хэвлэгдсэн Гэри Чапманы “Хайрын 5 хэл” нэртэй номд хайраа зөвхөн үгээр бус үйлдлээр ч илэрхийлж болдог, тэр нь гэрлэлтийг улам бүр бэхжүүлдэг тухай гардаг. Хайрын 5 хэлд нэг нэгнээ дэмжих, хамтдаа цагийг өнгөрөөх, бэлэг бэлэглэх, туслах, биед нь хүрэх орно.

  1. Миний юу чамайг гайхшруулдаг вэ? Миний юу чамайг залхаадаг вэ? Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар хосууд хоёр дахь асуултыг тоодоггүй аж. Гэрлэлт гэдэг бол зүгээр л хамтдаа байхыг хэлдэггүй, амьдралаа холбож, насан туршдаа хамт байхыг хэлдэг.
  2. 10 жилийн дараа бид ямар байна гэж боддог вэ?

Энэ асуултын хариуг үргэлж санаж байснаар хосууд өнөөдрийн аар саар асуудалд ач холбогдол өгөх бус ирээдүйгээ өөдрөгөөр харахад тусална.

Энэхүү асуултуудыг харилцан асууж, ярилцсанаараа хосууд хэрэв харилцаа муудвал салах уу эсвэл насан туршдаа хамт байх уу гэдгээ тодорхойлох боломжтой болно.  

 

Эх сурвлж: www.nytimes.com

 

Сэтгэгдэл бичих

    • Баяраа
    • 2023-12-18

    Ёстой тэнэг юмаа чи хаана байна

arrow icon