Депресс бол өвчин, маяг биш

image

Би та бүхэнд өөрөөс минь өөр хэн ч мэдээгүй , ойлгоогүй , шаналаагүй, зовоогүй, халамж анхаарал тавиагүй нэгэн өвчний талаар хүргэхээр шийдлээ. Энэ өвчин бол эмэгтэй хүмүүст жирэмсэн болоод төрсний дараа үед илрэх магадлал өндөр сэтгэцийн өвчин юм. Түүнийг монголчууд сэтгэл гутрал гэж нэрлэх бөгөөд үндсэн нэршил нь DEPRESSION буюу депресс юм. Гадны улс оронд сэтгэл судлал өндөр хөгжиж депрессээр өвчилсөн хүмүүс амархан эдгэх боломжтой байдаг. Монголд ийм төрлийн мэргэжлийн үнэ цэнэ, хэрэглээ, мэдрэмж хязгаарлагдмал байгаа болохоор сэтгэл гутралд орсон хүмүүс өөрийгөө өвчтэй болсныг мэдэхгүй, эмчлуулж чадалгүй даамжируулдаг. Энэ өвчний даамжрил ходоод гэдэсний эмгэг үүсэхэд нөлөөлдөг байна. Стресст өртсөн үед ходоод хэвийн хэмжээнээсээ хоёр дахин агшдаг. Яг агшсан үед нь бид уурласандаа, идэх дуршил нэмэгдэж агшсан жижиг ходоодондоо багтамгүй их хоол иддэг. Ийм байдал нь цаашлаад ходоодны шарх шархлаа, хавдар болох үндсэн суурь болж байдаг гэнэ.

Ингээд сэтгэцийн өөрчлөлт мэдрэгдсэн үеэсээ эхлээд бичье.
Том хүү маань ой гурван сартай байх үед манайх ажиллаж, амьдарч байсан бүх зүйлээ сольж хотоос хөдөө рүү шилжиж ирсэн юм. Би дөнгөж сэтгүүлзүйн мастераа хамгаалаад шинэхэн дипломоо гар дээрээ авчихаад миний дипломыг удирдаж байсан захирал багшаасаа сургуульдаа багшаар ажиллах санал, бас нэгэн шинэхэн мэргэжлийн радиогийн захирлаас продюсерын, өндөр цалинтай ажлын санал хүлээж авчихаад удаагүй байсан. Нөхөр маань нутагтаа ажилд орж, хүүд маань агаар дутагдаад рахитны шинж илрээд Улаанбаатарын агаар нэг л сайн таарахгүй байлаа. Яг энэ үед би өөрийнхөө хийж байсан компанийн гүйцэтгэх захирлын ажлаасаа гарч, ирсэн ажлын саналуудаас татгалзаж эрүүл агаар бараадаж, аав ээждээ түшиг тулгуур болохоор хөдөө амьдрах том шийдвэр гаргасан юм. Нутагтаа ирлээ. Мэдээж шинэхэн боловсон хүчин том мөрөөдөлтэй ирсэн нь ойлгомжтой, сургалт судалгааны компани байгуулж хүний хөгжилд анхаарах миний гол хүсэл байлаа. Компани байгуулах чин хүсэлдээ автаж, бичиг баримтаа хөөцөлдөв. Гэтэл орон нутгийн төрийн байгууллага танидаг хүндээ хурдан шуурхай үйлчилдэг болохыг мэдэрч бүхэл бүтэн 21 хоног нэрээ шүүлгэв. Очих бүрт өө яаанаа аймаар их ажил ихтэй амжаагүй гээд л өмнөөс бүлтэгнэнэ. Улсын бүртгэлийн газарт уур омгоо барж байх тэр үедээ бага хүүгээ олсноо мэдсэн юм. За ингээд миний шижгэнэтэл хийж гийгүүлнэ гэсэн мөрөөдөл маань бүтэн жилээр хойшлогдов. Жирэмсэн болсноос гадна төрийн алба намайг үнэхээр залхааасан гэсэн үг. 2014 оны 4 сараас эхлээд албан ёсоор гэртээ суув. Энэ үеэр том хүү маань байс хийгээл өвдчихнө. Би өөрөө жирэмсэн их ядарна. Манайх байр сав авч амжаагүй аавындаа байлаа. Хүн чинь гэрээсээ холдоод удчихаар гэр бүлийнхэнтэйгээ ч ойлголцож чадахгүй нэг тийм сонин байсан. Хүмүүст би А гэхээр албаар урдаас Б гэж байгаа юм шиг их хэцүү байлаа. Хэсэг хугацааны дараа өөрийн гэсэн байр савтай болоод шинэ хүнээ угтаж авахад бэлдэв. Том хүүгээ хоёр нас хүрээд цэцэрлэгт ортол нь гэртээ хараад албанд яваад 17 хонож байхад нь дүү нь гарсан юм. Төрөлт болоод төрсний өмнөх болон дараа үе алтан гартай эмч нарын буянаар сайхан явагдсан. Нялх хүүгээ дөрвөн сар хүрэх үед би гэнэт таргалсан. Төрсний дараа 60 кг байснаас огцом 85+ болсон. Яг энэ үеэс эхлээд би өөрийгөө голж эхэлсэн. Ингээд л би гэрийн авгай болж байгаа юм байна. Бусадтай ярилцъя гэхээр ойлгоод сонсчих хүн байдаггүй. Миний бүх найзууд надаас хол байдаг Улаанбаатарт бас гадаадад гээд л ... Нөхөр маань халамжтай өглөө хүүгээ цэцэрлэгт нь хүргээд өгчихнө. Орой авчихна. Намайг цамц индүүдсэнгүй, өмд оёсонгүй, хувцас угаасангүй гэж загнадаггүй надаас тийм зүйл огт хүсдэггүй өөрөө л хийчихдэг. Гэхдээ л бид хоёрын харилцаанд алдаа гарч эхэлсэн.

Тухайн үед шинэ жил таарч олон найр наадам болж нөхөр маань мэдээж ажилтай хүн явах нь тодорхой. Би явсных нь араас хоёр хүүхэдтэйгээ гэрээсээ ч гарах эрхгүй, гэрийн ажил, хүүхэд асаргаа, хоол унд гээд байж байхад энэ хүн яагаад ингээд ганц бие юм шиг явах эрхтэй байгаа юм бол гэсэн бодол хэсэгтээ намайг зовоосон. Энэ тухайгаа би хэнд ч хэлсэнгүй. Хэллээ гэхэд чи бол ээж хүн, эхнэр хүн тийм учраас ийм л амьдралаар амьдрах ёстой гэсэн хариулт сонсох нь ойлгомжтой байлаа. За энэ бүхнээс гадна эзэмшсэн мэргэжил боловсролынхоо хүрээнд зэвэрч байгаа юм шиг мэдрэмжүүд бас эзэмдэнэ. Дээрээс нь халамжийн 40,000 аас өөр орлого байхгүй. Санхүүгийн хувьд 100 хувь нөхрөөс хараат байдалд орсон юм. Дээрх бүх шалтгаан стрессүүд хуримтлагдаад л байсан. Ядаж байхад толинд харах бүртээ унжсан гэдэс язарсан арьсаа, кесар хагалгааны оёдолоо хараад сэтгэлээр унана. Товчхондоо бол би гэдэг хүн өөртөө итгэлгүй, ууртай уцаартай, хартай, дугарвал хэрэлдчихгээд, дуулвал уйлчих гээд байдаг нэг тийм ааш муутай нэгэн болчихсон. Өнгөрсөнөөс өөр бодож баясах зүйлгүй дөрвөн ханан дунд хавчигдсан хүн болчихсон байв. Тэглээ гээд би эх хүн учраас хүүгийнхээ өсч торниж, өдөр бүр шинийг сурч байгаа байдлаар тэжээгддэг байлаа. Нөхрийгөө гарах бүрт дургүйцнэ дараа нь бүр хажуугаасаа холдуулмааргүй хүртэл болов. Мэдээж нөхөрт таалагдахгүй үүнээс эхлээд л гэр бүлийн зөрчил үүсч эхлэв. Бас дээр нь айхтар хартай болсноо дараа нь мэдсэн. Хэн ч намайг хайрлахгүй байгаа юм шиг, хэн ч намайг тоохгүй байгаа юм шиг, хэнд ч би хэрэггүй юм шиг санагдаж, намайг үхвэл миний араас хэнч шаналахгүй мэт бодогдож амиа хорлох талаар бодож үхэх олон аргыг төсөөлж байлаа. (Амиа хорлох талаарх бодол сэтгэл гутрал хэмээх өвчний хурц шинж нь юм) Ингэж бодох үедээ би өөрийгөө нэг биш болсныг мэдэв. Ойр ойрхон шөнийн цагаар ходоод минь айхтар хатгуулна. Өглөө нь огиулна, гүйлгэнэ. Нойр хүрэхгүй янз бүрийн зүйл бодож тарчилна. Их сургуульд сэтгэл судлалын хичээл дээр багшийн ярьж байсантай шинж тэмдэгүүд нь тохироод байгаа мэт санагдахаар нь судалж эхлэв. Тийм ээ би яалтчгүй сэтгэл гутрал хэмээх өвчнөөр өвдсөн байв. Эмчилж болох арга замуудыг уншиж судлаад өөрөө өөрийгөө эмчилхээр болсон юм.

Ингээд эмчилгээ эхлэв ...
- Юуны түрүүнд би нийгмийн харилцаанд орохоор шийдсэн. Хэдийгээр миний төрсөн газар мөн ч гэлээ надад энд таниж мэдэх хүн байхгүй. Эмэгтэй хүн ярьж тайвширдагийг та бүхэн сайн мэдэх байх. Тэгэхээр ярилцах найзуудтай болохын тулд фэйсбүүк орчныг ашиглаж нутагтаа амьдардаг бүсгүйчүүдийн групп нээв. Ингээд маш олон найзтай болж, нийгмийн харилцаанд идэвхитэй оролцдог нэгэн болов.
- Дараа нь группынхээ тэвчээртэй дайчин бүсгүйн ачаар турах хүсэл эрмэлзэлтэй болж, эрүүл хоол идэн илүүдэл жингээсээ даруй 20 кг хасав.
- Түүний дараа би шинэ хүсэл мөрөөдөлтэй болохоор шийдсэн юм. Орон нутагтаа ямар төрлийн бизнес хийж болох талаар бодож кофенд дурласан тэр үеэ бодоод хотын тохь тухтай кофе шопуудыг санан санан яг тийм орчин бүрдүүлсэн гоё газар нээх хүсэлтэй болов.
- Энэ үед намайг урамшуулах, намайг дэмжих, надад урмын үг хайр гамгүй шиддэг фэйсбүүк найзтай болсон юм. Үнэндээ яг одоо үүнийг бичээд суух боломжийг тэр нэгэн хөөрхөн охин олгосон гэж хэлж болно.
- За ингээд ямар ч байсан бизнестэй болох хүсэлтэй болсон болохоор алхам хийх хэрэгтэй. Хүүхдийн баяраар чихэрлэг соустай тахиа, бага зэргийн торт, кекс хийж зарав. Хүү маань долоон сартай жаахан байсан ч шөнөжин нойргүй байж байгаад хийсэн. Энэ бол мөрөөдлийн минь л ач. Гэхдээ бэрхшээл байсан хүүг маань хараад өгөх хүн олдохгүй хажууд туслах хүмүүс байхгүй хэцүү байсан. Би 6 сарын 1 ний өглөө уйлан дугараад аавдаа гомдоллов би хичнээн нялх хүүхэдтэй ч надад хийх хүсэл байна харин намайг дэмжих хүн алга гэж хэлэв. Эвий муу аав минь дотроо их зүйл бодсон аятай хүүг минь тэврээд гарав. Өглөө 7 цагт нөхөр том хүү хоёр минь Улаанбаатараас орж ирэв. Фэйсбүүк найз маань надад алс холын Шанхай хотоос нэг удаагийн аяга хэрэгсэл бүх зүйлийг минь явуулж, нөхөр замын тоосноосоо ч салалгүй талбай дээр зогсч намайг дэмжсэн юм.
- Харин аав минь миний чин сэтгэлийг ойлгож насаараа хурааж хуримтлуулсан хэдэн төгрөгөөрөө кофе шоптой болох хүслийг минь дэмжив. Дээр бид хоёр банкнаас болоод хувь хүнээс зээл авч тун удахгүй шинэхэн мөрөөдлөө өлгийдөн авахад ойртоо л байна.

Тийм ээ! Миний амьдралдаа хэрэгжүүлсэн энэ хэдэн алхам бас шинэ мөрөөдөл маань намайг сэтгэцийн энэ битүү хатуу өвчнөөс салгаж байна. Манайхан хүсэл мөрөөдөлтэй, аливаад идэвхитэй хүнийг энэ нэг амбицтай хүн гэж хардаг. Би өөрийн амбицын хүчээр нийгэмдээ орж, хүрээллээ нэмж өвчнөө эмчилж байна. Хамгийн гол нь таны эхнэр, охин, найз, дотны нэгэн чинь төрөх гэж байгаа эсвэл төрчихсөн байгаа бол анхаарал хандуулж, халамжилж, сэтгэл санааг нь дэмжээрэй. Хэдийгээр эхнэр хүн, ээж хүн ч гэлээ таньтай л адилхан хүн. Таны гуниг гутрал, баяр баясал, догдлол, хайр гээд л бүхэл мэдрэмжийг жирэмсэн, нялх хүүхэдтэй ээжүүд хоёр дахин үржүүлж мэдэрч байдаг юм шүү. Хэнэггүй байдлаа хаяж бие биенээ анхаарч халамжилдаг соёлч нийгэмд шилжихийг үүнийг уншиж буй хүн бүхнээс гуйя. Магадгүй таны дотны хэн нэгэн таныг юу ч мэдрээгүй байхад сэтгэл гутрал гэх өвчнөөр өвдөөд шаналж яваа юм биш биз !!!

 

via Boloroo Suhee

avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 477

Цар тахлын үед УОК-оос авч хэрэгжүүлж байгаа ажил хэр оновчтой байна вэ?

56%
Маш оновчгүй, хангалтгүй
17%
Оновчгүй, хангалтгүй
13%
Боломжийн оновчтой, үр дүнтэй
6%
Маш оновчтой, үр дүнтэй
6%
Мэдэхгүй
  • 56%
  • 17%
  • 13%
  • 6%
  • 6%