Монголчууд өөрсдөө Монголын үгүйсгэл: Тэгээд ГУРВАН ТУЛГУУРТ ХӨГЖЛИЙН БОДЛОГО хэрэгжих үү?

Миний бие Засгийн газраас зарласан Гурван тулгуурт хөгжлийн бодлогын талаар хамгийн их мэдээлэлтэй иргэдийн нэг байж мэдэх юм. Өнгөрсөн аравдугаар сар буюу  Хүрэлсүхийн Засгийн газар томилогдсон  үеэр бодлого захиалах санаачилга гаргаж, олон нийтийн сүлжээгээр саналууд авсан. Нэгэнт улс амьтан сандаасны хувьд захиалгыг хүргэхээр засаг талтай уулзаж ярилцах далимд бодлогын төлөвлөлт, судалгаа хийгдэж байгаатай танилцах боломж гарсан юм.

Аливаа асуудлын шийдэл тухайн асуудал оршин байгааг хүлээн зөвшөөрөхөөс эхлэнэ. Иргэний нийгэм, медиа талд гаднаас нь харж шүүмжилж ирсний хувьд төр өөрөө массыг аялддаг биш удирддаг, манлайлдаг  бодлогын төр болж өөрчлөгдөх хэрэгцээ шаардлага тулаад байгааг хүлээн зөвшөөрч ажиллаж байгааг хараад арай нэг сэтгэл уужирсан гэж хэлж болно.  Улмаар Үндэсний Хөгжлийн газар хагас жил орчим хугацаа зарцуулж боловсруулаад энэ жилийн эдийн засгийн форум дээр танилцуулсан гэсэн үг.  Гурван тулгуур гэдэг нь угтаа нэг их шинэ зүйл биш.  Эртнээс яригдаж ирсэн хүний хөгжил, эдийн засаг, засаглал гурваа уялдаатай хөгжүүлэх тухай л санаа юм. Энэ удаа харин тал талд яамд яамдаар тарсан бодлого, төлөвлөгөөг нэгтгэх, зангидах тал дээр чамгүй их ажил хийгдсэн. Ер нь ямар нэг бүтээгдэхүүнийг нэрлэж байж захзээлд байршуулдаг шиг бодлогыг ч тодорхой малгай өмсгөж байж олон нийтэд хүргэх хэрэгцээ байдаг аж.  Нэн ялангуяа шар мэдээ, сенсаац хөөх хандлагатай олон нийтэд тогтолцооны шинэчлэл, хөгжлийн консепт, түүнийг хийх төлөвлөгөө танилцуулна гэдэг тийм амар даваа биш бололтой.

Олон нийтээс ирэх бодлогын захиалга ба нөгөө тал буюу төр талд явж байгаа ажлыг аль аль талд нь мэдээлэлтэй газраас ажиглаж явахад бидний өнөөдөр үнэхээр төр ба түмний хамтын бүтээл ажээ. Нийгэм нь болохоор үргэлж томилсон төрөө тогтолцооноос илүүтэй багш, малчин гэх мэт ямар нэг субъект юм уу зам гүүр гэх мэт объектын чанартай ажил руу шахаж байдаг. Улстөр ба төрийн албаны зааггүй болсон төр нь сонгуулиар болзоотын бор толгой дээр уулзахаас хойш тэрийг нь аялдаж явдаг. Өнөөдөр энэ ужиг өвчтэй харилцаагаа давж тогтолцооны бодлого хэрэгжүүлье гэхнээ гэнэн романтик 1990-ээд оныг бодвол хэдэн том даваа шинээр үүсчээ.

Эхлээд мэдээж эдийн засаг. Жил тутам бүтээж байгаа эдийн засагтайгаа тэнцүү шахуу өртэй байгаа нь хүүгийн төлбөрийн дарамт үүсгэж, дотоод хөрөнгө оруулалтаар томхон реформ хэрэгжүүлэх боломжийг боомилж байдаг. Гэхдээ ардын ухаанд сэтгэлд оч байхад зууханд гал дүрэлзэнэ гэдэгчлэн үнэхээр хөгжлийн амбиц, хүсэл байвал эдийн засгийг бол шийдэж болно. Энэ байтугай эдийн засгийн үл тэнцвэрт байсан ерээд оныг чухам л ардчилал, эрхчөлөө, шинэ цагт итгэх итгэл үнэмшилтэй, сэтгэлдээ очтой байсан тулдаа гахай чирээд зүтгээд давж гарсан удаатай. Одоо ОУВС-аас 5,5 тэрбум долларын томхон багц аваад байгаагийн дээр түүхий эдийн зах зээл сэргэж ирсэн нь энэ хязгаарлалтыг давах харьцангуй таатай нөхцөл болж өгнө. Харин энэ боломж дээр өмнөх алдаагаа давтвал бүтээмжгүй, орлогогүй хэрнээ өрийн дарамттай, гар хүлээстэй нөхцөл байдал хоёр дахин хүндэрнэ гэсэн үг.

Хоёрт, нөгөө л улстөр. Жижиг мажоритар сонгуулийн тогтолцоо, улстөрийн намын санхүүжилт гээд бүтцийн гажуудлаас үүдэлтэй улстөр өөрөө өөрийнхөө бүтцийг эмчлэх шаардлагатай байгаа нь гурван тулгуурын хамгийн гол буюу засаглалын реформд учрах хамгийн том дилемма байх болно. Гэхдээ засаглалгүйгээр хөгжих боломжгүйгээс хойш энэ дилеммаг хэн нэг нь хэзээ нэг цагт шийдэж байж л цааш явна. Энэ Засгийн газар тийм түүхэн үүргийг  хэрэгжүүлж чадах эсэх нь 65 суудалтай намын дарга, Ерөнхий сайд Хүрэлсүхийн манлайлал, мөн 65 гишүүний хүсэл зоргоос хамаарч таарна. Нэгэнт улстөр учраас эдний хүсэл зоргод иргэний нийгэм, олон нийтийн эрэлт нөлөөлөх нь дамжиггүй. Чухам энд буюу нийгмийн хандлагад гурав дахь том даваа болох ХӨГЖЛИЙН ҮГҮЙСГЭЛ оршиж байх шиг ээ.  Элдэв худлаа бодлого зарлаж итгэл үнэмшлийг нь барж дууссан манай нийгэм аливаа сайн сайхан, хөгжил дэвшилд итгэх, дэмжих чадвараа алдсан нь өнгөрсөн үеийн хамгийн том гарз гэлтэй. Ийм өнө удаан боловсорсон гутранги үзэл, хавтгай пессимизм өмнө дурдсан санхүүгийн хязгаарлалт ба улстөрийн дилемманаас ч том, хамгийн хэцүү даваа нь байх болно. Зүйрлэвэл хос залуу мөнгөгүй ч амьдарч болдог(эдийн засаг), хэрэлдвэл эвлэрч болдог(улстөр). Харин сэтгэл нэгэнт хөрсөн бол эргээд хайр нэхэх хэцүү болдог шиг юм. Хатуу системийг өөрчилж, хууль баталж болно. Үзэл хандлага, сэтгэлгээ гэх мэт нийгмийн уян чадварыг эргээд сэргээх амаргүй.  Одоо ийм нийгмийг алсын зорилго дор нэгтгэхийн тулд олон нийтийн харилцаа, урлаг гээд энэ уян чадварыг дэмжих дэд бүтэц, агуулгын бодлого хэрэгтэй болж ирэх нь дамжиггүй.

Хувьдаа Хонх жингэнэж байна ууКонструктив сэтгэлгээний хомсдолАлтан ганжир нь хаана байна  гэх зэрэг цуврал тэмдэглэлээр монголчууд бидний зорилго, хүсэл мөрөөдөл, итгэл үнэмшил хаана байгааг асууж ирсэн. Хаана ч байхгүй юм уу, хариулт гарч ирэхгүй. Хөгжил юун түрүүнд монголчуудын толгой дотор бүрэн зогссон. Монголчууд өөрсдөө Монголын хамгийн том үгүйсгэл болсон. Хөгжил ярихаар худлаа мөрөөдөгч гэнэ, хөрсөн дээр буу гэнэ. Америкын практик ярихаар Америкыг ярилаа гэнэ. Японыг ярихаар Японыг ярилаа гэнэ. Асуудал ярихаар тэрний энэний хөлсний бичээч гэнэ. Үргэлж энэ болохгүй, тэр бүтэхгүй гэнэ. Тэгээд юуг ямар болгомоор байгаа эерэг хүслээ  хэлээч гэхээр ямар ресторан уу гэж дооёолно. Нэг улстөрч гарч ирээд нааштай юм ярихаар энэ муу юу даа гэж элэг нь хөшнө. Ёжилно, егөөднө, дооглоно, муулна, хараана, хэрэлдэнэ, пээдийнэ, мэдэмхийрнэ, үгүйсгэнэ.  Монголчуудыг хоёр хуваадаг гээд байгаа: шүүмжлэгч ба шүүмжлэгчийг шүүмжлэгч. Би бол өөрөөр хуваах байна: үгүйсгэгч ба үгүйсгэгчийг үгүйсгэгч. Хоёулаа нийтлэг шинжтэй: өөрчлөлтийг үгүйсгэнэ, өөрөө түүний төлөө ямар нэг дүрд тоглох боломжид үл итгэнэ, итгэж, ямар нэг дүрд тоглож яваа хүмүүсийн мэдрэл мууг гайхаж элдэв нэр хоч зүүнэ. Нэг нэгэндээ ийм байдаг хойно төрөөс хөгжлийн бодлого зарласны дараах риакц нь ч бас яг л ийм. Нэг нам нь болохоор нөгөөгийх нь бүтэлгүйтэл бараг мөнөөх хүсэл зорилго нь болчихсон шинжтэй юун түрүүнд үгүйсгэж, бүтэлгүйтэл ерөөж харагдана. Уг нь бүгд нэг тэнгэрийн дор нэг зам дээр түгжирч байгаа нэг нийгэм.

Тэгэхээр эхний асуулт руугаа буцъя: Гурван тулгуурт хөгжлийн бодлого хэрэгжих үү?  Монголчуудын толгой доторх хөгжил зогссон байдалд хэдэн тулгуурт бодлого зарлаад ч Монгол хөгжихгүй. Итгэл үнэмшил, хүсэл мөрөөдөл бол бүх хөгжих хөдөлгөөний гол тулгуур юм. Жишээ нь ХАА салбар экспортлогч болох эсэх нь болгоно гэсэн шийдвэрээс, шийдвэр нь итгэлээс хамаарна. Тэгвэл асуулт өөрчлөгдөнө, тэгээд хэзээ бидний толгой дотор хөгжил бий болох вэ? Хэзээ итгэж үнэмшиж, хүсч мөрөөдөх вэ? Уг нь бидний толгой доторхоос бусдаар Монгол хөгжихгүй гэж шийдэгдсэн юм хаа ч байхгүй. Биг банг их тэсрэлтээс хойш бүх зүйл тодорхой замыг дагахаар тогтсон гэх үзэл хандлага байх нь байдаг ч хими, физик, тархи судлал гэх мэт шинжлэх ухаан хөгжихийн хэрээр ирээдүй бидний өөрсдийн сэтгэлгээ, шийдвэрээс хамаарна гэж үзэх илүү өөдрөг тайлбар эргээд сэргэж ирлээ. Түүнчлэн, Монгол хөгжихгүй гээд шийдэгдсэн юм хаа ч байхгүйтэй адил монголчуудын толгойд хөгжил зогссон хэвээр мянган жил болно гэж шийдсэн юм бас хаа ч байхгүй. Өөрчлөгдөж болно, тийм ч болохоор үүнийг таталж сууна.

Тэгэхээр бид гурван тулгуурт бодлого зарлагдсан ч, арван тулгуурт зарлагдсан ч хэзээд нэг л асуултын өмнө тулж очно.  Монгол тэгээд хөгжих юм уу? Монголчууд хөгжинө гэдэгтээ итгэх юм уу? Аливаа асуудлыг тухайн асуудал үүссэн үеийн сэтгэлгээний түвшинд шийдэх боломжгүй гэдэг алтан дүрэм бий. Үүнд хүсэл эрмэлзэл ч багтана. Энэ асуултад өгөх таны хариулт өөрчлөгдөхгүйгээр бид хэзээ ч хөгжихгүй. Хөгжлийн гол цөм тулгуур нь тэр хариултаас чинь төрдөг болохоор.

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4865

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%