ХАРИУЦЛАГАТАЙ БАЙЖ Л ХЯМРАЛЫГ ДАВАН ТУУЛНА

image

Монгол Улсын хөгжлийн хурд саарч, эдийн засгийн хямралд орсныг дэлхийн зах зээл дээр эрдэс бүтээгдхүүний үнэ буурсан, зах зээл хумигдсан, гадаадын хөрөнгө оруулалт буурснаар тайлбарлаж байгаа боловч хямрал хүний хүчин зүйлээс хамааралтай гэдгийг хүлээн зөвшөөрөх нь үнэнд нийцнэ. Хариуцлагагүй байдал газар авч байгаа нь маргашгүй үнэн. Хариуцлагагүй албан тушаалтан бодлогын алдаа гаргах, гаргасан шийдвэрээ шалтгаангүй өөрчлөх, өмнөх шийдвэрээсээ эргэж буцах, төсвийн хөрөнгийг үр ашиггүй зүйлд цацах явдал улсын эдийн засгийг туйлдуулах үндсэн шалтгаан болж байна.

Хариуцлага гэдэг бол албан тушаалтан буюу байгууллага хуулийг дээдлэн, эрх зүйн хэм хэмжээг чанд сахиж, гаргасан шийдвэр, үйл ажиллагаагаа зөв зүйтэй болохыг бүрэн хариуцаж, үр дүнд хүрэх үүрэг юм.

Хувь хүн алдаа дутагдал гаргавал түүндээ таарсан ёсзүйн эсвэл ажил мэргэжлийн, санхүүгийн, захиргааны эсвэл эрүүгийн хариуцлага хүлээж, таарсан шийтгэлийг амсдаг. Хувийн секторынхон алдаа дутагдал буюу хариуцлагагүй байдал гаргавал санхүүгийн алдагдал хүлээх буюу бизнес нь дампуурах болно. Харин төрийн албан хаагч, өндөр албан тушаалтан хариуцлага алдвал нэг хэсэг шуугиж байгаад л өнгөрдөг байдал манайд газар аваад байна.
Төрийн албан хаагчид хариуцлага хүлээлгэхийн тулд гурван үндсэн асуудлыг анхааралдаа авах нь зүйтэй болов уу:

1. Төрийн албыг хариуцлагатай хаших чадвар тухайн төрийн албан хаагчид байна уу? Хариуцлагагүй явдал тохиолдоход холбогдогч этгээд бие болоод сэтгэцийн хувьд хариуцлага даах чадвартай эсэхийг харгалзаж үзнэ. Сэтгэцийн хувьд эрүүл бус, хэлсэн үгнээсээ суурин дээрээ буцдаг, орон гаран хүмүүсийг өндөр албан тушаалд томилох нь хариуцлага тооцох ажлыг шууд эзэнгүйдүүлж буй хэрэг юм.
2. Төрийн албыг хариуцлагатай хашихын тулд тухайн этгээдэд шаардагдах мэдлэг боловсрол, ёсзүй байна уу? Шийдвэр гаргахад хэрэгтэй нарийн мэргэжил, ажлын туршлага байна уу? Улс төрч буюу намын харьяаллаар бамбай хийж, мэс засалчийг барилгын сайдаар томилчихоод байшин нурахад хариуцлага тооцох нь бас л өрөөсгөл.
3. Төрийн албыг хариуцлагатай хашихад шаардагдах багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангагдсан эсэхийг мөн анхааралдаа авах нь зүйтэй. Түймэр гарахад хувингаар ус зөөлгөх хэмжээнд багаж хэрэгслээр хангачихаад хариуцлага тооцож болохгүй нь ойлгомжтой.

Англи Улсад явуулсан судалгааны үр дүнд төрийн өндөр албан тушаалтнуудыг томилох, сайд нарт үр дүнтэй ажиллахад нь хангалттай дэмжлэг үзүүлэх, өндөр албан тушаалтнуудын хариуцлагыг төрийн албаны хүрээнд авч үзэх, төрийн албаны гадна буюухууль шүүхийн байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийт болон сөрөг хүчний зүгээс хариуцлага тооцох ажлыг сайжруулах нь хариуцлагагүй байдлыг гаргуулахгүй байхад нөлөөлдөг болохыг тогтоожээ.

Хариуцлагагүй байдлаас салахын тулд юу хийх хэрэгтэй вэ?

1. Эрх зүйн шинэчлэл хийх
Төрийн албаны хуулийг шинэчилж, хариуцлагагүй ажилтны учруулсан хохирлыг төрөөс хариуцдаг заалтыг хүчингүй болгох.
2. Төрийн өндөр албан тушаалтны томилгоонд мэргэжсэн байдлыг түлхүү харгалзах
Улс төрийн намын харьяаллаар томилгоо хийгдэж байгаа тохиолдолд тухайн нэр дэвшигчийг аль болох олон хүнтэй өрсөлдүүлэх, мэргэжил болон бэлтгэгдсэн түвшин, төрийн ажлын туршлага зэргийг харгалзах байдлаар өөрчлөх.
3. Мэдлэг чадвартай, оюунлаг хүмүүсийг төр лүү оруулж ирэх
Төрийн албанд ажилд авах, албан тушаал дэвшүүлэхдээ авьяас чадвартай, боловсролтой хүмүүсийг төрд ажилуулахад анхаарах, ажилд авах, дэвшүүлэх шалгуурыг эргэж харах, ил тод, нээлттэй шалгалтаар авах.
4. Төрийн ажлыг чаддаг хүнээр нь хийлгэх. Хүн дуртай ажилдаа л бие сэтгэлээ зориулж, ядрахыг мэдэхгүй ажилладаг. Хариуцлагатай байна гэдэг төрмөл чанар бөгөөд хариуцлагагүй хүнийг хариуцлагатай ажилд томилох нь хариуцлагагүй явдал болно.
5. Төрийн албаны алсын харааг тодорхой болгох
Төрийн албаны эрхэм зорилго бол шударга байдал, өндөр чадавхи, мэргэжлийн ур чадвар, ажилдаа сэтгэлээсээ хандах байдал болон аливаа бэрхшээлийг даван туулахад бэлэн байх чадвар.
6. Хөндлөнгийн гишүүдийн оролцоотой төрийн албаны хариуцлагын комиссыг байгуулах;
Хариуцлагагүй байдалд нөлөөлж буй хамгийн гол хүчин зүйл бол төрийн албыг улс төржүүлэх явдал гэж би харж байна.

Төрийн албан хаагч хуулиараа аливаа улс төрийн нам эвсэлд харьяалагдахгүй байгаа боловч улс төрчдийн лоббигоор тавигдсан дарга нарын намын харьяаллаас болж төрийн албанд хуваагдал үүсээд байна.  Төрийн албаны хариуцлагын комисс энэ байдалд дүгнэлт хийж, улс төржсөн томилгоо хийхгүй байх, төрийн байгууллагын ажил гүйцэтгэлийн стандарт, боловсон хүчний чанарыг бууруулахгүй байх талаар анхаарах хэрэгтэй юм. Төрийн албыг хүчгүйдүүлж байгаа өөр нэг шалтгаан нь ажил хариуцсан албан тушаалтнууд өмнөө тулгарсан асуудлыг цаг алдалгүй, үр ашигтайгаар шийдвэрлэж чадахгүй байгаа явдал юм.

Төр бол хамгийн муу менежер гэдэг үгийг батлах жишээ олон байгаа нь төрийн албанд ажил хэрэгч чанар, санхүүгийн болон төслийн менежментийн ямар ч чадваргүй албан тушаалтнууд, ялангуяа шийдвэр гаргах шатанд олон байгаагаас үүдэлтэй юм. Үүнийг бизнесийн салбартай харьцуулахад илүү тод харагдах бөгөөд дүн шинжилгээ хийх, бодлогын асуудлыг шийдвэрлэх талаар дулихан бөгөөд олон улсын туршлагыг нэвтрүүлэх, нутагшуулах тал дээр төрийн алба хойрго ханддаг.  Өндөр албан тушаалтнууд өдөр тутмын ажилдаа түүртэж, алсын хараагүй байх нь төрийн албаны ажлын туршлага дутагдсаны дээр тухайн ажилд зайлшгүй хэрэгтэй мэдлэг боловсролгүй багаатай холбоотой.

Эрх мэдэлтэй хамт үүрэг хариуцлага хамт очиж байгааг албан тушаал авахдаа ойлгох ёстой бөгөөд төрийн ажлын туршлагагүй, ажлаа мэдэхгүй сайд дарга нар олшрох нь төрийн ажил тэр чигээрээ уруудахүндсийг тавьж байгаа юм. Ингэснээр төрийн албан хаагчид сайдаараа удирдуулахын оронд сайдыгаа удирдах болсон тохиолдол гарч байна.  Төрийн албанд баг бүрдүүлэх ойлголт газар авсан нь төрийн албанд нэрмээс болсоор байна. Сайд, дарга нар багаа бүрдүүлэхдээ чадвартай, туршлагатай төрийн албан хаагчдыг өөрчилж, өөртэйгөө хамтран ажиллаж чадах, өөрөөр хэлбэл, “далласан газар нь ил гарч, далайсан газар нь далд орох” тийм хүмүүсээр сольдог.

Төрийн албан дахь хариуцлагагүй байдал хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж, томоохон дуулиан үүсч, дарга нарыг огцруулах төдийгээр өнгөрч байгаа нь хариуцлагагүй байдлыг өөгшүүлж байгаатай адил болж байна. Төрийн дээд, дунд, доод тушаалын албан хаагчдын хариуцлагыг олон нийт төрөөр хэрхэн үйлчлүүлж байгаагаараа дүгнэдэг. Бүх шатны төрийн албан хаагчид тодорхой хэмжээний эрх мэдлийг эдэлж, бие даасан шийдвэр гаргах эрхтэй байдаг бөгөөд энэ нь иргэдийн эрхэнд нөлөөлдөг болохыг мартаж болохгүй.  Төрийн албаны хариуцлагын зорилго чухам юу юм бэ?

Нэгдүгээрт, энэ нь ил тод хяналт бөгөөд төсвийн хөрөнгийн зарцуулалт болон бодлогo шийдвэр хэрхэн хэрэгжсэнийг олон түмэнд таниулах

Хоёрдугаарт, гаргасан шийдвэр болон төрийн албан хаагчийн үйлдэл хууль тогтоомж, эрх хэм хэмжээнд нийцсэн байх итгэл үнэмшил.

Гуравдугаарт, төрийн албан хаагчид ажил, үйлчилгээний чанарыг сайжруулахын тулд суралцаж байх ёстой.

Дөрөвдүгээрт, дэвшүүлсэн бодлого, хөтөлбөрийн хүлээгдсэн үр дүн хангагдсан байх зэрэг болно.

Төрийн албаны соёлыг бүх байгууллагууд нэг мөр дагах ёстойн дээр технологийн дэвшлийг ашиглан төсвийн хөрөнгө, хүн хүчийг хэмнэх, цаасгүй технологи нэвтрүүлэх, цахим хурал, цахим тайлангийн системийг бүрдүүлэхэд анхаарах нь хариуцлагыг дээшлүүлэх нэг арга хэрэгсэл болж байна.
Төрийн албан хаагчдын хариуцлагыг тооцохдоо гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийг ашиглах нь хэн хариуцлагагүй ажилласныг ил тод харуулах арга юм. Ажил үүргийн давхардал нь хариуцлагагүй байдал гаарах нэг шалтаг болдог бол ажлын хэт ачаалал мөн хариуцлага алдахад хүргэдэг. Хямралыг богино хугацаанд хохирол багатай даван туулахад хариуцлагыг чамбайруулах хэрэгтэй байгаа юм.

via Эдийн засгийн ухааны доктор Б. Баттөмөр

avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 464

Цар тахлын үед УОК-оос авч хэрэгжүүлж байгаа ажил хэр оновчтой байна вэ?

56%
Маш оновчгүй, хангалтгүй
17%
Оновчгүй, хангалтгүй
13%
Боломжийн оновчтой, үр дүнтэй
6%
Маш оновчтой, үр дүнтэй
6%
Мэдэхгүй
  • 56%
  • 17%
  • 13%
  • 6%
  • 6%