Нийтлэл 07 сарын 06, 2017

Азаа, чиний зөв байсан шүү! #ЦагаанСонголт

Тэр өдөр 2017 оны 5 дугаар сарын 23-ны Баасан гариг байсан шиг санагдаж байна, мэргэжил нэгт найз Азаа манай ажил дээр ирж бид шүүхэд маргаан үүсгэх нэгэн захиргааны хэргийн талаар санал бодлоо солилцож суусан юм. Улмаар яриа маань хүрээ хязгаараа тэлээд улс төр мөр болоод намуудаас Ерөнхийлөгчид өрсөлдөхөөр нэр дэвшсэн хүмүүсийн тухай болоод халиад явчихлаа.

 Азаа:

- Энэ намууд ёстой ялзарчихжээ. Ийм хачин, хамгийн увайгүй хүмүүсээ нэр дэвшүүлээд байхдаа яахав дээ! хэмээн бухимдахад нь би:

- Намууд дүрмийнхээ хүрээнд л хурал хуйгаа хийгээд хүмүүсээ гаргаж ирж байгаа нь энэшт.

- Би л лав энэ хүмүүсийн хэнийг нь ч дэмжихгүй. Хоосон саналын хуудас өгнө! гэж байна.

- Хуулиар зөвшөөрөгдөж байгаа бил үү? гэхэд тэрээр:

- Болно. Хуульд байгаа, хараарай гэлээ.

- Гэхдээ хоосон хуудас өгөх хүмүүсийн эзлэх жин нийт саналд маш бага хувь болно байх. Тэгэхээр үр дүн гарахгүй юм биш үү?

- Сурталчлах л хэрэгтэй. Маш олон хүнд энэ хуулийн боломжийг таниулах хэрэгтэй л дээ хэмээн тэрээр өгүүлэхдээ ингэж болох эсэхэд өөрөө ч тийм ч их итгэлтэй биш байгааг би хальт анзаарсан юм. Надаас:

- Чи хэнийг сонгоно гэж? гэхэд нь

- Тийм ч сайн сонголтууд биш байгаа нь үнэн. Гэхдээ би ядаж мөрийн хөтөлбөрүүдийг нь хармаар байна. Тэгэж байгаад л сонгох байхдаа гэж хариулав.

Түүнийг явсны дараа Сонгуулийн хуулийг нээж холбогдох заалтуудыг уншиж танилцлаа. Уг хуулийн 97.9.-т

"Сонгогч нэг ч нэр дэвшигчийн төлөө санал өгөөгүй бол хэнийг ч дэмжээгүй санал гэж үзэн тухайн сонгогчийг санал өгсөн сонгогчдын тоонд оруулан тоолох ба энэ тохиолдолд уг саналын хуудсыг хүчинтэй саналын хуудаст тооцно"

гэсэн заалт, мөн Цагаан сонголттой холбоотой хуулийн зохицуулалтыг олж уншлаа...

Энэ яриа болж өнгөрснөөс хойш сонгуулийн сурталчилгаа эхэллээ. Нэр дэвшигч М.Энхболд, Х.Баттулга, С.Ганбаатар нар маш их хар пиар дагуулсан хүмүүс боловч яагаад ч юм би тэдний сонгуулийн сурталчилгаа болон мөрийн хөтөлбөрөөс улс орны хөгжлийн тулгамдсан асуудлуудын талаархи бодлого, шийдэл, хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд хийх бодит ажил, төлөвлөгөөний тухай мэдээ, мэдээлэл авахыг хичээсэн юм. Гэтэл юу болсныг та бүхэн надаар хэлүүлэлтгүй бүгд харцгаасан байх. Битүү хар пиар, гүтгэлэг доромжлол, зохион байгууллалттай дайралт, нууц ил бичлэгүүдийн цацалт, тараалт, түгээлт зах хязгааргүй урсаж эхлэсэн. Энэ дундаас хэн гэгч, аль нэр дэвшигч нь ямар бодитой бодлого хэрэгжүүлэх талаар олж харах ямар ч боломжгүй болсон. Тийм бодлого, төлөвлөгөө угаасаа байх ч үгүй байсан байх өө.

Энэ бүх бохир, заваан улс төрийг хараад бухимдсан. Тэр үед сонгуулийн өмнө Азаатай ярьсан яриа санаанд ороод "Ер нь сонгуульд нөлөөлдөг ч бай, үгүй ч бай өөрийнхөө хүссэн сонголтыг хийе" гэж шийдсэн. Миний сонголт #Цагаан хуудас буюу саналын хуудсанд ямар ч тэмдэглэгээ хийхгүйгээр саналын хуудсыг санал тоолох машинд уншуулах явдал байв. Энэ тухайгаа өөрийн фэйсбук, твиттер хуудсандаа ч бичээд авлаа. Тэгсэн чинь маш олон иргэд "Ингэж болдог юм уу?", "Наа чинь хууль зөрчих юм биш үү?" гэх мэтчилэн асуусан. Би тэдэнд дээр дурдьсан Сонгуулийн тухай хуулийн 97.9 зүйлийг дурьдаад мөн дээр нь уг хуулийн 4.4.-т "Сонгогч сонгуульд оролцох эсэхээ бие даан шийдвэрлэх, саналаа чөлөөтэй илэрхийлэхэд хэн боловч албадан нөлөөлж, саад учруулахыг хориглоно" гэсэн заалт байдгийг тайлбарлаж өгдөг байлаа.

2016 оны 6 дугаар сарын 26-ны өдөр зуслангаас сонгуульд саналаа өгөхөөр хот руу гэртээ ирлээ. Замдаа эхнэрээсээ:

- Цагаан хуудсаар саналаа өгөхгүй юм уу? гэхэд

- Үгүй. Би өөрийнхөө сонгосон хүндээ саналаа өгнө гэнэ шүү.

- Зөөз гээд л орхилоо. Хүний эрх л юм хойно.

Би #Цагаан хуудас уншуулж саналаа өгсөн. Өгсөнийхөө дараа дотроо "Үсрээд л хоёр мянган хүн цагаан хуудас уншуулбал их юм. Гэхдээ л яахав дээ, сонголтондоо үнэнч байх сайхан шүү дээ гэх мэт элдвийн юм бодсоор өнгөрсөн. Маргааш өглөө нь #Цагаан хуудас уншуулсан хүмүүсийн тоо 18.663 болохыг хараад шоконд орохын зэрэгцээ тэдгээр зоригтой хүмүүсээр үнэхээр бахархсан.

Хуульч Х.Тэмүүжин "Бие даасан бодолтой, зарчимдаа үнэнч, сонголтоо намчирхаж, бүлэг хэсэг, PR дагаж хийдэггүй, асуудалд ухамсартай, суурьтай ханддаг 18663 сонгогч" гэсэн бол сэтгүүлч Д.Энхбат "Хэнд ч саналаа өгөхгүй" гэж 18.663 хүн цагаан цаас өгчээ. Энэ бол том тоо. Цаашдаа намуудыг дарамтлах улс төрийн том гарц, трэнд энд гарах болтой" гэжээ.

Ингээд хоёр дахь санал хураалт болох боллоо. Эхний санал хураалтын дараа ялагдаж “тэмцээн”-ээс хасагдсан С.Ганбаатар сонгууль булхайтай байсан хэмээн баахан мэдэгдэл хийж байснаа “Ард түмээн, Цагаан хувьсгал хийцгээе!” гэж наадын. Гэхдээ түүний энэ алхамыг би ойлгож байгаа. Ер нь М.Энхболд ч байсан, Х.Баттулга ч байсан ялагдсан л бол маргааш нь л “Цагаан хувьсгал!” гэж орилох нь ойлгомжтой байсан.

С.Ганбаатарын мэдэгдэл хийхээс өмнө #Цагаан сонголт хийсэн иргэд сошиалмедиагийн ачаар маш богино хугацаанд нэгдэж зохион байгуулалтад орж эхэллээ. Манай нэг найз “Ямар ч зохион байгуулалтгүй, бүтэцгүй цагаан хуудасныхан 18,0 мянга байгааг харвал дахин санал хураалтаар 180,0 мянга болох магадлалтай л байна” хэмээн бичиж байсан нь санаанд орлоо. Надад тэр залуустай уулзах боломж олдсон. Голдуу гадаадад боловсрол эзэмшсэн, улс эх орноо зөв замаар хөгжөөсэй гэсэн бодолтой, ихэнх нь нам бус залуус байсан. Тэднийг сонсоод надад нэг тийм гоё урам зориг, итгэл найдвар төрсөн. Монгол Улс хөгжинө. Бидний ирээдүйг энэ л залуус авч явна гэж бодсон.

Цагаан сонголтын залуусын санал санаачилгыг АН-ын нэр дэвшигчийн талынхан элдвээр харлуулж, эрлийз хурлийз, хужаа, урвагч хэмээн нөгөөх л нэр хочоо зүүж эхэлсэн. Сүүлд нь МАН-ын ч хар пиарчид бас тэднийг харлуулах ажилд гар дүрж харагдсан. Тэгсэн ч гэсэн #Цагаан сонголт хөдөлгөөний залуус богино хугацаанд маш олон хүмүүст Сонгуулийн тухай хуульд байгаа нэр дэвшигчдийн хэнийг ч сонгохыг хүсэхгүй байгаа бол #Цагаан сонголт хийж болох тухай хуулийн зохицуулалтыг сурталчилж чадсан.   

Үүнийг бичиж явцад би Ц.Ууганболд гэдэг залуугийн постыг олж уншаад миний хэлэх гэсэн бүх зүйлийг маш товч бөгөөд тодорхой илэрхийлсэн байхаар нь энд сийрүүлэхээр шийдлээ.

 “Цагаан хуудас өгөөд хэнийг гаргах гээд байгаа юм. Өнөөдрийнхөөс сайжрах юм уу. Сайн улс төрч гэж байдаггүй юм гээд байгаа хүмүүст.Тиймээ абсолют сайн хүн, сайн үйл гэж байхгүй байх. Гэхдээ тийм байлаа гээд бид сайн сайханд тэмүүлэх эрмэлзлэлээ орхих ёстой гэж үү. Муу муухайд бууж өгөх ёстой гэж үү.

Сайн сайхан гэдэг бол үр дүн биш үл зогсох хөгжил дэвшил, бидний туулах амьдрал, эрмэлзэх эрмэлзлэл. Бид төрийн албыг зарах ярианд оролцсоныхоо төлөө түүнийг гүйцэтгэснээс үл хамааран огцордог, 50 сая воны хуулиар хориглосон хандив авсаныхаа төлөө хуулийн дагуу сонгуулиас нэр нь татагддаг, gengo holding pte , camex зэрэг компаниа хуулийн дагуу хөрөнгө орлогодоо тусгаагүйн төлөө, хууль зөрчсөн мөрийн хөтөлбөрт тусгагдаагүй зээл чөлөөлнө гэсэн амлалт өгсөний төлөө нэр дэвшигчээс хуулийн дагуу нэр нь татагддаг нийгмийн төлөө л байна.

Эсвэл бид угаасаа л ийм нийгэм юм гэж бууж өгөөд бүгд аль чадахаараа хууль зөрчихийг эрмэлзэх зэрлэг нийгмийг хүсэж байгаа юм уу.

Би монголын ардчилалд итгэдэг. Энд цагаан гэрэл буй, хар сүүдэр буй. Гол нь буруугаа засаад сайжруулаад хөгжөөд явах механизм нь байгаа. Харин бидний хийж байгаа цагаан тэмцэл тэр өөрийгөө засах механизм ажиллаж байгаагийн илрэл юм”

 

хэмээн тэрээр бичжээ.

Маргааш хоёр дахь санал хураалт явагдана. Би сонгуульд оролцоно. Би дахиад л #Цагаан сонголтоо хийнэ. Надтай адил маш олон иргэд #Цагаан сонголт хийх болов уу гэсэн горьдлого байна.

Зарим хүмүүсийн бодож байгаа шиг #Цагаан сонголтын туйлын зорилго нь дахин сонгууль биш юм. Цагаан сонголт бол нийгмийн захиалга юм.

Хуульч Д.Миеэгомбо “...олон нийтийн сүлжээгээр цагаан хуудас уншуулсан хандлагад улс төрийн намууд, улстөрчид зөв дүгнэлт хийх ёстой. Энэ бол нийгмийн захиалга гэдгийг харах ёстой” гэсэн байдаг.

 

Азаа, чиний зөв байсан шүү.

arrow icon