Газар сугалаа. Байр сугалаа. Машин сугалаа. Цэцэрлэг сугалаа. Сургууль сугалаа.

image

Сугалаан дээр тогтох Монголын амьдрал. Газар сугалаа. Байр сугалаа. Машин сугалаа. Цэцэрлэг сугалаа. Сургууль сугалаа... Амьдрал тэр чигтээ сугалаа мэт....

Горь хүсэл дээр тогтох бидний амьдрал. Тэрний тэр тэнд оччихвол тэрний тэрээр дамжаад надад бас тус болох болов уу. Манай нам ялчихвал намайг ажилтай болгоод ажлаа ашиглаад амьдралаа дээшлүүлчих болов уу. Сонгууль бөмбөг хоёр бөөрөнхий юм чинь олны толгой эргээд огтоос найдваргүй намайг сонгочих юм биш байгаа... горьдлого, горьдлого бас дахин горьдлого....

Залбирал дээр тогтох бидний амьдрал. Намайг багад онц сурсан хүүхэд ирээдүйд цагаан талх иднэ гэж багш сургадаг байсан. Хар талх цагаан талхнаасаа үнэтэй болно гэж хөөрхий багш минь яаж мэдэх вэ дээ. Бүх шатны сургуульд онц сурсан миний бие хар талхнаас хямдхан цагаан талхны төлөө бас л мачийж байна шүү... Ажил хийвэл ам тосдоно гэдэг ардын зүйр үг бий. Тос өөх ад үзэгдэх цагийг зөгнөж мэдээгүй хүн гаргасан байх даа. Юутай ч өнөөдрийн нийгэмд хийсэн ажлын хэмжээ орлого хоёр ямар ч функционал хамааралгүй байгаа нь үнэн. Үгүй яах вэ үнэн хөдөлмөрч хүн бол бас уйгагүй хуванцар сав цуглуулаад, эмч багш /цалин нь бол ундааны сав түүгээд тушаахаас онцгой зөрөөгүй/ энэ тэр хийгээд арай өлсөөд үхчихгүй /угаасаа ч их идэх муу/ байж бол болмоор ч юм шиг. Үгүй ч юм шиг... Юу ч хийхгүй хэвтээд байж байтал сугалаанд хожоод, нам нь ялаад, сайхан сэтгэлтэй хүмүүс хандив цуглуулаад байшин барьж өгөөд болчих ч юм шиг үгүй ч юм шиг....

Ямар ч логик уялдаа холбоогүй, тэгвэл тэгнэ, ингэвэл ингэнэ гэсэн баримжаагүй амьдралын шуурганд туугдсан хөөрхий хүмүүн бид залбирахаас өөр юу хийж чадах сан билээ... Буддын, лалын, христосын хамаагүй, бөө, мүүн, Арго, Сарандаваа ялгаагүй, засал ном, бумба тахих, бурханд мөргөх, залбирал унших.... Бүгдийг нь зэрэг хийсэн ч хамаагүй. Аль нэг нь туслах л ёстой баймаар... шашны гарал үүсэл, философи энэ тэр бол хэнд ч хамаагүй... (Уг нь хүн өөрөө өөртөө аврал гэнэ билээ ум мани бад ми хум) Ингэж л сэтгэх өнөөгийн Монголчууд...

Хэдийгээр хорвоо ертөнцийн юмс үзэгдэл үнэмлэхүй детерминист биш ч гэлээ өнөөгийн бидний амьдрал шиг санамсаргүй биш баймаар... Тодорхой хэмжээний логиктой, тодорхой хэмжээгээр шалтгаан үр дагаврын холбоонд оршмоор...
Герман хүн ажлаа хэдэн жилийн өмнө төлөвлөдөг гэж сонссон. Амьдралаа бол бараг хагас зуун жилээр төлөвлөдөг байх л даа. Монгол хүн ажлаа, амьдралаа хэд хоногийн өмнөөс ч төлөвлөх арга алга байна шүү. Хэд хоногийн дараа та хэн ч болж мэднэ. Бидний амьдрал ийм л сонирхолтой...

Ийм байхад стратеги төлөвлөгөө ч гэх шиг. Ёстой гай л байна. Гэхдээ бичнэ ээ, сайхан. Биелчих нь ээ ч магад шүү дээ. Санамсаргүй хаослаг бидний амьдрал горьдлого, залбирал, сугалаа гурав дээр тогтож байна даа. Ер нь бол горьдлого эзнээ хамгийн сүүлд орхидог юм шүү...

 

via Davaadulam Jamsranjav

avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 464

Цар тахлын үед УОК-оос авч хэрэгжүүлж байгаа ажил хэр оновчтой байна вэ?

56%
Маш оновчгүй, хангалтгүй
17%
Оновчгүй, хангалтгүй
13%
Боломжийн оновчтой, үр дүнтэй
6%
Маш оновчтой, үр дүнтэй
6%
Мэдэхгүй
  • 56%
  • 17%
  • 13%
  • 6%
  • 6%