Нийтлэл 08 сарын 31, 2015

Шинэ оюутнуудад: +100 оноотой сургуулиа төгсөхийн тулд

Ажил хэргийн ертөнцөд  ажилтны ур чадвар,  ажлын зохион байгуулалт гэх мэтийг -100-гаас нэмэх 100-гийн хооронд үнэлэх нэг арга байдаг. Тэгийг  хэвийн буюу сайн ч биш муу ч биш дор хаяж биелсэн байх ёстой байдал гэж үзнэ.  -100-д дөхөх тусам наад захын шаардлага хангахгүй гологдол болж ирнэ. +100-д дөхөх тусам ямар нэг нэмэлт үнэ цэнийг өөртөө шингээсэн,  дунджаас илүү үнэлэгдэх чанар болж ирнэ. Хүний эрхэм чанарт хэзээ ч онооны ялгаа гарахгүй, харин боловсон хүчний хувьд оюутнууд их дээд сургууль төгсөхдөө хүний нөөцийн зах зээлд тодорхой үнэлгээтэй нэг бүтээгдэхүүн болж нийлүүлэгдэнэ.Цалингийн хэлбэрээр үнэ тогтоолгоно.  Өнөөдөр 9 сарын 1-ний өдөр. Оюутан чиний  -100+100 хүртэл  тэмдэглэсэн шугамын хаана байрлах боловсон хүчин болж төгсөх вэ гэдгээ шийдэх үе эхэлж байна, заримынх нь бүр эхлээд дундаа, төгсөх шатандаа явж байж таараа. Хүний уян чадвар буюу soft skill, ур чадвар буюу hard skill бүрдэх нь бүүр эхийн хэвлийд байхаас, эцэг эхийн гень энэ тэрээс эхэлнэ гэж үзэж болох ч оюутан нас бол бусдаас өвлөсөн ямар ч бэрхшээлийг даван туулж өөрийнхөө 100 оноог цуглуулах боломжтой сайхан нас билээ.   Үүнийг гадаад дотоодын өөрийн хүч хөдөлмөрөөр амжилтад хүрсэн олон сайн оюутны түүх батлан харуулдаг.  Ингээд ямар байвал 0 дээр буюу наад захын шаардлага хангаж, яаж өнгөрөөвөл +100-д дөхөх талаар өөрийн зөвлөгөөг дор сийрүүлэв, авах гээхийн ухаанаар хандаарай.

 

Цаг үеийн мэдрэмж

Цаг үеийн мэдрэмж бол луужин гэсэн үг. Мэргэжилтэн нь тухайн цаг үеийг бүтээлцэх гол дүр гэсэн үг. Ямар цаг үе ирж байгааг мэдрэхгүйгээр яаж мэргэжилтэн болох вэ? Хүний түүх ямар үедээ ирж байна вэ? Дэлхийн чиг хандлага хаашаа байна? Түүний дунд  Монгол улс хаана нь байна? Түүний дунд би хэн болох вэ? Ийм агуулгаар өөрийн ирээдүйг зураглаж чадахгүй бол -100. Цаашид тэс өөр, хаа хамаагүй хуучны, эсвэл хэн нэгний зааж өгсөн луужинг сохороор дагаж -200, 300-д дөхөөд хадуурах магадлалтай.  Түүхэн мэдрэмжтэй болоход их мэдээлэл, туршлага хэрэгтэй санагдаж байж магадгүй. Гэхдээ мэдээлэл сайтай хүмүүстэй ярилцах замаар, эсвэл зарим товч ном товхимол нийтлэлээс баримжаа авч болно.  Эхний ээлжинд дор хаяж энэ нийтлэлүүдийг уншихад болно. Шинэ эринд тавтай морил, Өнгөрсөн ч, ирээдүй ч мартагдтал одоод төвлөрөөд үз,  ЗҮЙЛСИЙН ИНТЕРНЭТ (INTERNET OF THINGS)-ийн эрин үе ирж байна, Хүний дэлхийг өөрчлөн хувьсгаж буй дөрвөн гол хүчний тухай, Үйлдвэржих үү, эс орших уу гэх мэт.

 Мэргэжил бол өөрийн толгойгоор сонгох хувь заяа

 “Цаг үеийн мэдрэмж+би хэн бэ, юу сонирхдог вэ, ямар авьяастай вэ” гэсэн огтолцлоос хүн мөрөөдлөө олж, түүнийгээ зорилго болгон зураглаж, улмаар зорилгоо биелүүлэхэд хамгийн дөт мэргэжлийг, улмаар тэрийгээ сурахад хамгийн оновчтой сургуулийг сонгох учиртай.  Манайд энэ нь эсрэгээрээ байх нь олонтаа. Эхлээд  МУИС-ын хууль!!! Даннн...нэг их том сургууль байдаг. Тэнд л орчих юмсан гэсэн бараг чиний биш эцэг эхийн чинь хүсэлтээс эхэлнэ. Тэгээд мэргэжил, тэгээд чиний зорилго гэсэн урвуу явц явагдана. Ийм урвуу эргэсэн орчинд чи өөрийн хүсэл мөрөөдлийг дагаж мэргэжлээ сонгосон бол браво, нэмэх +10 оноо. Цаашид алзахгүй, өөрийн зорилгыг тууштай дагаж, 100 оноогоо цуглуулахад л болно.  Харин  хэн нэгний заавар, гуйлга түүлгээр энэ ангидаа орсон бол өөр зам хэзээд байдаг, ер нь хүн болгон дээд сургууль төгсөх ч алба биш гэдгийг санаж, амьдран буй орчноо болон өөрийгөө танихад цаг гаргаарай. Гэхдээ нэгэнт сонгосон мэргэжлээ тодорхой хэмжээнд таньж байж цааш үргэлжлүүлэх эсэхээ шийдэх, тэгэхийн тулд боломжийн хэмжээнд мэддэг болтлоо хичээллэж сонирхож үзэх нь зөв.  Ямар ч гэсэн нэг замаас гарах бол илүү дээр рүү тэмүүлж солих уу гэхээс зугатаж  гарах ёсгүй. Өөрийн чинь сонирхол нэгэнт тогтсон, дуртай дургүй сонгон орж байгаа бол эртхэн сонирхлоо хөөх нь дээр гэж бодож байна. Залуу нас, тэр тусмаа эрчтэй аагтай идэр залуу нас гэдэг тийм урт биш, харин амьдрал баялаг.

 Шалгалтад тэнцвэл  0 дээр ирнэ

Шалгалтын төлөө хичээл хийгээд уналгүй гарах, эсвэл бүр сайн дүн авах. Тэглээ гээд огтхон ч лаг биш хийгээд ердөө л  0 дээр ирнэ. Учир нь оюутан хүний дор хаяж хийх ёстой ажил нь шалгалт шүүлэгт тэнцэх, цаашид ямар ч зам сонгосон гай болохооргүй дүн цуглуулах. Хэзээнээс оноо нэмэгдэж эхлэх вэ гэвэл шалгалтаас илүү сурах мэдэх хүслээр, өөрийн зорилгын төлөө суралцаж мэдсэн зүйлс чинь нэмэх оноо болно. Юун илүү юм нэхдэг юм бэ гэж одоо бодогдож магадгүй, гэхдээ төгссөний дараа тэр зөвлөгөөг дагадаг байж гэж бодох үе ирнэ шүү.

 Гадаад хэл

Эх хэлээрээ бол чамайг 10 жилдээ  унших, бичих, илтгэх гурван чадварыг гайгүй эзэмшсэн гэж найдаад шууд гадаад хэлний оноог тоолъё. Хэл сурах амархан уу? Амаргүй. Гэхдээ англи хэлийг арай гэж эзэмшлээ гээд чи мөн л 0 дээр байна. Цаг үе тийм болчихлоо. Англи хэл дээр өнөөдөр дэлхийн ихэнх мэдлэг хэвлэгдэж, ихэнх ажил, бизнес, хүмүүс хоорондын коммюникац өрнөж байна.  Уг нь өнөө үед 10 жилдээ бүрэн эзэмшээд их сургуульд орж ирэх ёстой. Гэхдээ эзэмшиж амжаагүй гээд санаагаар унах хэрэггүй. Оюутан байхад зарим нь нэг гадаад хэл, зарим нь нэлээн хэдийг сурчихаад төгсдөг. Хэлтэй байх нь чиний давуу тал гэхээсээ хэлгүй байх нь сул тал, -100 оноо болсон гэдгийг ойлгоорой. Хоёр дахь гадаад хэл бол хэр сайн эзэмшсэнээс хамаараад нэмэх оноо болно. Хэл сурах зөвлөгөө зөндөө бий, дараа би ч бас өөрийн туршлагаас хуваалцъя.

 Сайн дур

Ер нь бол хувьдаа оюутан хүн бусдын төлөө сайн дур гаргалаа гээд чиний ч, бусдын ч оноо нэмэгдэхгүй гэж бодож байна. Эхлээд төгссөнийхөө дараа хэнийг ч аваад явахаар ур чадвар, мэдлэгтэй проферциональ болохын төлөө оюутан насыг зарахад зүгээр санагдах болсон. Би нэг хоёрдугаар курстээ найзуудтайгаа хамт амьдралын боломжгүй хүүхдэд тэтгэлэг цуглуулж өгөх сайн дурын ажил хийдэг байлаа. Тэглээ гээд асуудлын уг үндэс нэг ч сайжирсангүй, би харин засгийн газар, боловсролын байгууллагуудын хийх ажлыг өмнөөс нь хийх гэж савсаганаж байгаад  тийм хүмүүст үнэхээр хэрэгтэй бодит шийдэлд хөтлөх мэдлэг олох, хичээллэх боломжоо их бага хэмжээнд гарздсан байдаг. Нэн ялангуяа одоогийн Монголд проферционалууд, логик шийдэл дутсаны улмаасхарж суухад тэвчих аргагүй асар олон асуудал үүсэж, үүний зарим нь сайхан сэтгэл, сайн дураар шийдэгдэж буй тул чамайг арван талаас чинь хорин төрлийн сайн дурын ажил чангаах болно. Найз нөхөд, хөөрхөн охин дагаж гүйлгүй тэсээд,  тэр дутагдаад байгаа шийдлийг нь олоод өгөх проферциональ болж хөгжвөл тэрнээс том буян байхгүй. Оюутан байхдаа үр дагавартай нь тэмцэж гүйгээд байвал төгсөөд шалтгааныг нь засах чадвар хэнд, хэзээ суух вэ?

 Туршлага

Гэхдээ хичээл номоос бусдаар ажил хийж туршлага хураах нь адаглаад сургалтын төлбөрт нэмэртэй, суралцаж буй зүйлийнхээ утга учрыг ойлгоход тустай. Энэ нийтлэлд зарим нэг санаагаа хуваалцсан байгаа. Надад бол монгол оюутнууд их завтай санагддаг. Миний суралцаж байсан гадаад сургуульд гэхэд оюутнууд төлбөрөө өөрсдөө ажиллаж төлдөг, аав ээжээсээ авбал зээл гэж аваад буцаадаг, өглөө хичээлдээ өдөр сээкцэндээ орой цагийн ажлаа шөнө даалгавраа хийдэг байсан. Би ч орчноо дагаад тэгж суралцаж байсан, оюутан хүн завгүй байх тусмаа их юм амжуулдаг нь үнэн. Бас дараа нь ажилд орох, ажлын ярилцлага өгөхөд ямар нэг ажил хийж үзсэн, асуудлын шийдэл гаргаж, туршлага хураасан түүхтэй бол чамд нэжгээд нэмэх оноо өгнө, бас ажлын талбарт ч хэрэг болно.

 Гадаадад суралцах

Гадаадад суралцах боломж, тэтгэлэгт хөтөлбөр зөндөө олон янз бий. Гадаадад суралцах хүсэлтэй бол эртхэн шиг хэвлэл мэдээлэл, элчингүүдийн вэб хуудас зэргээс мэдээлэл авч системтэй, төлөвлөгөөтэй бэлдэх хэрэгтэй. Нэг үеэ бодвол энд тэнд төгсөгчдийн холбоо байгуулагдаж, фэйсбүүк хуудсаар нь ч болов дамжаад мэдээлэл авахад хялбар болсон. Хэрвээ бэлтгэл чинь одооноос эхлэх бол хүүхдүүд дунд сургуулиасаа бэлдэх болсон ийм үед -100+100 шугамын зүүн хязгаарт байгаагаа ойлгоорой.  Гэхдээ бууж өгөх болоогүй, шалгалтад хэн стратеги тактик сайтай нь ялдаг, хэр удаан бэлдсэн нь биш.

 Найз нөхөд

Дотоод гадаад хоёр сургуульд сураад ажиглаж байхад манайхан их нийтэч, нэг нэгнийгээ бараадаж сүрэглэх хандлагатай. Зарим оюутнууд бол мэргэжил, зорилго энэ тэр бүү мэд юу ч л гэсэн олны газар бараадаад их сургууль зорьж ирж байгаа. Чиний өөрийн гэсэн бие хүн, хүсэл мөрөөдөл чинь хатуу бүрдэж амжаагүй тусмаа чиний хүрээлэл чамд нөлөөлөх болно. Хүрээллээ яаж бүрдүүлэх, зөв нөлөөлөлтэй фигур байх эсэх, олноос сугараад өөртөө өөрийн гэсэн цаг гаргадаг байх эсэх чинь оноо авахад нөлөөлнө.  Оюутан цагийн найзууд сайхан. Ангитай байх бүр сайхан.Төгссөн хойноо бүгд амжилттай явбал бүр сайхан.

 Шоу

Шоудахгүй оюутан нас гэж хаана байхав. Хичээл сургуулиа хаяж хог дээр үсрэхгүйгээр шоудах нэг арга зааж өгье:  “толгой чинь шинэ мэдээлэл шингээх чадвартай, сэргэлэн байхад шоудахгүй” дүрэм бариад үз. Өөрөөр хэлбэл хичээл хийж, ажиллаж ядарсан бол шоудах тасалбартай болно гэсэн үг. Work hard play hard гэдэг. Их шоудмаар бол их “ядрахад” л болно.

 “Амиа бод”

Эцэст нь нэг муухай юм зааж өгөхөд онцгой хүндэтгэх шалтгаангүй бол энэний ч хүүхдийг асарч, тэрний ч ачааг зөөж, энэ тэр зохиолын дуунд уярч эх орноо хайрлах гэж яарч, засгийн газрын ачааг үүрэлцэх гэж, замын шороо угааж барьж хог дээр үсэрч хэрэггүй. Өөрөө болоогүй байж бусдыг гэж давхиад байвал 0 дээр тогтвол их юм. Оюутан бол дараагийн үеийг авч явах проферционалийг өөр дотроо бүтээж буй оюуны их хөдөлмөр хийдэг, нийгмийн шинэчлэлт бүтээн байгуулалтын их үйл хэрэгт зорьдог, түүнийхээ төлөө 4 жил “амиа бодож” өөрийгөө хөгжүүлэх эрхтэй нийгмийн хамгийн эрх дураараа хэсэг байх ёстой.

 

За тэгээд шинэ оюутан чамд өөрийн гэсэн +100-гаа зорилго болгож тэмдэглээд, заавал тэндээ хүрээрэй гэж захих байна!

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon