УРАН ЗОХИОЛ: Кавабата Ясүнари ХОРИН ЖИЛ өгүүллэг

image

Харанхуй бүдүүлэг, задгай завхай бөглүү тосгон. Тэр тосгоны Сүүхэйшя хөдөлгөөний (1) нэг жижигхэн гацаа. 

Гацааны жаахан охид тосгоны бага сургуулийн банди нарын нүдийг гялалзуулна. Охидын урган нахиалах бүсгүй хүний өнгө зүс сургуулийн жулдрай жаалуудыг цагаас эрт эр тахиа болгожээ. Тэр дотроос Сүмико гэдэг охин банди нарын хүсэл мөрөөдлийг хориотой модны дор даллан дуудна.
Сургуулиас харих замд нэг банди хэлэв.
- Бүгдээрээ ямар охинд сайнаа нэрлэцгээе. Би Сүмико.
- Би ч гэсэн.
- Мэдээжийн хэрэг Сүмико.
- Би хөлгийн ахмад болно. Ийм тосгоноос хөлгийн ахмад төрж байгаа ч үгүй, тэгээд хуурай газар дээр амьдрахгүй юм чинь сүүхэйшягийн хүүхэн авсан ч хэн ч хэл ам гаргахгүй.
Энэ хүртэл сонсож явсан тэр уурлан зандрав.
- Хэн хэлсэн, саяын үгийг?
Бүгд чимээгүй болов.
- Чи юу?
Тэр гэнэт хүүгийн малгайг булаан авч тарайн талбай руу шидэв.
- Яаж байна аа.
Хүү хараал тавин малгайгаа авах гээд бөхийтөл тэр араас нь хүчтэй тийрэв. Хүү өвсөн дээр годройтон унаж тэр ч хар хурдаараа зугтан одов.
Үдийн амралтын цагаар дээд ангийн нэг сурагч хуй салхи мэт гүйж ирээд Сүмиког пидхийн мөргөв. Газар унан уйлан хэвтэх охин хичнээн удсан ч ер босож ирсэнгүй. Багш тэврэн босгов. Тэнгэр доргитол чарлан уйлав. Багш гараа тавьбал буцаад газар тэрийн унав. Тойрон зогссон хөвгүүдийн дунд охин улам бүр бүсгүй хүний аалиар мөр, хацраа чичигнүүлэн уйлна. Охины тэр төрх түүний биеийг хүчтэй цочроожээ. Маргааш нь тэр дээд ангийн сурагч руу сэм гэтэн очоод,
- Май чи гэж хашгирангаа үсэртэл цохив. Тэр хүүд хөөгдөн харвасан сум лугаа адил Сүмикогийн тоглож байгаа газар гүйн хүрч ирээд эрчээрээ охиныг түлхэн унагав.
Сүмико түүнээс нэг жил хоцроод бага сургуулиа төгсөв. Дунд ангийн сурагч болсон тэр, Сүмикогийн бага сургуулийн төгсөлтийн зургийг зурагчны газраас зориуд угаалган худалдан авчээ.
Тосгоны дунд сургуулийн сурагчид дугуйлан байгуулж ням гараг болгон бага сургууль дээр цугларав. Багш нар тэднийг загнах эрх бүр байхгүй, ихэнх нь тосгоны нөлөө бүхий хүмүүсийн хүүхдүүд байлаа. Тэд жижигхэн биеийн тамирын талбайд бэйсбол тоглож дээврийн вааран хавтан, цонх хагалж, органы товчлуур дээр цагаан бэхээр 1,2,3-ын код бичин чарлуулж, багш нарын өрөөний шүүгээ тойрон гүйлдэж, гэр ахуйн ангид жүдо барилдаж, сургуулийн жижүүрээр чихэр, боов авахуулж идэв. Ангиас анги дамжин хөөцөлдөн гүйж, самбар дүүрэн эрээчив.
Дээд ангийн өрөө рүү ортол дөрөв, таван сурагч нэг ширээн дээр овоороод түүнийг нүдээрээ дуудав. Сүмикогийн ширээ. Охины орхиод явсан хайчийг гаргаж ирээд зурсан зураг, бийрийн бичлэг, шалгалтын хуудаснаас нь хайчлан өвөр өвөртөө чихэцгээж байв.
- Алив, түр холд гэж тэр, голын хүүд хэлэв. Хүүг босохын зуургүй тэр Сүмикогийн сандал дор ивсэн ноосон гоёмсог олбогийг хуу татан авав.
- Хөөе.
- Олбогийг нь орхио.
- Арай дэндэнэ ээ.
Тэр, хөвгүүдийн хорсолт нүдтэй тулгарав.
- Атаархаж байгаа бол маргааш манайд иртүгэй. Суулгаж өгөмз.
Сүмикотой нэг тосгоны Үмэмүра хүү тэрэнтэй хамт дунд ангид орсон байлаа. Тэр, Үмэмүрад хайр хүрнэ. Аялалд явахдаа түүнтэй тэврэлдээд унтана. Үмэмүра хүйтэнд гар хөл нь дороо хөлдөж хагарчмаар цагаан арьстай хүү байлаа. Тийм биенээс нь тэр эсрэг хүйстний үнэрийг мэдэрнэ.
Хичээл тараад харих замд Үмэмүра хэлэв.
- Чи Сүмикод хайртай биз дээ?
- ......
- Сүмиког чамд өгье. Ганцхан чи л Сүмиког аз жаргалтай болгож чадна. Чи Токио явна биз дээ. Сүмиког хаа нэг тийшээ холын хол газар аваад явбал би их баярлана шүү.
- Том хүн шиг юм битгий яриад байл даа.
- Өнөөдөр гоё газар дагуулж очъё.
Тэгээд Үмэмүрагийн гацааны тахилгат ой руу явтал бага сургуулийн дээд ангийн дөрвөн охин чулуун барсын хүзүүнд цүнхээ өлгөчихөөд дээс тоглож байв. Үмэмүра цовоо гэгч нь шүгэлдэнгээ охид руу очив.
- Сүмико оо, дагуулаад ирсэн шүү.
Сүмико галтай, цогтой дээгүүр харцаар түүнийг хараад царай нь улайв. Тэгээд тэд ой руу нуугдан орцгоолоо.
Өвлийн бүтэн сайн өдөр болоход тэрээр өглөө эрт болжморын сараалжин тор, шувууны цавуу аваад эцэг, эхийнхээ нүдийг хариулан уул руу явлаа. Сүмико нар мөрнөөсөө өвдөг хүртэл хэрийн том хулсан сэвэг үүрээд хатсан нарсны мөчир түүхээр ирэв.
Үмэмүра гүвээн дээрээс,
- Болсон уу? Өнхрүүллээ шүү гэж орилоход тэр доороос,
- За, бэлээн гэв.
Сүмико хулсан сэвгэнд шурган ороод чанга зуурав.
- Нэг, хоёр, гурав.
Хулсан сэвэг гүвээн дээрээс өнхрөн унана. Сэвгэн доторх охины хормой цэцгийн дэлбээ адил дэрвэн хийснэ. Гараа том алдлаад хүлээх тэр сэвэгнээс зууран авч гурав, дөрвөн метр холоо чирэгдэнэ. Сэвэг дотроос аахилж хөөрсөн Сүмико орооцолдсон кимонодоо тээглэн найган гарч ирнэ. Түүнд тэврүүлэн босонгоо гэзгээ хойш нь янзлана.
- Эрх чөлөө.
- Эрх чөлөө.
Гүвээний дээр, доороос дохио өгөн хашгиралдана. Тэгээд өөр өөрсдийн эрх чөлөөтэй хатсан өвсөн дунд орон алга болно.
Энэ явдлыг түүний тосгоныхон мэдэж орхижээ. Эцэг нь тосгоны цуглааны доод талын суудалд толгой гудайлган сууна.
- Манай задарсан хүү тосгоныхоо нэр төрийг уландаа гишгэж, байж боломгүй хэрэг үйлдсэнд эцэг би туйлаас харуусан гэмшиж байна. Дээр үед бол толгойг нь тас цавчих эс бол эцэг, хүүгийн холбоог үүрд таслах ялд унахаар хэрэг авч өчүүхэн би арга ядаж аль болох та бүхний нүднээс далд сургуулийн дотуур байранд оруулахаар шийдсэн тул энэ удаа хэлтрүүлэн өршөөж хайрлана уу.
Эцгийн хамт гараа газар тавин сөгдөж байхдаа дунд сургуулийн хоёрдугаар ангийн сурагч тэрээр сэтгэл дотроо ийн хашгирав.
“Хүний мөсгүй дээрэмчид. Чөтгөрүүд. Ёс заншилдаа хүлэгдсэн сүнснүүд. Харж л байгаарай, би үхсэн ч Сүмиког эхнэрээ болгож авна даа.”

Тэр цагаас хойш хорин жил өнгөрчээ. Тэр, Күришима гүнгийн цэцэрлэгт хүрээлэнгийн цайллаганд оролцов.
Энэ хооронд тэрээр дээд сургууль төгсөж, зургаа, долоон жил Ромын элчин сайдын яаманд ажиллаж байгаад өнөө гадаад явдлын яамнаа буцан иржээ. Үмэмүра усан цэргийн академийг дүүргэж, байлдааны шинэ хөлөг онгоцонд алба хааж, одоо тэнгисийн цэргийн удирдах газарт гайгүй суудалд байгаа бололтой. Гэвч, дорд гацааны цэргийн хүн хичнээн шилдэг, чадалтай байлаа ч хэзээ ч тодорхой нэг түвшинээс дээш ахихгүй гэх яриаг сонсоод тэр Үмэмүрагийн өмнөөс уур нь шатав. Мөн Үмэмүраг тэр тодорхой нэг түвшинд нь дэвшин очих хүртэл энэ муйхар заншил үгүй болсон байна биз гэж ч боджээ.
Тэр хоёр Күришима гүнгийн цээнэ цэцгийн хүрээлэнд арван дөрвөн жилийн дараа дахин учран золгов.
- Заа.
Чанга дуугаар мөрийг нь алгадсан мундаг усан цэргийн офицерийн сүр хүчинд дарагдаад тэр хариу мөрийг нь цохиж чадсангүй.
Хажуу дахь эзэгтэй нь галтай, цогтой дээгүүр харцаар түүнийг харав. Тэрний гайхан цочсон царайг хараад Үмэмүрэ,
- Нээрэн тийм. Чамтай уулзахаараа хэлье гэж бодож байлаа. Сүмиког жаахан охин байхад яагаав нөгөө тэгж өдсөн нь тав, зургаан бандиар зогсоогүй юм. Тэр үед манай тосгонд тийм юм дэлгэрээд хө гэв.
- ......
- Бага байхад хөгжилтэй байжээ гэж Сүмико цайлган хүүхэд шиг инээмсэглэн хэлэв.
- Өө, уучлаарай. Нисэхийн сургуулийн нэг найз маань ирсэн байна. Түр хүлээгээрэй, дараа тухтай ярилцъя.
Үмэмүра гэргийтэйгээ том том алхлан ноо жүжгийн тайз руу явж одлоо.
Торойн хоцорсон түүний царай эргэн тойрны цээнэ цэцгээс ч ув улаан болов.

--------------------------------------

(1) Сүүхэйшя - /сүүхэй- тэгш шулуун/. Дэлхийн хоёрдугаар дайны өмнөх Японы "дорд гарлын хүмүүс" гэгдэн ялгаварлан гадуурхагдаж байсан гацаануудын нийгэм дэхь байр суурийг дээшлүүлэх, ялгаварлан гадуурхалтаас чөлөөлөх зорилгоор 1922 онд байгуулагдсан бүлгэм.

Кавабата Ясүнари, 1925 он, Япон.

 

via Damdinjav Altantsetseg

avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 470

Цар тахлын үед УОК-оос авч хэрэгжүүлж байгаа ажил хэр оновчтой байна вэ?

56%
Маш оновчгүй, хангалтгүй
17%
Оновчгүй, хангалтгүй
13%
Боломжийн оновчтой, үр дүнтэй
6%
Маш оновчтой, үр дүнтэй
6%
Мэдэхгүй
  • 56%
  • 17%
  • 13%
  • 6%
  • 6%