Нийтлэл 05 сарын 15, 2017

МЭТГЭЛЦҮҮЛЬЕ: М.Энхболд, Х.Баттулга хоёроос ЯГ ЕРӨНХИЙЛӨГЧ ШИГ сэтгэхийг шаардъя!

Хэнтэй ч гэрлэсэн чамд олигтой явах заяа байхгүй гээд байвал ямар сонсогдож байна? Амьдралд чинь  тийм доромж, тийм итгэлгүй хандахыг чи хүлцэхгүй биз дээ?  Тийм байтал хэнийг ч Ерөнхийлөгчөөрөө сонгосон ямар ч ялгаагүй сөнөцөн орон гэсэн дуу хоолой ямар их сонсогдоно вэ?  Хэнийг ч бүү сонго, юу ч өөрчлөгдөхгүй хэмээн бүр нэг больж дууссан идэвхигүй үзэл тарааж суугаа хүмүүс яг үнэндээ хэнийг ч сонгоод ямар ч сөрөг өөрчлөлт гарсан боломжийн амьдраад явчихаар хэсэг. Цаана нь харин өчүүхэн боловч зөв шийдэл, бодлогын чиглэлээс хэдэн хүүхэд нь өдөр юу идэх, харихдаа хэдэн км харанхуйд алхах нь шийдэгдэх ард түмэн бий.

Бүх юм харилцан хамааралтай системд өчүүхэн жижиг өөрчлөлтөөс хожим том үр дагавар гардаг тухай “эрвээхэй нөлөө”-ний онол, эсвэл  ертөнцийн хамаг юм хоорондоо шүтэлцээтэй гэж үзсэн бидний уламжлалт шашны шүтэн барилдлагын ойлголтод тулахаа больё гэхэд хүний түүх өөрөө хувь хүний, удирдагчийн нөлөөллөөс ангид өрнөсөн удаагүй.

Өрөвч хүнлэг, ясны ардчилсан үзэлтэй, санасандаа бат Абрахам Линколн АНУ-ын ерөнхийлөгч болж тохиогоогүй  бол мянга мянган хар арьстан хэзээнээс хуулиар хүн гэж хүлээн зөвшөөрөгдөх байсан бүү мэд .  Аядуу “тагтаа” стилийн  Ж.Батмөнх, “саруул ухаант” С.Зориг нараас өөр удирдагчид 90 оны ардчилсан хөдөлгөөний толгойд байсан бол хорь гучин мянган хүн цуглаж асан төв талбайд ямар мөргөлдөөн гарч, 7 сарын 1-нээс хэдээр олон хүний халуун цус урсах байсан юм бүү мэд. Эцгээс багад өнчирч эвдрэл хагарлын голыг өөрийн биеэр үзэж хатуужсан нэгэн хөвүүн байгаагүйсэн бол  морин туурайгаар  дэлхийн түүхийг тамгалсан Монголын эзэнт гүрэн  мэндлэх байсан эсэх ч эргэлзээтэй.  Хүний нийгэм хүнээс хамаардаг нь түүхийн үнэн. Дэргэдэх нэгнээсээ өдөр тутам, дээдэх удирдагчдаасаа үе тутам хамаарч урагшлах, ухрахын салаа замыг дагаж ирсэн болохоороо улс улсын хөгжлийн түвшин өнөөдөр өөр байдаг, маргааш бас өөр өөр байх болно. Монголынх ямар байхыг төрийн бодлого, түүнд нөлөөтэй хувь хүмүүс, түмний хүсэл зорго шийднэ.

Түүхийн өгөгдөл, удирдагчийн луужин, цагийн хүрд нэг л буруу тийш эргэсээр 30 орчим жил. Монгол орон өнөөдөр бүтээх биш байснаа булаалдах, байхгүйдээд ирэхээр зээлээд идэх маягийн улстөр эдийн засгийн бүтцийн гажуудал туйлдаа хүрч, нэг тайллаа нэхэж байгаа үе дээр ирээд байна. Дүрмийн бус ардчилал барьж, дүрмийн бус бизнес хөөсөөр гарцаагүй мухар буланд тулж, буланд тулснаа мэдэрсэн олон нийт, залуу үеэс шинэ цагт тохирсон үнэт зүйл, шударга ёс, хүчирхэг удирдагч нэхэх дуу хоолой хэзээ хэзээнээс илүү хүчтэй сонсогдох боллоо. Нүүх үү үлдэх үү? Орших уу, эс орших уу? Нэг үеэ бодвол монголчууд энэ асуултад хариулах цаг тулж ирээд байгааг мэдэрдэг, асууж чаддаг, хариултаа нэхдэг болж ирсэн байнам.

Дараагийн Ерөнхийлөгч ийн гажуудсан бүтцийг улам хазайлгах уу, засах уу гэдэг энэ асуултад ямар хариулт эргэж ирэхэд туйлын чухал үүрэгтэй. Шүүх, прокурор, тэднээс хамааралтай төрийн хариуцлагын тогтолцоо. Энэ тогтолцоонд шааж чадах хамгийн дөнгүүр гадсаа шааж, хаяж чадах хамгийн том чулуугаа хаяж гольдролыг өөрчлөхгүй юм бол бид урагш нүүхгүй, цаашид оршихгүй. Тиймээс сонгуулийн эрхтэй иргэн бүрд үр хүүхдээ хот нь угаартай, иргэд нь хавдартай, улс нь өртэй ийм нийгэмд үлдээхгүйн  төлөө олдсон сонголтоос аль дээрийг, байг гэхэд “бага муу”-г нь сонгохын төлөө чадах бүхнээ хийх үүрэг хариуцлага ногдоод байна.

Зөв буруу үнэн худлыг ялгахын эцэсгүй мэдээллийн далайд живсэн бид тэгээд яаж аль дээрийг нь, эсвэл аль бага мууг нь сонгох юм бэ? Юугаар шалгуур хийх юм бэ? Бид юугаар шалгуур хийж ирсэн болоод энэ мэт болов? Өнгөрснийг өөрчилж чадахгүй, харин маргаашийн төлөө өнөөдрийн шалгуураа өндөрсгөх боломж бидэнд байна. Нэр дэвшигчид ч өнгөрсөндөө бүгд асуудалтай, өнөөдөр бүгд нэр муутай. Харин маргааш юу хийх нь өөр байж болно. Өөр байх эсэхийг өнөөдөр асуух, сонсох, хооронд нь мэтгэлцүүлэх, шинжих боломж иргэд бидний гарт байна: Мэтгэлцүүлье!

Мэтгэлцүүлэхдээ өмнөх удаагийнх шиг нэг удаа гоё яриад дуусдаг байдлаар хиймээргүй байна. Цаг хугацаа, сэдэв тодорхой, нэр дэвшигчид өөрсдөө болоод иргэд нухацтай тунгаах шинжлэх боломжтой хэдэн удаагийн цуврал байдлаар зохион байгуулах шаардлага тавьцгаая. Сая болж өнгөрсөн Францын сонгууль, АНУ-ын сонгуулиар урдаас зарлагдсан цуврал мэтгэлцээн бүх төрлийн медиа сувгаар цацагдаж тэрбум давсан үзэгчид хүрсэн гэх тоо байна.

Хөгжил дэвшил үгээр илэрхийлэгдсэн идей-ээс эхэлдэг. Урдаас төлөвлөсөн, хөгжлийн бодлого асуух мэтгэлцээнд орохын тулд нэр дэвшигчид бодог, судалж ярилцаг, бодсоноо цааснаа буулгаг, мэргэжилтэн оюунлагуудаа сонсог, тэр явцдаа өөрсдөө шинэ хараа, ухаан олог, олон нийтийн өмнө илэрхийлж public promise нийгмийн амлалт өгөг, түүнийгээ хэсэгчлээд боловч чиг баримжаа болгож ажиллаг. Хэн нь ч сонгогддог бай, мэтгэлцүүлье!

Яг түүн шиг дуулахыг үзээд нэг орой дуусна.  Яг Ерөнхийлөгч шиг сэтгэхийг шаардаж нэг үед нөлөөлөх боломж сонгогч бүрийн гарт байна.  Таньдагаа, шүтдэгээ, итгэдгээ гээд нүдээр харж, мэдрэмжээ дагаж сонгосоор нэг үеийг эллээ. Одоо барих бодлогыг нь чихээр сонсож, мэдлэгээр боловсруулж, сонгосон хойноо түүнийгээ нэхдэг улстөрийн шинэ соёл үүсгэх цаг болжээ. М.Энхболд, Х.Баттулга хоёрт ЯГ ЕРӨНХИЙЛӨГЧ ШИГ сэтгэж мэтгэлцэх шаардлага тавья!!!

 

Сэтгэгдэл бичих

arrow icon