ҮР ХҮҮХЭДТЭЙГЭЭ ӨӨРӨӨ ТУЛЖ АЖИЛЛА!

image

Хүүхдийн боловсролын асуудалд сэтгэл дундуур байна уу? Тэгээд Гантөмөр сайд л болохгүй байгаа биз? Бодоод байхнээ болохгүй байгаагийн шалтгаан Мүүн гэж ад чөтгөр л бүхний цаана байж, сая л мэдлээ. Бурууг өөрөөсөө биш, бусдаас хайх нь хөөрхий хүн гэдэг амьтны мөн чанар мөнөөс мөн юм даа. Өөрт буруу байхгүй, гэтэл амьдрал болж өгдөггүй. Тиймээс нийгэм рүү, магадгүй тэр нэг сайд ч юмуу, хэлтсийн дарга руу цамнаж, тэднээс бурууг хайна, дайснаа олно. Тэглээ гээд юу хожих вэ? Юу ч хожихгүй. Ганцхан үнэн л бий. ҮР ХҮҮХЭДТЭЙГЭЭ ӨӨРӨӨ ТУЛЖ АЖИЛЛА!

Хүмүүжлийн, оюун ухааны хамгийн том дархлаа бол гэр бүлийн уур амьсгал юмаа. Аав минь, ээж минь, эгч минь, өдийд бурхны орноос биднийгээ тольдон суугаа өвөө минь. Та бид өдөр тумын асуудлаа гэртээ хариад ний нуугүй ярьж зөвлөлддөг тийм л айл гэр байсан. Одоо ч тийм. Энэ сайхан уур амьсгал л миний оюуны дархлаа болж, олон юмнаас хамгаалж ирсэн. МУИС-т оюутан байхдаа одоо энэ шуугиад байгаа Мүүний КАРП гэдгийнх нь цугларалтад очсоон. Найзыгаа дагаад. Тэгэхдээ нэг л биш санагдаад дахиж очоогүй. Өвөөтэйгөө ярьсан. Англи хэл сурахын тулд солонгос багш нарыг дагаад Үүртийн гэгээний цугларалтад очсоон. Христийнхнээс авах юм ч их. Сайхан хүмүүс ч зөндөө. Гэхдээ л би итгээгүй. Харин хүмүүсийн итгэл үнэмшилд хүндэтгэлтэй хандах үзэл бодол тогтсон. Японд оюутан байхдаа Зүүн хойд Азийн энх тайвны форумд Монголоос төлөөлөл болж оролцооч гээд (монгол хүн олдохгүй байсан) очвоо. Тэгтэл гял цал болсон хааны ордон шиг л гоё байшин. Ороод сууж байтал яриа хөөрөө нь нэг л өөр, цаанаа сэжигтэй. Мэдтэл Японы Соока Гаккай гэдэг шашны шинэ урсгал (Мүүн л гэсэн үг) зохион байгуулсан арга хэмжээ байсан. Гэрийнхэндээ энэ тухай ярьсан. Тэд минь янз бүрийн юмнаас хол байх дархлаа болж байж дээ.

Аав, ээж минь намайг жаахан хүүхэд гэлтгүй хүний амьдралын асуудлыг нээлттэй ярьдаг байсан. Бид тийм л хоорондоо итгэлцэлтэй гэр бүл байсан. Айл гэр тусдаа гарсан одоо ч хэвээр. Хүний нийгэмд янз бүрээр зүсээ хувилгасан оюун санааны вирусууд угаасаа өчнөөн бий. Түүнээс өөрийгөө хамгаалах нь хүний өөрийнх нь дархлааны асуудал. Ханиад шиг. Дархлааг гэр бүлийн орчин л бий болгоно.

Саяхан нэг охин 9 давхраас үсэрч амиа хорлох шахаад нэг хоёр өдрийн сенсаац болов. Хүүхэд амиа хорлох ихэнх тохиолдолд аав ээж, үр хүүхэд хоорондын итгэлцэл дутуу, эцсийн мөчид аав ээж нь хүүхдийнхээ итгэлтэй хүн нь, ар тал нь байж чадаагүйгээс болсон байдаг. "Миний охин ямар ч алдаа гаргасан бай, гаргаагүй бай, аав нь охиноо л хамгаална, өмөөрнө. Аавынхаа хувьд чи бол юунаас ч үнэтэй алт эрдэнэс юм. Аавдаа бүх үнэнээ хэл. Аав нь охиноо хамгаална". Ийм үг сонсоогүй, сонсох орчин бүрдээгүйгээс болж амиа хорлосон гунигт түүхүүд. 90-ээд онд "агшиндах" гэж нэг хэсэг хаа сайгүй юм болсон доо. Намайг жаахан байх үеийг бодвол одоо цагт хүмүүс үр хүүхдийнхээ хүмүүжил, сурлагад их анхаардаг болж. Гэхдээ олон дугуйланд явуулаад, тооны хичээлийг нь давтуулаад, олимпиад тэмцээнд оролцуулж, медал зүүлгэснээр хүсээд байгаа үр дүндээ хүрнэ гэсэн үг биш. Гол нь аав ээжүүд өөрсдөө цаг гаргах. Ядаж сурах бичгийг нь шагайдаггүй байж байгаад энэ улс төрийн тэмцлийн давалгаанаар нээж үзсэнээ цочирдож, тэр шокондоо Фэйсбүүкт шэйрлээд л. Хүүхдэдээ цаг гаргаж чадахгүй байгаадаа би өөрийгөө буруутгадаг. Түүнээс би лав хэзээ ч боловсролын яамыг ч юмуу, хаа нэг шашны урсгалыг буруутгахгүй. Мүүний эсрэг гээд туйлширч амаараа хүн харгислан алж байгаа нөхдүүд бол тэр Мүүнээсээ ч дутахгүй бас л нэг төрлийн туйлшрал, гаж үзэгдлийн үр дүн. Ийм гаж зүйлээс хэн нэгэн сайд биш, багш биш, энэ хорвоо дээр ганц эцэг эх та өөрөө л хамгаална.

 

via Tulgat Mainbayar Erin

 

avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 466

Цар тахлын үед УОК-оос авч хэрэгжүүлж байгаа ажил хэр оновчтой байна вэ?

56%
Маш оновчгүй, хангалтгүй
17%
Оновчгүй, хангалтгүй
13%
Боломжийн оновчтой, үр дүнтэй
6%
Маш оновчтой, үр дүнтэй
6%
Мэдэхгүй
  • 56%
  • 17%
  • 13%
  • 6%
  • 6%