ДААМ ГАРАХ ХҮСЭЛ

image

Uniqlo-г орвонгоор нь эргүүлж, Гинзад дэлгүүрээ нээх хэмжээний бүтээгдэхүүн, олон улсын  брэнд болгон хөгжүүлсэн Янаи Тадаши хэмээх даам гарсан бизнесмэн байх. Нэг удаа лекц уншиж, өөрийгөө хэрхэн удирдах тухай зарим зөвлөгөө, арга туршлагаасаа хуваалцахдаа ерөнхийдөө яавал хамгийн ‘cool’ вэ гэдгийг бодож шийдвэр гаргадаг гэж ярьж байсан юм. Cool гэдгийг японоор бол каккои, монголоор бол сүүлийн үед даам гэж хэлээд байх шиг байна. Жишээ нь худлаа ярих бол даам биш, тэгэхээр худлаа ярихгүй, хүнд үнэхээр хэрэг болох бүтээгдэхүүн гаргах бол даам, тэгэхээр тийм бүтээгдэхүүн хийхийн тулд хичээдэг гэж ярьж бсан.   

Хэн ч  даам гарахыг, даам байхыг л хүснэ.  Хэн лүүзэр байхыг хүсэхийн бэ? Амжилтын оргилд  хүрсэн бизнесмэн ч ялгаагүй. Харин даам гармаар байдгаа Янаи гуай шиг ил тод хүлээн зөвшөөрдөг, ярьдаг нь цөөхөн бх. Даам гармаар байгаа болохоор  эцэг эхээ шаналгаж хэзээ ч хөдөлмөрлөөд авч үзээгүй цалингаасаа үнэтэй утас барьж, даам гармаар байгаа болохоор дажгүй тамхи татаж, архи ууж, хараал хэлж, даам гармаар байгаа болохоор тэнэг том машинаар хотын зам таглаж, даам гармаар байгаа болохоор уучлал гуйж чадахгүй харилцан пээдэлзэж, хэрүүл маргаандаа тулж, даам гармаар байгаа болохоор бүлтийтлээ нүүрээ будсан хөөрхөн охин бараагаа ч зарж чадахгүй ярвалздаг.

Наанаа гаргаж байгаа авир нь хэчнээн асуудалтай ч бай цаана нь байгаа даам гарах хүсэл бол буруутгаад байх юмгүйгээр барахгүй  хөгжлийн хөдөлгүүрт тос болж ирсэн гэхэд хилсдэхгүй хүний л төрөлх сэтгэлзүй билээ. Хүн гэмээ нь  даам гарч байж хосоо олж авч, даам үр удмаа үлдээхээр программчлагдсан.  Стив Жобс даам гарахыг хүсээгүй бол iPhone байхгүй, Сталин даам гарахыг хүсээгүй бол Монголын тусгаар тогтнол хаачих байсан бүү мэд.

Тэгэхээр  газар газрын залуустай хамт ажиллаж, суралцаж үзсэн туршлагаасаа харахад хөгжил гэдгийг их энгийнээр тодорхойлж болох санагдана. Хөгжил бол өөрсдөдөө ашигтайгаар даам гарах аргаа олсон байдал л юм. Япончууд бол үнэн аймар даам штэ. Даам гарах хүслээрээ бол манай залуусыг ардаа орхино уу гэхээс лав дутахгүй. Даруу төлөв, даам байх хүсэлгүй гэвэл тэрэн шиг худлаа юм байхгүй.  Ажлаа яс хийхийг, хариуцлага даахыг, багаар ажиллахыг, соёлтой байхыг даам гэж үзнэ.  Яавал каккои вэ гэж бодсон юмныхаа араас бол төгсөртөл нь явна. Даам байх арга нь нэлээн төстэй Германчуудтай их гар нийлнэ.

НЧК тэргүүтэй медиа нь бол өөрийн зорилгын араас үхэн хатан хөдөлмөрлөх гэх мэт хөгжилд хамгийн ашигтай зан характер хэчнээн даам болох талаар өглөө оройгүй тархи угаадаг. Хүүхэд залуус нь бэисболлын Ичирогоос хар багаасаа уйгагүй хөдөлмөрлөж, харь нутагт од болохын гайхамшгийг, өглөөний драмын гол дүр жоохон охиноос хэчнээн том цунамид хамгаа алдсан ч сэтгэлийн тэнхээтэй,  хүний төлөө амьдарч чадах ухаантай байх нь даам гэдгийг сурна. Тэгээд тэднийхээ загвараар даам амьдарч, улмаар улс нь даам гардаг. Монголчууд бол их гүрний ой санамжтайг хэлэх үү хэнээс ч илүү даам байх хүсэлтэй, хэнээс ч дутахгүй чадвартай. Дайны талбарт эр зоригийг үзүүлэн хаахалзах гэх мэт хуучны нийгмийн бүтцэд ажиллаж байсан даамрах аргаа шинэчилж амжаагүй гайхаж яваа л нийгэм. Үзэл санаа гэх үү, сэтгэлгээ гэх үү, философи гэх үү, ухамсар гэх үү, энгийндээ даам гарах арга ухааныг нь л зөв тийш нь залчихвал цөөдөхгүй.

Харин манай залуучууд даам гарах ухаанаасаа хэнээс хаанаас авдаг вэ? Өнөөгийн амьралын хөрснөөс дэндүү эртдэж, дэндүү холдсон ганц Чингис хаанаас нь хойш дагаж дуурайвал даам гарчихна гэсэн дүр хэд үүсэв? Хувьдаа үлгэр дууриал цөөдөж байна гэж боддог тулс олон улсын хамгийн даам эрчүүдийн амьдрал намтраас танилцуулж,  медиа контентын сэтгэхүйд үзүүлэх нөлөөний талаар аль болох тал талын өнцгөөс хөндөхийг хичээж бичиж ирлээ.

Өнөөдөр Монгол HD телевизийн дэд захирал, ерөнхий продессер, жиргээч @Batka_ Г.Бат-Эрдэнэ Монголчуудын ухамсар дорой байгаад Монголын телевизүүд буруутай гэжээ. Браво! Баярлаад нулим гарах дөхлөө.  

Контентод тавих төрийн шаардлага өндөрсөх, телевизүүд дотроосоо эрүүлжих трэнд эхэлж байна. Соошил медиа, вэб медиагаар жинхэнэ утгаараа даам гарсан залуусаа гол дүр болгож, таниулдаг болж эхэлж байна.  Гэхдээ шинэ чиг хандлага  үзэгч, уншигчдын оролцоогүйгээр бас хэвшихгүй. Залуусын орон Монголд таны эргэн тойронд,  фэисбүүкт, твиттерт даам гарах аргаа хайсан мянга мянган залуу байна.  Тэдэнд үлгэр дууриал, урам зориг, шинэ мөрөөдөл зорилго өгөх эрдэмтэй, амжилттай, хөдөлмөрч залуусын тухай контент, мэдээ мэдээллийг байнга шэирлэж, түгээж, ярьж өгч, санал болгож байгаарай гэж уриалж байна.  Мянга мянга, зуу зуун мянган залуу оюун сэтгэлгээнд нөлөө үзүүлэх бэлэн талбар үүссэн, гарт нь асар хүчирхэг нөлөөллийн зэвсэг байхад шальдар бульдар явган шог, улстөрийн хэрүүл төдийхнийг түгээхэд ашиглах нь харамсалтай, нөлөө бүхий мэдээллээс үүдэх биет үр дүнг бодсон ч эдийн засгийн утгаараа гарзтай.  

Та фэисбүүк, твиттерийн ханаа сайн мэдээ мэдээллээс битгий харамла. Бурхан багшийн сургасанчлан сайн мэдээ түгээхэд бас эргээд шагнал ирдэг. Мэдээнд хахаж, мэдээллээр цангаж байгаа өнөө үед сайн мэдээлэл түгээдэг соошил хаягийг аяндаа мэддэг болж олноороо дагаж, нэг нөлөөллийн хааб буюу бул үүсдэг байна.  

Медиа сувгууд дор бүрнээ даам гарсан зөв дүрүүдээ тодруулъя. Даам гарсан дүрүүд бас идэвхитэй байж, дуу хоолойгоо гаргая.  Хүүхэд залуучуудаа  даам гарах зөв аргад хөтлье. Тэгээд бултаараа улс нийтээрээ даам гарч Монгол хэмээх нэгэн нэрийг ертөнцийн чихнээ дуурсгая!!!

avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 477

Цар тахлын үед УОК-оос авч хэрэгжүүлж байгаа ажил хэр оновчтой байна вэ?

56%
Маш оновчгүй, хангалтгүй
17%
Оновчгүй, хангалтгүй
13%
Боломжийн оновчтой, үр дүнтэй
6%
Маш оновчтой, үр дүнтэй
6%
Мэдэхгүй
  • 56%
  • 17%
  • 13%
  • 6%
  • 6%