Нийтлэл 12 сарын 30, 2018

Монгол ба монголчууд миний 2018 оны дурсамжид

Жил бүрийн сүүлийн өдөр өөртөө тэмдэглэл бичдэг юм. Энэ жилийн хувьд бусдад нээлттэй бичвэл бодит байдлаа хамт харахад хэрэг болох ч юм болов уу гэж бодов.

2018 оны эхнээс хувь хүний орлогын албан татвар шатлалтай болсон байсныг зарим нь мартаж, зарим нь санаж байгаа байх. Шинэ оныг манай эдийн засаг тооны биш чанарын асуудалтай болох тухай энэ нийтлэлээр эхэлсэн байна, цаашид ч үргэлжлэх сэдэв. Хэвлэл мэдээлэл, зарим нийгмийн бүлэг нэгдэж чадсаных энэ татварын нэмэгдэл цуцлагдсан. Харин нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдсэн. Хоёрхон хоногийн дараа гарах шинэ оноос дахиад нэмэгдэх гэж байна.

Ер нь энэ оны эхэнд Засгийн газрын ордон нэлээн манасан. Хүрэлсүхийн Засгийн газар томилогдох үеэс эхлээд реформын тухай сэдвээр цуврал бичиж, #БодлогоЗахиалъя трэндээр олон нийтээс шинэчлэлийн захиалга, санал авснаар 2017 оныг үдээд байсан юм. Олон нийтийн захиалгаас хэсэгчлээд ч болов шинэ засгийн бодлогод тусгуулчих санаатай ажиллаж үзсэн юм. Занданшатар сайдын удирдлага дор Үндэсний Хөгжлийн Газар олон бодлогын баримт бичгийг эмхэлж нэгдсэн хөгжлийн бодлоготой болох зорилго тавиад ажиллаж байсан үе. Гурван тулгуурт хөгжлийн бодлогын талаарх энэ нийтлэл, мөн энэ нэвтрүүлгээс мэдээлэл авч болно. Тэгээд бодлогын үр дүн яасан бэ гэж үү? Одоогийн байдлаар доривтой реформ хийгдээгүйгээр барахгүй төрийн албаны шинэчлэл гэх мэт зорилтууд ямар ахицтай явж байгааг жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зээлтэй холбоотой дуулианаас та өөрөө хариулт хэлж чадна. Одоохондоо Хүрэлсүх Ерөнхий сайдын нэр хүнд сүр сүр амлалт, имиж, пиар акц дээр тогтож байна. 2019 онд яах юм бүү мэд. Хийх ёстой юм, хийхгүй бол үнэнд гүйцэгдэх юмнууд байдаг даа.

Тэгж байтал Баатар найруулагчаас Чухал 100 сэдэв Баялгийн сангийн тухай нэвтрүүлэгт редактороор ажиллах санал ирэв. Нэвтрүүлэг, камера гэхээр надад нэг хувийн асуудал байдаг. Бичиг үсэгт үнэнч. Хэн нэгний махан бие харагдахгүй, дуу хоолой сонсогдохгүй зураггүй тэкст гэдэг хүний оюун санаанд хамгийн чимээгүй цэвэр агуулгаа өгдөг хамгийн эрх чөлөөтэй гоё формат шиг санагдаад байдаг. Тэгээд зурагтаар гарахгүй гээд байдаг комплекстой хүн зурагтаар гарч дууссаныг бас зарим нь мэдэж байгаа байх. Баатар найруулагчийн арга барил нь тийм. Зохиолоо урдчилаад толгой дотроо бүтэн бодоод дүрүүдээ онооно. Тэрнийхээ араас үхэн хатан явна, өдөр шөнөгүй ажиллана. Галзуу уран бүтээлч гэдэг нь тэр бололтой. Уран бүтээлч хүний урилгад ялагдаад Блүүмбэргийн Долион, Сумъяабазар сайд, Херо студийхэнтэй зураг авалтад Хонконг явлаа. Нэвтрүүлэг нь энд, нийтлэл нь энд. Цацагдсаны дараа  мэдээж янз бүрээр л хэлүүлнэ. Нэн ялангуяа Тавантолгойн ордыг авах сонирхолтой зарим нэг группийнхний online bullying, hate speech бол хэрээс хэтэрч байгаа. Тэрний цаадах улстөрийн авилга, эдийн засгийн эрх ашгийн асуудлыг он гараад тусад нь хөндөмз. Сумъяа сайд Тавантолгойн төслийг урагшлуулж олон улсын зах зээлд IPO хийж чадах эсэхийг одоогоор мэдэхгүй байна. Гэхдээ тэр миний мэдэх хэрэг биш, олон нийтийн толгойд идей үлдвэл болох юм. “V for Vendetta буюу сүүлчийн монгол хүнд санал болгох кино” энэ жил хамгийн их уншигдсан миний тэмдэглэлийн нэг. Энэ киноны эхлэлд гардаг даа, хүнийг алж ялж болно, харин идей бол зуу зуун жилийн дараа ч дэлхийг өөрчилж чадна. Сайд явна, идей үлдэнэ. Идей үлдсэн байхад нэг хэрэгжүүлэгч нэг өдөр олдож таарна.  Энэ далимд видео агуулга гэдэг ямар нүсэр баг, хөрөнгө, хөдөлмөр байдгийг мэдэж авлаа. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн худалдан авалттай холбоотой сэдвээр хийсэн нэвтрүүлэг хоёр дугаар төлөвлөгдсөн ч хоёр дахь нь амжихгүй явсаар шинэ оны ажилд бичигдэж байна.

Байс хийгээ л нохой шуугиулдаг нэг хэцүү Ерөнхийлөгчтэй улс. Нэг сэрэхээр цаазын ял гаргаж ирэх юм, нэг харахаар коммунист цэргийн эдийн засаг ярих юм. Тэдгээр асуудлаар бичиж байсан тэмдэглэлүүд эндэнд зарим нь бий. Тэгж байтал цэрэг, цаазаасаа ч хэтэрч ШХАБ-д элсэх тухай яриа гарч ирлээ. Энэ талаар бол 2018 онд хаагдах сэдэв биш гэдгийг анхааруулмаар байна. Цогтбаатар сайд, өнөө хэдхэн сарын өмнө асар либерал юм яриад хамт нэвтрүүлэг хийсэн Сумъяабазар сайд, Ерөнхийлөгч гээд маш өндөр дээд түвшинд ажиглагч гишүүнээс статусаа илүү идэвхижүүлэх тухай санаа гарч ирсэн. Ажиглагчийн дараагийн статус гэж олон юм байхгүй, шууд жинхлэх. Сүүлд энд бичсэнчлэн Монгол бол ШХАБ-ын лого дунд цэнхэр өнгөөр тунарч байгаа Азийн цээжин дэх ардчилал. Ард түмнээ урагш нь чирж байх ёстой төр байсгээд л нэг арагш нь чирж давхих гээд ажил амьдралд гай болж байдаг хойно асуудал дэгдмэгц сайн дурын баг үүсч, ярилцлага нийтлэл гаргах, зураг постер бэлдэх гээд хэсэгтээ л ажил болсон. “Монгол ШХАБ-д элсэхээр жижиг орон биш” гэж бичсэн.

Бор зүрхээрээ ардчилал, чөлөөт зах зээл, либерал идеологийн манаанд сайн дураараа зүтгээд байгааг бас зарим нэг бурхан тэнгэр нь харж байдаг бололтой. Америк элчингээс дэмжээд Сингапурт хуурамч мэдээллийн эсрэг сургалтад сууж ирсэн юм байна. Facebook, Twitter, Google зэрэг мэдээллийн урсгал базаж байгаа томчууд цаашид хуурамч мэдээлэл, цахим гэмт хэрэг, hate speech-тэй хатуу тэмцэх бодлого барьж байгаа аж. Дижитал мөр чинь хаа нэг газар бичигдэж, хэзээ нэг өдөр сөхөгдөж магад гэдгийг санаж байхад гэмгүй болов уу. Онлаин гадуурхал, hate speech-ийн эсрэг бичсэн Та нар яагаад нэг нэгийгээ үзэн ядаад байгаа юм бэ бичвэрийг эндээс уншаарай. 

Мэдээж энэ жил Үндсэн хуулийн өөрчлөлт яригдаж, Зика хэмээгдэгч З.Энхболдоос авахуулаад бодитоор Ерөнхийлөгчийн засаглалын пиар хийж эхэлсэн тул бас л санаа амар амьдрах аргагүйд тулж авторитар дэглэмийн асуудал хөндсөн зарим тэмдэглэл гаргасан нь энд бас энд бий. Нийгмийн бүлгүүдийн ухамсар сэргэж байгаа өнөө үед #HeForShe хөдөлгөөн Монголд нэвтэрсэн нь энэ жилийн нэг онцлох үйл явдал, эмэгтэйчүүдийн бодит оролцоо ба өөрсдийн толгой доторх имиж хооронд зөрүү үүссэн тухай бичсэнийг эндээс. 

Эд нарын тарьсан асуудлыг шүүмжлэх зуур бас амьдрах хэрэгтэй. Улстөрийн хэрүүл, шүүмж хийх зуураа Япон хэл дээрх судалгаа зөвлөгөөний компанийнхаа ажлыг өргөжүүлж monnichi.today япон хэлээрх Монголын нэгдсэн платформыг 9 сард рилийз хийсэн. Хоёр улсын дунд гарч ирсэн хамгийн гоё дэд бүтэц, бас манай баг хамгийн хүчтэй нь гэдгийг бол нүүр бардам хэлэх байна. Япон хэл дээр вэб хуудастай болох, цаашид экспортлогч болох сонирхолтой бизнесүүд манайд хандаарай. Хоёр улсын бизнес форум хийхэд бүх талаар дэмжиж хамтран ажилласан найз нөхөд, аж ахуйн нэгжүүдэд дахин талархал илэрхийлж байна. Форумын илтгэлүүдийг monnichi.today Youtube сувгаас үзэх боломжтой. Хувийн хэвшлээ төвдөө тавьж өөд нь залсан форум өөрсдөө хийсэн хүн чинь Ерөнхий сайдын айчлалаар зохион байгуулагдсан бизнес форумд очоод эргэж ирээд тэсэхгүй бичсэн нь энд бий, одоо больё оо гээд.  

Энэ он ерөнхийдөө сайн сайхан үйл явдал, боломж, итгэл дэмжлэгээр дүүрэн өнгөрч байгаа ч түүний дунд 20К клубийн залуусын хамт Эрдэнэт хотоор аялаад ирсэн маань мартагдашгүй сайхан дурсамж болж үлджээ. Ерөнхийдөө улстөржсөн талцсан орчинд ажиллаж байдгийг  хэлэх үү жирийн нөхөрлөл, бүтээн байгуулалт, тэр дундаа биднийг маш сайхан хүлээж авсан Эрдэнэтчүүдээс эгэл цайлган монгол хүний дүр төрхийг эргээд харж авсан тухай сэтгэгдлээ энд тэмдэглэсэн бий.

Оны эцэс рүү бол медиа төдийгүй бүх хүний ухаан санааг жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зээлтэй холбоотой хар трэнд эзэмдсэн нь дамжиггүй. Энэ талаар хоёр аудио, нийтлэл гаргасныг эндээс үзээрэй. Миний хувьд эхэндээ энэ асуудлаар идэвхитэй тэмцэлд уриалсан нь улстөрийн мэдрэмжгүй үйлдэл болсон. Хоёр хар хэрээ шиг хоорондоо ямар ч ялгаагүй МАН-ын хоёр фракц ба АН холилдож манантсан корруптуудын нэг талын улстөр болж хувирсан энэ асуудлаас илүү өргөн хүрээнд авилга, төрийн элдэв зээл, сангийн асуудлыг авч үзэхгүй бол иргэдийн тэмцэл улстөрд ашиглагдахаар өрөг үүссэн. Жирийн иргэдийн хувьд өөрсдөөс нь өөд уруугүй дээрэмдэж хулгайлж ирсэн авилгачдыг 60 тэрбумчид ба ждүчид гэх мэтээр хуваагаад тэдний аль нэг талд гарч хоорондоо хагаралдах шиг утгагүй юм байхгүй.

За тэгээд 2018 оны сүүлчийн өдөр. Мэдээж нэг тэмдэглэлд бүх ажил хэрэг, асуудал бэрхшээлээ бичиж амжихгүй. Бусдын тус дэмгүйгээр давахгүй байсан нь бол тодорхой. Бүгдэд талархаж байна. Манай улсын хувьд 2022 он хүртэл хүлээгдэж байгаа улсын өр улам нэмэгдэж, угаар улам өтгөрөхөөс авахуулаад ерөнхий дүр зураг нэн баргар. 2019 онд, ер нь цаашдаа энэ мэт байдалд хүргэсэн хэсэг бүлэг бизнес групп, улстөрийн фракцын явцуу эрх ашгийн төлөөх хагарал, хов жив, хувийн дайралт тэнэглэлээ зогсоож арай нэг алс уужмыг харахгүй бол залуур булаалдаад байгаа хөлөг онгоц чинь бүгдийг нь хамаад живэх талдаа орж байх шиг байна шүү.

arrow icon