Монголчууд яагаад мөнгөний шуналтай болсон бэ?

Монголд ЭД байхгүй. Тиймд ЭДийн засаг байхгүй.  ЭДийн засаглагч(энтэрпренёр) ч байхгүй,  ЭДийн засагч(экономист) ч байхгүй.

Энд ямаа, тэнд машин байна. Таван хошуу мал байна, тон тон зэс, алт байна юу яриад солиороод байна гэж магадгүй. Даан ялангуяа экономистуудын уур буцалж ирж байгаа нь дамжиггүй. Тэгэхээр ямар ЭД байхгүй гээд байгаагаа  тайлбарлахгүй бол горьгүй. ЭД гэдгээ хөрөнгө гэдгээр сольчихвол капитал болно, тэрэнд суурилсан систем гэвэл нөгөө аймар капитализм гээд мануусын алгасч давхиад эргэж ороод, орсноо мэдэхгүй, орсон бол гармаар ч юм шиг, үлдмээр ч юм шиг орон гаран будилж яваа аймар үг гарч ирнэ. Энэ үг одоогоор юу гэж ойлгогддогийг эхлээд нэг эргэж харах нь зүйтэй байх.

 

Эд-изм биш мөнгө-изм

Капитализм гэж үг үг манайд ихээхэн сөрөг нюанстай. Хүйтэн дайнаар коммунист талд байснаас болоод шуналт хөрөнгөтнүүдийн сувдаг систем маягийн ойлголт суусан. Адгийн муу юмыг алгасчихсан гэж бодож явтал гэнэт тэр рүүгээ буцаж унаад учраа олохоо болив. Коммунизм гээч нь хэчнээн адгийн болохыг тод томруун хэлж өгөх хүн хэд тодров, харин шилжээд орсон капитализм нь юу болох тухай сайн тайлж өгсөнгүй.  Гэлээ гээд оюунт хүн гэмээ нь идеологи буюу оршин байгаа орчин тойрноо үзэх үзлийг заавал бүрдүүлэх тул пост-коммунист нийгмээ хэмжих нэг суурь ойлголт хэрэгтэй болов:  Мөнгө!  Монголчуудын алтан гадас мөнгө болж, амьдрах суртал нь мөнгө-изм болов. Арилжааны хэрэглүүр төдийгүй, амьдрах филосифи нь болов. Үүнд нь 90-өөд онд улаан мөнгөгүй болж зовлон үзсэн сэтгэлзүйг нь хэн ч ойлгож, илааршуулж өгөөгүй нь нөлөөлсөн байх. Мөнгөгүй бол ингэдэг юм байна гэсэн гашуун траума дараагийн 20 жилд мөрөө үлдээсэн. Дээр нь медиа боловсрол(эндээс).

Өөрсдөө тэмтчин байж олсон мөнгө төвтэй үзэл суртлынхаа ахуйд энэ монголчуудын улаан мөнгөнд дуртай гэдэг чинь учир тамтаггүй, ээ бурхан будда минь.  Өмнө нь шүтэж мөргөөд байдаг бурхан нь өөрөө ирээд харвал гутраад уйлах байх. Эмч нь хүртэл энэ хүнийг анагаахсан гэхээсээ энд амралт гээд хэдэн гэр барьчихвал мөнгө хийнэ дээ гэх жишээтэй.  Сарандаваа хийгээд түүний өмнө түрийвчээ даллан суух мянган мянган монгол, уул овоо хэсэж юу юу ч билээ тахиж даллах баячууд, улстөрчид, тэдний ард суух бандгар бандгар лам нар бол бүр ярих юм байхгүй. Нэгэнт изм нь болсноос хойш хамаг газраа ухаж, хөрс шороогоо лицензжүүлж, төсвөө хоосортол тарааж байгаад харьцангуй мөнгөжив. Харин  капитализм нь мөн чанартаа “ХӨРӨНГӨ(эд) ба ХҮН”-ий  харилцаа гэдгийг одоо ч ухаагүйгээс нэг олигтой эд бүтээсэнгүй, бүтээдэг эд засаглагчтай ч болсонгүй. Эдийн засагчид ч ялгаагүй, цэнхэр дэлгэцнээ залраад элдэв мега төслийн талаар чухал царайлан хүүрнэх авч эд хэрхэн бүтэж байгаа хийгээд түүнийг бүтээх хүний хүсэл сэтгэл рүү орсон ганц ширхэг асуулт асуусан удаагүй.

 

Эд, хүн хоёр

Эд-хүний харилцааны түүхийг эргээд нэг аль болох товчхон харъя. Мальтусын занга гэгдэх нэг томъёолол байдаг. Хүн амын өсөлт хүнсний өсөлтийг давж, ядуурал гарцаагүй нүүрлэнэ гэнэ. Түүний онол нэг их хол зөрөөгүй. 18 дугаар зуун хүртэлх хүний түүх ядуурал, халдварт өвчин, хязгаартай нөөцөө булаацалдсан аян дайнаар дүүрэн. Харин 18-р зуунд аж үйлдвэрийн хувьсгал эхэлж(эндээс), бүрэн биш хэдий ч Мальтусын занганаас мултрав. Нэг хүнд ногдох баялагт ямар өөрчлөлт гарсныг эндээс харж болно. Хүний түүх нэн шинээр эхэлсэн энэ хувьсгалын талаар манайд төдийлөн судалж, зааж ирсэнгүй. Тэр нь ч бас аргагүй. Заагаад ирэхээр капитализм руу орчих гээд байдаг. Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь хэмээх хөөрхөн мэдээлэлтэй толь бичигт дурдахгүй өнгөрч боломгүй их зохион бүтээгч, бизнесмэнүүдийг капиталжсан системээс нь салгаад хөөрхөөн танилцуулах төдий мэдээлэлтэй байлаа.

Үйлдвэрлэлийн хувьсгалыг авчирсан технологи, капитал хоёр хүйн холбоотой. Машин үүсмэгц дор бүрнээ урландаа ажиллаж байсан үеийг бодвол бизнест их хөрөнгө шаардлагатай болно. Ингээд тал талаас хөрөнгө цуглуулах хувьцаат компаниудын эрин эхэлсэн. Олон тал хөрөнгө цуглуулах, эд үйлдвэрлэх явцад мэргэжлийн үйлчилгээнүүд буюу банк, хөрөнгийн зах, хуульчид гэх мэт салбар хэрэгтэй болов. Ингээд нэг систем буюу капитализм үүсэв. Угшлыг нь харахаар анх хүнд хэрэгтэй эд бүтээх, түүнийгээ цар хүрээтэй хийх хэрэгцээнээс л үүссэн хүний төлөө систем юм. Эд үйлдвэрлэж байгаа компаниудыг үнэлэх, үнэлгээн дээрээ мөрийцөх маягийн санхүүгийн систем бол өөр асуудал.

Эд-хүний харилцаанд гарсан энэ агуа их өөрчлөлт хувьсал мөнгөний төлөөх шуналаас төрөөгүй, тийм юмнаас төрөх аргагүй их үйл хэргийн нийлбэр байлаа. Шинийг турших, бүтээх, их хэрэгт хүчээ сорих, улс орноо аврах, нэрээ үлдээх, хүний сайн сайхныг бодох. Аль муугаар хэлүүлж ирсэн капитализмын түүх үнэн хэрэгтээ Монголын түүхийн ямар ч бүлгээс олдохгүй романсаар дүүрэн.  Амжилтад хүрсэн гол дүрүүд, улс орнууд цөм эд мөнгөнөөс давсан хувь хүний этик, нийгэм соёлын хөгжилтэй байсан хандлага байдаг. Соён гэгээрэл, шинжлэх ухаан хөгжиж эхэлсэн Европ, түүн дундаа жентелменүүдийн эх орон Англиас эхэлсэн. Тревчик вагон хийгээд сохор зоосгүй ч жаргалтай үхэж, Бэнцийн, Сиймэнсийн машин техникт өгсөн дурлал нь капитал болж эргэж ирсэн. Самурай нар мөнгө олъё гэж бодсондоо 30 жилийн дотор de facto колониос азийн империалист болтлоо хөгжсөнгүй. Ивасаки Ятора далайг эзэгнэе гэж, Соичиро Хонда фордоос илүү машин хийнэ гэж шатаж явав. Ассан, дүрэлзсэн, шатсан их хүсэл зориг, мөрөөдөл, их хөдөлмөрийн түүх...

Капитализмын түүх бол эд зүйлд хүний хүсэл мөрөөдөл, хөдөлмөр, сэтгэл шингээж бүтээх, түүнд нь боломж олгох эрхзүй, улстөрийн системийн хөгжлийн түүх. Эд-хүний харилцааны түүх, оюунт хүмүүн эдийг засагласан түүх. Үйлчилгээ ч ялгаагүй. Эдийн засаглалын арга хэрэгсэл болох хувьцаат компани тулхтай ажиллах, дараагийн шатанд хөрөнгө оруулахын тулд ашигтай ажиллах ёстой. Ашгийн төлөө, мөнгөний төлөө эд хийх биш, дараагийн шатанд илүү сайн эд хийхийн тулд ашигтай ажиллах ёстой гэсэн үг. Энэ дүрмийг Форд алдарт эшлэлээрээ товч тодорхой илэрхийлсэн байдаг: “Чи үнэхээр хүний төлөө юм хийсэн бол ашгийн талаар санаа зовох ганц л юм бий, ичмээр их гэсэн зовлон” гэжээ.  Машинт үйлдвэрлэл үүсэж, өрсөлдөөн ширүүсээд хэн сэтгэл, хөдөлмөр шингээж сайныг урлана, тэр ялах зарчим үйлчилж ирэв. Ялалт нь харин системийн дүрмийн дагуу мөнгөөр илэрхийлэгдэнэ. Галакси, iPhone хоёр бол хэн нь их мөнгө олохоо биш, хэн нь хүний хэрэглээг илүү ойлгож чадахаа үзэх уралдаан. Одоо ч сонгодог утгаараа энэ системээ хөгжүүлж яваа орны захын жижиг мухлагийн эзэн ч би нэг тэдэн төгрөг олох зорилготой гэж жижигрэхгүй. Би хүнд ийм талх хийж өгье гэж бодсон, миний хобби гуталны чимэглэл, бусдыг миний чимэглэсэн гутал өмсөж явахыг харах сайхан байдаг... дэлхийд номер нэг сэндвичний соус хийнэ(хийгээд тэрбумтан болсон) гэх мэт.  Капитализм бол амьдралын филосифи, хувь хүний ертөнц, хайраа эдээр биежүүлэх урлаг.

 

Эд ба нүүдэлчид

Харин угийн эд шүтдэггүй минималист нүүдэлчдийн хувьд өөр. Уламжлал ёсоор эдэд биш малд хүсэл сэтгэл нь уяатай, малын засагтай.  Ийм үндэстэн анх эд үйлдвэрлэж эхлэхдээ сонирхож, дурлаж биш ЗХУ-ын заавраар ажилласан. Гэхдээ эд бүтээхийн сонин, сайханд суралцаж, нээж мэдэж байсан үе. Энэ үе даанч гаднын шооконд өртөж тасалдсан. Тэгээд энд бичсэнчлэн хилээ нээсэн. Ингээд эд гэмээ нь ерөнхийдөө Эрээнээс  ирдэг, бүрэн бүтнээрээ лангуун дээр байж байдаг, хаанаас ч юм олсон мөнгөөрөө худалдаж аваад хэрэглэдэг л зүйл болов. Эд, монгол хүн хоёрын харилцаа хөгжсөнгүй 25 жил өнгөрөв. Иймд эд бүтээхэд өөрөө ямар оролцоотойгоо мэдэхгүй буюу  мэргэшил, проферционализм ч байхгүй болов. Хөгжөөгүй нь бүх юман дээр илэрнэ. Хүний нутгийн драмад гол дүрийн зовлон жаргал өмнөх ажилдаа уяатай, манай нутгийн кинонд аллага, хүчирхийлэл, улаан мөнгөний нүд дальдчим хэрүүл гарна. Love generation-ий "шалиг" Тэппэ шиг бүтээгдэхүүнээ танилцуулах уулзалтаас хоцрохгүй гээд үхэн хатан гүйж яваа модерн залуу хүний дүр монгол контентэд байхгүй.

Суурь ойлгоц буруу, боловсрол нь ч зааж өгөхгүйгээс эд, монгол хүн хоёр тасарч, энэ харилцаагаар нийгмийн сайн сайхан тодорхойлогдох учиртай системд нэгэнт шилжсэнээс хойш Монгол ерөөсөө тэр чигтээ утгаа алдав. Бусдын сэтгэл, амжилт шингэсэн эд бөөн бөөнөөр нь зөөгөөд хэрэглээд байдаг, мөнгөжөөд байдаг, нэг л биш. Улам зэрлэгшиж, мунхарч, ядуурч, өрөнд баригдаж, улам олноороо Сарандаваагийн өмнө оюунт хүний эрхэм чанарыг уландаа гишгээд сүрэг мал мэт сууна. Адаг сүүлдээ олгой тогоондоо биш гадаадад хагарч эдийн философио нэхэн хэлэлцэх олон улсын форум дээр байгаа капитал маань энэ гэсэн шиг мөөмөө гаргахад тулав. Мөнгө-изм нь утгаа алдаад мөөм-изм болж л дээ. Энд би ганцаараа бичээд мө-нүүдийг дийлэхгүй. Улсын бодлогоор, оюуны ертөнц бүтэн армиараа ажиллаж байж зөв хандлага, 21-р зууны Монголын гэсэн эдийн философи бий болно.  Энэ ажлаа хийхгүй бол мега төсөл ярьж, бонд гаргаж, зангиа зүүж чухал царайлаад ямар ч нэмэргүй.  Эдгүй, эдийн засаггүй монголчууд энэ байдлаа ухаарах ч сөхөөгүй 60%-тай эдийн засгийн колоничлол 100% болох цаг өөд улс нийтээрээ уралдан дөхсөөр...

 

  • Хаштагууд:
  • #үг

avatar
    • Зочин
    • 216.87.100.*

    Сайхан нийтлэл болжээ. Амжилт.

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4688

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%