Нийтлэл 05 сарын 18, 2020

UNSICK PODCAST: COVID-19 вирусийн вакцин цаашдын төлөв

COVID-19 вирус устаж алга болохгүй, вакцин гарч шийдлээ олох хүртлээ маск зүүх, гараа угаах, хөл хорио зэрэг зүйл амьдралын хэв маягийн нэг хэсэг байх болно. Уг вирусийн эсрэг эмчилгээ болох эм, биологийн бэлдмэл, технологи хөгжиж эмчлэгдэх боломж улам бүр нэмэгдэнэ.

Гэхдээ бүх нийтээрээ урьдчилан сэргийлэх, халдвараар өвдөж хүндрэлд хүрэхгүй байх оновчтой шийдэл бол вакцин байх юм. Энэ вирусийн вакцины талаарх яриа өрнүүлсэн харвардын их сургуулийн вакцины мэргэжилтэн  нарын яриаг түүвэрлэн эрүүл мэндийн боловсрол олгохыг зорилоо.

Вакцин гэж юу вэ?

Аливаа өвчний эсрэг өвөрмөц дархлааг бий болгож, улмаар дархлааны тэмцэх чадварыг сайжруулдаг биологийн бэлдмэл бол вакцин. Та бид вирус бактер хэмээх халдварт өвчнөөр өвдөж илааршихад тухайн өвчин үүсгэгчийн эсрэг өвөрмөц дархлаа тогтдог. Дархлаа тогтсоны дараагаар тухайн өвчин үүсгэгч орж ирэхэд дархлаа урвал урьд өмнөхөөсөө илүү үр дүнтэй өрнөх чадвартай болж хөгждөг. Энэ давуу чанарыг ашиглаж халдварт өвчин үүсгэгч болох вирус бактерийн хоруу чанаргүй бүтцийн хэсгийг ашиглаж вакцин гарган авдаг. Өөрөөр хэлбэл вакцин хүний биед ороход тухайн өвчин үүсч хөгжихгүй, харин дархлаа урвалыг өдөөж өвөрмөц дархлаа тогтоодог гэсэн үг.

Хоруу чанаргүй, дархлаа тогтоох шинж чанар өндөр байх ёстой зэрэг олон шалгуур үзүүлэлтийг хангасан вакцин бүтээхэд маш олон лабораторийн туршилт, эмнэлзүйн судалгаа хийгдэж, амьтан ба хүн дээр ээлж дараалан судлагдаж, олон шалгуурыг амжилттай давах зэрэг маш олон туршилт судалгааны ажил, цаг хугацаа шаардсан шинжлэх ухааны том бүтээл юм.

2020 он гэхэд шинжлэх ухаан гайхамшигтай хөгжиж өдий хүрсэн учраас дэлхий нийтээрээ COVID-19 вирусийн халдварт өвчний эсрэг үр дүнтэй эмчилгээ, урьдчилан сэргийлэлт, вакциныг бүтээх гэж бүх нийтээрээ хүчин чармайж байна. Манай улсын эмч, эрдэмтэн судлаачид уг вирусийн эсрэг шинжлэх ухаанд бага ч болов хувь нэмрээ оруулах биз ээ.

COVID-19 вирусийн эсрэг ямар үр дүнтэй эмчилгээ бий болсон вэ?

Яг одоогоор удирдамжинд орж ач холбогдолтой эмийн бэлдмэл хараахан гарч ирээгүй л байна. Уг вирусийн халдварын тавиланг сайжруулах, хүндрэлээс сэргийлэх харьцангуй нааштай бөгөөд үр дүнтэй эмийн бэлдмэл тодорхой болсоор байна. Зөвхөн эмийн бэлдмэл бус амьсгалын аппарат, экмо зэрэг дэвшилтэт технологи, биологийн бэлдмэл зэргийг эмчилгээнд өргөн ашиглах боломж улам бүр нэмэгдсээр байна. Гэхдээ хүн амд халдвараас урьдчилан сэргийлэх шийдэлтэй арга бол вакцин хэмээн ойлгож болно.

COVID-19 вирусийн эсрэг вакцин хэзээ бий болох вэ?

Вакцин бүтээх ажилд дэлхий нийтээрээ туйлын шаргуу ажиллаж байна. Хүн амд тархсан уг вирусийн халдвар вакцин байхгүйгээр хэзээ ч устаж бий болохгүй хэмээн ойлгож болно. Олон вакцин үйлдвэрлэгч нар COVID-19 вирусийн эсрэг вакциныг бүтээхээр цаг хугацаатай уралдан ажиллаж байна. Тухайлбал, вакцин бүтээхээр хэрэгжиж буй 70 гаруй төсөл хөтөлбөрийг ДЭМБ танилцуулсан байдаг. Эдгээр төсөл хөтөлбөрөөс вакцин хэзээ нэгэн цагт бүтээгдэнэ гэж ирээдүйг өөдрөгөөр харж шинжлэх ухаанд итгэж болно.

Шинжлэх ухааны том бүтээл болох вакцин бүтээх нь маш их хөдөлмөр цаг хугацааг шаарддаг. Дараа нь вакцин үнэхээр үр дүнтэй эсэхийг маш олон баг, байгууллага шалгаж хяналт тавьж ажиллана. Тийм болохоор вакцин олон нийтийн хүртээл болоход олон жилийг зарцуулна.  Гэхдээ COVID-19 вирусийн халдварын эсрэг дэлхий нийтээрээ бодсоноос илүү хурдан ажиллаж буй учир вакцин биеллээ олох хугацаа улам бүр ойртож байгаа болно. (Харвардын их сургуулийн вакцины мэргэжилтэн эмч Dr.Barouch)

Биологийн бэлдмэл болох өтгөрүүлсэн сийвэн гэж юу вэ?

Энэ бол халдвар авч эдгэрсэн хүний цуснаас технологи ашиглан өвөрмөц эсрэг биеийг (өтгөрүүлсэн сийвэн) гаргаж авах арга юм. Эмнэлзүйн судалгаанд өтгөрүүлсэн сийвнийг эмчилгээнд хэрэглэхэд нааштай үр дүн ажиглагдаж байсан. Одоогоор эмчилгээнд хамгийн үр дүнтэй нөлөө үзүүлэх эсрэг биеийн титр тодорхой болоогүй л байна. Энэ технологи бол халдвар авч дархлаа тогтсон хүний цуснаас өвөрмөц эсрэг бие ялгаж авч бэлдэнэ гэсэн үг. Гэвч энэ ажил эмнэлзүйн туршилт судалгааны үе шатанд явж байгаа болно (Dr.Barouch).

Өмнөх SARS, MERS зэрэг коронавирусийн төрөлтэй уялдуулан COVID-19 вирусийн вакцин бүтээх арга хялбар байх магадлалтай хэмээн ойлгож болох уу?

Бидэнд SARS, MERS вирусийн халдварын эмнэлзүйд ашигладаг ямар нэг баталгаажсан вакцин байхгүй. Гэвч вакцин гарган авах лабораторийн судалгаа, жижиг хэмжээтэй эмнэлзүйн туршилт судалгааны дата мэдээлэл байдаг. Гэвч SARS, MERS вирусийн вакцины талаарх үр ашигтай туршилт судалгаа хараахан хийгдэж амжаагүй болно. Улс орнууд SARS, MERS төрлийн вирусийн мэдээлэл ашиглахаас илүүтэй, шууд COVID-19 вирусийн талаарх судалгааг ашиглан вакцин бүтээх гэж хичээж байна.

Вакцин амжилттай гарлаа гэхэд дараа дараачийн тулгамдсан асуудал их гарч эхэлнэ. Вакцины нөлөөгөөр өвөрмөц дархлаа тогтсон бол уг дархлаа хэр удаан үргэлжлэх чадвартай эсэхийг мэдэхэд хэцүү байдаг. Мөн вирус мутаци болоход өмнөх вирусийн төрлөөс гарган авсан вакцины үзүүлэх нөлөөлөл яв цав тохирдоггүй учраас төвөгтэй нөхцөл байдал үүсдэг. Вакцины нөлөөгөөр урт хугацааны дархлаа тогтож, санамжийн эс үүсч, цусанд эсрэг бие өндөр титртэй тодорхойлогдож байвал их сайн гэж үздэг. Хэрвээ вакцины ач холбогдолтой дархлаа тогтоох чадвар 2-3 сар гэвэл нийгэмд үзүүлэх нааштай үр ашиг байдаггүй. Яагаад гэвэл хүн вакцин тариулсан боловч 2-3 сарын дараа дахиад халдвар авч, халдварыг тараах  эрсдэл өндөр юм.

COVID-19 вирусийн вакцины талаарх цаашдын төлөв

COVID-19 вирусийн удмын мэдээлэл агуулах нэгж бол ДНХ биш РНХ юм. ДНХ агуулсан вирус харьцангуй тогтвортой байж, мутаци үүсэх магадлал бага байдаг. Харин РНХ вирус бол харьцангуй тогтворгүй, мутаци үүсэх магадлал харьцангуй өндөр юм. Иймд, РНХ агуулсан вирус мутацид орж хувьсан өөрчлөгдөж байдаг учраас өвөрмөц дархлаа тогтолцооноос зайлсхийх, вакцины үйлчилгээ буурах зэрэг муу талтай.

Өөрөөр хэлбэл уг вирусийн халдвар авч, вакцин тариулж дархлаа тогтсон зэргээс хамаарахгүй шинэ төрлийн вирусийн халдвар авсан юм шиг нөхцөл байдал үүсэх боломжтой.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon