Үндсэн хуулийн өөрчлөлт - Төв банк

image Аливаа төв банкны үйл ажиллагааны үр дүнг түүний зорилтдоо хүрч байгаа байдлаар хэмждэг билээ. Харин төв банк зорилтдоо хүрэх, үйл ажиллагаа нь хэвийн үргэлжлэхэд нөлөөлдөг томоохон хүчин зүйл нь төв банкны хараат бус байдал юм. Монгол Улсын эцэг хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар хэлэлцэж буй энэ цаг үед Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах Монгол Улсын Ерөнхийлөгчийн боловсруулсан хуулийн төсөлд Монголбанктай холбоотой гурван санал тусгасан. Тэдгээрээс дурдвал: 19'2'1. Монгол Улс төв банктай байна. Төв банк нь хараат бус, бие даасан байгууллага байх бөгөөд Монголбанк гэж нэрлэнэ. 19'2'2. Монголбанк нь төрийн мөнгөний бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх, үнийн тогтвортой байдлыг хангах болон санхүүгийн зах зээл, банкны тогтолцооны тогтвортой байдлыг хангах замаар үндэсний эдийн засгийн тэнцвэртэй хөгжилд дэмжлэг үзүүлж, төрийн эрдэнэсийн санг эрхлэн удирдана. 19'2'3. Монголбанкны үйл ажиллагааны эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэсэн санал оруулсан байна. Эдгээр заалтууд нь цаашид төрийн мөнгөний бодлогыг хараат бусаар хэрэгжүүлэхэд томоохон ахиц болно. Түүхээс харахад Төв банк нь Засгийн газартай хэт ойр байж, эрх мэдэлд автах нь мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх замаар инфляцийг өсгөх хор уршигтай байдаг. Энэ асуудлын гаргалгаа болгож 1990-ээд оноос Шинэ Зеланд, Чехийн Төв банкууд үйл ажиллагаандаа хараат бус байдлыг нэвтрүүлж эхэлсэн. Улмаар Их Британи, АНУ, Европын зэрэг дэлхийн тэргүүлэх Төв банкууд энэ жишгийг дагаснаар өдгөө Төв банкны үйл ажиллагаанд томоохон ахиц буюу түүхэн шинэ хуудсыг нээсэн юм. Өдгөө төв банк хараат бус байх нь зүйтэй гэдэг үзэл олон улсын жишиг болж тогтоод байна. Төв банкны бодлогын шийдвэр нь ихэвчлэн ирээдүйд чиглэсэн, дунд урт хугацаанд эдийн засгийн тогтвортой байдлыг хангах зорилготой байдаг. Тиймээс ч зарим тохиолдолд төв банкны бодлого нь богино хугацаанд хэрэглээг танах буюу эрсдэл хуримтлагдахаас сэргийлсэн, “консерватив” хандлагатай байдаг бөгөөд ийм бодлого хэрэгжүүлж байгаа үед бусдаас дарамт шахалт ирэх нөхцөл байдал үүсдэг. Тиймээс улс орнуудад төв банкны хараат бус байдлыг хуулиар баталгаажуулдаг болов. Төв банкны хараат бус байдал гэж юу вэ? Энэ асуудал судлаачдын анхааралд очсоноор хараат бус байдлыг хэд хэдэн аргаар тодорхойлдог болжээ. Тэдгээрээс дурдвал зорилгын хараат бус байдал, арга хэрэгслийн хараат бус байдал, үйл ажиллагааны хараат бус байдал юм. Зорилгын хараат бус байдал: Энэ нь төв банкны үндсэн зорилтыг хэн тодорхойлдог, зорилт нь хэр тодорхой эсэхийг хэмждэг. Улс орнуудын төв банкууд нь ихэнхдээ “үнийн тогтвортой байдал”-ыг үндсэн зорилтоо болгодог. Тухайлбал судалгааны үр дүнгээс үзэхэд 94 орны төв банкуудын 85 нь үнийн тогтвортой байдлыг зорилтоо болгодог. Тэгэхлээр үндсэн хуулинд Төв банкны салаа утгатай зорилтыг илүү тодорхой болгож байгаа нь маш чухал юм. Өдгөө Монголбанкны хараат бус байдал төгрөгийн тогтвортой байдал гэж томъёлогдож байгаа нь нь төгрөгийн дотоод үнэ буюу инфляци, гадаад үнэ буюу ханшийн тогтвортой байдлын алийг зорьж байгааг тодорхойгүй болгодог. Тийм ч учраас төв банкны хараат бус байдлыг хэмжиж тодорхойлоход оноо алддаг нэг үзүүлэлт нь энэ. Угаас Монгол Улсын хэрэглээний сагсны бүтээгдэхүүнүүдийн 40 орчим хувь нь импортын бүтээгдэхүүн байдаг учраас инфляцийг тогтворжуулахын тулд ханшийг анхаарах нь зайлшгүй юм. Цаашлаад үнийн тогтвортой байдлыг ярих үед инфляцийн зорилтыг хаанаас тодорхойлох нь чухал хэмжүүр болдог. Монгол Улсын төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийг Монголбанкнаас боловсруулан өргөн барьж, УИХ-аас жил бүр баталдаг. Энд нэг асуудал тулгардаг нь дунд, урт хугацаанд хэрэгжих ёстой мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг жил бүр УИХ-аар хэлэлцэж байгаа нь өөрөө бодлогын тууштай байдалд хүндрэлийг бий болгож байна. Өөрөөр хэлбэл жил бүр хэлэлцэж баталдаг нь богино хугацаанд бодлогыг өөрчилж, үр нөлөөг бууруулах эрсдэлийг бий болгодог тул төдий л сайн туршлага биш юм. Арга хэрэгслийн хараат бус байдал: Энэ нь төв банк зорилтоо хангахын тулд ямар арга хэрэгслүүдийг ашиглаж байгааг хэмждэг. Мөнгөний бодлогыг үр ашигтай хэрэгжүүлэхэд бодлогын хэрэгслүүдээс сонгох шаардлага тулгардаг бөгөөд энэ нь төв банкны бүрэн эрх мэдлийн асуудал. Нөгөөтээгүүр, бодлогын шийдвэрийг ямар зарчмаар гаргаж байгаа нь арга хэрэгслийн хараат бус байдлын нэг хэмжигдэхүүн болдог. Төв банкны бодлогын шийдвэр гаргах процесс нь засаглалын зарчмыг хэрэгжүүлж, хөндлөнгийн нөлөөгүй байх ёстой. 2018 онд Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд орсон нэг чухал дэвшил нь мөнгөний бодлогын болон хяналт шалгалтын шийдвэрийг хамтын удирдлагын зарчмаар гаргадаг болсон явдал юм. Монголбанкны мөнгөний бодлогын хорооны үйл ажиллагааг урд өмнө нь хуульчилж өгөөгүй байсан. Өмнө нь мөнгөний бодлогын шийдвэрийг зөвлөлийн гишүүдийн зөвлөмжийг үндэслэн Ерөнхийлөгч дангаараа гаргадаг байсан. Харин хуульд нэмэлт өөрчлөлт орсноор 7 хүний бүрэлдэхүүнтэй хорооны бүтцийг бий болгож, гишүүд тус бүр нь саналын тэгш эрхтэйгээр шийдвэр гаргах процесст оролцдог болсон. Үйл ажиллагааны хараат бус байдал: Энэ нь төв банкны удирдлагыг томилж байгаа механизм, үйл ажиллагааны санхүүжилтийг хэрхэн шийдэж байгааг тодорхойлж, хэмждэг. Үйл ажиллагааны хараат бус байдлыг заримдаа удирдлагын болон санхүүгийн хараат бус байдал хэмээн нэрлэх явдал бий. Мөнгөний бодлогын хорооны гишүүдийг үндэслэлгүйгээр чөлөөлөөд байвал мэргэжлийн түвшинд, хараат бус ажиллаж чадахгүй. Нөгөө талаар ийм зүйл олон давтагдах үед төв банкинд итгэх итгэл сулрах аюултайгаас гадна хорооны гишүүд олон солигдох нь үйл ажиллагааны зарчмыг алдагдуулах эрсдэлтэй. Монголбанкны үйл ажиллагааны хараат бус байдлыг хэмжих үед бүрэн эрхийн хугацаагаа дуусгасан Ерөнхийлөгч ердөө 1 байна. Энэ нь эргээд оноо алдах шалтгаан болдог. Санхүүжилтийн хувьд төв банкыг үйл ажиллагаагаа хараат бусаар явуулах нөхцөл бололцоог хангах ёстой. Хэрэв санхүүгийн хувьд хэн нэгнээс, ялангуяа Засгийн газраас хамааралтай бол бодлогын арга хэрэгслийг ашиглах, санхүүжилтийг хийхэд хүндрэл тулгардаг. Монголбанк 2012-2016 онд төсвийн шинжтэй үйл ажиллагааг санхүүжүүлж, зээлээр гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлж байсан нь алдагдлыг 3 их наяд төгрөг хүртэл өсгөсөн байдаг. Хэдийгээр Монголбанк нь ашгийн төлөө бус төрийн байгууллага ч гэлээ ийм хэмжээний алдагдалтай удаан ажиллавал Засгийн газраас санхүүжилт авч хараат бус байдлаа алдах, эсвэл бодлогын хэрэгслүүдээ бүрэн ашиглахгүй байх эрсдэл үүсч болзошгүй. Тиймээс ч Монголбанк хуримтлагдсан алдагдлаа буруулахад анхаарч 2018 оны эцэст 1.8 их наяд төгрөгт хүргэжээ. Ил тод байдал ба хараат бус байдлын хамаарал Төв банкны хараат бус байдлыг дагаж урган гардаг нэг чухал ойлголт бол ил тод, хариуцлагатай ажиллах зарчим. Төв банкны ил тод байдал нь засаглалын нэг элемент бөгөөд нөгөө талаас олон нийттэй харилцах харилцаа нь бодлогын нэг хэрэгсэл болдог. Ил тод байдал болон хараат бус байдал нь харилцан биенээ дэмжих боломжтой үзүүлэлтүүд юм. Ил тод ажиллах зарчмын хүрээнд хараат бус байдлаа хангах боломжтой бол хараат бус байдлаа сайжруулснаар бодлогын тууштай байдал хангагдаж, эргээд олон нийттэй харилцах суваг илүү үр ашигт болох юм. Төв банкны хараат бус байдал бидний амьдралд ямар нөлөөтэй вэ гэсэн асуултад дараах байдлаар хариулж болох юм. Засгийн газар хүүхдийн мөнгийг төв банкаар дамжуулж олгох нь богино хугацаанд бидний амьдралд нэмэртэй мэт боловч урт хугацаандаа мөнгөний нийлүүлэлтийг удирдлагагүй болгож, цаашлаад худалдан авалтаар дамжуулж хэрэглээний бүтээгдэхүүний үнэ буюу инфляцийг өсгөх аюултай. 2012-2016 онд үнэ тогтворжуулах гэх мэт төсвийн шинжтэй олон хөтөлбөр хэрэгжиж байсан нь тухайн цаг үедээ эерэг дүр зургийг бий болгож байсан ч үнэн хэрэгтээ дараа дараагийн жилүүдэд ханшийг өсгөх, зах зээлийн зарчмыг алдагдуулах, тэгш бус байдлыг нэмэгдүүлэх нөхцөл байдлыг үүсгэсэн. Тиймээс төв банкны ил тод байдлыг сайжруулж, хараат бус байдлыг хуульчилж өгөх нь урт хугацаандаа эдийн засагт тогтвортой, хүртээмжтэй өсөлтийг бий болгоход эерэгээр нөлөөлдөг. Н.Батжин
avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 464

Цар тахлын үед УОК-оос авч хэрэгжүүлж байгаа ажил хэр оновчтой байна вэ?

56%
Маш оновчгүй, хангалтгүй
17%
Оновчгүй, хангалтгүй
13%
Боломжийн оновчтой, үр дүнтэй
6%
Маш оновчтой, үр дүнтэй
6%
Мэдэхгүй
  • 56%
  • 17%
  • 13%
  • 6%
  • 6%