БОЛУШКА: Монгол Улс ШХАБ-д элсэхээр жижиг улс биш

Орос гэж нэг яаж ийж байгаад л нэг Царийн саварт базуулж дуусдаг азгүй орон байдаг. 20-р зууны эхэн үеийн Хаант Орос гэвээс өнөөгийн манайтай төстэй байсан тухай энд бичиж байсан. Худалдааны өрсөлдөөнд хөсөр хаягдаж, боловсрол дампуурч, төр авилгад идэгдээд байсан аварга улс реформ хийж амжилгүй төвлөрсөн эдийн засагтай болсон. Хөдөө аж ахуй нь л гэхэд Европын 14, 15-р зууны түвшинд байх жишээний муу суурин дээр муу их бие залгагдсан гэсэн үг. Тэгэхээр та бидний сайн мэдэх Хүйтэн дайны төгсгөл гэдэг нь бие муу атал дэлхийн нэг туйл болох гэж үзээд хүчийг барж туйлдаж унасан баавгайн түүх ээ.

Үүнийг сөхөхийн учир нь ойрд хэлцэгдэж байгаа Shanghai Cooperation Organization буюу ШХАБ өнөөгийн олон улсын харилцааны  нэг polar  буюу туйл мөн эсэхийг түүхэн агуулгад тавьж харах зорилготой. Элсэхийг дэмжигчдээс “ардчилал гэж гүйгээд Орос ахыгаа гомдоочихлоо,одоо аргадъя” гэх буюу “Америк агаа зөвшөөрсөн” гэх мэт гошин гошин тайлбар явж харагдаад байгаагаас хамгийн боломжийн нь олон туйлд нэгдэх тухай санал. Өөрөөр хэлбэл өнөө цагт АНУ хэмээх нэг туйлт харилцаа дууссан, шинэ туйлд нэгдэх нь зүйтэй гэсэн санаа гараад байгаа.

Туйл гэдэг нь  энгийндээ олон улсын харилцаанд нэгд цэрэг, эдийн засгийн хүчний төв байх, хоёрт улстөр, идеологийн хувьд хөгжлийн идиал байх гэсэн утгыг илэрхийлж буй.

Монгол хэлнээ алтангадас гэх үгээр орлуулбал илүү ойр бууж ч мэднэ. ШХАБ дэлхийн олон улс, үндэстний хувьд алтангадас маягийн үүрэг гүйцэтгэж чадах эсэх нь түүний хоёр гол дүр ОХУ ба БНХАУ, тэдгээрийн хоорондын харилцааны дүрмээс хамаарна.

Эхлээд Орос улс. Дээр дурдсанчлан ХХ зуун гартал Европ шиг органик хөгжлөөр өрсөлдөх чадвар бүтээж амжилгүй большевик хувьсгалтай золгосон энэ улс ХХI зуунд ч олон улсын захзээлд өрсөлдөх тоглогч болж амжаагүй байна. Цаашид ч амжих эсэх нь бүрхэг. Учир нь эдийн засгийн потенциалаа өрсөлдөх чадварт хөрөнгө оруулахаас илүүтэй их гүрний ашиг сонирхлоо санхүүжүүлэхэд зарцуулагддаг. Энэ бол орос уламжлал. Цаашид нөлөөллийн амбицаа хөөж хүчээ барах гадаад бодлого үргэлжлүүлэхийн хэрээр баруун хязгаар, Хойд Кавказ, Алс Дорнодын бүс нутгуудаа хянах нөөцгүй болох, энэ нь  Польш, Румын, Турк, Хятад зэрэг орнууд хүчирхэгжихтэй зэрэгцэн ОХУ-ын задралд хөтлөх, задралыг эргээд Орос аргаар дарах зэрэг улстөрийн хямралд унах эрсдэлтэй. Товчдоо ОХУ бол дэлхийн эдийн засагт туйл биш. Гол багана эрчим хүчний экспортоо тэлэх зорилгоор Хятадын “Бүс ба Зам” гэх мэт санаачлагад нэгдэх, ингэх зорилгын дор Монголын гишүүнчлэлийг ханцуй дотор наймаалцаж  байж өлхөн мэдэх ах. Хоёрт, улстөрийн хувьд ч манлайлах үүргээ алдсан. Монгол шиг л коммунизмыг хагас санагалзаж, хагас үзэн ядах ой санамжийн асуудалтай. Либерал үнэт зүйлсийг үгүйсгэж чадахгүй, тэгсэн хэрнээ авторитар удирдагчтай. Тиймд XX зуунд коммунизм нь хөгжлийн алтангадас мөн болохыг батлан харуулахаар Монголыг бөөцийлж байсан Сталин шиг эдийн засгийн бус мотивац, хүчирхэг идеологи Путинд байхгүй.  Өөрөөсөө хэд дахин өндөр бүтээмжтэй хүчнүүдтэй геополитикын дайн хийхэд хэрэгтэй эдийн засгийн чадамжийн төлөө чөтгөртэй ч нэг хөнжилд орно гэдэг нь ШХАБ болой. Үүндээ Монголыг хааш нь түлхэж тоглох эрсдэлтэйг бид сэрэмжтэй шинжиж байх ёстой болохоос нэг түлхэхээр нь очоод группддэг байж боломгүй.

Дараа нь Хятад улс. Ши Жинпин манай улсад айчлахдаа  “Миний нутаг” шүлгийг уншаад ямарваа улстөрийн үзэл санааны тухай дурдахаас зайлсхийж энх тайвнаар зэрэгцэн орших ба хөрш орнууд баян чинээлэг болох зорилгын тухай дурдаад буцсан. Энэ үгнээс Хятадын бүс нутагт баримталж ирсэн бодлогын хоёр онцлогийг харж болно. Нэгд, Хятад улс мөн л нэг намын удирдлагатай  тогтолцоогоо олон улсад  ил тод сурталдах боломжгүй буюу улстөрийн үнэтзүйлсийн чиг заах алтангадас орон биш. Хятадын болон ШХАБ-ын олон төрлийн бичиг баримтад “олон төрлийн хөгжлийн загвар”-ыг хүлээн зөвшөөрөх гэж гараад байдаг нь ардчилсан ба өөр шигээ авторитар дэглэмүүдийг хэлж буй хэрэг. Ямарваа хөгжлийн загварыг идэвхигүй хүлцэх, энх тайвныг эрхэмлэх гэсэн хандлага нь нэг талдаа ШХАБ-ын гишүүн Стан орнуудын улстөрийн хямралд аливаа зөвлөмж, хөгжлийн оролцоо хийхгүй байхын зэрэгцээ нөгөө талаар тэдгээр хямралаас үүдэн гардаг 3 чөтгөр буюу “терроризм, сепаратизм, экстримизм” –ийн эсрэг хамтран үүрэг хүлээх юм бодож олсон нь ШХАБ юм. Хөгжлийн идэвхитэй идеологи нийлүүлэхгүй хэрнээ хөгжөөгүйгээс үүдэх аюулын өмнө хамтран үүрэг хүлээнэ гэдэг нь манай улсын хувьд ямар эрсдэлтэйг дэлгэрэнгүй өгүүлэх шаардлагатай, сэдвийг тусд нь орхиод эдийн засаг руу оръё.

Хоёрт, Ши даргын баян чинээлэг гэж дурдсан хэсэг нь улстөр, үнэтзүйлийн  манлайлагч байх боломжгүй сул талаа эдийн засгаар нөхөх бодлогоо товч тодорхой илэрхийлсэн нь тэр болой. Оросыг бодвол жинхэнэ реформ хэрэгжүүлж чадсаны дүнд өрсөлдөх чадвартай болж, худалдааны давуу тал гартаа хийсэн нь ийм боломж бүрдүүлдэг. “Бүс ба Зам” төсөл Ази, Ойрх Дорнод, Европ, Африкийн 60 гаруй оронд хэрэгжүүлэх 5 триллион долларын багц амалж энэ нь мөнөөх “энх тайван, нэг гэр бүл” хэмээх өөхөнд боосон нөлөөллийн бодлого хэрэгжүүлэхдээ үзүүлдэг гялгар ууттай чихэр нь болдог. Тарвагыг цагаан цацгаар даллаж байгаад гаргаж ирдэг шиг л юм. Монголчууд чухам энэ цагаан цацгийг хараад нүхнээсээ үхэлдэн цухуйж байгаа тарвага мөн тул цухуйгаад буудуулж үхэх эрсдэл байгаа эсэхийг харах ёстой. Нэгд, худалдааны либералчлал ба режионализм, хоёрт дэд бүтэц ба геополитик, гуравт цаашдын Хятад дотроосоо хямрах эрсдэл талаас.  

Нэгдүгээрт, “Бүс ба Зам” санаачлага медиа машинаар сайн маркетинг хийгдсээр суухгүй хоцрохоос бүгд айдаг галт тэрэг болж хувираад байгаа болохоос өнөө л хуучны либерал худалдааны тогтолцоо, түүний төлөөх режионализм буюу бүс нутгийн нэгдэл юм. Тиймд гоё нэрнээс нь илүү бусад либерал худалдааны тогтолцоо жижиг улсуудад үзүүлж ирсэн үр нөлөөг эргэн харахад хичээл болно. Энэ талаар манай гадаад худалдааны түүх ба АНУ өөрөө яагаад либерал худалдаанаас татгалзаад байгаа тухай энэ хоёр тэмдэглэлээс дэлгэрэнгүй уншиж болно. Дүгнэлтээс нь хэлбэл Европын Холбоо хэмээх харьцангуй жигд хөгжсөн бүсэд ч интеграцчлал мухар буланд тулж өдгөө хямралын үеийг туулж буй. Манай улсын хувьд ч Японтой хийсэн EPA гэдэг нь чухам тэр “нэг гэр бүл” маягийн харилцаа мөн ба хүчин төгөлдөр болоод 2 жил орчим хугацаанд манайд юу наалдав гэдгээ эргээд нэг хармаар. Монголчууд бид гаднаас чихрийн цаасанд боосон аливаа саналд хэрхэн хандах нь энэ мэт суурь тогтолцооны тухай мэдлэг, хандлагаас хамаардаг. Аливаа шийдвэрийн сууринд хэзээд идеологи буюу үзэл хандлага бий, харин түүнийг судалгаа, хэлэлцүүлэг, мэдлэггүйгээр бүтээхгүй.  Товчдоо эдийн засгийн режионализм эргээд асуултын тэмдэгтэй үеийг туулж байна. Бид энэ асуултад өөрсдийн хариултыг эрж байж ямар нэг юманд элсэх ёстой болохоос нээсэн хаалга бүр рүү гүйж ороод хөгжил ирэхгүй. Ер нь Монголын эдийн засаг ба хөгжлийн шийдэл монгол хүний толгой, гарт л бий өөр хаана ч байхгүй.

Хоёрт, Хятад улс дээр дурдсан эдийн засгийн манлайлалд дэд бүтцийн бүтээн байгуулалт багтаадаг нь жижиг орнуудад өгөөш болдог. “Бүс ба Зам” санаачлага мега эдийн засагтаа бол жижиг ч бусад улсад томд орох зээл өгч, дотоодын компаниддаа ажил үүсгээд, зээлээр барьц ахиулдаг геополитикийн төсөл болохыг олон шинжээчид өгүүлдэг. Зээлийн төлбөрт газар авчээ гэдэг нь зүгээр нэг сенсаац биш болохыг эндээс уншиж болно. Товчдоо ямар нэг бүс нутгийн нэгдэл, нэн ялангуяа ШХАБ шиг цэргийн нэгдэлд манай эдийн засгийн хөгжлийн гарц байхгүй. Үүнийг ШХАБ-ын гишүүн орнуудын түүхээс ч, эсвэл зүгээр эдийн засгийн ерөнхий түүхээсээ ч харж болно.

Гуравт, Хятад өнөөдөр эдийн засгийн хувьд нэг алтангадас болж харагдаж байгаа ч коммунист улстөр ба захзээлийн эдийн засаг гэсэн хоршил цаашид энэ чигтээ амжилттай үргэлжлэх баталгаа байхгүй.  Улстөрийн манлайлал хийх боломжгүй сул талаа эдийн засгаар нөхөхөөр улайрч буй асар их юанийн бүтээн байгуулалт, хөнгөлөлттэй зээлийн ард нуугдах юанийн ханш ба хямрал, бүс нутаг дахь үл итгэлцлийн эрсдэлийг өнөөдөр хэн ч тооцож мэдэхгүй. Хаалттай системийн гажиг нь тийм юм. Хэрэвзээ эдийн засгийн амжилт олдог юмаа гэхэд санхүүгийн эрхчөлөөнд хүрсэн 1.4 тэрбум хятад хүн улстөрийн эрхчөлөө нэхэх өдөр ирэхгүй гэх баталгаа байхгүй. Франсис Фүкүяма хувьсгал гэдэг өлсгөлөнгөөс биш харин цадсаны дараах үнэтзүйлийн эрэлхийллээс гарсан байдаг тухай  Францын хувьсгал зэрэг түүхэн үйл явдлаас шинжилж бичсэн байдаг. Өлсгөлөн байхдаа эрхчөлөөг сонгож чадсан ихэрхэг үндэстний хувьд монголчууд өнөөдөртөө илүү цатгалан харагдаж байгаагийнх нь төлөө хүний систем дагаж долдойх нь харалган хэрэг.

Ийнхүү хоёр хөрш маань хөгжлийн алтангадас мөн эсэхийг улстөр ба эдийн засгийн хоёр талаас харж үзвэл тэдгээрийн нэгдэл болсон ШХАБ өнөөгийн дэлхийд нэг polar буюу туйл, алтангадас мөн эсэхэд хариулахад хялбар болж ирнэ. Одоо л “Шанхайн сүнс” гэх мэт олон романс ярих болоод байгаагаас биш ЗХУ-ын задралын дараа үүссэн стануудтай 3700 км хилийн маргаан Оростой зодолдолгүй шиг шийдэхээр байгуулсан. Хөгжлийн биш хямралын, давших биш хамгаалах чанартай байгууллага болох нь хоёр гол гишүүн нь аль аль нь олон улсад үнэтзүйлийн манлайллын чадамжгүйгээс урган гарч буй. Эдийн засгийн хувьд хоёр орны бүтээмжийн түвшин, мотивац нь өөр тул түүхийн дүрмээ дагаад үйлдвэрлэгч Герман ба зээлдэгч Грек зэрэг орнуудын очсон мухар буланд Орос ба бусад жижиг орнууд гарцаагүй тулж очих болно. Бид ч нэр, хэлбэр нь өөр болохоос аль хэдийн тэнд түрүүлж очсон орон,  элдэв багц зээлээр цойлдож аргацаагаад байгаа болохоос.

Тэгээд хоёр хөрш ба тэдний нэгдэл алтангадас биш юм бол АНУ гэдэг ганц туйлт ертөнц юм уу, АНУ-г дагах хэрэг үү гэх асуулт зайлшгүй хөндөгдөнө. Энд нэг залруулга: Хүйтэн дайнаар либерал блокыг төлөөлж идэвхитэй сурталдаж өрсөлдөж байсны улмаас ардчилал, АНУ хоёр цуг сонсогддог болчихоод байгаа болохоос ардчилал ба чөлөөт эдийн засаг АНУ гэдэг нэг туйлын өмч хэзээ ч байгаагүй. Хаа байсан эртний Грек, Ромын хот улсууд, Будда Иэсүс, Монголын эзэнт гүрэн, Арабын хөгжил, шинжлэх ухааны хувьсгал, дахин сэргэлт, соён гэгээрэл, аж үйлдвэрийн хувьсгалууд гээд хүний түүх асар олон шат дамжиж, асар олон туйл хамтран бүтээсэн тогтолцоо одоо ч алдаа оноогоо засах шатандаа явна. Монголчууд бид феодализмаас коммунизмд гэсэн өвөрмөц түүхэн замналаар бараг 21-р зууныг хүрсэн хойноо хүн төрөлхтний мянга мянга, зуу зуун жилийн ололтыг 28-хан жилд дагаж хөгжих асар хүнд сорилтыг туулж буй. Тиймдээ ч алдаа оноо их гарч байгаа ч тэглээ гээд замын дунд шантарч баавгайн савар, луугийн өвөрт очиж хоргодох гээд сандраад байх явдалгүй. Нэг их бүс нутгийн хэмжээнд сэтгэдэг, том тоглодог гэж өөрийгөө эндүүрсэн хэдэн улстөрч  л нэр төр, итгэл үнэмшлийн төлөө амиа өгч чаддаг байсан монгол хүний сонголтыг хэдэн төсөл дээр зарж доош нь хийж яваа асуудал.

Эцэст нь, олон улсын харилцааны гурван чөтгөр буюу терроризм, салан тусгаарлах, экстримизм хэмээх асуудлуудтай, хамгийн хоцрогдсон хавийн хог цуглуулж хямралын менежмент хийдэг Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагад жинхлэх асуудал яригдаж байгаа нь идеологийн хувьд манай улсын хувьд томхон ухралт мөн. ШХАБ-ын жинхэнэ ба ажиглагч гишүүдээс Монголыг ийм 3 асуудлаас ангид хамгийн сайн гадаад бодлого бүхий улс гэж Э.Монахан зэрэг судлаачид дүгнэн бичсэн байдаг. Монгол бол ШХАБ-д элсэх хэмжээний жижиг улс биш.

Ийм статусаа мөнгөөр буюу эдийн засгийн шалтгаанаар зарах сурагтай тул эдийн засгийн хувьд ч бухын доодох харсан үнэг болж хувирах эрсдэлийн тухай дэлгэрэнгүй өгүүлэв. Эрчим хүчний экспортоос бусдаар өрсөлдөх салбаргүй,  арай бакь, орчин үеийн гоонж өмссөн Николай хаантай болсон, хамаг асуудлаа хурааж хурааж байгаад хувьсгалаар шийдэх нь гэм биш зан болсон  зэрлэг Иванууд  хэзээ энэ Николайгийхаа толгойг авч хувьсгал хийгээд Хятадтай муудаж, тэр толхионд нь Монгол үрэгдэх болохыг хэн ч хэлж эс мэднэ. Халхын заяа гэж үнэхээр байдаг бол тэр нь түших болтугай.

 

 

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 2179

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
18%
АН
67%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 18%
  • 67%