Ажлаа оромдох нь арван хар нүглийн нэг мөн болох тухай

Саяхан даа, сонгодог утгаараа 10 хар нүглийн нэгд орох хулгайд өртөж машинаас автомашины татвар төлсөн баримт алдсан. Улаанбаатар банк руу утасдаж лавлавал төлсөн газраа очиж шимтгэл төлөөд ав гэж байна. Төлсөн газраа очвол манай төв дээрээс авах ёстой, Түмэн төв яв гэж байна. Түмэн төв ороод олохгүй утасдвал миний мэдэх Түмэн биш тэрний мэдэх Түмэн ажээ. Одоогоор түүний мэдэх Түмэн төв рүү яваагүй байгаа бөгөөд тэнд ч очоод юу гэсэн заавар авахыг тэнгэр бурхан л мэднэ. Энэ бол нэг л жишээ, энэ мэт явдал чирэгдэл ямар их гардагтай иргэд эрхбиш санал нийлнэ гэж найдаж байна. Ядаж байхад төр шашныг хослон даншиглагч нийслэл Улаанбаатарт метрополитан хотын гэчихмээр шуудангийн үйлчилгээ хөгжөөгүй, бизнесийн цахим харилцаа нойл, хуудас цаасыг ч дор бүрнээ машиндаа "ачаад" хотынхоо зам дээр түгжирцгээдгийг хэлэх үү.

 

"Бүтээмжгүй үйл"-ийн үр 

Монголчуудын шүтэн дээдэлдэг Бурхан багшийн сургаалын цөмд “үйлийн үр”-ийн ойлголт байдаг.  Жишээ нь  Их хөлгөн Ганжуур сударт багтдаг Винайн Эш хэмээх сургаалд

Юу адилыг үйлдэх гэмээ нь 
Үр нь тэр адил гарах болой

гэх буюу

Бүх зүйл сэтгэлээс үүдэлтэй тул
Буй юмсыг бид сэтгэлийн үүднээс хардаг
Буруу сэтгэлт нэгний өгүүлэх хийгээд үйлдэх нь 
Үхэрт хөлөлсөн тэрэг шараа дагадгийн адил 
Үйлийн муу үр үргэлж түүнийг дагамуй

гэж айлдсан байдаг байна.

Түүнчлэн хүний үйлдэх үг, үйлдлийн талаар дараах 4 ёсыг өгүүлсэн нь энгийнээр хэлвэл ямар нэг юм хийсэн бол заавал түүний үр дагавар гарах, өчүүхэн үйл хийсэн ч том үр дагавар гарч мэдэх, хэрэв ямар нэг юм хийгээгүй бол түүнийг хийсэн бол гарч болох үр дагавраас холуур өнгөрөх, нэг юм хийвэл тэрийг хэзээ ч буцааж болохгүй, тэр нь арилж алга болохгүй гэх мэт утгатай аж.

  1. Үйл нь магадтай ёсон
  2. Үйл нь ихээр арвижих ёсон
  3. Үйлийг эс үйлдвээс эс учрах ёсон
  4. Үйлдсэн үйл нь шамшаагдахгүй ёсон.

Латин үсэг, эмотикон, элдэв зураг чимэглэлтэй мэссэж, жиргээ, пост газар авсан энэ үед тийм амар ухаж ойлгогдохгүй эдгээр сургаалыг орчин цагийн хэлний өөрчлөлтөд зохицуулан шинэчлэх ёстой байж мэднэ, харин  заасан зүйлс нь  бидний амьдралд үйлчлэхээ больсон хэрэг биш.  Гадаадын хөрөнгө оруулалт, дотоодын нийт бүтээгдэхүүн гэхчлэн сүр сүр жаргон ихтэй, бидэнд хаа хамаагүй мэт сонсогдох эдийн засагт ч үйлийн үрийг тоогоор илэрхийлж болно. Ер нь хамтаар бөөгнөрөн суусан хүний нийгмийн дүрэмд зарим ерөнхий зүй тогтол үйлчлэх агаад шашин нь сургаал хэлбэрээр, шинжлэх ухаан нь өөрийн тоо баримтаар эрэлхийлж, аль аль нь илүү дээр амьдрахын тулд хэрхвэл зохих тухай өөр өөрийн аргаар үнэлэмж, зөвлөгөө гаргаж ирсэн.

 Энэ удаа манай улсад хаа сайгүй харагдах бүтээмжгүй, хариуцлагагүй байдал нь хуучин цагт Бурхан багшийн сэтгэл чилээн сургасан арван хар нүглийн нэгд орох, араасаа өчнөөн лай ланчиг дагуулсан “үйл” мөн болох тухай хөнгөн тооцоо хийж үзье. Гол нь үйлийн үрийн санааг тоогоор илэрхийлж харах нь чухал, нарийн тооцоо судалгаа бололгүйгээр ийм явдал чирэгдэлтэй иргэн бид дунджаар 7 хоногт нэг удаа, сард 4 удаа таардаг, хөөцөлдөх болгондоо ажлын хагас өдөр зарцуулдаг гэж үзээд тооцож харъя. Монгол хүний сарын дундаж цалин 851,000 гэсэн.  Энэ нь дунджаар өдөрт 40,000 төгрөгийн цалинтай, сард хоёр бүтэн өдөр буюу ойролцоогоор 80000 төг дэмий явдал суудалд зарна гэсэн үг.  Зөвхөн хотод оршин сууж буй 861 мянган хөдөлмөрийн насны хүнээр тооцвол  69 тэрбум төгрөг болно. Жилд 826 тэрбум төгрөг. Энэ жилийн төсвийн алдагдал. Сард 2 л удаа гээд бодсон ч 400 тэрбум. Яг өдий хэмжээнд биш байсан ч тийм ч баримжаагүй их таамаглал тавиагүй, дээр нь зөвхөн Улаанбаатарын хөдөлмөрийн насны хүнээр тооцсон, унаа бензин, утас дуудлага энэ тэр гэхээр энэнээс их байна уу гэхээс багасч лав гарахгүй байх.

 850 тэрбум төгрөг! Нэг муу цаас нааш цааш зөөсний төлөө юу даа!  гэж гайхмаар ч макро нэгтгэл гэдэг ийм л байдаг, бидний авдаг 1000 төгрөгний шоклад худалдааны тэнцэлд хэдэн тэрбум болж тусдагийг эндээс харж болно. Хэдэн зуун тэрбум гэхээр шууд ганган ганган хөгжлийн нэртэй сангуудад очиж бэлэн мөнгө болж тараагддаггүй юм гэхэд эдийн засгийн механизмаа дагаад заавал таны амьдралд очиж нөлөөлнө. Үйлийн үр гээч нь тэр. Бүтээмжгүй байгууллагад орлого байхгүй, тэгээд томхон цалин тавьж, татвар төлж чадахгүй, улс нь төсөвгүй, уул уурхай нурахаар модоо барна. Цэцэрлэггүй хүүхэд гэртээ түлэгдэнэ, зарим нь бүр заазуурдуулж, бөөдүүлж өнгөрнө, цалингүй  ажилгүй эрчүүд архидна, завсар нь хүүхнүүд шанална, зүдэрсэн нэг нь бүр зодуулна, амиа алдана. Хүмүүс цаанаа бухимдалтай, хялайна, хараана, хэрэлдэнэ, хот нь хогтой, утаатай, хааяа тэрийгээ наадамлаж үргээнэ. Хүний ажилд хүнийрхэж, хайнга хандсаны хор уршиг заавал бидний өөрсдийн амьдралд буцаж ирнэ.  

 Мэдээж энэ бүхэн зөвхөн ажилдаа хариуцлагагүй хандсаны уршиг биш. Идэж уудаг атгаалжин хар мангаснууд ахиухан нүглийг үүрнэ, энэ талаар авилга авах нь арван хар нүглийн хамгийн том нь мөн болох тухай өөр нийтлэлээр хөндөх санаа байна.  Гэхдээ жирийн төрийн албан хаагч, менежерүүд, байгууллагын удирдлага, компанийн ажилчид бидний хувьд энгийн тооцоо хийж харахад 850 тэрбум орчмын буруутай.  Маш амархан энгийн зүйлс хийгдээгүйн улмаас ийм байдал үүсэх нь олон тул нүсэр систем, хөгжлийн онол ярилгүйгээр  ердөө гарын доорх боломж, чин сэтгэлийн хандлага гаргах замаар Бурхан багшийн сургаснаар “Үйлийг эс үйлдвээс эс учрах ёсон”-г сахих  боломж хэн бүхэнд байгаа  харагддаг. Цэцэрлэгийн гадаа хонож өнждөгийг хаана хэн ямар цаас хураахыг өөрчлөх замаар зохион байгуулж болох тухай энд хөндсөн бол миний мэдэхгүй тэрний мэдэх Түмэн төв тойрсон паянг ч ердөө л цахим хуудсанд нэг хоёр параграф мэдээлэл тавиад тойрч өнгөрч болох байлаа. Ер нь амьдралын сайн сайхан бүтээмжээс ихэд хамаарах болсон ийм цаг үе дор ажлаа үр дүнтэй, бүтээмжтэй л хийчихвэл  бурхны дүр тахихаас илүү том буян болж мэднэ. Цаг үе өөрчлөгдөхөд буян хийх арга ч өөрчлөгдөнө.

 Тэртэй тэргүй техник технологийн түвшнээр дэлхийгээс тэртээ хойно хаягдсаны дээр түгжрэл, төрийн хяналт шахалт гээд түй түмэн бүтээмжгүйн дөнгө биднийг хүлж, тэр нь түмэн олонд зовлон тарьж байна, сүсэгтэн олон монголчуудаа. Тийм байхад буян нүглийн мэдрэмжтэй буддын шашинтнууд мөн л юм бол нэг хуудас заавар гаргаад вэб хуудсандаа хадах, нэг чиг утсаар зөв зааж өгөөд энэ их явдал чирэгдэл бүтээмжгүйн хар тойргийг өөрсдийн боломжоор хөнгөлж, дор бүрнээ буянтай амьдаръя.  Ер нь диваажин шиг сайхан монгол нутагт бидний үйлийн үрээс бусдаар хаанаас ийм там үүсэх билээ дээ?!

 

 

 

 

Жич: Бурхан багшийн сургаалын орчуулгыг http://www.mongoliantemple.com/ -оос авав.


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4874

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%