Монголын программ хангамжийн салбар хүнд байдалд орсон бас нэг шалтгаан

image

Монголын програм хангамжийн салбарыг хүнд байдалд оруулсан бас нэг шалтгаан бол төсвийн байгууллагууд 3 жил тутам материаллаг бараа шиг энтерпрайс програм хангамжаа шинэчилнэ гэж төсөв тавьдаг юм билээ. Зарим байгууллага нь хангалттай, бүр түүнээс ч давсан төсвөөр бас ч гэж яах вэ гайгүй чанартай програм бичигдсэн байдаг ч төсвөө тавьж идэх гэдэг юм уу яадаг юм 3 жил болоод л солино гээд дайрчихдаг юм байна лээ. Уг нь бол солих биш сайжруулах, арчлах ёстой юм. Тэгнэ гэхээр хууль заалтад нь байдаггүй ч юм уу ямартай ч болдоггүй л шиг байгаа юм.
Гэхдээ ихэнхдээ хангалттай өндөр ч тавигддаггүй. Тэгээд нөгөөхөд нь таарсан програм хангамж бичнэ гэхээр жилийн настай хэцүүхэн эд бичигддэг. Эхний жил нь хийж байна хэрэгжүүлж байна гэж явсаар, 2 дахь жил нь ийм ч юм нь болохгүй, тийм ч юм нь болохгүй гэж явсаар, 3 дахь жил нь за ер нь больё өөр газраар шинээр хийлгэе гэж явсаар дуусдаг. Үнэндээ аль аль нь үргүй зардал.

Хоёрын хооронд ийм үргүй зардал гаргаж байхаар бизнес процесс нь сайн бол цаасаараа явж байсан нь дээр шүү дээ. За тэгээд бүтэхгүй програмтай болчихвол өөх ч биш булчирхай ч биш болж өмнө явж байсан сайн процесс ч үгүй болж доголдож, хохирч үлдэж байгаа юм даа.
Зүй нь бол тохирсон төсвийг нь тавиад хамаа байхгүй эхний ээлжид хөгжүүлэх, дараа дараагийн төсвүүд арчилгаа дээр тавигдаж байнга сайжирч байх ёстой. Гэрээн дээрээ ч заагдах хэрэгтэй. Тэгж байж хийсэн газар нь урт настай чанартай програм хангамж хөгжүүлдэг болно, тэр нь хийлгэсэн байгууллагадаа ч үр ашиг өгнө. Түүнээс хумсын чинээ төсөв бариад хормын чинээ хугацаанд (14 хоногоос эхлээд 2 сар хүртэл л гэж ярина шүү дээ. За үсрээд 6 сар) юу гарна гэж хүлээх вэ дээ.
Түүнээс одоогийнх шиг яваад байх юм бол хэдэн халтуурчдыг дэмжиж, хийе гэсэн нэгэнд нь ямар ч чанартай програм хангамж үйлдвэрлэх тэмүүлэл (motivation) байхгүй болгочхож байгаа юм. Хөгжүүлэлтдээ хүрэхтэй үгүйтэй зардлаар яаж юнит тест, интеграцийн тест, системийн тест бичих юм бэ? Яаж програмын бүтэц, архитектурыг эх кодтой нь синхрон барих юм бэ?


Тиймээс програм хангамжийн компаниуд чадваржихгүй, хөгжихгүй унтарч эхэлдэг. Нэг л мэдэхэд ёстой нөгөө нүглийн нүдийг гурилаар хуурдаг газрууд болчихсон байдаг. Зарим нь шалдаа буугаад халтуурчидтайгаа өрсөлдөөд тууна.
Ганц жилийн нүүр тахалсан програм бичих жинхэнэ програм хангамж бичих 2-т их ялгаа бий. Гаднаа дизайн нь адилхан байж болно. Харин програм хангамжийн чанар нь дотроо байдаг, бүтэц, архитектур, функцдээ байдаг. Түүнээс биш сайхан харагддаг гадаргууд ч байхгүй, дагалдаж явдаг хэдэн зуун хуудас баримт дотор ч байдаггүй юм.
За тэгээд сүүлийн үед хүн болгон л гадагшаа харах хэрэгтэй гэдэг болсон байна лээ. Зөв л дөө, хүн болгон л бодож байгаа. Гэхдээ ур чадвар, чанар нь сул болчихсон газрууд яаж дэлхийн тавцанд гарч ирж өрсөлдөх болж байна? Ер нь бол пуужин дотор суучихсан газруудтай хөлөөрөө гүйж уралд гэсэн үг шүү дээ.

via Badral Sanlig

avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 464

Цар тахлын үед УОК-оос авч хэрэгжүүлж байгаа ажил хэр оновчтой байна вэ?

56%
Маш оновчгүй, хангалтгүй
17%
Оновчгүй, хангалтгүй
13%
Боломжийн оновчтой, үр дүнтэй
6%
Маш оновчтой, үр дүнтэй
6%
Мэдэхгүй
  • 56%
  • 17%
  • 13%
  • 6%
  • 6%