Үгийн утгыг Цэвэлийн толиос, зөв бичих дүрмийг Дамдинсүрэнгийн толиос харах нь зөв

image

Цэвэлийн толийн талаар нэг тайлбар хийх гэж амласнаа мартах шахаж. Сүүлийн үед үгийн буруу зөв бичлэгийг тогтоохдоо Цэвэл гуайн тольд ингэж байна шүү дээ гэж өөрийнхөө бичлэгийг батлах гэсэн хандлага их харагдах боллоо. Огт толь бичиг харалгүй, зүгээр л өөрийнхөө бичиж сурсныг зөв гэж дайрдгаас бол энэ нь хамаагүй зөв хандлага.   Гэхдээ Я. Цэвэл гуайн толины мөн чанар, ерөөс толь бичгийн олон өөр зориулалт, хэрэглээг бас анхаарах ёстой юм. Цэвэлийн толь бол зөв бичих дүрмийн биш, үгийн утгыг тайлсан толь. Үгийн утгыг тайлна гэхээр, жишээ нь тухайн нэг хэлээр юм уншиж байгаа нөхөр "үмхий" гээд үг гараад ирэхээр ямар утгатайг нь харж мэднэ гэсэн үг. Үнэхээр дөч, тавь, жараад оны монгол ном сонин, сэтгүүл зэрэгт "үмхий" гэж үг байгаа юу гэвэл байгаа. Гэтэл бас "өмхий" гэж үг ч таарна. Цэвэл гуай тэгэхээр толь бичигтээ хүний хэрэглээг бодож, "өмхий, үмхий" аль алиныг нь оруулсан хэрэг. Тэр нь Цэвэл агсны буруу огт биш, угаасаа монголчууд бичиг үсгээ солиод, кирил үсэг авсан, гэдэстэй шилбэ бол Ө ч байж болно, Ү ч байж болно, кирил үсэгт шилжсэнээс хойш зарим нь Ө-гөөрөө бичээд, зарим нь Ү-гээрээ бичээд л байж. Я. Цэвэл бол энэ нь зөв тэр нь буруу гэж ялгах салгах, стандарт тогтоох зорилго тавьсангүй, нэгэнт л хэрэглээнд аль аль нь байгаа учраас аль алиныг нь хараад ойлгохгүй хүн толийг нь шүүрдэхэд аль ч хэлбэр нь байхаар, тэрийгээ олж хараад утгыг нь ойлгодог байхаар тооцоолж. Нэгэнт зарчмаа барьсан хүний хувьд маш зөв зарчим юм. Угаасаа төвийн хэвлэлд аль алинаар нь бичээд байсан тул. Тэгэхээр Цэвэлийн толинд ингэж хоёр өөрөөр бичсэн үгсийн нэгийг нь харчаад зөв бичих хувилбар нь энэ байна шүү дээ гэхээ болих хэрэгтэй. Дамдинсүрэн, Осор нарын толь бол харин яг зөв бичих дүрмийн стандартыг тогтоосон толь юм. Үгийг огт тайлбарлаагүй. Тэгэхээр зөв бичих дүрмийн толийг үгийн утгын тольтой андуурч будилах, бас нэгээр нь нөгөөг нь буруушаах хэрэггүй юм аа. Дамдинсүрэн гуайн толио хараад л бичээд бай гэж зөвлөе.   via Мягмар Саруул-Эрдэнэ

avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 460

Цар тахлын үед УОК-оос авч хэрэгжүүлж байгаа ажил хэр оновчтой байна вэ?

56%
Маш оновчгүй, хангалтгүй
17%
Оновчгүй, хангалтгүй
13%
Боломжийн оновчтой, үр дүнтэй
6%
Маш оновчтой, үр дүнтэй
6%
Мэдэхгүй
  • 56%
  • 17%
  • 13%
  • 6%
  • 6%