БУСАДТАЙ хамтарч амжилттай АЖИЛЛАХ 3 зарчим

image

Ганц муудсан алим хайрцаг алимыг өмхийрүүлж чаддагтай адил нэг л буруу хүн танай багийн уур амьсгалыг бүрэн эвдэлж чадна.

Орчин үеийн бизнесийн эзэнт гүрэн Волмартыг үүсгэн байгуулагч Сэм Волтон намтар номондоо 

"Би ганцаараа агуу учраас энэ бүгдийг байгуулж чадсан юм бишээ. Харин би агуу хүмүүсээс бүрдсэн агуу багтай байсан учраас энэ бүгдийг бүтээсэн юм"

гэж хэлсэн байдаг. Нэг хүнд ахдах ажил, нэг багт ахддаггүй. Нэг хүнд томдох мөрөөдөл, нэг багт томддоггүй. Бусад хүмүүстэй хэрхэн ажиллахаас таны амжилт шалтгаалдаг гээд хэлчихье. Тэгвэл багаараа яаж амжилттай ажиллах 3 зарчмыг та бүгдтэй хуваалцая!

Нэгдүгээр зарчим бол БАГИЙН АХЛАГЧАА СОНГОХ. Ахлагчгүй баг олон фракцад хуваагддаг, хоорондоо өрсөлддөг. Хамгийн чухал нь багийн ахлагч бүгдэд хүлээн зөвшөөрөгдөхүйц хүн байх ёстой. Эс дагаваас дараагийн асуудлууд ундардаг. Байшин доторх юмс дээврээсээ давж гардаггүйтэй адил ахлагч гэдэг бол багийн дээвэр гэсэн үг. Түүний мэдлэг чадвараас бусад гишүүдийн мэдлэг чадварын хязгаар хамааралтай.

 

Хоёр дахь зарчим бол БАГИЙН ГИШҮҮДИЙГ САЙТАР ШИЛЖ БАЙЖ СОНГО. Машин хөдлөхөөс өмнө бүгд бүсээ зүүсэн эсэхийг жолооч шалгадаг. Харин бүсээ зүүхээс өмнө машинд зөв хүмүүс суусан эсэхийг бид шалгах хэрэгтэй. Баг гэж зүгээр нэг хэсэг бүлэг хүмүүсийг хэлдэг юм биш. Харин нэгэн зорилгын төлөө гар нийлж, санаа нэгдсэн ажиллах хүмүүсийн нэгдэл. Ганц муудсан алим хайрцаг алимыг өмхийрүүлж чаддагтай адил нэг л буруу хүн танай багийн уур амьсгалыг бүрэн эвдэлж чадна. Тиймээс галт тэрэг хөдлөхөөс өмнө ийм хүнийг буулгах нь зүйтэй. Түүнээс гадна нэгнийх нь давуу тал нөгөөгийнхөө сул талыг нөхсөн өөр өөр төрлийн хүмүүсээр багаа бүрдүүлээрэй.

 

Гурав дахь зарчим бол БАГААР ЯМАР НЭГЭН АСУУДАЛ ХЭЛЭЛЦЭХ ҮЕД ШААРДЛАГАТАЙ БОЛ ХЭРЭЛДЭХЭЭС Ч БУЦАХГҮЙ БАЙХ. Заримдаа бид бусдыг гомдоочихвий гэсэн айдсаасаа болоод бодсон санаснаа чөлөөтэй хэлж чаддаггүй. Багаар ажиллах үед энэн шиг багийг хорлодог зүйл байхгүй. Та багийнхаа төлөө л сэтгэлтэй бол зөв гэж бодсон зүйлийнхээ төлөө хэрэлдэж, маргахаас ч буцахгүй байх ёстой. Гэхдээ нэгэнт багаар шийдэлд хүрсний дараа чиний дэмжээгүй санал байсан ч түүнийг бүх талаар дэмждэг байх хэрэгтэй. Учир нь энэ чиний баг. Багийн шийдвэл чиний ч шийдэл байх ёстой.

Том ажил бүрийн ард том баг байдаг. Сэм Волтоныг агуу Волмартаа байгуулахад нь түүний баг л тусалсан. Харин танай баг таныг хаа хүргэх бол?

avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 464

Цар тахлын үед УОК-оос авч хэрэгжүүлж байгаа ажил хэр оновчтой байна вэ?

56%
Маш оновчгүй, хангалтгүй
17%
Оновчгүй, хангалтгүй
13%
Боломжийн оновчтой, үр дүнтэй
6%
Маш оновчтой, үр дүнтэй
6%
Мэдэхгүй
  • 56%
  • 17%
  • 13%
  • 6%
  • 6%