Нийтлэл 05 сарын 22, 2017

УЛС ТӨРӨӨР оролдох ХЭРЭГТЭЙ, ЭРХТЭЙ

Сонгуулийн тухай хуулинд 18 насанд хүрсэн эрхзүйн бүрэн чадамжтай  Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэнийг сонгогч хэмээн тодорхойлсон. Энэхүү иргэн нь ямар нэгэн ялгаварлан гадуурхалтгүйгээр саналаа шууд гаргаж сонгуульд оролцох эрхтэй.  Энэ эрхээ эдлэх боломжийг төр танд бүрдүүлж өгнө.

Харин сонгогч сонгуулийн өмнө нэр дэвшигчдийн нэр хүндэд санаатайгаар халдаж, худал мэдээлэл тараах болон сонгуулийн үеэр сонгууль үймүүлэхгүй байх үүрэгтэй. Хэрвээ ийм үйлдлүүд гаргавал торгох, баривчлах шийтгэл хүлээнэ. Сонгуулийн тухай хуулинд  “Сонгогч сонгуульд оролцох эсэхээ бие даан шийдвэрлэх, саналаа чөлөөтэй илэрхийлэхэд нь хэн боловч албадан нөлөөлж, саад учруулахыг хориглоно” гээд заачихсан.  Иргэн саналаа өгөхгүй  “эрхээ” эдлэхэд  энэ хангалттай заалт.  Энэ удаад сонгуулийн ирцийг яаж нэмэгдүүлэх вэ гэдэг асуултад хараахан шийдэл олж амжаагүй  Ерөнхийлөгчийн сонгуулийг явуулах гэж байна. Сонгогчид улс төрөөс холдож хөндийрсөөр байгаа нь  Монголын ч биш олон улсад тулгамдсан асуудал болсон тухай улс төр судлаачид тэмдэглэсээр байгаа юм. Ардчилалд тулгараад буй бэрхшээлийн нэг нь иргэдийн сонгуулийн ирц буурах үзэгдэл болоод байгаа тухай олон улсын чуулга, уулзалтуудад хэлэлцэгдэж байгааг бид бүхэн харж байна. Хүмүүс өөрсдөө энэ талаар ямар санаа бодолтой байгаа нь хэвлэл мэдээллийн нэг чухал сэдэв юм. 

 Яагаад сонгууль  өгдөггүй вэ?

 Сонгууль өгдөггүй, өгөх дургүй хүмүүсийг олоход тийм ч хэцүү биш. Ихэнхдээ дундаас доош насныхантай сонгуулийн сэдвээр ярилцахад л ойлгомжтой. Учир нь монголчууд улс төрийн сэдвээр ярих буюу улстөржих маш дуртай улс. Энэ завсраа олон хүнээс сонгууль өгч байсан одоо өгөх эсэхийг асуучихаж болно. Сүүлийн өдрүүдэд олон хүнтэй ийнхүү улстөржиж сонгуулийн талаар ярилцав. Гэхдээ ихэнх нь нэр, нүүрээ ил гаргах тун дургүй. Иргэний үүрэг хэмээх зүйл нь тэднийг жаахан ч гэсэн гэмтэй санагдуулдаг юм болов уу гэмээр. Гэтэл сонгууль өгөгчид ч мөн улс төрийн оролцоогоо “хувийн нууцын” зэрэглэлд авч үздэг бололтой. Яагаад сонгууль  өгөх хүсэлгүй вэ? Яагаад сонгууль өгөх хэрэгтэй вэ? гэдэг талаар л ярилцахыг хүсдэг нь ажиглагдана.

Өмнө нь яагаад сонгууль өгөөгүй учрыг хүмүүсээс асуувал “Өглөө гээд юу өөрчлөгдсөн юм”, “Бохир улс төрөөс хол байх минь”, “Улс төр сонирхдоггүй ш дээ”, "Сонгочихоор хүн алга”, "Миний дэмждэг хүн алга", “Би бичиг баримтын зөрчилтэй”, “Нэр дэвшигчид таалагдахгүй байна”, “Миний саналаар дутав л гэж”, “Сонгууль шударга болдог гэдэгт итгэдэггүй”  гэх хариултууд хамгийн олон.  

 Яагаад сонгууль өгдөг вэ?

Нөгөө талаас сонгуульд саналаа өгдөг хүмүүсээс сонгууль өгдөггүй хүмүүсийн хариултад хариулах маягаар сонирхов.

 

 

Яагаад оролцох хэрэгтэй гэж?                                       Яагаад оролцох хэрэггүй гэж? 

"Өглөө гээд юу өөрчлөгдсөн юм          &   "Өөрийгөө өөрчлөхгүй бол юу ч өөрчлөгдөхгүй. Өөрчлөлтийг хүлээх хэрэггүй хийх л хэрэгтэй"

“Бохир улс төрөөс хол байх минь”       &    "Улс төр бохир биш бохир хүмүүс бохирдуулж байна. Бид оролцохгүй байх тусам бохир болно”

“Улс төр сонирхдоггүй ш дээ”               &    “Улс төрийг чи сонирхохгүй бол улс төр чамайг сонирхоно”

“Сонгох хүн алга”                                   &    “3 нэр дэвшигч бол 3 сонголт мөн”

“Миний дэмждэг хүн алга”                     &    “Чиний дэмжих хүн нь чи өөрөө”

“Нэр дэвшигчид таалагдахгүй байна”  &    “Тэднийг таалагддаг болтол нь ажиллуулах хэрэгтэй, шаардах эрхтэй”

“Миний саналаар дутав л гэж”              &    “Та саналаа өгөхгүй бол таны өмнөөс “өгүүлчихэж” мэднэ”

“Нэр дэвшигчид таалагдахгүй байна”  &     “Тэд загварын тайзнаа алхах гээгүй учраас сайн талыг нь олж харж болох юм

“Сонгууль шударга болдог гэдэгт итгэдэггүй”  &   “Бид оролцсоноор шударга болгоно" 

“Би бичиг баримтын зөрчилтэй”           &      “Ганцхан сонгуульд ч биш энэ таны иргэний үүрэг"

 

 

СОНГУУЛЬД ОРОЛЦДОГ хийгээд  ОРОЛЦДОГГҮЙ ХҮМҮҮС хоорондоо ийм хэлээр ярилцаж байна.

Саналаа өгдөггүй хүмүүс сонгуулийн өдөр юу хийдэг вэ? гэсэн асуултад нэлээд хүнээс хариулт авахыг оролдов.  

Тэд  “юу ч хийдэггүй”, “гэр бүлээрээ сайхан хоол хийж иддэг”, “зав гарсан дээр хувийн ажлаа амжуулдаг”, “салхинд гардаг”, “унтдаг”, зурагт үздэг” гэх мэт хариултууд олонх нь.

Саналаа өгдөг  хүмүүс сонгуулийн өдөр юу хийдэг вэ?

“СОНГУУЛИА ӨГЧИХӨӨД... юу ч хийдэггүй”, “гэр бүлээрээ хоол хийж иддэг”, “зав гарсан дээр хувийн ажлаа амжуулдаг”, “салхинд гардаг”, “унтдаг”, зурагт үздэг” гэх мэт.

Ингээд иргэн сонгуульд саналаа өгөх ч эрхтэй, одоогоор өгөхгүй байх ч эрхтэй аж.  Ямар ч сонголт хийсэн Сонгуулийн тухай хууль зөрчихгүй байх үүрэгтэй. Гэхдээ тэдний олонх сонгох эсэхээсээ үл шалтгаалан бидний  улс төрөөр оролдох боломж бол идэвхтэй ИРГЭН БАЙХ явдал гэж байна. Идэвхтэй иргэний  улс төрөөр оролдох том боломж нь сонгуульд оролцох гэнэ.  Учир нь иргэнд сонгуулийн нэг эрх хадгалагдаж байгаа.

Мэдлэг, мэдээлэлтэй иргэнээр улс төр оролдоод байж дийлэхгүй харин улс төр өөрөө оролдуулдаг байх нь... 

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon