Боловсрол хүнд ямар хэрэгтэй юм гэж үү?

image

Улс орон өрөнд баригдаад, амьдрал дордож, улс төрчид ард түмнээ сонсохгүй, асуудал шийдвэрлэхгүй байгаа үед юм хийх л хүнийг сонгоё, боловсролтой байлаа гээд нэмэр алга гэх хандлага ард түмний дунд давамгайлсан үед боловсрол, боловсролтой улс төрч тийм чухал гэж үү? Ингэж бодох хандлага дан ганц Монголд биш дэлхий даяар байна. Сүүлийн үед энэ хандлага лавшрахын хэрээр ард түмэн эрх баригчдад үл итгэх, цөхрөх далимаар яг тухайн үед нь тулгамдаж байгаа асуудлаар тоглолт хийдэг, алсыг харж, ерөнхий чигээ барихын хооронд түрхэн зуур сэтгэл хөдөлгөн ард түмний хайрыг татдаг, өнөө маргаашийн хөнгөхөн бэрхшээлээр сэтгэлзүйн тоглолт хийдэг улс төрчид гарч ирэх нь нэмэгдэж байна. Яг энэ үзэгдлийг популизм гээд байгаа юм.

Бельгийн Брюссель хотод Ази Европийн ардчилсан, либерал хүчнүүдийн уулзалтад орж байхад бүх улс төрчид энэ популистуудыг яах вэ гэдгийг л ярьж байна. АНУ-д Трамп ялах дөхөж,Филиппинд нэг харгис хулигаан этгээд ялж, Германд цагаачдыг үзэн ядагчид сонгуулиар гараад ирсэн. Ард түмний түрхэн зуур уур хилэн, сэтгэл хөдлөлийг ашиглаж гараад ирдэг ийм хүмүүс урт хугацаанд муйхарлал нь мухардахаар улс орноо самарчихдаг. Миний дэргэд суугаа энэ хүн бол Тайландын Ардчилсан намын дарга, 2008-2011 онд ерөнхий сайд байсан хүн. Хөвгүүн байхаасаа Англид Этон элит сургуульд сурж, Оксфордыг эдийн засагч мэргэжлээр төгсжээ. Дэлхийн удирдагчдын хэнтэй нь ч өргөн мэдлэг, биеэ авч явах чадвар, өндөр боловсролоороо энэ зэрэгцэн ярих, ойлголцох, хүлээн зөвшөөрөгдөх нэгэн. Гэтэл энэ хүнийг 2011 онд буулгаад ах нь эх орноо тоноод зугтсан, ахаасаа шууд ерөнхий сайдын суудал өвлөөд авсан нүүрээ будахаас өөр шидгүй, олны өмнө юу ярьж байгаагаа сайн мэддэггүй гэмээр (манайхаар ... гэдэг эмэгтэй гишүүн гээд ойлгочиход болно) хүүхэн ЕС сайд болжээ. Тэр хүүхний удирдлага дор Тайланд орон самуурч, өнөөдөр цэргийн дэглэм тогтоод байна. Улс орон маань өнөөдөр төлж барах уу гэмээр өртэй, санхүүжилт хүлээгдэж буй олон гацсан төсөлтэй атал гадаад орчинд санхүүжилт олчих дайны нэр хүндгүй байна. Улс төрийн тогтворгүй байдал, эдийн засгийн хар ангалд уначхаас сүүлийн нэг алхам дутуу байгаа энэ үед бидэнд энэ ангалаас эвтэйхэн холдуулж дөнгөх аврах ангийн мэргэжлийн шигшмэл 76 хэрэгтэй. Эхлээд энэ ангалаас холдтол сайн дурынхан болох бөхчүүд, дуучид, жүжигчид, популистууд, эмэгтэй квот гэж далимдуулсан хүүхнүүд өөрсдийгөө мэдээд, дураа дараад холхон баймаар байна. Угаасаа ард түмэн төр засаглалдаа 100% сэтгэл хангалуун байсан тохиол хүний түүхэнд үгүй байх. Гэвч ардчилал бидэнд байгаа хамгийн дөнгүүр засаглал учраас бид арайхийж олж авсан энэ засаглалаа сайжруулж, үнэт чанаруудыг нь бататган явах ёстой болохоос эргээд хүй нэгдэл рүүгээ ороод араг түшиж төрөөд, төрийн ордондоо буу тавиад нум сум агсаад баймааргүй байна шүү дээ.

Эх орноо аврах олон улсын хэлэлцээрт явуул гэвэл бид хамгийн дориун боловсролтой, хэлтэй устай, үзсэн харсан ихтэй, дэлхийн учрыг мэддэг, чаддагаа л явуулна биз дээ? Тэгвэл энэ удаагийн сонгуулийн шаардлагыг тийм л гээд бодчих. Хүссэн ч, эс хүссэн ч тэр 76 дэлхийн түвшинд ажиллах, сэтгэх шаардлагатай, тэгж байж бул чулууг зайлуулан, улсаа аврахаас өөр гарцгүй юм. 76-гаа өнөө маргаашийн жүжиглэлт, эмзэг асуудлыг чинь ярьж саймшраад байгаагаар нь биш явсан үзсэнээр нь, буурь суурь, жингээр нь сонгох ёстой бид. Үзсэн,харсан,туулсан,суралцсанаар нь хэмжих ёстой. Нарагийн, Жавхлангийн, Түвшинбаярын үзсэн харсан сурсан нь өмд гутал, бөхийн дэвжээ, Буриад, Тувагаас хэтрээгүй байгаа бол, ярих сэдэв, биднийг хөтлөх цар хүрээ нь эх орондоо хайртай, ганц бие ээжүүдийн зовлонг ойлгодог, Монголоороо үлдэнэ төдийд дуусчхаж байгаа бол бидэнд хангалтгүй. Цаана чинь дэлхий биднээс, бидний илгээх элч нараас дэлхийн геополитикийн мэдрэмж, стратегийн ойлголт, эдийн засгийн ухааны туршлага, гэрээ хэлэлцээр хийх чадвар, дипломат ёс шаардаж байна. Энэ шаардлагад нийц, үгүй бол хүй нэгдэлдээ л үлд гэдэг зарчим үйлчилж байна. Угаасаа дур эзнээ голохгүй, харин сонгогчид бид, залуучууд бид олдсон хариуцлагаа биелүүлж энэ сонгуульд дээрх шаардлагуудад арай дөхөм байгааг нь сонгох хэрэгтэй. Бодит шаардлагууд нүдний өмнө ил байхад юун уул ус, оффшор данс, тэр энэ хужаа, газар шорооны хөдөлгөөн, мүүн, цэнхэр хослолтой хөөрхий хүүхэн. Энэ бүгд яг нөгөө улс орнуудыг хорлоод байгаа сенсаци дэгдээж гарч ирж самардаг популизм шүү дээ. Хамгийн зөв хүмүүс хамгийн чимээгүй, хамгийн аядуу, хамгийн голчтой байдаг. Бусад нь бархирч явахад тэд чимээгүй бүтээж, бусдын үзлийг хүндэтгэн сонсох мөртлөө өөрийн үзлийг, эрх ашгийн дэс дарааг мэддэг. Учир нь боловсрол л хүний хийг дарж, ичих эмээх зүйлтэй байлгаж, ган төмөр шиг хүнийг бэлдэн давтдаг юм. Тиймээс л боловсрол хэрэгтэй. Ямар ч үед. Бид ямагт тийм хүмүүсийг ч сонгох ёстой. Хяналт тавихыг бол хэзээд сайжруулж болно, тусдаа механизм.

 via Bulgan Bayasgalant

avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 464

Цар тахлын үед УОК-оос авч хэрэгжүүлж байгаа ажил хэр оновчтой байна вэ?

56%
Маш оновчгүй, хангалтгүй
17%
Оновчгүй, хангалтгүй
13%
Боломжийн оновчтой, үр дүнтэй
6%
Маш оновчтой, үр дүнтэй
6%
Мэдэхгүй
  • 56%
  • 17%
  • 13%
  • 6%
  • 6%