Нийтлэл 05 сарын 12, 2017

Чимээгүй хашгирааны ЦУУРАЙ тасрах болоогүй

 Хүүхдүүд насандаа баймгүй зориг гаргаж маш чангаар чимээгүй хашгирлаа. Тэд хүмүүсийн чих рүү биш зүрх рүү хашгирав.  29 дүгээр сургуулийн сурагчдын чимээгүй  хашгираан хүрэх газартаа хүрсэн үү?

Тэрхүү хашгирааны цуурай  эргээд тэдэнд сонсогдсон уу гэдэг асуултын хариултыг өгч амжаагүй байтал 116 дугаар сургуулийн хүүхдүүд хичээлээ хаялаа. Зааж байгаа тусгай боловсролын чанар хүүхдүүдэдээ гологдож байна. Тусгай боловсролын чанар салбарын хэмжээнд доголдож, нийгэмд яригдах сэдэв болсны илрэл нь энэ. Мөн хүүхдүүдийн эсэргүүцлийг дэмжсэн багшийг ажлаас нь халсан асуудал хөндөгдлөө. 116 дугаар сургуулийн хүүхдүүд өмнө болсон үйл явдлыг харж, “ингэж болох юм байна” гэж  дуу хоолойгоо хүмүүст хүргэхийг хүсчээ. Энэ дуу хоолойг бид цуурайтуулах учиртай.

29 дүгээр сургуулийн сурагчид стандартад нийцсэн боловсрол эзэмших эрх нь зөрчигдөж байгааг эсэргүүцэж жагссан. Үүнд багш нарын мэдлэг, чадвар, сэтгэл дутахаас гадна орон тоо дутуу асуудал ч сөхөгдсөн.  Тэдний чимээгүй хашгираан олон нийтийн сонорт хүрснээс гадна БСШУСЯ-нд хүрчээ.  Тус яамнаас 29 дүгээр сургуулийн бүх багш нарыг дохионы хэлний гүнзгийрүүлсэн сургалтад хамруулсаны дараа  шалгалт авч, тэнцсэн багш нарт шинэ хичээлийн жилд багшлах эрхийг олгохоор болсон байна. Мөн сургуулийн бүх анги танхимыг бүрэн камержуулна.  Сургуулийн  хичээлийн хонхыг гэрэл асч, унтарч байхаар шийдэхээр болжээ. Жирийн сургуулийн багш нарыг дохионы хэл болон заах аргад суралцан, мэдлэг чадвараа сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулах боломжийг нээж өгөхөөр боллоо. Нэгдүгээр ангийн сурагчдад дохионы хэл болон цагаан толгойд зэрэг суралцах хүндрэл учирдаг тул шинэ хичээлийн жилээс Бэлтгэл анги нээн хичээллүүлэхээр судалж байгаа талаараа БСШУСЯ Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан хэвлэл мэдээллээр ярив. Бүхнийг төрөөс шаардах албагүй гэдэг. Гэхдээ зайлшгүй төрөөс шаардаж, төр рүү хашгирах зүйлсийн нэг нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн асуудал юм.  Аливаа асуудлын шийдэл нь бодлогын түвшинд байдаг. Бодлогын түвшинд нь ахиц дэвшил гаргахгүйгээр гал унтраагаад орхих учиргүй. Тиймээс УИХ-аар хэлэлцүүлэхээр бэлтгэж байгаа БСШУСЯ, ЭМЯ, ХНХЯ-дын хамтарсан “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах хууль”-ийн төслөөс өөрчлөлт хүлээж байна!!! 


Хэн нэгэн хашгирахад сонссон ч сонсоогүй мэт өнгөрдөгөөс жинхэнэ асуудал ужгирдагийг бид харлаа. Учир нь 29 дүгээр сургуулиас бүдэгхэн хашгираан өмнө нь сонсогдож байсан байдаг. Ийм байдлыг дахин гаргуулахгүйн үүднээс 29 дүгээр сургуульд авагдаж байгаа арга хэмжээ болон 116 дугаар сургуулийн сурагчдын цаашдын шийдлийг хэвлэл мэдээлэл ч, иргэд ч бас орхих учиргүй. Энд хүүхдийн төлөө нэртэй олон байгууллагууд мөн гэмт үйлдлийг баримтаар гаргаад өгөхөд одоо болтол Цагдаагийн байгууллагын зүгээс ямар ч чимээ анир гарахгүй байгааг онцолъё.

Иргэд нь хашгирч, хэвлэл мэдээлэл нь хүргэж, төр засаг нь сонсож  байх нь хэчнээн чухал болохыг энэ явдал харууллаа. Хүүхдүүд чадсан, хэвлэл мэдээлэл ажлаа хийсэн, зохих байгууллага ч ажиллаж эхэлсэн. Гэхдээ энэ ХАШГИРААНЫ ЦУУРАЙ ТАСРАХ БОЛООГҮЙ...

 

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon