Нийтлэл 10 сарын 26, 2015

МЭДЛЭГ: COLLECTIVE ACTION Хамтын үйлдэл гэж юу вэ?

Сollective action  гэдэг нь бүлэг хүмүүс ямар нэг зорилгод хүрэхийн тулд хамтран ажиллана л гэсэн үг. Их энгийн сонсогдоно. Гэхдээ яг хамтран ажиллахаасаа илүү хамтрах эс хамтрахыг шийдэх нь тийм амар байдаггүйг бид мэднэ . Маргааш  амралтын өдөр өглөөжин орондоо унтах уу, хавдрын эсрэг аянд оролцож гүйх үү? Бурмаа сайдыг лоозонтой угтах уу, хашаагаа цэвэрлэх үү? Татварт орлогоо бүрэн тайлагнах уу, нуух уу? Шийдсэн хойно бол ихэнх нь хийхэд тийм ч хэцүү биш.

Нэг хүний хувьд амаргүй асуудлын талаар нэжгээд хүмүүсийн хувьд ямар нэг зүй тогтол байна уу үгүй юуг судлах нь шинжлэх ухааны үүрэг.  Хамтын үйлдэл хийх ашигтай юу үгүй юу? Ашигтай бол яагаад хамтрахгүй байна вэ? Шийдвэрт юу нөлөөлж байна вэ? гэх мэт  асуултыг тойроод олон талын судалгаа хийгдэж ирсэн, хийгдсээр байна.

Хамгийн анхны тоймтой онолыг Мансур Олсон 1965 онд нийтлэжээ. Түүнийхээр public good(нийтийн хэрэгцээний бараа үйлчилгээ) бүтээх зорилготой групп зорилгодоо хүрэх нь тийм амаргүй агаад  зарим нь бусдын хийж буй зүйлд free-ride хийх буюу үнэгүй зайдлах сонирхолтой байдаг. Нэг үгээр нийтээрээ хийвэл хамгийн зөв болох үйлдэл ба хувиа бодож хийх үйлдлийн хооронд зөрчил гарна. Аливааг хийж бүтээхэд хичээх хэрэгтэй, харин бусдын хичээгээд сайжруулсан юмнаас хүртэх боломж хэрвээ байвал тэр нь хамаагүй амархан.  Бүр 1740 онд ёс зүйн философийн бивангирдийн нэг Дэвид Юм “Хүний Зан Төрхийн Шастир” бүтээлдээ хөндсөн байдаг ийм дилеммагаас Collective action problem буюу хамтын үйлдлээс хойш суух асуудал урган гардаг. Хамтарлаа гээд биеэ хоохойлж суухаас хол илүү шальтай ургац хураахгүй бол нэг хэрэг. Гэтэл хамт хийсэн нь илт дээр тохиолдолд ч хүмүүс бид хойш суух сонголт хийдэг байна(үүнийг амиа бодож байна гэж хэлэх хэцүү, эцсийн дүндээ аминд нь ашиггүй тусах учир).

Энэ асуудлыг тайлбарладаг хамгийн алдартай жишээ бол Тоглоомын онолын эхлэл цэг болох “Хоригдлын дилемма” билээ.

Нэг нь хэргээ хүлээж, нөгөө нь гүрийвэл хэргээ хүлээсэн нь шууд суллагдаж нөгөөх нь 20 жил авна. Хоёулаа хэргээ хүлээвэл аль аль нь 15 жил, хоёулаа хүлээхгүй бол аль аль нь хэдэн сар. Нөгөө талаа ямар шийд гаргасныг мэдэхгүй хоёр аль аль нь өөрийгөө бодож хэргээ хүлээснээр 15 жил авцгаана.  Нэг нэгнийгээ бодсон бол хэдэн сар суугаад дуусах байсан газар амиа хоохойлсны дүнд аль аль нь хайран 15 жилээ гянданд өнгөрөөнө гэсэн үг.

 

Жирийн амьдрал дээр ч бид үүнтэй төстэй дилемманууд дунд амьдардаг.  Надтай надгүй болох юм бол... , би болж байвал болоо... гэсэн бодол өвөрлөж үзээгүй хүн байхгүй бизээ. СӨХ-ийн төлбөрөө төлсөн төлөөгүй лефт зогсохгүйг мэднэ, суулгахгүй гээд СӨХ-ийн дарга ажаа гараа алдлаад зогсож байхгүйг бас мэднэ. Ингээд л төлөхгүй гэсэн шийд гаргаж, бусдын төлсөн төлбөрөөр хөдөлж байгаа лефтийг үнэгүй зайдлана. Энэ нь гэхдээ бүгд төлөөд засвар үйлчилгээ, цэвэрлэгээ хийгдэж байхаас илүү ашиг хүн бүрт авчрахгүй.Эвдрэл эрсдэл нэмэгдэж, хог новш, стрэсс, иргэний шүүх цагдаадаа тулж хувь хүн бүрийн сайн сайхан байдал нэг алхам доошилно, 15 жил шиг л.

Тэгээд яаж Надтай надгүй болно... гэсэн хувиа хичээсэн үзлээс салах вэ? Хэдийгээр хоригдлын дилемма хаа саагүй оршин байдаг ч хүмүүс хамтдаа ажиллах боломж дуусчихсан гэсэн үг бас биш.  Олсоны санал болгосон нэг арга бий: оролцсоны хэрээр шагнал, урамшууллаа авдаг, хойш сууж үнэгүй зайдалсан бол торгууль төлөх гэх мэт selective incentive буюу сонголтот урамшууллын аргыг хэрэглэх. СӨХ-ийн төлбөрөө сар тутам цагтаа төлсөн бол хөнгөлөх, төлөлгүй удаавал торгууль бичигдэх гэх мэт. Public good нь бүтээлцээгүй хүний хэрэглээг ч хорих боломжгүй шинж чанартайгаас болж үнэгүй зайдлах боломж, сонирхол үүсдэг.  Тэгвэл хэрэглүүлэхгүй байх боломжгүй юм бол бүр анхнаасаа нийтийн бүтээгдэхүүн байхгүй болно гэсэн дохио өгөх арга байна. Лефтний мөнгөө төлсөн хүмүүсийн мөнгийг буцааж өгөөд бүгд төлөхгүй бол зогсоно гэж сануулах гэх мэт. Ер нь туршилтат сэтгэлзүйн судалгааны дүнг үзвэл хүмүүс ямар нэг ашгаас илүүтэй алдагдалд ач холбогдол өгдөг аж. Та хивс дэвссэн сайхан лефтээр явна аа гэж уриалахаас илүү таны өдөр тутам хөл дүүжилж байгаа ямбий өнөө маргаашгүй зогслоо гэж айлгах нь илүү үр дүнтэй гэсэн үг.

Гэхдээ айдас, торгууль, шийтгэл эцсийн бөгөөд цорын ганц арга гэж үү? Хүмүүс бид хувийн сонирхолд нь л буу шийдэм тулгахгүй л бол хөдөлдөггүй тийм аминч гэж үү?

Эргээд онолоос хариулт эрцгээе. Р.Сперс нарын 3 эрдэмтэн энэ төрлийн 180 гаруй судалгааг дахин шинжилж, 2008 онд нийтлэсэн бүтээлд мэдээлснээр хамтын үйлдэлд 3 хүчин зүйл чухал нөлөө үзүүлдэг байна:

Миний доторх шударга бус

Бодит асуудлаас илүү хүн өөрөө өөрийнхөө хувьд шударга бус, асуудалтай гэж үзсэн бол хамтын үйлдэлд оролцохоор шийддэг. “Энэ миний хувьд асуудал” гэсэн сэтгэлзүй төрж байж түүнийг шийдэхээр бусадтай хамтрах эсэхийг шийдэх хүсэл төрөх нь нэг бодлын мэдээжийн хэрэг. Гэхдээ хүн бүр эдийн засгийн онолд үздэг шиг юу түүний жинхэнэ болох асуудал, юу биш болохыг тийм  тод харж ялгаж байдаг эсэх нь эргэлзээтэй.

Миний доторх итгэл найдвар

Хамтдаа хийхэд ийм үр дүнд хүрнэ дээ гэсэн хувь хүний итгэл үнэмшил хамтын үйлдлийн дараагийн чухал хүчин зүйл. 

Миний нийгмийн статус

Хүмүүс өөрийн харъяалагддаг бүлэг, нийгмийн статусыг шударга бус, сул талтай, зүй бус гэж үзэж байвал хамтын үйлдэл хийж илүү дээр түвшинд хүрч, авбал зохих хүндэтгэл, байр сууриа олохын тулд хамтын үйлдэл хийдэг.

 

Манлайлагчийн нөлөө Leadership matters!

Манлайлагчгүй хувьсгал өөрчлөлт гэж үгүй. Ганцаараа, олуулаа, эдийн засаг, бизнес, улс төрийн манлайлагчид төрөн гарч, олныг хамтын үйлдэлд уриалан дуудаж, хөдөлгөж чаддаг учраас хүний дэлхий хөгжиж хувьсаж ирсэн. Харин манлайлагчид хувь хүмүүсийг үнэгүй зайдлах төрөлх эрмэлзлээс нь яаж хөдөлгөж чаддаг юм бол? Хийхгүй бол хохь нь шүү гэсэн заналхийллээр лав биш байх. Дээр дурдсан итгэл үнэмшил, өөрийн статусаа эрэлхийлэх, юу юунаас ч илүү  “энэ миний хувьд асуудал, энэ ийм байх ёсгүй” гэх ухамсарыг төрүүлж чаддагт, бусдын төлөө буянд уриалахаас илүү энэ МИНИЙ асуудал гэдгийг нээн харуулж чаддагт байж мэднэ. Оюун ухаант хүн асуудлаа харсан бол үйлдэл хийнэ.

Бидний монголчууд асуудлыг нээн харуулах, шийдэлд хөтлөх манлайлагчгүй, төөрч бүдэрч явна. Гэхдээ манлайлагч хүлээлгүй өөрсдөө хийж чадах юм ч байж таараа. Хохирол, торгууль, зэм шийтгэлдээ тулахаас өмнө “хувиа бодох нь надад ашиггүй” гэдгийг ухаж ойлгох нь хамгийн эхний алхам болно. Хоригдлын дилемма нэг нэгнийхээ ямар шийдвэр гаргах гэж байгааг мэдээгүй буюу мэдлэггүй, мэдээллийн хаалттай байдлаас болдгийг бас санах хэрэгтэй.    Надтай надгүй болно ..... гэж бодсоор хоригдлын дилеммад нэг үеийг өнгөрөөлөө.  Тэгээд болж уу, нүдээ нээгээд эргэн тойрноо харвал? Бүгд “15 жил”  авсан байгаа биз дээ?

 

 

Жич: Brain drain-ы тухай нийтлэлийн адил, туршилтын журмаар "хамтын үйлдэл" гэж орчуулав.

Сэтгэгдэл бичих

arrow icon