ТУСГААР ТОГТНОЛЫН ӨДӨРТ : Ардчилал бол Монголын тусгаар тогтнолын баталгаа


Өдгөө даруй 4 дахь засгийн газраа тэргүүлж буй Абэ Шинзо 2007 оноос хойш засгийн эрхийг дахин гартаа авсан нь 2012 он. Тэрээр 2012 оны арванхоёрдугаар сарын 26-нд Ерөнхий сайдаар томилогдоод 3 сарын дараа Монголд анхны албан айлчлалаа хийжээ. Үүнээс хойш 2 удаа, нийт 3 удаа айлчилж, улмаар Монгол Улс манай улсын хувьд анхны болох EPA эдийн засгийн түншлэлийн гэрээг Японтой байгуулсан. Ерөнхий сайдаар томилогдоод гуравхан сарын дотор Монголд айлчилна гэдэг нь маш найрсаг харилцаа, чухал түншийн хэмжээнд авч үзсэн үйл явдал юм. Мөн Монгол шиг жижиг эдийн засагтай EPA буюу эдийн засгийн түншлэлийн гэрээ байгуулах саналыг Засгийн газартаа оруулж батлуулах гэдэг тийм амаргүй ажил байсныг дотор нь ажиллаж байсан хүмүүс хэлдэг. Чухам яагаад Монголыг ийм хэмжээнд чухалчилж, эдийн засгийн хувьд утгагүй шахуу EPA-г ч хичээн батлуулсны цаана олон улсын харилцаа, цаг үеийн агуулга бий. 

Энэхүү цаг үеийн нөхцөл байдал, түүхэн тохирооны талаар тоймловол:

ЗХУ задарсны дараа олон улсад тэргүүлэх үүрэгтэй үлдсэн  АНУ-ын гадаад харилцааны бодлого бүс нутагт идэвхижээд байв. 1990 оны наймдугаар сард Монголд айлчилсан АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жэимс Бэикэр Японы Гадаад яаманд хандаж, шинэ тулгар ардчилсан Монгол Улсыг дэмжиж ажиллах хүсэлт тавьжээ. Гадаад харилцааны яам буюу төрийн албаны шийдвэр хүчтэй, нөлөөтэй байсан тэр үеэс Япон улс хоёр улсын хооронд албан тусламж үзүүлэхээс гадна 1991 оноос хойш Дэлхийн банк зэрэг байгууллагатай хамтран нийт 10 удаа “Монголыг дэмжих улсуудын зөвлөл” форум Токиод зохион байгуулж, шилжилтийн хүнд хэцүү үеийг даван туулах олон улсын зээл тусламжийг зохион байгуулж ажилласан түүх монголчуудын амьдралд нүдэнд харагдах ба харагдахгүй янз бүрийн хэлбэрээр шингэж үлджээ.

Энэ зуур Японд 1993 онд 8 нам эвссэн Хосокавагийн Засгийн газар байгуулагдсанаар 1955 оноос хойш үргэлжилж ирсэн 2 намын, түүн дундаа Жиминто буюу Либерал ардчилсан намын засаглал дуусгавар болжээ. 1993 он гэдэг нь Хүйтэн дайн дуусч Берлиний хана нураад 3 жил, Монголын анхны ардчилсан Үндсэн хууль батлагдаад нэг жил болж байсан үе. Энэ үеэс Японд нэг нам доторх төрийн албатууд бодлого тодорхойлох үе ерөнхийдөө дуусч, нам ба нам хоорондын бодлогын өрсөлдөөн, мөн ордонд удсан төрийн албатаас илүү  олон нийтэд нүүртэй улстөрчийн нөлөө нэмэгдэж ирэх эрин эхэлжээ.  Канрёо буюу төрийн албатаас илүү улстөрчид бодлогын гол дүр болох эрин ийнхүү эхлэхийн хамт Монголд элэгтэй Коизүми Жүничиро, Абэ Шинзо зэрэг олон нийтийн дэмжлэгтэй улстөрчид засгийн эрхийг авч, тэндээс Монголд хандах гадаад харилцааны бодлого тодорхойлогдож ирсэн нь хоёр улсын найрсаг харилцааг тайлбарлах цаг үеийн хүчин зүйлсийн нэг юм.

Мэдээж төрийн бодлого, гадаад харилцааг зөвхөн хувь улстөрчдийн хандлага дангаар тодорхойлохгүй. Хятад ба Орос, бусад станы улсууд дунд Төв Азийн цээжинд орших Монгол хэмээх ардчилал бүс нутгийн аюулгүй байдал, гадаад харилцааны тэнцвэрт асар чухал үүрэгтэй. Тийм учраас Ази Номхон далай дахь "барууны орон" болох Японоос онцгой найрсаг харилцаа хөгжүүлж, дэмжиж ирсэн гэж үзэх үндэстэй. Энэ оны зургадугаар сард Монгол Улс ШХАБ-д жинхэнэ гишүүнээр элсэх тухай яриа гарч олон нийтийн ширүүн эсэргүүцэл дор түр зуур дарагдсан. ШХАБ-ын логог харвал ногооноор зурсан гишүүн орнууд дунд ганцаар торойж, Хөвсгөл нуур шиг цэнхэр өнгөөр тунарч буй нь ардчилсан Монгол улс.

Социалист, коммунист түүхтэй, өдгөө ч дарангуйллын дэглэмд тооцогдох олон улсууд бүхий Евразийн эх газарт Монголын ардчилал ямар күүл гэдгийг, бид ямар бардам байх ёстойг биднээс илүү ойлгож байгаа нь чухам тэрийг нь үнэлж харилцаж ирсэн гаднын орнууд. 

Харин сүүлийн 28 жилийн турш тэдний хайрыг татаж, дэмжүүлж ирсэн Монголын ардчилал өнөөдөр том асуултын тэмдгийн өмнө тулж ирээд байна. Ардчилсан сонгуулиар сонгогдсон парламентын гишүүд ард түмнээс татсан татвар дундаа хуваан идэж, ардчилсан сонгуулиар сонгогдсон Ерөнхийлөгч нь цаазын ял ил тод тунхаглаж, ардчилсан сонгуулиар үе улиран төрийн эрх барилцаж ирсэн экс спикер Ерөнхийлөгчийн засаглал сурталдаж, ардчилсан сонгуулиар бүрдсэн кабинетийн сайдууд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад Монголын ардчилсан статус, бүс нутаг дахь үүрэг ролийг хийн хоолойгоор ч юм уу юугаар ч юм арилжих хүслээ ичиж зоволгүй илэрхийлэхэд тулсан. Төр улс бол бизнес биш гэдгийг төрийн санг бизнесээ хөгжүүлэх боломж гэж хардаг хүмүүс ойлгохгүй.

Энэ бүхнийг Японоос авахуулаад дэмжиж ирсэн олон улс сэтгэл зовнин харж байгаа нь бодит үнэн. Гэхдээ ийм төр, ийм улстөрчдөд хэдий дарлагдавч, хэчнээн ядуу ч ардчилал, эрх чөлөө, парламентын засаглал, гадаад харилцааны алтан аргамжаа илүүд үзэх жирийн монгол хүний бардам зан унтраагүй нь бас үнэн. Үүнийг бичиглэгч миний бие ШХАБ-д элсэх яриа гарсан үеийн олон нийтийн эсэргүүцлээс хойш монголчуудыг үнэхээр л  их гүрний үр сад, үргэлжлэл юм гэж бодох болсон.

Ийм нэг гүрэн улсын зан араншинтай ард түмнийг удирдаж буй төрийн тэргүүд даанч дотооддоо зодолдоод гадаад харилцаа хөгжүүлэх сөхөө алга. Гарамгай дипломатч С.Хүрэлбаатар Япон дахь элчингээс улирч, Владивостокоос холддоггүй Ерөнхийлөгч,  86 суниадаг У.Хүрэлсүх нар төр засгийг тэргүүлэх болсноос хойш жил хагасын хугацаанд аль аль нь Япон руу албан айлчлал хийгээгүй. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын айлчлалаас бусдаар дээд хэмжээний айлчлал бараг зогсоод байгаа нь хоёр бакираа маань 28 жил манай ардчиллыг маналцаж дэмжиж ирсэн орны өмнө маннергүй, маневергүй ажиллаж байгаагийн л шинж.

Тусгаар тогтнолын өдөр болж байна. Монгол хэмээх Төв Азийн цэнхэр ардчилал хэзээд Хөвсгөл нуур мэт гялалзаж, түүнийг хамгаалах төрийн гурвын гадаад бодлого гурамсалж гөрсөн сур мэт бат бөх, тогтвортой байх болтугай.

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 3252

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 17%
  • 69%