Сүүлчийн бодол

image

Анир чимээгүй... хав харанхуй. Хэдэн алхамын цаана хэсэг хүмүүс жиг жуг хийнэ. Яаж ч хичээсэн нүдээ нээж чадахгүйнээ, зөвхөн чихэнд л сонсогдоно. Биеэ ч хөдөлгөж үл дийлнэ. Өөрийгөө чагнаж хэсэг хүлээв. Байз зүрх минь цохилохгүй байх чинь... судсаар минь лугших цусны чимээ ч алга. Арай би...

Энэ тэнд хүмүүс уйлах сонсогдоно. Гэхдээ нэг их биш. Биеэ дахин хөдөлгөх гэж оролдоно, гэвч дахиад л болсонгүй. Ядаж нүдээ нээх юмсан... хүлээгээрэй... би амьсгалахгүй байх чинь. Гэхдээ ухаан минь зүгээр байгаа бололтой. Үгүй ээ яаж ухаан минь зүгээр байх билээ. БИ ҮХЧИХСЭН БАЙНА...

Гэхдээ яагаад? Яаж?

Эргэн тойронд хүмүүс нэмэгдэхийг би мэдэрч байна. Нүдээ нээхийг оролдоно. Чадахгүйнээ, ядаж сүүлчийн удаа нээгдээд өгөөчдээ гуйж байна. Би хармаар байна. Гэрэл! Гэрэл гарч байна! Аажим аажимаар тодрох гэрэл! Би тэнгэр харж байна. Бас үүл, шувууд. Гэхдээ би нүдээ нээсэн гэж үү? Бүх зүйл өмнөхөөс тэс өөр өнгөтэй. Би нүдээрээ харахгүй байх шиг байна. Гэхдээ би яаж хараад байнаа. Ямар ч байсан би сүүлчийн удаа бүх зүйлийг харж байгаа байх. Тиймээ миний бодсон зөв байна Би үхчихэж. Авсан дотор хэвтэж байна. Ганцаархнаа. Хэнтэйгээ ч авсан дотор хэвтэх билээ дээ. Одоо зүгээр л юу болохыг хүлээх л үлдэж байна. Гэхдээ яаж үхэв? Юу болсон юм болоо? Хамгийн сүүлд... хамгийн сүүлд би хаана юу хийж байснаа огт санахгүй байх чинь. Тэр ч одоо надад хамаагүй болсон биз. Тэртээ тэргүй би үхчихэж. Дахиж алхаж гишгиж, амьсгалж, инээж, уйлж чадахгүй болсон. Харамсалтай л юм. Миний гэр бүл ирсэн л байхдаа... тэднийгээ харах юмсан. Чшшш хүн ирж байна.

Найз нар минь миний дээрээс өнгийнө. Зарим нь уйлж, зарим нь зүгээр л зогсоно. Бодвол намайг сүүлчийн удаа харах гэж буй бололтой. Баяртай найзууд минь. Би ч яахав ингээд үүрд энд хэвтэнэ. Та нар харин энэ хорвоог үргэлжлүүлэх нь дээ. Сүүлчийн удаа нэг нэгээр чинь сайн хараад авъя байз. Ямар гунигтай, уйтгартай царайнууд харагдана вэ... Нэг нэгээрээ холдоцгоож байна. Хамгийн сүүлд нэг нь үлдэнэ. Гунигтай царай нь гэнэт өөрчлөгдөнө. Надруу тонгойж чихэнд минь минь үг шивнэж байна. “баяртай”

Ер бусын амар амгалан намайг нөмөрчээ. Сэтгэл хөдлөл бас үхдэг л юм байхдаа. Таних танхгүй олон хүн ирж харчихаад л буцна. Бодвол салах ёс л хийж байгаа бололтой. Ирээд л буцаад л. Үхэлийн тухай нэгэнтээ бодож байсан минь толгойнд бууна. Яагаад би үхэлийг тийм аймшигтайгаар бодож байсан юм болоо. Шал өөр юм. Амар амгалан, санаа зовох юмгүй, ингээд маш урт хугацааны амралтаа авч байгаа мэт л... энэ махан биенд баригдахгүй, зөвхөн хэмжээ хязгааргүй бодож сэтгэнэ. Бага багаар таалагдаж эхлэх шиг... миний үнэтэй машин, гоёмсог хослол, хэд хэдэн өрөө байр орон сууц ч хэрэггүй. Үхсэн биеийг минь багтаах жижиг дөрвөлжин хайрцаг л хэрэгтэй болно гэж бодож явсангүй шүү. Хүн намайг юу гэж бодох, хүнд би ямар харагдах надад одоо ямар ч хамаагүй боллоо. Мэдээ орсоноос хойших мэдэрсэн хамгийн гайхалтай эрх чөлөөт мэдрэмж...

Гэр бүлийнхэн минь миний дээрээс харна. Өмнө хаана ч харж байгаагүй уйтгар гуниг харагдана. Тэд нарыгаа ямар их өрөвдөж байна гээч. Би ч яахав ингээд дуусна. Тэд нар минь энэ хорвоогийн сайн муу худал хуурмаг дунд зовж шаналж баярлаж гуниглаж өдөр хоногийг өнгөрөөх болох нь дээ. Амьд байхдаа амьдралд ямар их хайртай байснаа бодоод инээд ч хүрэх шиг... эсвэл одоо нэгэнт өнгөрсөн болохоор хорогдохгүй байж ч болох юм. Хүү минь хамгийн сүүлд хоцров. Гарт минь хүрч байх шиг... Даанч юу ч мэдрэхгүй байгаа нь харамсалтай юм. Амьдар даа миний хүү. Аз жаргалтай амьдраарай.

Ингээд бүх хүн дууссан бололтой. Жижигхэн шинэ бөгөөд үүрдийн оромжны маань тагийг хааж байна. Харанхуй болохтой зэрэгцэн өнөөх амар амгалан намайг нөмрөн авлаа. Жижигхэн цоорхойгоор энэ тэндээс гэрэл тусна. Дээрээс минь шороо асгаж буй бололтой ширхэг ширхэгээр дуу нь сонсогдоно. Аажим аажмаар гэрэл бүдгэрнэ. Дээрээс унаж буй шорооны дуу ч цаашилна. Эцэст нь ямар ч гэрэлгүй хав харанхуй, анир чимээгүй. Амар амгалан...

avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 464

Цар тахлын үед УОК-оос авч хэрэгжүүлж байгаа ажил хэр оновчтой байна вэ?

56%
Маш оновчгүй, хангалтгүй
17%
Оновчгүй, хангалтгүй
13%
Боломжийн оновчтой, үр дүнтэй
6%
Маш оновчтой, үр дүнтэй
6%
Мэдэхгүй
  • 56%
  • 17%
  • 13%
  • 6%
  • 6%