I. M. Pei-гийн дизайн ба технологийн нэгдэл: Louvre-ийн музей

image

 

Пирамид хэлбэртэй барилга дахин баригдах эсэх талаар бид өөрсдөөсөө асуух ёстой.

- Kurt Mendelssohn, (New York, 1974)

I.M.Pei-гийн төлөвлөсөн Louvre-ийн музейн өргөтгөл нь 1980-аад оны, магадгүй бүр энэ зууны хамгийн сэтгэл хөдөлгөм төслийн захиалга юм. Louvre-ийн музей бол зүгээр нэг барилга, эсвэл гайхалтай музей төдий биш, урлаг соёлыг маш нухацтай хүлээн авдаг Франц орны өв соёлын гол зүрх нь. Louvre-ийн музейн энэхүү чухал ач холбогдлыг бодолцон үзээд, нэгэн хүнд (тэгээд ч болоогүй гадаад хүн), мөн түүний архитектурын фирмд өргөтгөлийн дизайн, төлөвлөлтийн ажлыг даатгасан явдал нь бүр ч гайхалтай хэрэг.

Мэдээж хэрэг тухайн архитектор бүхэл бүтэн төслийн утга санаа, ач холбогдлыг ойлгохын тулд үндсэн музейн барилгыг өөрийг нь гайхан биширч, шагшин магтах ёстой. Хоосон пирамидуудын гоо үзэмж, газар доорх хонгилууд нь амьдралд ойр, няцаашгүй санаанууд бөгөөд үүнээс илүү чухал зүйл бол харагдах байдлын хувьд ч, үүрэг зориулалтын хувьд ч уран чадварлаг, зориулалттай хийцлэл, бүтээц болж чадсан. Музейн шинэ элемэнт нь нэгэн зэрэг уран баримал, шинэ гол орц, үндсэн барилгын 3-н жигүүрийг үр ашигтай холбосон холбоос, мөн олон нийтийн нээлттэй орон зай гэсэн зориулалтуудыг хангадаг. I.M.Pei-гийн төлөвлөлт гарцаа байхгүй эдгээр бүх шаардлагыг гайхамшигтайгаар хангаж чадаад зогсохгүй, үндсэн музейн барилгын ур хийц, мастер элементийг хэвээр нь хадгалж авч үлдэн, өргөтгөлийг нэгдүгээр давхарт зогсож буй үзэгчийн нүдэнд бараг харагдахгүй байхаар тооцож чаджээ.

Энд тухайн төслийн зөвхөн үр дүнг тайлбарлахгүй бөгөөд уг ажлыг бүхэлд нь ойлгохын тулд хамгийн түрүүнд төслийн архитектор, түүний өнгөрсөн болон эдүгээгийн амьдрал замнал, мөн арга барилыг нь ойлгох ёстой. Үүний дараа архитектур дизайны шийдлийн талаас нь, мөн түүхийн үнэлэлт дүгнэлт, урлаг, бизнес, сэтгэлгээний чадамж, эрх мэдэл зэрэг олон чухал хүчин зүйлийг нэгтгэсэн төсөл гэдэг утгаар нь судлах болно. Эдгээр чухал хүчин зүйлс нь яг үнэндээ бол тухайн нөхцөл байдал, боломжоос үүдэн бий болоогүй, харин I. M. Pei гэх хувь хүн болон түүний ажлын үнэн мөн чанар, бас түүний сэтгэл татсан авьяас чадваруудын илрэл.

M. Pei

Би маш олон зүйл хийхийг эрмэлзэж байна, гэвч надад дахин хэзээ ч Louvre-ийн музейн төсөл шиг боломж тохиохгүй.

Энгийн, сэтгэл татам, боловсон, бие даасан гэж тодорхойлогддог I. M. Pei нь архитектор гэхээсээ илүү элчин сайд хүн шиг санагддаг. Үргэлж давхар энгэртэй цэмцгэр хослол өмсөх тэрээр элчин сайд ч байж болохуйц харагдана. Хэрвээ түүний өнгөрсөн амьдрал руу өнгийж харвал энэ нь зүй ёсны санагдах буй заа.

Leoh Ming Pei 1917 оны 4-р сарын 26-нд Хятадын Кантон мужид нэгэн нэр цуутай банкир хүний хүү болон мэндэлжээ. Бүхий л хүүхэд ахуй нас нь хятадын эдийн засгийн хүчтэй элитүүдийн хүрээлэл дунд өнгөрсөн түүнийг Америкад суралцахаар ирэх үед ч чухал нөлөөтэй ертөнц угтан авсан. Анх Pennsylvania-ийн Их Сургууль, сүүлд Massachusetts-ийн Технологийн Институт болон Harvard-ийн Их Сургуулийг суралцаж дүүргэсэн тэрбээр карьерийнхаа оргил үед Америкийн ерөнхийлөгч Кеннедигээс авахуулаад Францын ерөнхийлөгч Francois Mitterand зэрэг дэлхийд нөлөөтэй эрхмүүдтэй холбоо тогтоон, ажиллаж байлаа. Үүгээр ч зогсохгүй Walter Gropius, Marcel Breuer зэрэг Европ болон Америк дах энэ зууны нэртэй архитекторуудаар хичээл заалгаж, тэднээс суралцаж, танилын хүрээлэлд нь багтаж байсан байна. Мөн өөрийн бүтээллүүддээ Le Corbusier, Mies van der Rohe, Louis Kahn зэрэг архитекоруудын олон санаануудыг тусгажээ.

Түүний стилийг бүрэн ойлгох гол түлхүүр бол хатуу чанд итгэл үнэмшлээр сэтгэгдэл төрүүлэхээс илүүтэй, төслийг гүйцэтгэхийн тулд өөрт байгаа бүхнээ хэрхэн өгч чадах вэ, юуг санал болгох вэ гэсэн түүний бэлэн байдал юм. I.M.Pei өөрийн олж мэдсэн сургалтын онолоо баримтлахын оронд, хүмүүсийн хэрэгцээ хэрхэн өөрчлөгдөн хувьсах, тэр нь барилга дээр хэрхэн илрэх, хүн ба архитектурын орчин хоорондоо яаж ашигтайгаар нэгдэж чадах вэ гэх мэт асуултууд дээр, хүн тус бүрийн хэрэгцээ, шаардлага дээр анхаарлаа хандуулахыг илүүд үздэг. Louvre-ийн музейн төсөл бол ашигтай байдал болон уран нарийн гоо сайхныг нэгтгэж чаддаг түүний стилийг илэрхийлэх төгс жишээ билээ.

Le Grand Louvre

Бүх улс төрийн бодлогын үндэс суурь нь соёлын бодлого байх ёстой.
- Francois Mitterand

Louvre-ийн музейн өргөтгөлийн ажил нь архитектурын том төсөл бөгөөд мөн улс төрийн томоохон үүрэгт ажил байгаад зогсохгүй, Francois Mitterand-ыг 20-р зууны түүхэн дэх урлаг соёлыг дэмжигч хамгийн агуу удирдагч гэсэн дүрээр нь мөнхлөх ёстой, урьдаас тооцоолсон нүүдэл байсан. Тийм ч учраас францын ерөнхийлөгч ямар нэгэн эрсдэл гаргахыг үл хүсэн, энэ төслийг гүйцэтгэх боломжтой бөгөөд ойлголцож, зөвшилцөж чадах хамгийн шилдэг хүнийг хайж байлаа. Ердийн үед иймэрхүү томоохон цар хүрээтэй төсөлд зориулж уралдаан зарлан, шалгарсан бүтээлийг хэрэгжүүлдэг байхад ноён ерөнхийлөгч зөвлөхүүдтэйгээ зөвлөлдсөний үр дүнд энэ дүрэм үйлчлэхгүй гэж шийджээ. Mitterand энэ чухал ажлыг зүгээр нэг үл мэдэх хүнд даатгаж орхихыг хүсээгүй.

Ингээд уг төсөл шулуухан I. M. Pei-гийн ширээн дээр буулаа. Агуу түүхийн ач холбогдолтой тус музейг хүндэтгэн үзэхийн сацуу, 200 жилийн настай барилгад хамгийн орчин үеийн тоног төхөөрөмжүүд суурилуулах ба шинэчлэх оюун ухаан, хүч чадал шаардсан ажил оногдов. Музейд, мөн музейн захиргааны хэрэгцээ шаардлагад нийцүүлсэн нэмэлт өрөөнүүдээр хангах, музейн үйлчлүүлэгчдэд үйлчлэх үндсэн барилгын 3-н орцыг хэрхэн илүү үр дүнтэй өөрчилж төлөвлөх нь зүйтэй вэ зэрэг асуудлуудыг шийдэх ёстой байв. Ийнхүү I.M.Pei 3-н ч удаа урт хугацаагаар музейн түүх болон барилгынх нь хийцийг судлахаар Парис руу ирж очсоны дараа цоо шинэ шийдэлд хүрчээ.

Тэрбээр үндсэн барилгад байрлах 3-н орцоос татгалзаж, цоо шинэ, төвд нь орших цорын ганц гол орц төлөвлөхөөр шийдсэн байна. Энэ санааг хэрэгжүүлэх ганц арга зам бол П хэлбэртэй музейн цогцолбор барилгын голын талбайг (Cour Napoleon буюу Напелеоны талбай гэж нэрийддэг) ухаж, гурван жигүүр лүү нь шулуухан холбосон газар доорх орон зайг барих явдал байв. Усан оргилуурууд болон 3-н жижиг пирамидаар хүрээлэгдсэн, маш тунгалаг, нэвт харагдах гол том шилэн пирамид өргөтгөлийн хэсгийн голд нь байхаар төлөвлөжээ. Мөн түүнчлэн автобусны төв буудал руу чиглэсэн, бусад жижиг пирамидуудаар гэрэлтүүлсэн газар доорхи корридорууд байх ёстой байлаа.

Бүхэл бүтэн цогцолбор барилгын хувьд хамгийн чухал элемэнт нь шинэ өргөтгөлийн хэсэг буюу газар доорх далд байгуулалж юм. Шинээр төлөвлөсөн үзэсгэлэнгийн танхим, ресепшн, аж ахуй болон тоног төхөөрөмжийн өрөөнүүдэд зориулсан нийт 62’245 м2 талбай нь музейн өргөтгөлийн орон зайд хамаарагддаг. Байгууламжийн нэг сайн тал нь ойролцоо орших Seine голтой холбоо хамааралтай болсон явдал юм. Напелеоны талбай тэр чигтээ Seine голын үерийн усанд автах аюултай байсан бөгөөд шинэ байгууламж нь усны төвшингөөс доор оршсоноороо уг талбайг ямарч усгүй байлгах, үерийн ус зайлуулах шугам сүлжээг төлөвлөх боломжтой болсон байна. Түүнээс гадна шинээр төлөвлөж буй усан оргилууруудын газар шорооны ажлыг гүйцэтгэхдээ Louvre-ийн музейн аль нэг жигүүрээс 7,3 метрээс дотогш ухах ёсгүй байв.

Хучилтын дүүргэлтийн материалд пордланд цемент болон суперпластификаторийн нэмэлт бүхий хольц орж, дундуур нь шугам сүлжээ , тооцоонд үндэслэн хүчитгэсэн арматурчлал бүхий бетон хучилт төлөвлөсөн байна. Эдгээр элементүүд нь Напелеоны талбайг тогтоох бүтээц болж, мөн хучилтын зузааныг мэдэгдэхүйц багасгаж чадсан. Цаашлаад интерьер дэх хана болон шалны өнгөлгөөгөөр нарийн ширхэгтэй чулуун сонгон хийсэн нь нийцтэй болжээ. Хучилтын давхарга, бүтцийн хувьд хүчитгэсэн бетон, угсармал хавтангууд, ус чийг тусгаарлагч битум, борооны ус зайлуулах хайрга, боржин чулуун явган замын хавтангууд гэсэн дараалалтай хийгдсэн. 

Газар дээр ил сүндэрлээд байгаа пирамидууд нь I.M.Pei-гийн төлөвлөсөн нийт байгууламжийн дотроос хамгийн их анхаарал татсан, мөн хамгийн их маргааныг бий болгосон хэсэг нь юм. Напелеоны талбайн газрын түвшнээс дээш 21,6 м өндөр босгосон гол том шилэн пирамид нь I.M.Pei-ийн шийдсэнээр талбайн голд байрлах бөгөөд ямар нэг метроны орц мэтээр санагдах биш, огт өөр мэдрэмж өгөх ёстой байлаа. Пирамид нь үндсэн музейн барилгыг тэгтлээ хааж, тээг болдоггүй ч, нарийн харвал Louvre-ийн музейн сонгодог тэгш хэмийн зохиомжийг илэрхийлдэг. Тунгалаг шил нь газар доорхи орон зайд их хэмжээний байгалийн гэрэлтүүлгийг өгөх ёстой. Үүнээс гадна гол том пирамидийн эргэн тойронд байрлах жижиг 3-н пирамидууд нь үндсэн музейн барилгын 3 жигүүр лүү хөтлөх нэмэлт гэрэлтүүлэг буюу үйлчлүүлэгчдийг байршлаа олоход туслах чиглүүлэгч юм. Пирамидуудын харагдах байдлыг хөнгөн байлгахын тулд, усан дээр хөвж буй мэт сэтгэгдэл төрүүлэхээр гурвалжин хэлбэртэй усан оргилуурууд, толин тусгал бүхий усан сангууд төлөвлөжээ.

Парисийн бараг бүх хүмүүс тухайн үед эдгээр пирамидуудыг маш сөргөөр хүлээн авч байлаа. Түүх, өв соёлыг хамгаалах үндэсний хороо шинэ өргөтгөлийн хэсгийг “аварга том сөнөсөн төхөөрөмж”, Парисын нэр хүндтэй сэхээтний төлөөглөгчид харин “Диснейлендийн нэгээхэн бүрэлдэхүүн хэсэг” гэж үзэж буйгаа тус тус илэрхийлсэн байдаг. Зөвхөн ерөнхийлөгч Mitterand болон Louvre-ийн музейн удирдлагууд сэтгэл ханамжтай, бүр тэр санааг илт таалсан байдалтай байсан юм. Музейн удирдлагууд I.M.Pei-гийн пирамидуудыг ямартаа ч хүлээн зөвшөөрч, баталсан, “архитектурын ашигтай хэлбэр мөн” гэж өөрсдийн байр сууриа илэрхийлсний дараа хатуу ширүүн шүүмжлэлүүд нэг юм намжсан боловч бас ч ор мөргүй алга болоогүй. Ингээд I.M.Pei гол том пирамидтай тэнцүү хэмжээний загвар рамыг төслийн талбай дээр кабел утсаар угсарч үзүүлснээр Парисчуудын хувьд энэхүү төлөвлөгөө нь байж болохуйц юм гэсэн итгэл үнэмшил төржээ.

 

Одоо аль хэдийн баригдаж дууссан пирамид Францчуудад зөвхөн гадаад үзэмжийн хувьд төдийгүй, инженерийн хийцлэлийн хувьд ч хүндлэгдэж, сайшаагдаж байгаа билээ. 675 ширхэг ромбо хэлбэртэй, 118 ширхэг гурвалжин хэлбэртэй тунгалаг шилнүүд нь 16 төмөр утсаар татагдсан, хөндлөн гулд тулгуур төмөр бүхий 128 рамууд дээр тогтдог. Энэхүү бүтээц дэх өөрийн ачааллыг даах систем нь цоо шинэ санаа байсан бөгөөд Европоос тус бүтээцийн эд ангийг шаардлагын түвшинд үйлдвэрлэж, нийлүүлж чадах хэн нэгнийг олж чадаагүй юм. Харин Pei америк руу буцсанаар Америк даяар дарвуулт завины угсралт хийдгээрээ танигдсан Massachusetts мужийн Littleton-д байрлах Navtec үйлдвэрийг олжээ.

John Russell (Америкийн алдарт жүжигчин) өөрийн шүүмжлэлдээ “Музейн үйлчлүүлэгчид элдэв янзын гоёлын гэрэл чийдэнгээр чимэглэгдээгүй цэвэрхэн тааз, нүднээс далд байрлуулсан агааржуулалтын хоолойн систем, утааны мэдрэгч зэрэг ийм нарийн ширийн зүйлсийг магадгүй хэзээ ч анзаарахгүй байх” гэжээ. Үнэхээр Pei-гийн дизайны туйлын гоо сайхан нь үл үзэгдэх мөртөө үзэгдэх орчинд оршдог. Музейн үйлчлүүлэгчдийн дээгүүр хөнгөхөн хөвөх мэт шилэн пирамид, бараг л үл орших уг бүтээц нь маш том задгай орон зайг бий болгож байгаа бөгөөд эс бөгөөс харанхуй том нүх төдий санагдах биз. Napoleon-ий шинэ танхим нь (газар доорх өргөтгөлийн гол хүлээн авах танхим) гайхамшигтай нээлттэй, нөгөө талаар дуу чимээтэй эффектийг бий болгодог. Ингээд эцсийн байдлаар дууссан өргөтгөлийн хэсгийг ерөнхийд нь харахад, архитектор I.M.Pei хуучин Louvre-ийн барилгад нэгэн ид шидийг авчирсан мэт санагддаг. Тунгалаг бөгөөд цэнхэр Парисийн тэнгэр шинэхэн сүрлэг Louvre-ийн пирамидуудын шилэн дээр, усан толь бүхий оргилуурууд дээр нь тусах нь үнэхээр үзэсгэлэнтэй сайхан сэтгэгдэл төрүүлдэг. Архитектурын цэвэр тунгалага байдалд нэвтэрсэн, эртний түүхийн утга учрыг мэдрүүлсэн, диваажин болон дэлхийг холбосон эдгээр пирамидууд яг л хаа нэгтээ зуу зууны турш оршин байсан юм шиг.

avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 464

Цар тахлын үед УОК-оос авч хэрэгжүүлж байгаа ажил хэр оновчтой байна вэ?

56%
Маш оновчгүй, хангалтгүй
17%
Оновчгүй, хангалтгүй
13%
Боломжийн оновчтой, үр дүнтэй
6%
Маш оновчтой, үр дүнтэй
6%
Мэдэхгүй
  • 56%
  • 17%
  • 13%
  • 6%
  • 6%