Нийтлэл 08 сарын 23, 2022

Цэц Үндсэн хуулиа гээсэн нь

"Цэц эхээ мөргөсөн нь" нийтлэлийн үргэлжлэл хоёрдугаар хэсэг: Цэц Үндсэн хуулиа гээсэн нь

Цэцийнхээр бол Цэц өөрөө биш  Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт нь “Эх”-ээ мөргөжээ. 5 үндэслэл дэвшүүлснээс хоёр нь ойлгомжгүй. Нэг нь үндэслэл гэхээсээ илүүтэйгээр үйл баримт, мэдээллийн хураангуй, нөгөө нь санал, зөвлөгөө, судалгааны үр дүн үү? - бүү мэд. Жишээ нь Үндэслэл-4 “Үндсэн хуульд зааснаар Засгийн Газрын бүрэн эрх ерөнхий сайдыг томилсноор эхэлж, шинэ ерөнхий сайдыг томилсноор дуусгавар болдог. Ерөнхий сайд нь Засгийн Газрыг удирддаг, УИХ-д ажлаа хариуцдаг. Энэ нь Засгийн Газрын бүрэн эрхийн хугацаа Ерөнхий Сайдын бүрэн эрх эдэлж, дуусгавар болохтой шууд хамааралтай. Мөн салбарын сайдтайгаа нийлж гарын үсэг зурдаг, энэ нь Засгийн Газар танхимаар ажилладгийг илтгэнэ.2019 оны ҮХНӨ нь тус үзэл баримтлалыг баталгаажуулсан харагддаг” гэжээ.

Засгийн Газрын бүрэн эрхийн хугацаа шинэ ерөнхий сайд томилсноор дуусгавар болох зохицуулалт бол Үндсэн хуулийн заалт. Ерөнхий сайд УИХ-ын өмнө ажлаа хариуцах ч ялгаагүй. Гэтэл Засгийн Газрын тухай хуулийн хоёр заалт нэмж оруулснаа Үндсэн хуулийн заалтыг үзэл баримтлал болгож хувиргав. Байгаа заалтыг байхгүй мэт уншиж, Үндсэн хуулийн нээлт хийж боломгүй. Явган санаа нь дараагийн үндэслэлтэй холбогдох аж.

Үндэслэл 5: Ард түмний сонгосон парламентын тогтолцоог сулруулах, улмаар засаглалын тодорхойгүй байдалд хүргэх эрсдэл бий болгосон

Цэц нь Үндсэн хууль зөрчсөн эсэхэд хариулах ёстой. Үндсэн хуулиар Цэцэд тийм л эрх хэмжээ өгсөн. Цэц бол Үндсэн хуульд дээд хяналт тавьдаг, зөрчсөн эсэхэд дүгнэлт гаргадаг, маргааныг магадлан шийдвэрлэдэг байгууллага. Үндсэн хууль зөрчигдөх эрсдэл бий болсныг тогтоодог, эрсдэлийг үнэлдэг, тайлбарладаг шинжээч биш.

Цэцийн тодорхойлсноор ҮХНӨ нь парламентын тогтолцоог сулруулах, мөн засаглалын тодорхойгүй байдалд хүрэх эрсдэлтэй гэнэ. ҮХНӨ нь хэрхэн, яаж, ямар байдлаар парламентын тогтолцоог сулруулж, засаглалын тодорхойгүй байдалд хүргэж байгаа нэг ч өгүүлбэр Цэцийн шийдвэрт алга. ҮХНӨ нь парламентын хууль тогтоох, Засгийн Газрыг байгуулах, Ерөнхий сайдыг кабинетаа бүрдүүлэхэд огт халдаагүй. УИХ нь төрийн эрх барих дээд байгууллага хэвээрээ байгаа, Засгийн Газар хуулийн биелэлтийг орон даяар хангаад ажиллаж л байгаа, Ерөнхий сайд нь танхимаа бүрдүүлээд явж л байгаа.  Үндсэн хуулиар хадгалуулсан УИХ, ЗГ, Ерөнхий сайдын эрх мэдэл хөндөгдөөд, өөрчлөгдөөд, ууршаад алга болсон зүйл байхгүй. 

Хэрэв Цэцээс ҮХНӨ нь Үндсэн хуулийн бүтэц, агуулга, үзэл санаа өөрчилснийг тогтоож байгаа бол бодитой, тодорхой байх хэрэгтэй, үндэслэлээ хэлэх хэрэгтэй. УИХ, Засгийн Газарт Үндсэн хуулиар хадгалуулсан ямар эрх хэмжээг хэрхэн, яаж өөрчилсөн бэ гэдэг тодорхой байж л Үндсэн Хуулийн зөрчил болно. Гэтэл Парламентын тогтолцоо суларлаа, засаглалын тодорхойгүй байдал үүслээ гэх хоосон, улс төржсөн мэдэгдлээр Цэц хууль зүйн тайлбар хийж болохгүй. Дээр нь “суларсан” мөн “тодорхойгүй” гэдэг тэмдэг нэрс Үндсэн хууль зөрчигдсөн гэдгийг илэрхийлж чадахгүй байна. 

Үндсэн хуулийн хоёрхон заалт ишилсэн нь  хууль дээдлэх зарчим болон ардчилсан ёс. Маш ерөнхий, онолын тайлбартай хоёр зарчим. Бүх дүгнэлтэндээ хавчуулдаг, жижүүрийн үг нь. Цэц хэлэхдээ “хууль дээдлэх зарчмын суурь нь Үндсэн хуулийг дээдлэх үзэл баримтлал байдаг. Энэ бол дэлхий нийтийн эрхэм дээд үзэл санаа болон хүлээн зөвшөөрөгдсөн” гэжээ. Гэтэл “хууль дээдлэх ёс” гэдэг ойлголт маш өргөн хүрээтэй, улс-бүс нутаг, салбар эрх зүй зэргээс шалтгаалан өргөн, явцуу хүрээнд уншигдаж, харьцангуй хэрэглэгдэж, тайлбарлагддаг ойлголт. Зарим нь тус ойлголтыг шүүхийн бие даасан байдал, шүүгчийн хараат бус байдалтай холбож уншдаг бол хууль тогтоох, хэрэгжүүлэх бүх процессод, мөн төрийн институт, албан тушаалтны хараат бус байдалтай холбож тайлбарладаг.

Гэтэл Үндсэн хуулийг дээдлэх бол хууль дээдлэх зарчмын суурь, тиймээс Цэцийн зохиосныг дагах нь хуулиа дээдэлж байгаагийн илрэл гэх юм. Цэц эрүүл үү? ҮХНӨ нь Үндсэн хуулийн бүтэц эвдэх эрсдэлтэй байна, гэхдээ яаж гэдгийг нь хэлж мэдэхгүй, Үндсэн хуулийн удиртгал хавьцаа зөрчиж магадгүй харагдаж байна, ер нь бол хэн нь ч хууль дээдлэхгүй байна - ҮХНӨ ч ялгаагүй - ийм гажгаар Үндсэн хуулиа уншихгүй, тайлбарлахгүй.

“Ардчилсан ёс”-ыг зөрчсөн л гэнэ. Ардчилсан ёс гэдэг ойлголтын нэгдүгээр агуулга бол ард түмэнд засгийн эрх хадгалагдана, тэдний хүсэл зориг дээд байна. Парламент бол ард түмний төлөөлөл. Үндсэн хууль бол ард түмний бүтээл. Энэ хоёрыг нэгтгэвэл ард түмэн, төлөөллөөрөө дамжуулан, бичсэн бүтээл бол ҮХНӨ. Үг үсэг, бүтцийн ямар ч зөрүү, өөрчлөлт байхгүй байхад та нарын хүсэл зориг миний үзэл баримтлалд нийцэхгүй байна гэж Цэц шийдчихэж. Цэцийн үзэл баримтлал Үндсэн хуульд захирагдах ёстой.

Хамгийн чухал нь ҮХНӨ-ийг буруугаар тайлбарлаж, хэрэглэвэл Үндсэн хуульд нийцүүлж тайлбарлах нь Цэцийн үүрэг. Гэтэл өөрөө Үндсэн хуулийн зөрчил (эрсдэл) гэдэг үлгэр зохиогоод, түүндээ тааруулж үзэл баримтлал бичээд, харамсмаар нь ардчилсан ёсыг, хууль дээдлэх зарчмыг эшлээд Үндсэн хуульд халдчих юм.

Үндэслэл 6: Ерөнхий сайдын эрх мэдэлд халдаж, түүний эрх хэмжээг хязгаарлаж, гүйцэтгэх эрх мэдлийн чадамжийг бууруулсан

Нэг. Ерөнхий сайдын эрх мэдэлд халдаж, түүний эрх хэмжээг хязгаарласан: 

Цэцийн үндэслэлийг шоглож сийрүүлбэл - ерөнхий сайд танхимаа бүрдүүлэх гэтэл чадалтай, чадвартай, сайд хийчихээр хүмүүс нь УИХ-д суучихсан нь Үндсэн хууль зөрчсөн гэнэ. Ерөнхий сайд бол УИХ-д хамгийн олон суудалтай намын дарга. Ерөнхий сайдын удирдсан Засгийн Газар УИХ-ын өмнө хариуцлага хүлээдэг бол улс төрийн нам нь нийт иргэдийн өмнө хариуцлага хүлээдэг. Нэг нам их хуралд олонх болж эсхүл эвсэл байгуулж Засгийн Газраа байгуулах бол парламентын ардчилсан тогтолцоо. Ерөнхий сайд Засгийн Газрын гишүүдээ томилох, улс төрийн олонх болсон нам Засгийн газраа байгуулахад ҮХНӨ огт халдаагүй.

Ерөнхий сайд хүсвэл нэг ч УИХ-ын гишүүнийг сайдаар нэрлэхгүй байж болно. Хүсвэл хэдийг ч, хэнийг ч томилж болно, чөлөөлж ч чадна. Энэ эрх Ерөнхий сайдад байгаа. Түүнчлэн УИХ-ын гишүүнийг сайдаар томилж чадахгүй байгаа нь Засгийн Газраа байгуулахад хязгаар тогтоосон зүйл огт байхгүй. Харин томилсон этгээд нь төрийн ажлыг давхар гүйцэтгэж болохгүй – жишээ нь УИХ-ын гишүүн. Гишүүн байхаа болих бүрэн эрх, сонголт УИХ-ын гишүүнд байгаа. Хэрэв Ерөнхий сайд Цэцийн эрхэм гишүүнийг сайдаар томилбол Цэцийн гишүүнээсээ болиод сайдаа хийж болно. Цэцийн гишүүнтэйгээ, сайд болмоор байна учир нь Ерөнхий сайд маань танхимаа бүрдүүлж чадахгүй, Засгийн газраа байгуулах боломжгүй, улмаар Үндсэн хууль зөрчигдөхөд хүрлээ гэдэг бол утгагүй дүгнэлт.

 Хоёр. Гүйцэтгэх эрх мэдлийн чадамжийг бууруулсан:

УИХ-ын гишүүн Засгийн Газрын гишүүн байснаар Засгийн Газрын чадамж өсдөг, эсхүл эсрэгээрээ буурдаг гэж Цэц дүгнэжээ. Тийм урвуу хамаарлыг Цэц яаж тогтоов.  Мэдээлэл гаргасан нь ч тэр, хариу тайлбар өгсөн нь ялгаагүй, хуралд оролцсон хэн нь ч ЗГ-ын гишүүн биш, Засгийн Газрыг төлөөлөөгүй. Гэтэл ЗГ-ын чадамж буурсан гэж бурав, Цэц тийм гэж дүгнэв. УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр ажиллахад тогтоосон хязгаарлалтаас шалтгаалж Засгийн Газрын чадамж буурсныг, эсхүл буурдгийг хэн нотолсон юм.  20 жил гаруй УИХ-ын гишүүн Засгийн Газрын гишүүн байсан Засгийн Газрууд шилдэг байсныг Цэц тогтоосон юм уу? 

Үндэслэл 7: Парламентын гишүүний чөлөөт мандатын агуулгыг үгүйсгэж, хяналт-тэнцлийн зарчмыг алдагдуулахуйц Үндсэн хуулийн дотоод зөрчил үүсгэсэн

Том нэр томьёонууд үндсэн асуудлыг бүдгэрүүлдэг. Парламентын гишүүний чөлөөт мандат, хяналт-тэнцлийн зарчим, Үндсэн хуулийн дотоод зөрчил г.м. Үндсэн хуулиар УИХ-ын гишүүн бол ард түмний элч, нийт иргэн, улс орны эрх ашгийг эрхэмлэх үүрэгтэй. Гишүүний үндсэн эрх хэмжээ нь хууль санаачлах, тогтоох, хяналт тавих. Иргэд их хурлын гишүүнийг сонгодгоос сайд сонгодоггүй. Их хурлын гишүүний хууль санаачлах, хууль тогтоох, хяналт тавих эрх хэмжээнд ҮХНӨ огт халдаагүй. Их хурлын гишүүн өөрөө саналаараа чөлөөлөгдөж болно. Өөр ажил, албан тушаалд томилогдож болно. Үүнийг нэмэлт, өөрчлөлт огт хязгаарлаагүй.

Харин ч нэмэлт өөрчлөлтийг хүчингүй болгосноороо хяналт-тэнцэл алдагдана. 2019 онд орсон нэмэлт, өөрчлөлт нь мартаагүй бол “Үндсэн хуулийн хямралыг засах” буюу давхар дээлийн асуудлыг шийдэх байсан. Ердөө гурван жилийн дараа нэмэлт өөрчлөлт нь өөрөө “үндсэн хуулийн дотоод зөрчил” болж өөрчлөгдөж болохгүй. Энэ бол том нэр томьёоны ард хийдэг жүжиг.

УИХ, Засгийн Газар, Шүүх, Цэцийн эрх хэмжээг тогтоож, дур зоргыг хязгаарлахад Үндсэн хууль оршдог. Энэ бол Үндсэн хуулийн цагаан толгой. ҮХНӨ-д ч ялгаагүй ийм л утга агуулгатай тусгагдсан. Эрх мэдлийг нь хуваарилж, ашиг сонирхлыг нь зөрүүлж, үгсэн тохирох нөхцөлийг нь ҮХНӨ хязгаарласан. Энэ бол Үндсэн хуулийн дотоод зөрчил биш харин Үндсэн хуультай зөрчилдсөн институтийн санаархлын тавилт юм.

Цэцийн үндэслэх хэсэг бүүр эргэлзээтэй төгсжээ. Гишүүдийн тоог нэмснээр хяналт-тэнцэл баталгааждаг гэнэ. Энэ бол бас л дэмий таамаглал, үндэслэлгүй дүгнэлт. Гишүүдийн тоо бол цэвэр төлөөлөлтэй холбоотой. Олон гишүүнтэй байснаар төрийн хяналт тэнцэл сайжрах, цаашилбал авлига буурах, гишүүд нөлөөлөлд автахгүй байх, засгийн газар сайн ажиллах, улсын их хурал чадавхжих гэдэг бол тодорхойгүй үлгэр. Тийм хөнгөхөн хорвоо, бантаны жор шиг зүйл байдаггүй юм. Цэцийн үндэслэл болгон Үндсэн хуулийн үг, хэллэг, заалтаас хөндий онолын маргаантай ойлголт, удиртгал, ойлгомжгүй нэр томьёо, хоосон таамаглалаар дүүрэн болсон нь Цэц Үндсэн хуулийн заалтаа гээснийг, эх хуулиа эвдсэнийг харуулна.

 

 

 

 

arrow icon