Хэн хэний эсрэг яагаад эсэргүүцэв.

Ц.Сонинхангай 4 сарын өмнө

2017 оны 6-р сарын 17нд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Х.Баттулга Орхон аймгийн иргэд дэмжигчидтэйгээ уулзалт хийх үеэр хэсэг иргэд эсэргүүцэн жагсав. Гэхдээ энэ хүмүүсийн бичсэн, асуусан бичвэр болон эсэргүүцэн орилж байгаа үгсийг сонсвол арай л өөр санагдах. 9 жилийн өмнө болсон явдал яагаад болсон учир шалтгааныг бага ч гэсэн ойлголоо. Өнөөдөр хэн ямар намаас нэр дэвшиж байгаа нь бус ямар хүн яагаад нэр дэвшиж байгаа нь чухал гэж би ойлгох юм. 2 удаагын мэтгэлцээнд оролгүй бултаж байгаа байдлыг нь харвал энэ хүмүүсийн зөв. Гэхдээ хэн нэгний захиалгаар биш өөрсдийн хүсэл сонирхолоор зохион байгуулалттайгаар үзэл бодлоо илэрхийлсэн бол ч. Бүх зүйл 2 талтай ч аль аль нам нь шударгаар өрсөлдмөөр байгаа юм. Одоо МАН нэр дэвшигч Орхон аймагт ирэх үед юу болохыг би таашгүй.

 

Ийм зүйлийг зохион байгуулсан хүнтэй хариуцлага тооцож арга хэмжээ авна гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ цаас барин орилсон иргэд бус өдөөн турхиж захиалгаар гаргасан тэр хүмүүсийг.


Улс шиг улс болох юмсан

Д.Эрдэнээ 8 сарын өмнө

Монгол маань нэг л болохгүй байна. Улс төрөө мөнгөөр шийддэг, төрийн сандалыг хувьдаа ашигладаг, эдийн засаг элгээрээ хэвтсэн. Хот утаатай ард иргэд бухимдалтай гэх мэт гэх мэт тоочоод барашгүй. Хэрэв улс шиг улс байсан бол иргэд хангалттай цалинтай, улс төрчид ирээдүйгээ харж шийдвэр гаргадаг, төр хүчтэй гэхдээ хүнд сурталтай биш, иргэд эрүүл, хүүхэд залуучууд эрдэм ухаандаа шамдсан, хот утаа түгжрээгүй, олон улсад нэр хүндтэй байх байсан.

Би одоогийн улс төр нийгэмийг өөрчилж чадахгүй гэхдээ хувь хүний хувьд ийм нийгэмд яаж өөрийгөө авч явах вэ энэ тухай залуучуудад зөвлөгөө өгмөөр байна. 

Эхэндээ улс төр. Гол асуудал юунд байгаа вэ гэхээр хэт ойрын идшэнд дурлаж холын зорилгоо огт бодохгүй байгаад гэж боддог. Үр хүүхэд нь монголдоо л амьдрах болно. Гадаадад гарсан ч монгол нэрээ зүйх болно. Тэднийхээ ирээдүйг боддог бол ийм хачин байдалаа үргэлжлүүлээд байлгүй системээ засах байсан. 
Хэн нэгэн мөнгө бариад ороод ирлээ энд гарын үсгээ зурчих тэгээд л тэр мөнгө миний мөнгө. Гоё ажил байгаа биз. Мөнгө цуглуулаад л насаараа барахгүй хэмжээнд овоолоод тэгээд үр хүүхэдээ гадаадад гаргаж амьдруулна санаа зовох зүйлгүй сэтгэл амар... Гэтэл энэ системээ засахгүй тэнэгтээд байвал нэг өдөр улс дампуурч тэр уул шиг овоолсон төгрөг цаас болвол яах билээ. Доллар болгоод гадаадад гарлаа гээд харьж ирэх нутаггүй болвол яах билээ. Сонгуулиар сонгогдсон 4 жилээ биш түүнээс жоохон холыг хараад үз. Системээ янзалж засаад 20 жил төрийн эрхэнд сууж нэр хүндтэй буух уу өнөөдөр ууж идээд 4 жилийн дараа шоронд орох уу?  Хол гэлгүйгээр 4 жилийн дараахаа бодоод үзхэд л юу хийх зөв гэдэг ойлгомжтой баймаар. Жаргалын удаан зовлонгийн богино гэдэг. 4 жил хулгайлж идээд 40 жил зовмоор байгаа юм байх даа энэ улс төрчид. Богино хугацааны үйлдэл сайн ч бай муу ч буруутдаг. Яагаад гэхээр зөв буруу гэхээс илүү ямар аргаар гэж боддог тул. Зөвхөн аргаа бодоод байхаар муу арга л хамгийн сайн дөт зам болдог. Холыг зорьсон үйлдэл бол сайн муу аль ч сэдэл зөв болдог. Яагаад гэхээр холын зорилгонд буруу зүйл саад болдог болхоор. Муу сэдэлтэй байлаа ч холын зорилготой бол муу юм хийж чаддаггүй гэсэн үг. Ердөө л энэ. Мэдээж өнөөдрийн талхаа идэе гэх бодол үргэлж орж ирнэ ямар ч хүний хувьд. Энэ үед маргаашаа нэг жоохон 5 минут ч хамаагүй бодоод үзвэл өнөөдрийн талх тийм ч амттай зүйл биш харин хор байна гэдэгээ мэднэ. Залуучууд холоо харж шийдвэрээ гаргаарай. Ирээдүйгээ сайхнаар төсөөлж тэгээд түүнийхээ төлөө зүтгэж сурвал том эрдэм болно. 

Боловсролын талаар. Манай боловсролын систем ч сайхан нурж дээ... Багшдаа бэлэг өгөөд дүнгээ засуулдаг. Энэ бүхнийг хэн нэг хүн ганцаараа засах боломжгүй хурдан засрах ч үгүй байх. Энд анаарах зүйл гэвэл дүн бол боловсрол биш түүний төлөө бэлэг өгөх бол бүүр утагагүй зүйл. Тэгснээс өөрийн дуртай зүйлтэй бол зураг зурах дуу дуулах бүжиг бүжиглэх хөл бөмбөг тоглох гэх мэт. Ямар нэгэн юманд дуртай  бол. Гар утас дээрээ тоглоом тоглож найзуудтайгаа дэмий юм бичих бол хоосон цаг үрэлт шүү яахав чөлөөт цагаа зугаатай өнгөрүүлэхэд л юу юм гэхээс. Хэтрүүлвэл чиний хайран цагыг үр дүнгүй устгана юм сурж эрдэм олох цагаа тоглоомонд өгвөл ирээдүй чамд ядуу амьдрал зовлон бэрхшээлээс өөр юу ч өгөхгүй. Тоглоом нүүр хуудасны цагаа хязгаарлаж чадвал тэр хэмжээгээр том эрдэм болно. Тэгээд илүү гарсан цагаа нэг сонирхосон зүйл олж аваад түүнд зориул тэгээд тэрүүгээрээ өөрийгөө сорь. Дуртай юмтай бол. Сонирходог юмтай бол. Мөнгө дутагдалтай бол зах дээр гараад юмны үнэ судлаад жоохон нааш цааш наймаа хийгээд үз. Боловсролын систем нурж уначихаад чиний хайран цагыг устгаж байхад чи өөрөө өөрийнхөө цагыг дэмий үрж болохгүй шүү. 

Гэр бүлийн талаар. Гэр бүлдээ ялагдаж сур. Би зөв чи буруу гэж битгий зүтгэ битгий батлах гэж оролд. Гэр бүл гэдэг бол 2 хүн биш нэг юм түүн дотор нэг нь ялвал нөгөөдөх нь ялагддаг. Тэгснээр гэр бүлд аз жаргал нэмэгдэхгүй. Ялагдсан тал гомдолтой ялсан тал гэмшилтэй болдог. Тэгснээс өөрөө ялагдаж өгсөн үед ялагдал тийм ч гашуун байдаггүй харин нөгөө талдаа аз жаргал өгдөг. Ялагдал аз жаргал авчирдаг. Тэгээд бие биенийхээ дутагдалыг засах гэж битгий оролд. Хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Бие биенээ ялж дутагдалын чигчэлж хэрүүл хийж насаараа амьдрахуу бие биендээ ялагдаж хүлээн зөвшөөрч жаргалтай насаа элээхүү энэ яг чиний тэгээд нөгөө хүний чинь гарт байгаа. Ямар амьдралаар амьдармаар байна?  Өө нээрээ ханиа сонгохдоо мөнгө харах шиг утгагүй зүйл байхгүй шүү. Мөнгөөр асуудалаа шийдэх бол хамгийн арчаагүй зүйл. Хүн шиг л амьдармаар байвал мөнгөнөөс өөр зүйл олж харах хэрэгтэй.

Нийгэм. Нийгэм бол гэр бүлийн том хувилбар. Бусадын эрх ашигыг хүндэлж чадвал эргээд өөрт ашигтайгаар тусдаг. Харин хувиа бодоод байвал өөрийгөө хохироодог. Замын хөдөлгөөнд орохдоо би л болж байвал болоо гээд уулзвар руу чихэж орж бусадыг гацаах. Жоохон зогсоод  өөр хүнийг явуулчих боломж байхад урдуур нь тээглэж зогсох гэх мэт хувиа бодсон зан гаргаад байвал өөр хүн чамайг яарч явахад чинь яг тэгэх л болно. Бүгд бие биендээ зам тавиад учираа олоод явцгаавал бүгд очих газартаа хурдан очино. Бүгд хувиа бодоод бие биендээ саад болвол бүгд гацаж бухимдана. Нийгэмд амьдарч л байгаа бол бусаддаа боломжтой л бол заавал ялагдаж өг. Тэгснээр чи өөрөө аз жаргалтай болно. Уг нь хууль байгаа бүгд дүрэмээ бариад явбал бүгдэд ашигтай болдогт л хамаг утга учир байдаг зүйл. Хуулийг хүчтэй төр хэргэжүүлж ашиг тусын хүмүүст мэдрүүлж ойлгуулдаг. Манай төр энэ тал дээр маш сул тул өөрсдөө ухамсарлахаас өөр аргагүй. Түүний тулд ялагдаж сурхад л болно амархан байгаа биз. Нэг нь хог хаяж байхад би дутахгүй гээд нэмээд хаях биш ялагдаад тэр хаясан хогыг аваад хогийн сав руу хий. Тэрийг харсан өөр хүн чамайг дагаж хог авч хогийн саванд хийнэ. Ихэнх тэгээд байвал хаядаг хүн ч гэсэн шууд хаяхаа болиод хогийн саванд хийдэг болно. Ядаж хотоо цэвэрхэн байлгавал. Энийг бид ямарч гадны тусламжгүйгээр өөрсдөө чадах ёстой асуудал шүү дээ. Бид энэ дэлхий дээр цөөхүүлээ шүү дээ энэ жижигхэн хот дотроо бие биенээ хайрлаж хүндлээд аятайхан амьдарвал.

Эдийн засаг. Дэлгүүрээр дүүрэн импортын бараа байна гэхээр бидэнд тэр хэмжээгээр боломж байгаа гэсэн үг. Шинээр бизнес нээх боломж зөндөө байна. Өөр хүний хийж байгаа зүйл зах зээлээ хангаж дийлэхгүй байгаа бол тийшээ орж болох байх. Хэрэв хангачихаад байгаа бол заавал түүнтэй зах зээл булаацалдах хэрэггүй өөр боломж хай. Ногоо тарих ашигтай гэнэ, банк бус санхуугийн байгууллага ашигтай гэнэ, байшин барих ашигтай гэнэ гээд бүгд нэг юм дээр шаваарлдахаар бүгд алддаг. Нэг жишээ байдаг тахианы ферм ажиллуулж байгаа хүн будаа цацдаг тэгээд будаатай хувингаа жоохон хол тавьдаг. Будааг нэг тахиа гүйж ирээд хэдийг аваад зугтаадаг бусад тахиа тэр тахианаас булааж авах гэж араас нь хөөдөг... Цаана чинь хувин дүүрэн будаа байхад энэ тахиа гэж ёстой тэнэг юмаа. Гэтэл ухаант хүмүүс бид яг энэ фермийн тахиа шиг тэр мөнгө олоод байна гэнэ гээд л бүгд тийшээ шуурдаг тэгээд бүгд шатдаг. Цаана чинь хувин дүүрэн бизнэс байна. Шинэ юм хийхээ бод. Шинэ бизнес олохоо бод. Эсвэл одоо байгаа бизнесийг шинэчлэхээ бод. Юм бүтээхээ бод. Зөндөө их боломж байна. Одоо байгаа жоохон бизнесийг хоорондоо булаацалдаж битгий хоорондоо зодолд. Манай бизнесийхэн бие биенээ ялах гээд л нэгнийхээ барааг муулаад одоо монголд сайн нэртэй бараа бараг нэг ч алга ийм муухай бизнес юун сайхан юм бол... 

 

За тэгээд эцэст нь хүн жаргалын төлөө амьдардаг амьтан. Жаргалаа яаж тодорхойлохоос бүх зүйл хамаардаг. Зөвхөн мөнгө байгаад жаргана гэвэл бусадын хайр итгэл эсвэл өөрийн эрүүл мэндийг худалдаж авч чадах болуу? Энэ бүхэн аз жаргалд заавал хэрэгтэй болдог. Тэхлээр арай өргөнөөр холуур хар. Дундаж наслалт 70-80 нас хүрч байна. Энэ урт хугацааг туулаад насны эцэсээ бахархаж өнгөрөөмөөр байвал бусадын итгэл хайрыг даасан хүн болох л бидний гол зорилго болуудаа. Түүний төлөө заавал олимпийн аварга болох хэрэггүй. Будагчин болоод чинь сэтгэлээсээ сайхан будчихаад тэрийгээ хараад бахархаад явахад л аз жаргал ойрхон шүү дээ.

Монголчуудын сүмогийн түүх хэрхэн эхэлсэн бэ?

О.Хонгорзул 9 сарын өмнө

Японы хүн ам 127 сая орчим.
Үндэсний спорт нь 1500 жилийн түүхтэй сүмо.
Мэргэжлийн сүмод энэ сарын байдлаар 12 орны нийт 629 бөх хүч сорьж байна.
Тэднээс 23 нь монгол хүү.
Гурав нь Ёкозүна.
Нэг нь сүмогийн түүхэнд урд хожид үзэгдэж байгаагүй олон олон амжилтыг гаргасан, өдийг болтол хэний ч яваагүй замаар өөрийн мөрөө гаргаж яваа Хэйсэйгийн их Ёкозүна.

Монгол хөвгүүн японы сүмод амжилттай барилдах нь наанадаж хувь хүний амьдрал ахуй, цаанадаж хоёр орны харилцаанд туйлын ач холбогдолтой. Тухайлбал, монгол гэдэг нэрийг сүмогоос өөр зүйлээр, жишээлбэл, телевизийн зар сурталчилгаагаар дамжуулж япончуудад ингэтэл нь танил дотно болгоё гэвэл лав асар их хөрөнгө мөнгө орох байсан биз.

Тэгвэл монголчуудын сүмогийн түүх яаж эхэлсэн юм бол? Хэн гэдэг хүнийн толгойд ”за, энэ монгол хүүхдүүдийг японд аваачиж барилдуулъя” гэдэг санаа анх орж ирсэн юм бол?

Монгол хөвгүүд мэргэжлийн сүмод орохоор японд анх хөл тавьсан нь одоогоос яг 25 жилийн өмнө. 1992 оны 2 сарын 22-нд ”анхны зургаа” маань японд бууж байж. Хүнд хэцүү бэлтгэл, соёлын ялгаа зэрэг бэрхшээлээс шалтгаалаад гурав нь удалгүй нутаг буцсан ч, Б.Энхбат, Н.Цэвэгням, Д.Батбаяр гурав үргэлжлүүлэн барилдаж ”монгол сүмочдын замнал”-ыг маш амжилттайгаар эхлүүлсэн гэдгийг бид сайн мэднэ.

Харин хэн бүхний сайн мэдэхгүй нэг чухал үйл явдал үүнээс яг 10 жилийн өмнө болжээ.

1982 оны 5 сарын 19-ний өдөр. Монгол, Япон хоёр улс хоёр өөр дэглэмд харьяалагдан, жирийн иргэд төдийлөн чөлөөтэй ирж очиж чаддаггүй байсан энэ үед Токиогийн сүмогийн ордонд хоёр монгол хүн барилдаан үзэж суусан нь тухайн үеийн МАХН-ын Төв Хорооны Гадаад Харилцааны хэлтсийн эрхлэгч Ц.Балхаажав, элчин сайдын яамны ажилтан С.Хүрэлбаатар нар байв. Ц.Балхаажав гуай цөмийн зэвсгийн эсрэг олон улсын зөвлөгөөнд оролцохоор Токиод очоод байсан бөгөөд орчуулагчийг нь хийж байсан Ц.Хүрэлбаатар гуайн хамт хурлынхаа завсар чөлөөгөөр японы соёл уламжлалтай танилцаж явсан нь тэр аж.
”...Япон Монголын найрамдлын сайн дурын нийгэмлэгийн тэргүүн Т.Янагисава гуай надад анхаарал тавин хандаж... сүмо бөхийн барилдааныг үзүүлэв. Сүмо бөх үзэх үед жаахан зайд япон хүн шиг удтал сөхрөн сууж чадахгүй, хөлөө чөлөөтэй жийх газар байхгүй яггүй зүдэрч билээ.” (Ц.Балхаажав гуайн тэмдэглэлээс)
Япон ч гэсэн монголтой нэгэн адил үндэсний бөхтэй, тэр нь их сонирхолтой барилдаантай гэдгийг өөрийн нүдээр үзэж, олзуурхсан Ц.Балхаажав гуай завсарлагаанаар тухайн үед ид байсан Чиёнофүжи аваргатай хамт зургаа авахуулаад ч амжиж гэнэ.
Ингээд орой нь японы парламентын гишүүн Үэда Такүми зэрэг япон хүмүүстэй хамт хоолонд оржээ. Энэ үеэр монголын тал ”монгол хүн сүмогоор сайн барилдаж чадна даа, энд ер нь ирж барилдаж болох болов уу” гэсэнд Үэда гишүүн ”хэрэгжүүлж болох сайхан санаа байна” хэмээж, хоёр тал энэ санааг ажил хэрэг болгохоор гар барин тохиролцжээ.
Ц.Балхаажав гуай монголд буцаж ирээд намын нөхөд зэрэгтээ энэ талаар ярьж танилцуулж байсан ба Т.Үэда гишүүн бараг жил болгон монголыг зорин ирж хөөцөлдөж байсан байна. Ингээд уг асуудал яван явсаар Монгол улс ардчилалын замд орсны дараа сая нэг биелэлээ олж, 1992 онд анхны зургаа маань японыг зорьжээ.

Дашрамд дурьдахад, 92 оны өвөл Үэда гуай Оошима дэвжээний Оошима багшийг дагуулж ирэн 160-аад монгол хүүхдийг барилдуулж зургааг нь сонгож авсан бөгөөд тухайн үед М.Даваажаргал аваргын аав Ж.Мөнхбат аварга хүүхдүүдийг цуглуулж, барилдааныг зохион байгуулж байжээ.

Уг түүхийг доктор, профессор, хүн судлаач, өдгөө 89 нас сүүдэр зооглож байгаа Ц.Балхаажав гуайгаас өөрөөс нь, мөн Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд С.Хүрэлбаатараас биечлэн сонссон бөгөөд Ц.Балхаажав гуайгаас ”Та тэр үед яагаад монголчуудыг японд барилдуулъя гэж бодсон юм бэ” гэж асуухад ”Жирийн иргэд нь ойртон нөхөрлөж байж л хоёр орны харилцан өргөжин батжина. Тухайн үед тэгтлээ гүнзгий бодолгүй энэ үйл явдлыг эхлүүлсэн ч одоо ингээд хоёр орон маань найрсаг сайхан харьцаатай, монгол залуус маань амжилттай сайхан барилдаад явж байхыг хараад бахархах сэтгэл төрдөг” гэж байсан юм.

Сүүлчийн бодол

Б.Буяндэлгэр 9 сарын өмнө

Анир чимээгүй... хав харанхуй. Хэдэн алхамын цаана хэсэг хүмүүс жиг жуг хийнэ. Яаж ч хичээсэн нүдээ нээж чадахгүйнээ, зөвхөн чихэнд л сонсогдоно. Биеэ ч хөдөлгөж үл дийлнэ. Өөрийгөө чагнаж хэсэг хүлээв. Байз зүрх минь цохилохгүй байх чинь... судсаар минь лугших цусны чимээ ч алга. Арай би...

Энэ тэнд хүмүүс уйлах сонсогдоно. Гэхдээ нэг их биш. Биеэ дахин хөдөлгөх гэж оролдоно, гэвч дахиад л болсонгүй. Ядаж нүдээ нээх юмсан... хүлээгээрэй... би амьсгалахгүй байх чинь. Гэхдээ ухаан минь зүгээр байгаа бололтой. Үгүй ээ яаж ухаан минь зүгээр байх билээ. БИ ҮХЧИХСЭН БАЙНА...

Гэхдээ яагаад? Яаж?

Эргэн тойронд хүмүүс нэмэгдэхийг би мэдэрч байна. Нүдээ нээхийг оролдоно. Чадахгүйнээ, ядаж сүүлчийн удаа нээгдээд өгөөчдээ гуйж байна. Би хармаар байна. Гэрэл! Гэрэл гарч байна! Аажим аажимаар тодрох гэрэл! Би тэнгэр харж байна. Бас үүл, шувууд. Гэхдээ би нүдээ нээсэн гэж үү? Бүх зүйл өмнөхөөс тэс өөр өнгөтэй. Би нүдээрээ харахгүй байх шиг байна. Гэхдээ би яаж хараад байнаа. Ямар ч байсан би сүүлчийн удаа бүх зүйлийг харж байгаа байх. Тиймээ миний бодсон зөв байна Би үхчихэж. Авсан дотор хэвтэж байна. Ганцаархнаа. Хэнтэйгээ ч авсан дотор хэвтэх билээ дээ. Одоо зүгээр л юу болохыг хүлээх л үлдэж байна. Гэхдээ яаж үхэв? Юу болсон юм болоо? Хамгийн сүүлд... хамгийн сүүлд би хаана юу хийж байснаа огт санахгүй байх чинь. Тэр ч одоо надад хамаагүй болсон биз. Тэртээ тэргүй би үхчихэж. Дахиж алхаж гишгиж, амьсгалж, инээж, уйлж чадахгүй болсон. Харамсалтай л юм. Миний гэр бүл ирсэн л байхдаа... тэднийгээ харах юмсан. Чшшш хүн ирж байна.

Найз нар минь миний дээрээс өнгийнө. Зарим нь уйлж, зарим нь зүгээр л зогсоно. Бодвол намайг сүүлчийн удаа харах гэж буй бололтой. Баяртай найзууд минь. Би ч яахав ингээд үүрд энд хэвтэнэ. Та нар харин энэ хорвоог үргэлжлүүлэх нь дээ. Сүүлчийн удаа нэг нэгээр чинь сайн хараад авъя байз. Ямар гунигтай, уйтгартай царайнууд харагдана вэ... Нэг нэгээрээ холдоцгоож байна. Хамгийн сүүлд нэг нь үлдэнэ. Гунигтай царай нь гэнэт өөрчлөгдөнө. Надруу тонгойж чихэнд минь минь үг шивнэж байна. “баяртай”

Ер бусын амар амгалан намайг нөмөрчээ. Сэтгэл хөдлөл бас үхдэг л юм байхдаа. Таних танхгүй олон хүн ирж харчихаад л буцна. Бодвол салах ёс л хийж байгаа бололтой. Ирээд л буцаад л. Үхэлийн тухай нэгэнтээ бодож байсан минь толгойнд бууна. Яагаад би үхэлийг тийм аймшигтайгаар бодож байсан юм болоо. Шал өөр юм. Амар амгалан, санаа зовох юмгүй, ингээд маш урт хугацааны амралтаа авч байгаа мэт л... энэ махан биенд баригдахгүй, зөвхөн хэмжээ хязгааргүй бодож сэтгэнэ. Бага багаар таалагдаж эхлэх шиг... миний үнэтэй машин, гоёмсог хослол, хэд хэдэн өрөө байр орон сууц ч хэрэггүй. Үхсэн биеийг минь багтаах жижиг дөрвөлжин хайрцаг л хэрэгтэй болно гэж бодож явсангүй шүү. Хүн намайг юу гэж бодох, хүнд би ямар харагдах надад одоо ямар ч хамаагүй боллоо. Мэдээ орсоноос хойших мэдэрсэн хамгийн гайхалтай эрх чөлөөт мэдрэмж...

Гэр бүлийнхэн минь миний дээрээс харна. Өмнө хаана ч харж байгаагүй уйтгар гуниг харагдана. Тэд нарыгаа ямар их өрөвдөж байна гээч. Би ч яахав ингээд дуусна. Тэд нар минь энэ хорвоогийн сайн муу худал хуурмаг дунд зовж шаналж баярлаж гуниглаж өдөр хоногийг өнгөрөөх болох нь дээ. Амьд байхдаа амьдралд ямар их хайртай байснаа бодоод инээд ч хүрэх шиг... эсвэл одоо нэгэнт өнгөрсөн болохоор хорогдохгүй байж ч болох юм. Хүү минь хамгийн сүүлд хоцров. Гарт минь хүрч байх шиг... Даанч юу ч мэдрэхгүй байгаа нь харамсалтай юм. Амьдар даа миний хүү. Аз жаргалтай амьдраарай.

Ингээд бүх хүн дууссан бололтой. Жижигхэн шинэ бөгөөд үүрдийн оромжны маань тагийг хааж байна. Харанхуй болохтой зэрэгцэн өнөөх амар амгалан намайг нөмрөн авлаа. Жижигхэн цоорхойгоор энэ тэндээс гэрэл тусна. Дээрээс минь шороо асгаж буй бололтой ширхэг ширхэгээр дуу нь сонсогдоно. Аажим аажмаар гэрэл бүдгэрнэ. Дээрээс унаж буй шорооны дуу ч цаашилна. Эцэст нь ямар ч гэрэлгүй хав харанхуй, анир чимээгүй. Амар амгалан...


Биед хуримтдагдсан хог буюу Үрэвсэлийг дарах арга

A.Aaima 11 сарын өмнө

Та бүхэндээ өдөр тутам хэрэг болох час хийсэн зөвөлгөөг хүргэж байна.

Өнөөдөр бидний бие махбодид амархан хуримтлагддаг үрэвсэлийг дарах аргаас хуваалцахад бэлэн боллоо. Үрэвсэл бол өвчиний эх үүсвэр болдог бөгөөд биеийн лдотор хаа сайгүй тэнүүчилж байдаг. Үрэвсэл яс руу довтолвол үе мөчний өвчин, мэдрэлийн тогтолцоо руу довтолвол депресс болон зөнөх өвчин, дотор эрхтэн рүү довтолвол хорт хавдар үүсгэнэ. Тиймээс архаг өвчтэй хүний үрэвсэлийг дарах арга хэмжээ авбал эрүүл мэнд нь сайжирдаг байна. Тэгвэл бидний биед үрэвсэл байгаа болов уу? Хэрэв үрэвсэлтэй байвал бие дотор хамгаалж буй эд эсүүд хүчтэй хөдөлгөөнд орж эсэргүүцэж эхэлдэг байна. Үүнд цусны цагаан бөөм болон тунгалагийн эд нь юун түрүүнд эсэргүүцэж эхэлнэ. Цаашлаад биеийн эсэргүүцэл суларвал үрэвсэл даамжирдаг бөгөөд энэ үед эмчид хандах нь зүйтэй. Иймээс та бүхэнд гэрийн нөхцөлд өөрийн биеийг оношлох 11 төрлийн аргаас танилцуулж байна.

  1. Биеийн жин буурч үргэлж чихэрлэг зүйл идэхийг хүсэх бөгөөд амархан өлсөх
  2. Хумс амархан хугарч, үс өнгөө алдах
  3. Ердийн үед хоолны шингэц муудаж, өтгөн хатах
  4. Унтах цаг уртсан хангалттай нойр авсан хэдий ч биед хүнд байх
  5. Өмнөх үетэй харицуулвал анхаарал төвлөрөх чадвар муудах
  6. Тамир тэнхээгүй болж өөрийгөө эрүүл бус хэмээн бодох
  7. Толгой өвдөн үргэлж ядрах
  8. Арьс хуурайших
  9. Хамрын үрэвсэл болон багтраа өвчинөөр өвчлөх
  10. Шүд болон буйл үрэвсэх
  11. Даралт ихсэх болон чихрийн шижин өвчнөөр өвчлөх

Дээр дурьдсан 11 шинж тэмдгээс 4-өөс дээш шинж тэмдэг илэрч байвал таны бие үрэвсэлтэй буйгийн шинж. Тэгвэл та бүхэнд үрэвсэлийг дарах гурван төрлийн аргаас хуваалцъя.

  1. Судасны үрэвсэлийг дарах П витаминийг хэрэглээрэй. П витамин нь төрөл бүрийн жимсны хальсанд ихээр агуулагдсан байдаг бөгөөд биофламинид, фитохэмик хэмээх жимс ногооны будагч бодисонд их агуулагдана. Тиймээс бидний биен дахь үрэвсэлийг дарахын тулд жимс ногооны шим тэжээл чухал үүрэгтэй бөгөөд хальстай нь хамт идэж хэрэглэх нь ач тустай. П витамин дутагдвал цусан хангамж алдагдах, бие амархан хөх няц болох, дархлаа сулран судасны аливаа өвчинөөр амарха өвчилнө. П витамин ихээр агуулагдсан жимс ногоо нь амтат жүрж, бирсүүт жүрж, мандарины хальс, алимны хальс, усан үзэмны хальс, сонгины хальс зэрэг болно. Амтат жүрж, бирсүүт жүрж, мандарины хальс нь геспиридин бодисоор баялаг ба мандарин доторх цагаан хальс нь ач тустай. Ц витаминтай хамт хэрэглэвэл коллеген үүсгэх төдийгүй биед сайн бөгөөд түүнчлэн хальстай нь хамт хийсэн бирсүүт жүржийн шүүс нь зүрх судасны эргэлтэнд тустай төдийгүй судасыг уян хатан болгодог байна. Тиймээс дунд насныхан амтат жүржны шүүсийг хэрэглэх тун ач тустай. Амтат жүрж нь амьсгалыг хэвийн байлгаж мөгөөрсөн хоолойн үрэвсэл зэрэг амьсгалын замын өвчинд сайн нөлөөтэй. Цаашлаад алимны хальс нь бөөрний өвчнөөс урьдчилан сэргийлэх бөгөөд утаслаг эд эсээр баялаг байна. Тийм ч учираас идэвхитэй хүчил төрөгчийг гадагшлуулах үр дүнтэйгээс гадна хөгшрөлтийг удаашруулах үйлчилгээтэй. Алимны хальс нь жимснээсээ 7 дахин илүү ач тустай. Пектин бодис агуулагдсан тул холемтринийг биед шингэхээс зайлуулж хүнд металыг гадагшлуулж өгдөг. Өдөр тутас алимыг идэж хэрэглэснээр бодисын солилцооны хам шинж (metabolic syndrome –бие даасан өвчин биш эмнэл зүйн бүлэг шинжүүд юм. Эдгээр шинжүүдэд таргалалт, цусны даралт ихсэх, цусны глюкок ихсэлт, цусан дахь триглицеридийн хэмжээ их байх зэрэг орно. Тус шинжүүд хавсарснаар чихрийн шижин хэв шинж-2 зүрхний өвчин үүсч буй болох эрсдэлийг нэмэгдүүлнэ) өвчинийг 20% бууруулж өгдөг. Усан үзэмний хальс нь судасан дахь хорийг гадагшлуулж өгөх ба хорт хавдраас урьдчилан сэргийлнэ. бөөрний өвчин мөн артерийн судас хатуурлаас сэргийлж өгөх бөгөөд цус бүлэгнэлийг хааж өгнө. Тиймээс усан үзэмний шүүс болон усан үзэмний дарс уувал биед сайн. Дараагаар нь сонгины хальс нь зүрх судасны өвчинд тустай ба суу хлострин бөөгнөрөхөөс сэргийлнэ. Артерийн судасны хатуурал болон таргалалт зэрэгт ач тустай. Нил ягаан сонгинод биофламинид ихээр орсон байдаг. Дээр дурдсан жимс ногооны хальсыг өдөр тутам хэрэглэх хэрэгтэй бөгөөд п витаминийг омега 3тай хамтад нь хэрэглэвэл илүү ач тустай юм.
  2. Ясны үрэвсэлийг дарах д витаминийг хэрэглээрэй. Д витамин дутагдах нь үрэвсэлийг сайтар дарж чадахгүйгээс гадна сүүлийн үед хөхний хорт хавдар, бүдүүн гэдэсний хорт хавдар нэмэгдэж буй шалтгаан ч гэсэн д витамин дутагдсанаас үүдэлтэй. Бидний биемахбодид хэрэгтэй д витаминийг нарны гэрэлд 10 минут орчим ил биеэ шархад хангалттай авч чаддаг ч яагаад ийнхүү дутагддаг юм бол? Юутай ч дутагдаж байгаа бол хоол хүнсээр дамжуулан эргэн нөхөж авах хэрэгтэй билээ. Яргай загас болон мөөгөнд их агуулагдсан байдаг ба яргай загас нь мөн омега 3аар баялаг байна. Ханаагүй өөх тосны хүчил болох EPA агуулагдах учир үе мөчний үрэвсэлд тустай. Мөн хатаасан мөөг нь шинэ мөөгнөөс 30 дахин илүү байдаг тул та бүхэн хоол хүнсэндээ хатаасан мөөгийг хэрэглэж заншаарай.
  3. Дархлааг дэмжих Ц витаминийг хэрэглээрэй. Дархлааний эсийг дэмжихээс гадна арьсыг толигор сайхан болгож өгдөг ц витаминаас шим тэжээл авах хэрэгтэй. Ц витамин ихээр агуулагдсан хоол хүнс нь төрөл бүрийн жимс ногоо, түүнчлэн цэцэгт байцаа, улаан чинжүү, шинэ ургацын халуун чинжүү, киви зэрэг орно.

Ийнхүү дурдахад бидний биеийн үрэвсэлийг дарах гурван арга нь п, д, ц витаминийг ихээр хэрэглэх юм. Үүнээс гадна өдөр тутмын амьдралын хэв маягаа өөрчлөх нь чухал бөгөөд иддэг зүйл, бодол, өдөр тутмын хэвшилээ өөрчилвөл үрэвсэлийн хэмжээ буурна. Түүнчлэн тогтмол дасгал хийх сайн унтаж амрах нь чухал билээ. Дасгал хөдөлгөөнийг зөв хийх тусам, сайн унтаж амрах тусам мөн үрэвсэл дарагдах юм. Мөн тамхинаас гарах нь эрүүл мэндэд тус нэмэр болохоос гадна өдөр тутам ногоон цай уух нь сайн. Ногоон цайнд п витамин агуулагдсан байдаг.

Өнөөдөр та бүхэнд үрэвсэл дарах алтан зөвлөмжөөс хүргэлээ.


Компьютерийн хараа (Computer Vision)

Erkhemee 11 сарын өмнө

Гарааны бизнес, технологийн ертөнц, энтрепрёнершип гэсэн үгс сүүлийн үед их таарч байгаа байх. Энэ тухай мэдээлэл дундаас дараах хэдэн мэдээг онцловол,

- Украйны Looksery царай таних, нүүр хувиргах технологийн гарааны компанийг гэрэл зураг хуваалцах Snapchat компани өнгөрсөн онд худалдан авчээ. Уг арилжаа Украины түүхэнд хамгийн том технологийн наймаа болжээ.

- Беларусын Masquerade буюу MSQRD нүүр хувиргадаг хамгийн эрэлттэй аппыг Фэйсбүүк худалдаж авчээ. Минск хотод болсон Hackathon тэмцээнд компьютерийн программист гурван залуусын 48 цагийн дотор хийж аппын анхны загвараа хийж, улмаар хөрөнгө оруулагчдаас 1 сая ам. долларыг татаж авсанаар уг гарааны компаниа эхлүүлсэн байна.

Эдгээр гарааны компаниудыг 150 сая орчим ам. доллараар авсан байна, гэхдээ гол нь эдгээр шинэлэг, гоё аппуудын цаадах технологийг нь илүү сонирхоё.

Технологи, шинжлэх ухаан хоёрыг нэг зоосны хоёр тал гэх нь бий. Тиймээс зоосны сүлдтэй тал буюу компьютерийн шинжлэх ухаан, бүр нарийвчлавал компьютерийн хараа (computer vision, товчоор CV), тэр дундаа нүүр царайг таних (facial recognition) алгоритмуудтай товч танилцая.

Цааш унших бол эндээс (учир нь тус сайтад зураг, линк оруулж болохгүй байгаа тул) : 

http://erkhemee.blogspot.com/2016/11/computer-vision.html


СОНГУУЛЬТАЙ, ХЯМРАЛТАЙ 2016

Xacap 11 сарын өмнө

Артур Мелкин Окун хэмээх Америкийн эдийн засагч “Гуйранчлалын Индекс” хэмээх эдийн засгийн индикатор гаргажээ. Энэ индикаторт үндэслэн дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслийн нэг болох “Business Insider” вэб сайтын зүгээс улс орнуудын  ажилгүйдлийн түвшин болон инфляцийн өсөлтөд үндэслэн хамгийн ихээр гуйранчилсан 16 улс орны жагсаалтыг гаргахад Монгол улс сүүл мушгин  14-р байрыг эзэлж гуйранчлалын хувьд чамгүй амжилтыг үзүүлсэн аж.

Эдийн засгийн өсөлт, хөгжлөөр нь улс орнуудыг эрэмбэлдэг жагсаалтад төдийлөн өндөрт бичигдээд байдаггүй юм гэхэд гуйранчлалаар нь ангилахад сүүл мушгиж байна гэдэг бол бидний хувьд томоохон эмгэнэл юм. Тэдний тооцсон аргачлаар манай улсын ХҮИ-ийн инфляцийн түвшин 12.6 хувьд хүрч, ажилгүйдэл 8.8 хувьтай байгаа бөгөөд ийм учраас “Гуйранчлалын индекс” хэмээгчийн хувьд 21.6 хувьтайгаар сүүлээсээ 3-р байрыг эзэлсэн байна.

Ерөөс сүүлийн үед олон улсын томоохон нэр хүндтэй санхүү, эдийн засгийн судалгааны хүрээлэн, институти, байгууллагуудаас гаргасан үнэлгээгээр Монгол улс тал бүрийн үзүүлэлтээр сүүл мушгих болсон аж. Англи улсад төвтэй “Jubilee debt campaign” хэмээх ТББ-ын зүгээс гадаад өрийн бүрэн хамааралд орсон 9 орныг нэрлэхэд манай улс бас багтаж байх жишээтэйг эдийн засагч Д.Жаргалсайхан саяхан нэг нийтлэлдээ дурдсан байсан.

Үүссэн нөхцөл байдал бол ойлгомжтой. Дан ганц салбараас хамаардаг эдийн засаг дэлхийн уул уурхайн түүхий эдийн үнийн уналттай зэрэгцээд навс доошилсон. Дээрээс нь популизмд живсэн Монголын улс төр засаглалын хямралд автаад шийдвэр гаргаж чадахаа байсан төдийгүй гаргасан шийдвэр болгоноо няцааж, орж ирсэн мөнгөний суваг бүхнээ тасалчихсан. Гэсэн мөртлөө дааж давахын аргагүй их өрөнд бас баригдсан. Таван жилийн өмнөх 17.2 хувийн өсөлтөөсөө 5 дахин агшсан байдалтай дараа жилийг угтах төлөвтэй. Болж буй нөхцөл байдлаас гарах арга зам байна уу ? Бусад салбар маань эдийн засгийн хувьд биднийг торгоох боломжит хувилбар болж чадах уу ?

2016 онд Монгол Улсад УИХ-ын сонгууль болж засаг өөрчлөгдөнө. Монгол заншлаараа сонгуулийн үеэр эдийн засгаа нураах үйл явц нь давтагдахгүй гэх газаргүй. Хүн төрөлхтөн энх тайван, эв нэгдлийн их баяр цэнгэлт наадам болох “Зуны XXXI-р Олимп”-ийг тэмдэглэж байх үед ажилгүй, орлогогүй болсон Монголчууд болж буй “Их хямрал”-д хэн нэгнийг буруутгаад сууж байх дүр зурагтай байна гэхээс яс хавталзаж байна.

ГАДААД ХҮЧИН ЗҮЙЛС

Дээр дурдсанаар манай эдийн засаг дан ганц салбараас хамааралтай буюу “Уул уурхайн эдийн” засаг гэдэг бол зайлшгүй үнэн. Мөн үүнээс гадна тэрхүү салбар нь бас ганцхан зах зээлээс хамааралтай. Зөвхөн Хятадад л бараа бүтээгдэхүүн нийлүүлдэг. Иймээс Хятадын эдийн засгийн өсөлт, бууралтыг бид зайлшгүй анзаарч ажиглахаас өөр аргагүй. 2000 оноос хойш дэлхий дээрх уул уурхайн гаралтай түүхий эд, бараа бүтээгдэхүүний үнэ огцом дээшилсэн. Судлаачид  энэ үйл явцыг “Үнийн өсөлтийн супер цикл” хэмээн нэрлэсэн бөгөөд энэ нь өнгөрсөн 150 жилд дэлхий дахинд тохиолдсон 4 дэх томоохон “супер цикл” хэмээгдэх ажээ. Энэхүү “супер цикл” тохиосон 2002-2012 оны хугацаанд ерөөс өргөн хэрэглээний бараа болон түүнийг бүрдүүлэгч түүхий эдийн үнэ огцом нэмэгдсэн бөгөөд  үүний голлох шалтгаан нь шинэ тутам эдийн засгийн хувьд хүчирхэгжсэн Хятад, Энэтхэгийн хэрэглээний өсөлтөөс шалтгаалсан хэмээдэг.

Хятад, Энэтхэгийн хувьд дээрх жилүүдэд эдийн засгийн өсөлт дунджаар 6 хувь байсан нь өнгөрсөн 40 жилийн хугацаан дахь дэлхийд хамгийн их эдийн засгийн өсөлтийг үзүүлсэн 10 жил байсан ажээ. 2014 оны байдлаар энэ хоёр томоохон зах зээл нь дэлхийн нийт хүн амын 1/3-ийг хамарсан, дэлхийн нийт ДНБ-ийн 1/6-ийг дангаар үйлдвэрлэж буй аж. Иймээс Монгол улсын эдийн засаг үүнийг дагаад сүүлийн 10-аад жилийн туршид 10 дахин тэлсэн байж. Дэлхийн банкны гаргасан судалгаагаар Монгол, Лаос зэрэг орнууд нь Хятадын эдийн засгийн өсөлт, бууралтаас шууд хамааралтай улсууд ажээ. 2011 оноос эхлэн цахилж явсан Хятадын эдийн засгийн өсөлт саарч эхэллээ. Дагаад дэлхийн зах зээл дээрх манай улсаас нийлүүлдэг гол түүхий эдүүдийн ханш жигдхэн уналаа.

Өнгөрсөн 30-аад жилийн турш өсөлттэй байсан Хятад гүрэн эдийн засгийн бодлогоо өөрчлөхөөр шийдлээ. “Түүхий эд худалдан авагч улс” хэмээх статусаа өөрчилж дотоодын нөөц бололцоонд тулгуурласан технологи, инновацид суурилсан өндөр үнэтэй үйлдвэрлэл эрхэлж, иргэдээ орлогожуулж “хэрэглэгч” улс болохоор ханцуй шамлалаа. Иймээс дэлхийн зах зээлээс худалдаж авдаг байсан түүхий эдийн хэмжээг жил дараалан огцом бууруулахаар болсон байна.

  Үүнээс шалтгаалан Монголд орж ирэх гадаадын хөрөнгө оруулагчдад манай улсад ажиллаж, ашиг хийх явдал тун эргэлзээтэй байдалд орсноос дагаад сонирхол нь огцом буурч байна. Нэрмээс болж “баялаг тойрсон популизм” хэт газар авсанаас орж ирсэн хөрөнгө оруулагчдаа хөөж туусаар Монгол орон дэлхийд нэр нүүргүй болсон.Иймд цаашдаа Монголын эдийн засаг дан ганц уул уурхайд суурилж, түүгээрээ бусад салбараа тэтгэдэг байсан нөхцөл байдал боломжгүй болж байх шиг. Эдийн засгийн “Алтан боломж”-ыг бид нэгэнт ашиглаж чадсангүй.

БУСАД ГОЛЛОХ САЛБАРУУД

Уул уурхай унахтай зэрэгцээд дордохын долоо болж салбар бүхэн уналтад оров.Нийт эдийн засгийн өсөлт 4.4 хувьд хүрчээ. Өмнөх цаг үеүдэд их хэмжээний мөнгө цутган орж ирэхтэй холбоотой Монголын эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг болсон барилгын салбар юун түрүүн эрс уналтанд орлоо.  Барилгын салбарт ойролцоогоор 2.8 их наяд төгрөг эргэлдэж, нийт эдийн засгийн 25 хувийг дангаараа бүрдүүлдэг хэмээн судлаачид тооцдог. 2014 онд 30 мянга гаруй орон сууц ашиглалтанд орсон бол энэ онд 25 мянга болон тоо хэмжээ нь багаслаа. Орон сууцнууд борлогдохоо байлаа. Гадаад хөрөнгө оруулалт багассанаас үүдэлтэй оффисын сүрлэг байшингуудыг түрээслэх хүн байхгүй боллоо. Ерөнхийдөө салбарын уналтыг торгоохоор төрийн зүгээс элдэв арга хэрэгсэл хэрэглэх тухай ярьж хэлж байгаа ч санхүүжилтийн асуудлыг бүрэн гүйцэд зохицуулах учраа өдий хүртэл олсонгүй. Үл хөдлөх хөрөнгийн зуучлалын “Тэнхлэг зууч”ХХК-ийн өнгөрсөн наймдугаар сард явуулсан судалгаагаар орон сууцны үнийн индекс 11.7 хувьтай буюу оны эхэн үеэс 6.05 хувь, өнгөрсөн оны мөн үеэс 10.08 хувиар буурчээ. Үүнийг эдийн засагчид тайлбарлахдаа хүмүүс орлогогүй болсоноос шалтгаалж, орон сууц худалдан авахаа байсантай холбож байна. Барилгын салбарын уналт нэгэнт эрчээ авч эхэлж буй тул үүнээс шалтгаалан энэ салбараас ажил, амьдарлаа залгуулдаг олон иргэд цаашид гудамжинд гарах эрсдэл үүсээд байна.

Монголчуудын хэрэглээ ямар түвшинд явна вэ ? Гадаад худалдааны статистикаас харвал нийт эргэлт нь 5.021.7 сая ам.долларын хэмжээнд байгаа аж. Долдугаар сарын байдлаар энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 17.5 хувь буюу 1.066.9 саяар буурсан байна. Үүнд экспорт 127.6 саяар, импорт 939.2 саяар буурч бараг тэрбум шахуу ам.долларын бараа бүтээгдэхүүнийг бид худалдаж авч чадаагүй нь орлого хэрхэн багассаныг харуулж буй гол үзүүлэлт яах аргагүй мөн билээ. Гадаад худалдааны нийт тэнцэл 604 сая ам.долларын ашигтай гарчээ. Сүүлийн жилүүдэд тогтмол алдагдалтай гарсан тэнцэл ашигтай гарсан нь  импорт багассанаас үүдэлтэй болохоос эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирснаас болоогүй нь нүдэнд илт аж. Гадаад худалдаа ашигтай гарсан нь төгрөг болон ам.долларын ханшийн зөрүүнд илт нөлөөлж байгаа боловч нэгэнт гадаад валютын нөөцөө барж байгаа манай улсад долларын ханш буурах байтугай 2000 төгрөгт хүрч түүхэн рекорд эвдлээ. Хэрэв гадаад импорт хумигдаагүй байсан аваас энэ тоо хаа хавьцаа явж байхыг таамаглахад бэрх аж. Валютын нөөц багассанаас шалтгаалан Монголбанк мөнгөний нэлээд хатуу бодлого баримталснаар банк санхүүгийн байгууллагын зүгээс зээл олгох нь багасаж санхүүгийн салбар ч доголдолд оржээ.

Муу дээр муухай гэгчээр ойрын хэдэн жилд тохиолдоогүй ган гачиг өнгөрсөн зун манай улс оронд тохиолдлоо. Манай улсын ДНБ-ийн 12.2 хувийг дангаар эзэлж, нийт ажиллах хүчний 28.6 хувийг бүрдүүлдэг ХАА-н салбар энэ жил уналтанд ороод эхэллээ. Ургац хураалт өнгөрсөн оны есдүгээр сарын нэгний байдлаар төмс 16.6 мянган тн, бусад хүнсний ногоо 12.6 мян тн байсан бол энэ жилд төмс 6.3 мян тн, хүнсний бусад ногоо 10.4 мян тн болж огцом буурчээ. Нийт ургацынхаа 40 хувийг алдсан учир гадаадаас импортлохоос өөр аргагүй болж байгаа аж. МАА-н үйл ажиллагааг голчлон дэмжих хадлан тэжээлийн хувьд өнгөрсөн онд 495.5 мян тн байснаас энэ жил 302.2 мян тн болон буурчээ. Өвөлжилтийн бэлтгэл хангагдаагүй байгаа учир ирэх өвөл хүндрэхээр нөхцөл байдал үүссэн байна.

Гэтэл 70 гаруй сая толгой малаас 126.3 мян тн буюу 10 саяыг нь экспортолсноор 1 тэрбум ам.доллар олох тухай Засгийн газрын зүгээс яриад эхэллээ. Манай улсын нөхцөл байдалд энэ нь тохирох эсэхийг одоогоор хэн ч дорвитой судалсан зүйл алга. Зах зээл дээр махны хомсдол үүсгэж, махны үнийг тэнгэрт хадаах шийдэл юм биш биз ?

Эдийн засаг өөрөө салбар бүр өөр хоорондоо харилцан хамааралтай, гинжин урвал маягаар явагддаг  түвэгтэй тогтолцоо учраас үндсэн салбарын уналт бусад салбараа чирж буйг дээрх үйл явцууд нотолж байна.

СОНГУУЛЬ

Өнгөрсөн хугацаанд болж өнгөрсөн үйл явдлуудыг ажиглах ахул хямралд хүргэсэн гол шалтгааны нэгээр яах аргагүй “’популизм” тодрох болно. Эргээд мөн хямралаас шалтгаалан “популизм” бүр ч гаардаг нь дэлхийн түүхээр нотлогдсон жишээ аж. Ингээд шалтгаан, үр дагаварын аль аль нь болсон популизм эцэстээ тухайн улсыг бүрэн дампууруулдаг. Манай улс энэ замаар замнахаар хэдийнээ зэхчихээд байгааг өдгөө цаг үеийн улс төрийн нөхцөл байдлаас харахад ойлгогдоно.

Сонгууль ойртох хэрээр ард түмэнд таалагдах гэсэн улс төрчдийн тоглолт эрчээ авч, сонгуулийн сурталчилгааны бэлтгэл ажил хэдийнээ эхэлжээ.  Хүн болгоны ходоодыг цатгах амлалтыг өгөх “Монгол Сонгууль” реалити шоу яг одоогийн байдлаар “Ипотекийн зээлийг өршөөлд хамруулах”, “Тавантолгойг ард түмэндээ буцаан олгох” санаачлагуудаар эхээ аван хурдаллаа. Дээрх санаачлагууд цаашдаа юу болж хувирахыг үнэхээр таашгүй. Ямартай ч өнгөрсөн бүхий л сонгуулийн өмнө болон дараа нь болсон үйл явцаас ажиглах ахул манай сонгууль бидний эдийн засагт ямагт халтай байсаар ирсэнийг мартаж болшгүй. Хэдий урьд урьдын сонгуулийн цаг үеүдэд эдийн засаг өнөөгийнх шиг нөхцөл байдалтай байгаагүй учир улс төрийн намууд элдэв янзын үрэлгэн төслүүдийг санаачлахад илүү хялбар байсан биз. Харин энэ удаагийнх тэс өөр. Наад зах нь намууд сонгуулийн санхүүжилтээ хаанаас босгохыг тааж мэдэхэд үнэхээр бэрх байна. Гэхдээ популизм зогсохгүй. Улс төрийн намууд засагт гарахын тулд юу ч хийхээс буцахгүй. Хаанаас ч мөнгө туухыг үгүйсгэхгүй. Харийн санхүүжилттэй байхаас ч сийхгүй. Учир нь намуудын сонгуулийн санхүүжилт ямагт ил тод бус байсаар ирсэн цаашдаа ч тийм байх төлөвтэй.

Өнөө цаг үеийг ойлгоё гэвээс өнгөрснөө бид харах шаардлагатай. Ирээдүйгээ таамаглахын тулд өнөөдрөө ойлгох хэрэгтэй. Энэ логикийг мөрдөх аваас дараа жил бидэнд хэцүүхэн жил болох нь дээр дурдсан улс төр, эдийн засгийн нөхцөл байдлаас тодорхой болж байна. Хэрэв үнэхээрийн гэнэтийн гайхамшиг л тохиолдохгүй аваас 2016 он бидний хувьд эдийн засгийн хүндрэлээс “Их хямрал” руу жинхэнэ утгаараа шилжих үүд хаалга болж болзошгүй байна.  

Н.Хасар

The Insider сэтгүүлийн 2015 оны 9 сарын N23-дугаарт хэвлэгдэв.

 


Залуус юу хэрэглэж байгааг нь дүгнэж шүүхгүй газар юу сурахдаа анхаарч хөгждөг

trends.mn 12 сарын өмнө

Солонгост очсон найз маань надад сонин сайхныг дуулгахдаа

"Ёстой өглөөнөөс орой болтол ажил хийж сурч байна. Өмнө нь ч ажил хийнэ гэж халтуурдаг байсан юм байна" гэлээ. \

Японд байдаг танил эгч

"Энд бусдад талархаж сурч байна. Бүх зүйлд эелдэгээр баярлалаа гэж хэлээд бага зэрэг тонгойход эхлээд нуруу өвддөг байлаа. Сүүлдээ удаан байгаад ирсэн чинь тэгж хэлдэггүй хүн ёстой муухай харагдаад ирсэн" гэсэн.

Харин Америкт очсон танил маань

"Мөнгөгүй л бол хаана ч гишгэхгүй. Мөнгө хамгийн чухал" гэж байна.
Харин Германд ирээд би юу сурч байна вэ гэж өөртөө ярьж үзлээ. Их хүмүүс үеэлзсэн том хотоос нам гүмхэн хөдөө газар их сайхан. Хүмүүс нь илүү эелдэг, илүү тусч, илүү хуучин хэв маягтай мэт.  Энд эхнээс нь өөрийгөө хүмүүжүүлж буй мэт сэтгэгдэл төрнө. Замаар явахдаа хүмүүст зам тавьж өгдөг болов. Нэг эгч Германаас Монгол руу буцсаныхаа дараа

"Гудамжаар явж байхад урдаас ирж яваа хүн харсаар байгаад ирээд наалдчихдаг" гэж хошигнож билээ. Анхандаа ч би хойно дугуйтай хүн ирээд зөрөх гээд байгааг мэддэггүй л алхдаг байв.  Танихгүй хүнтэй мэндлэхгүй гэсэн бас сонин бодолтой байлаа. Өглөө гараад явахад хажуу байрны огт танихгүй хүн таараад Өглөөний мэнд гэхэд л сая мэндэлж сурч байна.  Хүн рүү нэг л удаа залгачихаад утсаа аваагүй бол таарахаараа - Өдөржин залгаад байхад яагаад утсаа авдаггүй юм бэ гэж хэтрүүлэн ярьдаг байв. Харин энд хүмүүс яг цаг минуттай нь ямар ч зүйлийг бодит яриад байхаар ичсэндээ болоод сүүлдээ үнэнээ хэлж сурч байна.
Компьютер ширтэж, кино үзэж хааяа ганц хоёр хуудас бичиж суудаг би орой 09 цаг гээд л нам гүм болж хүмүүс нойрсож эхлэхэд дагаад эрт унтдаг болов. Эрт унтсан хүн эрт босохдоо нойроо харамлаж ядардаггүй юм байна.

Өмнө нь Монголд байхдаа юм хямдарчихсан байвал өр тавиад авчихдаг байсан бол одоо Зара-гийн хажуугаар гаргахад ганган ганц цүнх 10 евро болчихсон байсан ч шүлсээ залгиад өнгөрч сурав. 10 евро гэдэг чинь 1 жилийн волейболын курсын төлбөр шүү дээ. Энэ хотынхон өөрийн зөв хандлагаараа намайг нийгэмдээ хүмүүжүүлэн авч байна. Орсон дэлгүүрийн худалдагч эгч Сайн байна уу, баярлалаа, Амралтын өдрөө сайхан өнгөрүүлээрэй гэж хэлэхэд урам орно. Энгийн мэт боловч надад бид чинь хүмүүс шүү дээ гэдгийг мэдрүүлж өгнө. Хүмүүс бие биеэ танихгүй ч үүрэг хариуцлагаараа нэг нэгнийгээ хүндэтгэж халамжилна.
Авч байгаа цалин, үнэмлэх дээрх нас, юу идэж, юуг өмсөх зэргийг хэн ч сонирхохгүй хэн ч оролцохгүй, үүгээр хэн ч дүгнэхгүй болохоор материаллаг хэрэглээг шүтдэггүй хэв маягтай хүнд туйлын амар газар. Тиймээс 35 хүрээгүй хөрөнгө цуглуулж амжаагүй насан дээрээ залуус сурч ажиллаж өөрийгөө хөгжүүлсээр л.

Биеийн тамирыг тамирдуулсан биеийн тамирын багш нар

М.Болд 12 сарын өмнө

Үеэл дүүтэйгээ хууч хөөрлөө. Тэр бас л биеийн тамирын хичээлд дургүй аж. Тэрээр нэг бус удаа бурханаас биеийн тамирын хичээлийг байхгүй болгож өгөөч гэж гуйж байсан удаатай. Би ч бас мөн тэгж байсан. Хэсэг балмагдав. Арай бид хоёрын цусанд биеийн тамирын хичээлийг үзэн яддаг ген байдаг юм биш биз дээ гэж бодоход хүрэв. Удмын байж магад. Гүүглэдэв. Одоохондоо тийм ген байдаггүй аж. Яасан хүмүүс гэхлээрээ...

Яг арван жилийн өмнө манайх Канад руу нүүсэн. Яг 10 жил төгсөх жилдээ. Аймаар өндөр хүүхдүүдийн дунд орох аймаар аймаар байв. Өнөөх биеийн тамирын хичээл нь бас л энд ордог аж. Үнэнийг хэлэхэд хойд насандаа эсвэл өөр гариг руу нүүвэл л энэ гайтай хичээлээс салах юм байна гэж бодож билээ. Ахиад л гүйж чаддаггүй, бөмбөг шидэж чадахгүй байна малаа гээд загнуулах байх даа бас бөөн гадныхны дэргэд гэж бодохоос өвдөг чичирнэ... Үхмээр санагдана.

Гэтэл биеийн тамирын багш яасан ч үгүй. Бөмбөг шидэж чаддаггүй гэж загнасангүй. Өнөөх мод шиг өндөр цагаанууд ч муу тоглож баг аллаа гэж гадуурхсангүй, харин ч чи сайн байна гээд л байлаа. Би ч урамшаад тоглоод л байлаа. Жилийн дараа би биеийн тамирын хичээлд дуртай болов. Хэдэн сарын дараа явган аялалд явдаг, шогшдог, гүйдэг боллоо, сагс хөлбөмбөгийн багт орж амжилт үзүүлэв. Хэн ч намайг албадаагүй, хэн ч намайг алгадаагүй. Би биеийн тамирын хичээлд дуртай болох нь тэр.

Тэнд очоод би өөрийгөө хамгийн сульдаатай байгаагаа анзаарсан юм. Тэндхийн хүүхдүүд эрүүл чийрэг бие хаатай, туранхай боловч сульдаатай биш, булчинлаг эрүүл жинтэй. Би гэж нэг сулбайсан юм. Тэд хэн ч албадаагүй байхад гүйнэ, дасгал хийнэ, элдэв спортоор хичээллэнэ. Би бол яаж ийгээд хөдлөхөөс цааргална. Тэд яавал эрүүл байхыг мэддэг, тэдэнд яаж эрүүл амьдрахыг заасан байлаа. Биеийн тамирын багш нь тэдэнд спортоор хичээллэхийн сайхныг мэдрүүлдэг бол надад Монголд би спортоор хичээллэх хүн биш болохыг заасан байлаа.

6-р анги: Биднээр бөмбөг шидүүлж шалгалт авлаа. Биеийн тамирын багш нэг л удаа яаж бөмбөг сагс руу шидэхийг заав. Мэдээж би буруу шиднэ. Намайг маш чанга алгадав учир нь би бөмбөг буруу шидсэн. Тэгэхдээ шарандаа дусал ч нулимс унагаасангүй. Манай ангийнхан бүгд айв, бүгд дотроо уурлав. Хэн ч юу ч хэлсэнгүй, хэн ч муу дүн авахыг хүссэнгүй. Ээж аавдаа ч хэлсэнгүй. Хэлсэн ч сургуулийн багш бүр намайг гадуурхана гэдгийг мэддэг байсан учраас... Тэрээр дугуйлан ажиллуулдаг, дүүрэгтээ нэр хүндтэй, залуудаа барилддаг байсан, бас коммунист үзэлтэй нэгэн. Одоо ч багш хийдэг. Дараа нь сонсохнээ нэлээд авъяаслаг хүүхдүүд түүний дугуйлангаас гарч хүсэл мөрөөдлөө орхисон байв. Тэр жижигхэн биенээсээ гарамгүй өндөр хоолойгоор бусад хүүхдүүдийн өмнө бусдыг загнадаг билээ. Одоо хэнийг загнаж байгааг бүү мэд.

7-р анги: Бас л өөр нэг багш. Өндөр махлаг, эмэгтэй багш. Манай ангийн охидууд хичээлд нь суухгүйн тулд хичнээн ч эмээ өвөөгөө үхүүлснийг санахгүй байна. Лав нэг охин миний мэдэхээр яг 17 удаа хамаатнуудаа үхүүлж билээ. Бас л муухай ааштай, хашхирна.

Нэг удаа биднийг жагсааж байгаад, бидний муухай үнэртэй бөгөөд заваан болохыг шүүмжилж билээ. Гэр хорооллын сургууль шүү дээ. Халуун усанд өдөр бүр орох бололцоо байхгүй бас өсвөр насны хүүхдүүд. Биеийн тамирын хичээл дээр хамгийн цэвэрхан хувцасладаг охин банди хоёрыг нэрлэж үлгэр жишээ авахыг сануулж билээ. Ядаж байхад тэр хоёр нь хоёулаа байранд амьдардаг хоёр хүүхэд нь байж таарсан. Бид бүгд л нүдэндээ нулимстай хоцорсон. Би өөрийгөө тийм халтар хувцастай, муухай үнэртэй гэдгээ тэр үед л мэдсэн юм. Олон нийтийн газарт явахдаа ичдэг болов.

8-р анги: Бас нэг өөр настай эмэгтэй багш. Зөвхөн хүчтэй, атаман банди нарт сагс тоглох боломж олддог байв. За сагсаа тогло гээд сүрэг нохойнд яс шидэж өгч байгаа юм шиг нэг ширхэг сагсны бөмбөг өгнө. Мэдээж атаман банди нар нь тоглож, номын хэд нь үлдэнэ. Номын хэд нь улам номын болсоор л... Тамирын багш хов ярихаар өрөө лүүгээ орно. Заримдаа биднийг шуугиж байна гэж загнана. Бүгд дуу гаргахгүй тоглох ёстой аж.

Тэрээр нэг удаа биднээс уран сайхны гимнастик гэж юу болохыг асуув. Би гараа өргөөд нөгөө үзүүлбэр үзүүлдэг гэв. Гэтэл буруу, чинийхээр бол стрюптиз үзүүлэх юм байна л даа гээд ёжтой инээгээд хэрэглэлтэй үзүүлэхийг хэлдэг юм гэж айлдав. Тэр өдөр нэг шинэ гадаад үг сурав. Мэдээж гүүглэдэж юу болохыг нь мэдэж авна. Тэр жил бидний нэг ч булчин хөгжөөгүй бөгөөд нэлээд хэдэн гаж үг хэллэг сурч билээ.

9-р анги: Бас л нөгөө настай багш. Алгадуулав. Журнал зассан учраас. Гайтай юм шиг яг миний нэрний хажуу дахь үзгэн балны бэхэн тэмдэглэлд нэг зүйл хүрчинсэн аж. Гялаан цаасан дээр үзгэн балаар бичээд, хатаалгүйгээр хүрэхэд юу болдгийг гадарлах биз. Би бас гайтай юм шиг ангийн журнал авч явдаг байв. Яаж бодохоор тэр жил БСШУЯ тийм гялаан журнал хэвлэж, хэн нэгэн заавал хариуцаж, багш нэр дээр ангиа төлөөлж авч очих бодлого гаргасан юм бүү мэд!

За тэр ч яахав. Манай ангийн бандгар охиныг бөөрөнцөг шидэх дүүргийн тэмцээнд ор гэж улаан цайм бидний нүүрэн дээр ятгаж билээ, манай нөгөө биеийн тамирын багш. Тэр охин өмнө нь бөөрөнцөг шидэж байгаагүй, зүгээр л бандгар бөгөөд хүчтэй харагддаг болохоор нь л тэгсэн юм. Тэр бөөрөнцөгөө шидсэн. Ямар ч амжилт гаргаагүй, мэдээж ойлгомжтой.  Тэр охин дуугүй дээрээ улам дуугүй, зожиг болсон. Бидэнтэй ярихаас ичдэг болсон бөгөөд цүнхэндээ тураах цайтай явдаг болсныг сүүд анзаарсан.

За нэг иймэрхүү. Биеийн тамирын багш нар сайжирсан байх гэж итгэж байна. Энэ чинь 2016 он шүү дээ. Гэхдээ үеэлээсээ сонссон түүх өөр байв. Гуйж байна, түүнийг болон тэдний үеийнхнийг тайван орхиоч, биеийн тамирын багш нар аа.

Орк болсон нь

М.Болд 12 сарын өмнө

Иргэний үнэмлэхээ сунгуулахаар Сонгино Хайрхан дүүрэг орлоо. 10 жилийн дараа эх нутагтаа ирээд бичиг баримт хөөцөлдөж байгаа нь энэ. Үнэмлэх сунгуулахад юу хэрэг болдгийг гүүглтдэл, олигтой мэдээлэл олдсонгүй.  Өөртөө болон бусдад түвэг удахгүйн тулд өөрөөсөө бусад бүгдийг канондав.

Чамд юу ч хэлэхгүй гэж мэдээрэй

Хаана юу байдаг нь мэдэгддэггүй хачин барилга байв. Мэдээллийн самбар байсан ч нэлээд удаан шинэчлээгүй болох нь цаасны өнгөнөөс илт харагдана. Арай гэж үнэмлэх сунгадаг өрөөг олов. Өрөөнд 30 орчим насны 1 бүсгүй, 1 бүстэй хүн сууна. Цайны цаг болж байгаа тул цагийн дараа ирээрэй гэв. Би OK гэлээ. Та надад мэдээлэл өгөөч гэтэл банкинд мөнгө тушаана, хугацаа хэтрүүлсэн бол торгууль төлнө гэв. Би бас OK л гэлээ. Цайны цаг.

Үүдэн дээрх мэдээллийг уншив. Иргэний үнэмлэхний тэмдэгтийн хураамжийг Голомт банкинд тушаах ёстой гэнэ. Би Голомт банкны эрэлд гарлаа. Хагас цаг шороо тоос, машинтай тэмцэлдэн хамаг тамираа барсаар мөнгөө тушаав. Буцаж ирэхэд мөн хугас цаг зарцуулж, яг цайны цаг дуусахад өнөөх өрөөнд хүрч ирлээ.

Үнэмлэхээ анх удаа авах гэж байгаа арван зургаатууд, сунгуулах гэж байгаа, хаяж гээсэн тавин хэдтэн гээд хэсэг хүмүүс дугаарлана. Би ч бас дугаарлав. Харахнээ өрөөн дотор байгаа өвөө эмээ хоёр бараг л загнуулж байна аа. Дараагийн хүмүүс ч бас загнуулж байна. Буруу хуруугаа дарсан л гэнэ. Утасны дугаараа чанга тод хэл. Ийм юм сурахгүй хаана юу хийсэн юм гэж байна. Хэн ч тэдний өөдөөс юу ч хэлсэнгүй. Бүгд бөхөлзөж, тонголзон, намуун дуугаар хариулна. Яг л ордны үйлчлэгч шиг.

Миний ээлж болов.

  • Торгуулиа төл
  • Хаана?
  • Хажуу өрөөний байцаагч дээр.
  • За
  • Бас мөнгөө дутуу төлсөн байна. Гүйцээж төлөөрэй.
  • Та ойрхон банк мэддэг бол зааж өгөөч
  • Хажууд нэг цэгийн үйлчилгээ бий, тэнд төлж болно.

Новш гэж шороон дундуур яах гэж цаг алхсан болох нь уу. Сайн асуудаг байж гэж өөрийгөө зэмлэлээ. Бас өөрийнхөө тэнэгийг ч гайхаад авав. Гэхдээ үүнийг яагаад гадна талдаа бичээд тавьж болоогүй юм бол доо гэхээс уур хүрнэ.

Байцаагч ба цөмөөхөй

Хажуу талын өрөө рүү оров. Байцаагч эгч сууна. Ханаар нь дүүрэн өргөмжлөл. Бүр нүд гялбамаар эрээн цоохор. Түүгээрээ ч их бахархдаг болох нь нүднээ илт байсан ч яг юунд өргөмжилсөн нь ихэд сонин байв.

Зарим өргөмжлөлүүд их том хэмжээтэй. Хөгцөнд баригдаж, будаг нь халцарсан, тоостой өрөөний хананд хадсан тэдгээр өргөмжлөлүүд хэзээ мөдгүй дээрээс уначих юм шиг санагдав. Өргөмжлөл унаж, тархи нь хагарч нас барсан гэвэл би лав гайхахгүй. Аюулгүй ажиллагаа талаас бол байцаагч эгчийн хананд хадсан өргөмжлөлүүд эрсдэл өндөртэй болзошгүй аюул мөн билээ.

Зэргэлдээх ширээнд нэг бүсгүй сууна. Ширээн дээр нь 900 долларын лаптоп, уут дүүрэн самар байх аж. Бүсгүй самрыг бол цөмж байна. Хэрэм бол бүсгүйг бараадах ч үгүй. Бас хажуугаар нь надад зааварчилна. Тэгэхээр энэ өрөөнд ажилладаг болох нь гарцаагүй. Самраа ч чөмнө, ажлаа ч хийнэ гэдэг нь тэр юм болов уу даа.

Орк болсон нь

Торгуулиа төллөө. Хувцсанд самрын ястай шүлс наалдсан байв. Тэр ч яахав. Үнэмлэхээ сунгуулах хэрэгтэй тул өнөөх өрөөнд орлоо.

Надтай хамт нэг 16т орлоо. 16т -ийг 40 гаруй насны эгч дагалдан явна. Бүртгэгч бүсгүй тэднийг таньдаг тул банк руу яваад хэрэггүй энд тушаачих гэж байна. Миний нүд орой дээрээ гарах нь тэр. What?

Гадаа хүмүүс дугаарлана. Их чимээ шуугиантай, хэрүүл ч болоод байх шиг. Бүртгэгч залуу муу боловсролгүй оркууд гэж байна. Би өөртөө итгэсэнгүй. What, what! Бөгжний эзэн дээр гардаг нөгөө мангаснууд биз дээ. Надад хэлэх үг олдсонгүй, шоконд оров. Төрийн ажилтан залуугийн нүдэнд СХД амьдардаг, шулуухан хэлэхэд гэр хороололд амьдардаг иргэд орк шиг харагддаг байх нь. Би ч бас аав ээжтэйгээ түр амьдарч байгаа, гэр хороололд. Ингэж л гадны шилдэг их сургуульд боловсрол эзэмшсэн би гээч хүн түр эх орондоо ирсэн биш орк болоодхов.

---

Би ингэж бодсон. Омог ихт монгол хүмүүсийн баатарлаг, бахархалт, бадрангуй сүнс төрийн байгууллагын хаалгаар оронгуутаа биеэс зайлдаг, бүр зугтдаг. Тиймдээ ч бид сүнсээ дуудуулдаг.