МАН-ын Их Хуралд дайх үг: Монголын өнөөдөр хоёр Брайныг даахгүй

1896 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль эрт эдүгээ тохиосон хамгийн ширүүн, хамгийн түүхэн сонгуулийнх нь нэг гэгддэг.  Энэ сонгуульд републик МкКинлей популист Уилъям Женнингс Браиныг ялснаар  1893 оны паник хямралаас хойш өндрөө авсан популистууд ба хөрөнгөтнүүдийн зөрчил нэг талдаа гарсан түүхтэй.  Супер илтгэгч, 36-хан настай, төрөлхийн харизматай Браин өдөрт 20-30 илтгэл тавьж,  “хүн төрөлхтнийг та нар алтан хэрээсэнд цовдлох ёсгүй” хэмээн хөрөнгөтнүүдийг баалсан алдарт үг нь гэрлийн хурдаар тарж байлаа. Гэхдээ л ялагдсан.

Түүний ялагдал ба ер нь энэ сонгуулийг 1893 оны хямралын эдийн засагтай холбож тайлбарлах нь түгээмэл. Гэхдээ энэ үеийн АНУ-д хамгийн түүхэн улстөрийн тэмцэл өрнөж таарсан нь  эдийн засгаас илүү том хүрээнд соёл иргэншил, сошиоэкономик шилжилт ид явагдаж  байсантай холбоотой гэж үзэж болно. Хөдөөд төрж хот руу нүүдэл хийж асан Америк орон. Хотын бохирдол, үйлдвэрийн утаа, амьдрах хэв маягийн өөрчлөлт, стресс бухимдал. Уламжлалт үнэт зүйлсийн алдуурал, буцах хүсэл, урагшлах хэрэгцээ. Уугуул янки-протестантууд ба европ цагаач хоорондын зөрчил, “Америк ялна” омогшил,   баячуудыг үзэн ядах,  цалин нэхсэн жагсаал,  дэлхий бүхэлдээ Америк шиг сайхан орныг хорлон сүйтгэхээр хуйвалдаад байна гэж үзэх айдас.   Газар эхээ шүтэж ирсэн тариачид бизнесмэн болж, ажилчин анги үүсч, мөнгөнд дурлахын зэрэгцээ мөнгийг үзэн ядах үнэт зүйлийн хямрал оргилдоо хүрч асан цаг авай.      Хаанаас нь ч харсан нэн танил дүр зураг биз?

Үүнээс хойш дэлхийн бөмбөрцөг нэг зуун арвантаа эргэсэн 2017 онд монголчууд бид дээрхтэй тун төстэй түүхийн орчилд тун төстэй сонголттой тулгарч Монголын Браин  ялсан.  Нүүх үлдэхийн салаа зам дээрх хоёр нийгэм,  Браин Баттулга хоёрын түүхэн дүрд ойролцоо талууд олон бий.  Х.Баттулга хязгааргүй мөнгөн зоос хэвлэж ургац худалдан авах бодлого гаргаж тавьсан Браиныг хүн бүрийн өрийг тэглэх эдийн засгийн тэнэглэлээр ерөнхийдөө давж гарсан. Браин нар  шилжилтийн стресс дээр  уламжлалт үнэт зүйлсийг магтан дуулах, үйлдвэржилт, хотжилтын алдаа оноог шүүмжлэх замаар улстөр хийж байв.   Х.Баттулга ч ардчилалд итгэл алдарч төөрч яваа ядуу монголчуудын эгоны хомсдолоо Чингисийн омогшлоор нөхөх, бахархал эрэх, зовлонгоо мартагнах хэрэгцээн дээр амжилттай улстөр хийдэг. Ялгаа нь гэвэл 1896 онд Браин ялагдаж, 2017 онд Баттулга ялсан. Бидний хийсэн сонголт. 

Браиныг ялж гарсан МкКинлей 1901 онд улстөрийн аллагад өртсөнөөр Теодер Рузьвелт АНУ-ын хамгийн залуу ерөнхийлөгч болж прогрессив эрин эхэлсэн тухай энд өгүүлсэн. У.Хүрэлсүхийг ТР-ийн дүрд тоглочих юм биш байгаа гэж бичихэд олон хүний хөх инээд хүрч харагдсан.  Уг нь Хүрэлсүхдээ, хувь хүндээ биш, хэдхэн сарын өмнө монгол Браин ялсан болохоор бидний маргаашт  Браины эсрэг прогрессив хүч, ТР шиг дүр гарцаагүй хэрэгтэй болохоор 0.1 хувийн магадлалд мөрий тавьж үзсэн хэрэг. Даанч сарын дараа харахад бид хоёр Браинтай болсон байна.

Эцэг Браин Х.Баттулгын хувьд монголчуудын хайртай бөхчүүдэд төрийн одон баруун солгойгүй түгээх мэтээр популист рейтингээ өгсөхийн сацуу эсрэг талд эрх барьж буй МАН-ыг хагалах, хүчийг нь сулруулах тоглолт амжилттай үргэлжлүүлж байна.  МАН сул байх нь түүний улстөр, эдийн засгийн байр суурьт ашигтай. Нэгд, Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хасах чиглэлд хэлцэгдэж буй Үндсэн хуулийн өөрчлөлт хийгдэх боломжгүй болно. Хоёрт, эдийн засгийн хувьд дор хаяж Тавантолгой тойрсон зөрчилд мөнхийн дайсан МCS-ээ ялах улстөрийн хүчтэй байна.  Владивосток, төрийн санхүүг дэлбэлж өгөөд арилсан Ардчилсан намаас тэрийг нь засалцаж өгч буй ОУВС-г эсэргүүцэхийн зэрэгцээ цалин нэмэх хөдөлгөөнийг зохион байгуулаагүй юмаа гэхэд идэвхийлэн дэмжих, хориг, 30 гэр бүл гээд Зинко голлон тоглож байгаа улстөрийн драмуудыг бүгдийг нь энэ хоёр зорилгын гэрэлд тавьж харах боломжтой.

Х.Баттулгын улстөр ба түүнд хандах У.Хүрэлсүхийн бодлого  гэсэн харилцан хамаарлаас хамгийн их анхаарал татаж байгаа нь “30 гэр бүл”.  Хөрөнгөтнүүд хүн төрөлхтнийг хэрээст цовдоллоо барилаадаа тулсан популист ултсөр тэгтлээ өндөр авсан нь үнэний хувьтай байсан болохоор тэр. Тухайн үеийн Америкт бизнесийн их нэгдлүүд үүсч, төмөрзамын компаниуд монополжиж, хуулийг өөрийн бизнесийн төлөө батлуулдаг, татвар төсөв байгалийн баялагт давуу эрхтэй нэвтэрдэг лобби  бүлэглэлүүд хүчээ авч, энгийн иргэд ба элит дундын жинтүүгүй нийгэм үүсээд байсан нь өнөөгийн манай “30 гэр бүл” ба тэднийг үзэн ядах нийгмийн сентименттэй ихээхэн төстэй.  20-р зууны эхэн үеийн Хаант Орост ч мөн ийм хоёр туйлт нөхцөл байдал үүсээд байсан тухай энд өгүүлсэн. Ижил төстэй нөхцлөөс АНУ тогтолцооны реформыг сонгож, Хаант Орос хийхгүй гэдийснийхээ горыг хүртэж цуст хувьсгал гарч Сталины саварт унасан.  Х.Баттулгын улстөрийн хувьд болшевик маягийн хувилбар буюу төрийн тамга хэрэглэн “30 гэр бүл” гэхчлэн субъектив дайралт хийж, хөгжлийн төлөөх эерэг зорилготой реформоос илүүтэй хомроголон буруутгах хар улстөрийн замыг сонгож байгаа нь хөлөө олоогүй Монголын ардчилал, чөлөөт захзээл ба тогтолцооны хөгжилд туйлын түгшүүртэй аюулын харанга юм. Хэрвээ У.Хүрэлсүх энэ улстөрийн эсрэг энэ мэтээр эс үйлдлээр хоршиж явах бол популист, уламжлалт улстөрийн нөгөө талд жин дарах прогрессив дүр ТР байхгүй, харин хоёр Браин ерөнхийлөгчийн ба засгийн толгойд суугаа баргар дүр зураг үүсээд байна.

Энэ зуур Х.Баттулгын рейтинг бага багаар уруудаж байгаа ч өндөр хэвээр харин У.Хүрэлсүх, түүний кабинет, МАН-ын рейтинг шалдаа бууж ирж байгаа нь сонирхолтой.  Бодит реформ хийх хэрэгцээ гарцаагүй тулж ирсэн хэрнээ жудо, халамж энэ тэрүүхнээр аргацааж их гүрний ой санамж дээр торгоож буй Монголын нийгэм хоёр Браиныг даахгүй байгаа нь тэр.  Хоёр өчигдөртэй нийгэмд маргааш ирэхгүй.  Х.Баттулга хэчнээн попровч угийн хүлээсэн үүрэг нь төрийн тэргүүн, бэлэг тэмдэг. Харин  галтогоо барьж байгаа засгаас  жинхэнэ реформ, үзэл санаа, алсын хараа шаардах нийгмийн эрэлтэд хариулахын оронд төв цэвэрлэх, тог, сургууль цэцэрлэг гэхчлэн тогтолцооноос холуур гэр ахуй тойрон эргэлдэж байгаа У.Хүрэлсүх нэг ч реформын чанартай бодлого санал болгохгүй гүлдийсээр 2,4 их наядын алдагдалтай нөгөө л халамжийн төсвөө батлуулав.  Үүн дээр нь шударга ёс, хариуцлага нэхсэн ард түмний эрэлтэд элдэв бүлэглэлийн хаан гэгдэж ирсэн Б.Хурцыг “стрессээ тайл” хэмээн элчин суухаар шагнаж хариулж байгаа нь ч нөлөөлж байх магадлалтай.   Ядаж төрийн танхимд нохой гахайдаа тулсан хэрүүл нь дөрвөн жилийн их луйврыг дараагийн луйвар залгасан болохыг хэлж өгөв.

Гэхдээ сайн мэдээ байна, нийгэм эдний урд гарчээ. Хэчнээн попорч халамжлаад нэмэр алга, намынх нь  рейтинг навс унаж, 100 мянган сонгогч цагаан хуудас өгч,  2020 оны сонгуульд шинэ хүчин ялна гэсэн хариулт 50 хувийг эзэлж, урдчилсан санал асуулгаар 5 хүн тутмын нэг нь бүлгийн даргадаа ч биш ерөнхий сайддаа  ч биш хэн ч үл таних шинэ нэр дэвшигчид санал өгч байна.  Нийгмийн шинэчлэлд идэвхитэй хүн амын хоёроо гурван хувь хөдлөхөд хангалттай байдаг гэгдэнэ. Хоёр, гурван хувь байтугай хорь гучин хувиараа, тэн хагасаас илүү нь  МАН цаашаа гэж байгаа нөхцөл байдалд эрх барих намын гишүүд ямар дүгнэлт хийж байгаа бол?  МАН, ер нь Монгол хаанаа алдаад байна вэ? Монголын нийгэм ямар дүрээ нэхэж байна вэ? 1896 оны сонгууль шиг зүгээр нэг даргыг нөгөөгөөр нь солих биш улс үндэстнээрээ ухрах урагшлахын заагт удирдагч эрж, реформ нэхэж байгаа цаг үе дор төрийн эрх барих дээд байгууллага УИХ-ын 76 суудлын 65-ыг атгаж байгаа нам зүг чигээ гаргах их хурлаа хийж байна.  Бид хүний түүхээс ангид цоо шинэ замаар замнаж яваа хэрэг биш. Бусдын хийсэн алдааг тойрч оносныг давтах хүсэл байвал их түүх сургамжаар дүүрэн. Хэнийгээ ч томилсон хүү Брайны дүрд л тоглуулж болдоггүй юм шүү, хоёрыг даахгүй. 

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 195

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

6%
МАН
33%
АН
59%
Шинэ гуравдагч хүчин
  • 6%
  • 33%
  • 59%