Турк захирлын эрхийг зөрчихийг яагаад эсэргүүцэх хэрэгтэй вэ?

Монгол, Туркийн хамтарсан сургуулийн захирал Вейсел Акчайг өнөөдөр гэрийнхээ гаднаас хулгайлагдсан байх магадлалтай талаар хэвлэлээр бичиж байна. Түүнийг Турк руу авч явах зорилготой ийм үйл ажиллагаа явууллаа гэж Эмпати сургуулиудын захирал Б.Ганбат олон нийтийн сүлжээнд мэдэгдээд байгаа. Вейсел Акчайг үнэхээр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд аваачаад байгаа аж.

 Ямар ч тохиолдолд Вейсел Акчайгийг Монголын тал Турк руу явуулахыг зөвшөөрч болохгүй. Энэ хүнийг хүчээр авч явах ажиллагаа Монголын талын зөвшөөрөлгүй явагдсан бол энэ нь манай улсын бүрэн эрхт байдалд халдсан, хууль бус тул тусгай албаныхан энэ хүнийг Чингис хаан нисэх буудал дээрээс онгоцонд суулгаж болохгүй.

 Энэ Турк багшийг авч явахад манай тал зөвшөөрсөн эсхүл оролцсон байж магадгүй. Туркэд дарангуй дэглэм тогтоогоод буй Ерөнхийлөгч Эрдагоны тангараг өргөх ёслол энэ сарын 10-ны өдөр болоход Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд оролцсон. Энэ үеэрээ Турк сургуулийн багш нарыг хулгайлах буюу албадан явуулах ажиллагаанд тусална гээд амласан байж магадгүй гэж зарим хүмүүс хардаж байна. Энэ хардлага үндэслэлгүй байгаасай. Юутай ч, манай тал ийм ажиллагаа явуулсан эсхүл явуулахад нь тусалсан бол ноцтой хэрэг.

 Монголын талын зөвшөөрөлтэй эсхүл зөвшөөрөлгүй, аль ч байдлаар энэ үйл ажиллагаа явагдсан бай, Вейсел Акчайгийг Монголоос Турк руу албадан явуулахыг зөвшөөрч болохгүй. Яагаад гэвэл, Монгол улс 2000 онд Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцод нэгдэн орсон. Энэ конвенцын 3-р зүйлд "Эрүүдэн шүүх аюул тулгарна гэж үзэх хангалттай үндэслэл байвал оролцогч улс уг этгээдийг өөр улсад албадан гаргах, буцаах буюу шилжүүлэн өгөхгүй" гэж заасан. Мөн, Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.7-р зүйлийн 3-т "Тухайн улсын хуульд зааснаар цаазаар авах ял оногдуулах, эрүү шүүлт тулгах хангалттай үндэслэл байгаа тохиолдолд гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг тухайн улсад гэмт хэрэгт мөрдөн шалгуулах, ял шийтгүүлэхээр шилжүүлэн өгөхгүй" гэж мөн заасан.

 Эмнести Интернешнл, Human Rights Watсh, НҮБ-ын тусгай илтгэгч нарын сүүлийн 2 жилийн тайлангаас харвал Туркэд эрүү шүүлт хавтгайрсанбөгөөд голчлон сөрөг хүчний гишүүд, дэмжигчид, их сургуулийн болон ЕБС-ийн багш, шүүгч, прокурор, сэтгүүлч, хүний эрхийн идэвхтэн нарыг шударга процессгүйгээр ял тулгаж, цагдан хорьж, эрүүдэн шүүж байгаа юм байна. Туркын Засгийн газар Монгол-Туркын хамтарсан сургуулийг татан буулгахыг шаардсан зэргээс харвал Турк захирлыг Туркэд хүчээр аваачаад цагдан хорих, эрүүдэн шүүх үндэслэл бүхий магадлал байна.

 Харамсалтай нь, эрүүдэн шүүх үндэслэл бүхий магадлалтай бол ямар ч хүнийг гадаад улсад хүлээлгэн өгөхгүй байх үүргийг Монгол Улс дээрх конвeнцоор хүлээдэг ч энэ үүргээ тэр бүр биелүүлээд байдаггүй. Улс төрийн үзлээсээ болж гадуурхагдан Монголд ирсэн, хичнээн олон Өвөрмонголчуудыг Хятадад цагдаагийн хүчээр барьж өгч явуулавдаа. Хятад бол эрүүлэн шүүдгээрээ алдартай улс.

 Ардчилсан улсын иргэн хүний эрх гэсэн суурь үнэт зүйлээ хамгаалахын төлөө яаж иргэний зориг гаргах вэ гэдгийг нэгэн Швед оюутан дөнгөж 2 хоногийн өмнө яруу тодоор дэлхий нийтэд харуулсан. Нэгэн Афган хүн Швeдэд орогнол хүсэхэд Шведийн төр орогнол өгөхөөс татгалзжээ. Афганистан руу түүнийг буцаахаар суулгасан онгоцонд нь нэгэн оюутан орж, буцаавал эрүүдэн шүүгдэнэ, амиа ч алдаж мэднэ гээд сандал дээрээ суухаас татгалзах замаар эсэргүүцэж түүнийг буцаалгуулаагүй.

 Ардчилсан Монгол Улсын иргэн бид ч гэсэн энэ Швед оюутан шиг хүн бүрийн эрхийн төлөө тэмцдэг байх хэрэгтэй. Учир нь, аль ч улс нутаг дэвсгэр дээр байгаа бүх хүний хүний эрх, эрх чөлөөг хамгаалахгүйгээр хүний эрхийг баталгааг бүрдүүлэх боломжгүй. Гадаад ч, Монгол ч ялгаагүй, нэг хүний эрх зөрчигдөж эсхүл ийм эрсдэлтэй байвал хэний ч эрх зөрчигдөхөд бэлэн гэсэн үг. Ардчиллын үнэт зүйлийнхээ төлөө санаа зовдог, анхаардаг идэвхтэй иргэдгүйгээр ардчилал удаан хугацаанд оршдоггүй.

 


avatar
    • зочин
    • 162.158.178.*

    Террортой холбоотой асуудалд бид оролцоод хэрэг байна уу? Лал хоорондоо л учраа олог

    • Зочин
    • 172.68.253.*

    Өө Зи оролцсон бол бантан хутгасанаас зайлахгүй дээ

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 2813

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
18%
АН
67%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 18%
  • 67%