Нийтлэл 12 сарын 29, 2020

trends.mn 2020 онд: Коронавирус ба эрх чөлөө, хуулийн засаглал, мэдээллийн аюулгүй байдал

trends.mn 2020 онд хамгийн их уншигдаж, хэлэлцүүлэг өрнүүлсэн онцлох нийтлэлүүдээс 11 нийтлэл сонгож тоймлон хүргэж байна. Онцлох сэдвүүдэд ковид-19 вирустэй холбоотой дэлхий дахин болон Монгол Улсад болсон үйл явдлууд, АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль, БНСУ болон манай улсад болсон парламентын сонгууль, Үндсэн хууль, эрх чөлөө, ерөнхий боловсрол ба эх хэл, эдийн засгийн бодлогын сэдвүүд багтаж байна.

1.  ДЭЛХИЙ ЮУ УНШИЖ БАЙНА ВЭ? Түүхч, философич Харари коронавирусын дараах дэлхийн тухай  2020 он эхэлсэнтэй зэрэгцэн ковид-19 цар тахал дэгдэж дэлхий нийтийн нийтлэг сэдэв боллоо. Trends.mn ч энэ чиглэлээр маш олон нийтлэл хүргэснээс уншигчдын таалалд хамгийн их нийцсэн нэрт түүхч, судлаач Ю.Н.Хараригийн  коронавирусын дараах дэлхийн тухай нийтлэлийг эргэн сануулж байна.

..Хүн төрөлхтөн глобал хямралтай нүүр тулаад байна. Магадгүй манай үед тохиох хамгийн том хямрал ч байж мэдэх. Энэ хэдэн долоо хоногт засгийн газрууд, мөн хүн ардын авч хэрэгжүүлэх шийдвэрүүд угтан ирж буй олон жилд дэлхийн дүр зургийг тодорхойлох бизээ. Эдгээр шийдвэрүүд эрүүл мэндийн тогтолцоо төдийгүй эдийн засаг, улстөр, соёлыг ч дахин тодорхойлох болно. Одоо бид хурдтай бас шийдэмгий үйлдэл хийх шаардлагатай...

 

2 Зээл тэглэх тухай ҮНДЭСНИЙ АЮУЛТАЙ гурвын хуйвалдаан 2020 он гарах мөчид Ерөнхийлөгч Х.Баттулгын танилцуулсан зээл тэглэх тухай сэдэв нийгэмд маргаан дэгдээж, 2020 оны турш ард иргэд ямар нэгэн байдлаар зээлээ, хэрэглээгээ тэглүүлсээр 2020 он дууслаа.

...Ерөнхийлөгч Х.Баттулга он солигдох мөчид мэндчилгээ дэвшүүлэхдээ “Салхитын мөнгөний ордыг эргэлтэд оруулах замаар тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх тухай Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн шийдвэр гарсан" тухай дуулгав. Энэ цочир мэдэгдлийн араас чухам л Сүхбаатар кинон дээр богдын боовны төлөө зодолддог шиг олон нийтийг хамарсан хэлэлцүүлэг, хэрүүл маргаан өрнөж байна...

 

 3. Кембрижийн хөтөлбөрийн лоббиг эсэргүүцэх нь  УИХ-ын нэр бүхий гишүүд Кембрижийн хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхийг дэмжих лобби бүлэг УИХ-д байгуулснаа мэдэгдэж, ирэх дөрвөн жилд таваар нэмэх байсныг 82 болгох буюу улсын ЕБС-ийн 10%-д нь нэвтрүүлэх бодолтой байгаагаа зарласан. Тэгвэл боловсрол судлаач Г.Баянзул энэхүү лоббиг  эсэргүүцэж  бичсэн нийтлэл энэ жилийн онцлох сэдвийн нэг байлаа. 

...Лобби бүлгийнхэн төрийн өмчит хос хэлний сургуулиуд "ардын хүүхдийг авдаггүй болсон" учраас арай өөр төрлийн Кембрижийн сургууль байгуулъя гээд байна гэж хардаж байна. Энэ сургуулиудаар очсон, ярилцсан ч хүндрэл, бэрхшээлтэй асуудлуудыг шийдэж үйл ажиллагааг нь төгөлдөржүүлэхэд дэмжлэг үзүүлье гээгүй байна. Тэд нар нь тэндээ гацаж л байг, Баянхошуу, өөр хаанахын ч гэнэ үү ардын хүүхдүүдийг Кембрижийн хөтөлбөртэй сургуульд сургая л гэнэ дээ...

 

 4. Доналд Трампын засаглал нийгмийн ээдрээтэй сорилтуудыг давж чадсангүй  Дэлхийн даяар 2020 оны онцлох үйл явдлын нэг нь АНУ цар тахлын үед шинэ Ерөнхийлөгчөө сонгосон явдал байлаа. Сонгуульд Доналд Трамп ялагдсан бөгөөд түүний ялагдлын гол шалтгаан юу байсан тухай олон улсын харилцаа судлаач Л.Болорын бичсэн "Доналд Трампын засаглал нийгмийн ээдрээтэй сорилтуудыг давж чадсангүй" нийтлэлийг онцолж байна.

...АНУ-ын ардчилсан нийгэм, ардчилсан тогтолцоо нь иргэдийнхээ дуу хоолой, үзэл бодлоо нээлттэй илэрхийлэх хүчин зүйлээр улам бэхжиж, нийгэмлэг, дэлхийд ээлтэй засаглалыг байгуулахад оршдог. Тэгвэл Ямартай ч АНУ-ын 59 дүгээр Ерөнхийлөгчийн сонгууль амжилттай болж хамгийн анхны эмэгтэй Дэд ерөнхийлөгчөөр Камала Харрис тодров. Нэг бодлоор АНУ-ын ардчилал нэгэн алхалмаар дэвшилт үзүүлж байна. Цаашдын 4 жилд АНУ-д сорилт их бий...

 

 5. Ерөнхий сайд Хүрэлсүхийн түүхэнд үлдээх өв юу байх вэ?  Цар тахлын аюул Монголд нүүрлэсэн засаглалын чадамж, төрийн албаны ялзралыг илчлэн харуулах болов. Үүнтэй зэрэгцэн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн удирдах чадвар, түүхэнд үнэлэгдэх улстөрийн өв үлдээж чадах эсэх нь ч эргэлзээ дагуулах болллоо. Энэ талаар эргэцүүлсэн нийтлэлч М.Сугарын "Ерөнхий сайд Хүрэлсүхийн түүхэнд үлдээх өв юу байх вэ?" нийтлэлийг онцолж байна. 

...Амаргүй өөрчлөлтүүдийг хийх нь Монголын залуу ардчиллыг бэхжүүлэх том дэмжлэг болохоос гадна улсын эдийн засгийг ганц уул уурхайн орлогоос хамаарах байдлыг бууруулах ач тустай. Дээрхи шинэчлэлтийг гүйцэлдүүлж чадвал энэ нь Хүрэлсүхийн хойч үедээ үлдээх хамгийн том өв, нээлтэнд очиж кноп дардаг ээлжит нэг үйлдвэрээс ч хамаагүй том баялаг. Харин чадахгүй бол Хүрэлсүхийн засаглал Монгол Улсын хувьд алдагдсан он жилүүд болж үлдэнэ...

 
6. Баруун Монголын 60 цагаан адуу хаачсан бэ буюу соёл уламжлалаа дээдлэх
ину  Цар тахлын улмаас олон сар хөл хоригдсон Монголчууд Үндэсний баяр наадмаа тусгай зохион байгуулалттайгаар тэмдэглэлээ. Харин баяр наадмын нээлтэд найруулагч Баатар "Баруун Монголын 60 цагаан адуу" дууг ашигласан нь олныг талцуулахад хүргэв. Тэгвэл "Жаран Цагаан Адуу, Коңгурей" дууны талаар нийтлэлч Алтан Алимын бичсэн тайлбар тэмдэглэл маргааныг мэдээлэл, харах өнцгөөр баяжуулж өгөв.

...Өмнө нь мөнгө төгрөгний болоод байршлын хувьд баахан шүүмжлэл дагуулсан хэдий ч Монгол Наадам болдгоороо боллоо. Сайхан боллоо. Амьд мэнд явбал улсын наадам үзнээ гэж. Цар тахлын үед зургаан сар гадна дотно хөл хорионд орсон, түгжигдсэн, түгжирсэн ард иргэдээ цэнгүүллээ. Монгол хүнийг МОНГОЛ гэдгийг мэдрүүлдэг цөөхөн баярын нэг нь НААДАМ яахын аргагүй мөн.

 

7.  Гадаад хэргийн сайдын айлчлал хийгээд Active measures  Ковид-19  цар тахлын үед маш олон бизнес, маш олон хурал цуглаан цахим хэлбэрт шилжсэн. Үүнийг дагаад худал мэдээлэл, хакер, гадаад харилцаан дахь кибер аюулгүй байдлын асуудал 2020 оны онцлох сэдвүүдийн нэг боллоо.

...БНХАУ-ын гадаад хэргийн сайд айлчлалынхаа үеэр хадаг мөнгөн аягатай сүүнээс татгалзаж байгаа маягтай зураг нийгмийн сүлжээгээр нэлээн түгэх болов. Нийгмийн сүлжээгээр байнга шахуу тарж байдаг онц ач холбогдолгүй хуурамч мэдээллийн нэг юм шиг санагдах боловч цаг хугацааны мөчлөг болон тарааж байгаа эх сурвалжуудыг нь анзаарахад ард нь илүү том тоглоом яваа юм биш биз гэсэн хардлага төрж байна...

 

8. Хүний ганцаардал хэзээ дуусах вэ?  Кэмбриж хөтөлбөрийн хэлэлцүүлэгт гарцаагүй эх хэл болон гадаад хэлний боловсролын асуудал хөндөгдлөө. Нийтлэлч Б.Болор-Эрдэнэ баруун хязгаараар аялсан сонин сайхнаас хуваалцахын сацуу хэл нь зөвхөн бизнес эдийн засгийн хэрэглүүр биш болох тухай оршихуйн философийн бодрол бичиж ирүүлэв.  

...Өргөн дэлхийд орь ганцаар бэдэрч явнам. Орь ганцаар гэдэг нь хажууд хүн алга гэсэн утга бас биш. Ерөөсөө хүний ухамсар тийм шинжтэйн. Олны дунд суувч бодол хэзээд зөвхөн минийх л байна. Дэндүү ихийг бодох сэрэх хүчтэй болсон хүмүүн төрөл өчүүхэн биедээ өнийн их бодлын ачаа үүрч өргөн дэлхийтэй ганцаар нүүр тулнам...

 

9. Төмөр зам: Цэц Үндсэн хуулийг манаж байна уу, Eрөнхийлөгчид үйлчилж байна уу?  2019 онд батлагдаад удаагүй будаг нь ханхалсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд хараат бус , шударга шүүх засаглалыг бүрдүүлэх зорилт 2020 оны голлох сэдвийн нэг байлаа. Уг зорилтын хүрээнд Үндсэн хууль, хараат бус шүүх, хүний эрх, эрх чөлөөний манаанд ажилладаг Үндсэн хууль судлаач, доктор О.Мөнхсайханы нийтлэлүүд уншигчдад хүрчээ. Хараат бус шударга шүүхийг бүрдүүлэх, шударга бусын хонгилыг нураах зорилт он дамнан 2021 онтой золгож байна. 

...Олон жил улс төрийн хувьд хамгийн маргаантай сэдэв болж хэлэлцэгдэж ирсэн төмөр замын өргөн, нарийн царигийн асуудлыг өөрсдийг нь нэр дэвшүүлсэн албан тушаалтанд ашигтайгаар шийдэж, үүнийгээ Үндсэн хуулийн зөрчлийг зассан мэтээр зөвтгөж гуйвуулсанд үнэхээр дургүй хүрч байна. УИХ-ын ээлжит сонгууль болох гэж байхад УИХ-ын чуулган завсарлахаас өмнө ийм хачин, буруу шийдвэр гаргаж буйг нь улс төрийн нөлөөнд орсон гэхгүй юм бол юу гэх вэ?

10COVID19-ийн дараа эдийн засаг сэргэхэд анхаарах ГУРВАН хүчин зүйл  Коронавирусын улмаас улс орон бүрийн Засгийн газар  нэг асуудлаар адилхан шийдвэр гаргаж байгаа нь цар тахлын тархалтыг барихын тулд хөл хорио тогтоож байгаа явдал. Тиймээс дэлхийн даяар эдийн засаг хүнд байдалд орж байна. Тэгвэл  нийтлэлч, эдийн засагч Б.Түмэнцэнгэл COVID19-ийн дараа эдийн засаг сэргэхэд анхаарах ГУРВАН хүчин зүйлийг нэрлэж байна.

...BIS-ийн 3 судлаач дэлхийн эдийн засагт коронавирусын тархах нөлөөллийг тооцож үзээд, гэсэн үр дүнд хүрч. гэсэн төсөөллийг хийжээ...

 11.  Үндэсний ижилсэл ба улс орны үнэ цэнэ  Хилийн чанадад гацсан иргэдийн асуудал он дамнахын сацуу олон монгол хүнээс "Эх орон гэж юу вэ?", "монгол хүний үнэ цэнэ" зэрэг сэдвээр асуудал дэвшүүлэх болж, 2020 оны труш олон талт хэлэлцүүлэг өрнөлөө. "Syndicate Talk" ярилцлагын хөтлөгч В.Ганзоригоос "Евроазийн том тоглоомын 150 жил: Алслагдсан улсын геополитик. Монгол-Япон" номоос сэтгэгдэл бичиж ирүүлсэн нь сэдэвт өнцөг, мэдээлэл нэмлээ. 

 

Монгол Улсын оршин тогтнох 3 нөхцөл байх ба эдгээр нь хоёр хүчирхэг хөрш, байгалийн баялаг, ба үндэстний ижилсэл буюу үнэ цэнэ гэж байна. Эхний хоёр нь Монголд бодитой байгаа боловч 3 дахь зүйл нь байхгүй гэж япон судлаач шууд л бичсэн байна. Үүнтэй холбоотой ЗХУ Зөвлөлт хүн (Homo Sovieticus) хүчээр бүтээх гээд бүтэлгүйтсэн түүхийг мөн сануулжээ. Монголчуудын айдентитиг сэргээхэд ардчиллаас хойш гадагшаа гарсан, өдгөө Монгол Улсын хүн амын 10% болж буй монголчууд асар чухал нөлөөлтэй гэдгийг онцолсон нь анхаарал татав. 

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon