Эрхэм хүндэт дарга нараа

image

Эрхэм хүндэт Монгол Улсын ерөнхий сайдаа!

Эрхэм хүндэт Монгол Улсын ерөнхийлөгчөө!

Эрхэм хүндэт Монгол Улсын Их Хурлын гишүүдээ!

Эрхэм хүндэт сайд, дарга нараа!

Утаагүй газрын усны шувууд шиг нисээд ирсэн юм шиг Утаатай танилцана гэхээр яадаг юм бэ? Улаанбаатарын гэр хорооллын энгийн иргэд бид чинь аль хэдийнээ танилцаад арван хэдэн жил болоод уушги зүрх минь урагдан хорогдоод одоо бараг дуусч байна. Та бүхэн манай гэрт ирж нэг хоноод өглөө тэндээсээ автобусанд суугаад ажилдаа нэг яваад үзээч! Утааг устгана гээд жил бүр Улсын төсвийн, ард иргэдийнхээ татварын мөнгийг утаа болгоод шатааж дууслаа шүү дээ. Устах нь битгий хэл улам л нэмэгдлээ. Миний амьдардаг гэр хороололд Утаа, хүчирхийлэл, хулгай дээрэм, архидалт, гэр бүл салалт, өнчрөл ядуурал өдөр ирэх тусам улам л нэмэгдсээр байна. Таны хүүхэд усны шувуу шиг урин дулаан цагаар ирчээд хахир хатуу өвлөөр буцаад л нисчихнэ. Таксины ч мөнгөгүй мань мэт утаандаа хордоод л алхаж л байх уу даргаа! Танаас гуйх хэдэн гуйлт надад байна!

1-рт Хамгийн түрүүнд Өрхийн орлогыг нэмэгдүүлэх бүх л боломжийг нэмэгдүүлээчээ. Өрх орлоготой байж лизингд хамрагдаж чадаж байр сууцанд орж, зарагдахгүй гацчихаад байгаа барилгын салбар сэргэнэ шүү дээ. Өрх орлоготой ажилтай байж архидалт, хулгай дээрэм, гэр бүл салалт амиа хорлолт багасна шүү дээ. Өрх орлоготой байж эрүүл хүнс авч идэж эрүүл мэнд нь бүтэн байна шүү дээ. Өрх орлоготой байж хамар хашааны ах сэтгэлээр унахгүй, архи уухгүй, авгай хүүхэд нь ганц өдрийн өмнө ч болтугай айх айдасгүй, амар тайван унтана шүү дээ. Өрх орлоготой байж өргөн хэрэглээний бараа таваарын эргэлт сайжирч зогсчихоод байгаа микро эдийн засгийн чинь судас гүйнэ шүү дээ. Тиймээс өрхийн орлого Нэгдүгээрт тавих чухал зүйл.

2 -рт Манжийн үеийнхээс ч илүү хүүлж байгаа банкны хүүгээ бууруулаачээ. Өнөөдөр Дэлхий дээр гадны банк байдаггүй хоёрхон улс байгаа нь Хойд Солонгос, Монгол хоёр л байна. Үргэлжийн дайн дажинтай Сири, Иранаас ч илүү өндөр хүүтэй байна. Монгол улсын бүх малчдын мал ХААН банкны барьцаанд орж, Төрийн албан хаагчдын талаас илүү нь цалингийн зээлийн гинжинд хүлээтэй байна. Байрны зээлийн өндөр хүүнд багагүй айл дарамтлуулж байна. Бизнес хийгээд олсон ашгийнхаа 48 хувийг банкны хүүнд төлж байхад ЖДҮ хөгжүүлнэ гэж яриад байгаа чинь логик уялдаа алга байна. Алт, нүүрс, архи тамхи зарахгүй л бол жилийн 48 хувийх ашиг олдог бизнес гэж хаана байна вэ? Банкны хүү буурч байж Бизнес хөгжиж ажлын байр нэмэгдэнэ шүү дээ. Банкны хүү буурч байж байрны лизинг сэргэнэ шүү дээ. Тиймээс танаас хүсэх миний дараагийн гуйлт банкны хүүг бууруулах.

3 -рт Танаас гуйх сүүлийн гуйлт бол Ногоон эдийн засгийг дөрвөн мөчөө өргөөд ч болтугай дэмжээл өгөөчээ. Ногоон эдийн засаг Монголын ирээдүй шүү дээ. Асар уудам газар нутаг, онгон дагшин байгальтай манай орны хувьд Органик ногоон хүнс сая саяар нь доллар олох сүүлчийн гарц шүү дээ. Монголын дэлхийд дахин гарах Nation Brand шүү дээ. Чанаргүй муу хүнснээс болж хичнээн хүн ходоодны хорт хавдар гэх мэт өвчлөлөөс болж хорвоог орхиж, хичнээн хүүхэд өнчрөн үлдэж байна вэ?

Манай улсад хичнээн хүүхэд манан будантай өснө вэ?

Хаа сайгүй хичнээн хүүхэд хайр амсалгүй өснө вэ?

Хүмүүсээ! Дарга нараа! Хүүхэд бол цэцэг юм шүү дээ.

Томоогүй жаахан тэдний минь Тоглож наадах нас нь юм шүү дээ.

Хүндэтгэсэн: СБД-ийн 12 дугаар хорооны иргэн А. Азжаргал

avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 464

Цар тахлын үед УОК-оос авч хэрэгжүүлж байгаа ажил хэр оновчтой байна вэ?

56%
Маш оновчгүй, хангалтгүй
17%
Оновчгүй, хангалтгүй
13%
Боломжийн оновчтой, үр дүнтэй
6%
Маш оновчтой, үр дүнтэй
6%
Мэдэхгүй
  • 56%
  • 17%
  • 13%
  • 6%
  • 6%