Ахмад эрдэмтэн судлаачид УИХ-ын 76 гишүүдийн 50 гаруйг нь дахин сонгогдох бололцоогүй гэж дүгнэжээ

image

Монголын бүх ард түмний эв нэгдэл, Ахмадын төв байгууллагуудаас Монгол улсын Их Хуралын ирэх сонгуулийн сонгогчдод хандсан уриалга

Өнөөдөр эдийн засаг болон нийгмийн бүхий л салбар нь хүнд болсон улс орон, тогтворгүй төлөвшилгүй төрийг 2016 онд болох ард нийтийн сонгуулиар шинээр байгуулагдах Монгол Улсын Их Хурал хүлээж авах болж байна. Иймд одоогийн их хурал шиг төрийн эрхийг том өмчтөн, эрх мэдэл хөөцөлдөгчдийн гарт өгч болохгүй юм байна гэдгийг бүгдээрээ ойлгож байгаагаа ухааран харуулах цаг ирлээ.

Ахмад эрдэмтэн судлаачдын судалгаагаар одоогийн Их Хуралын 76 гишүүдийн 50 гаруйг нь дахин сонгогдох бололцоогүй гэсэн дүгнэлт гарсан байна. Гэтэл тэдний нилээд нь Их Хуралд дахин нэрээ дэвшүүлэхээр бэлтгэн тойргоо сонгож сонгогчдод хоосон амлалт өгөх, үнэгүй үйлчилгээ, мөнгө, эд материал тараах, бөөнөөр амралт сувилалд явуулах, дотоод гадаадад аялуулах, нөлөө бүхий хүмүүстэй үгсэн хуйвалдах, намдаа ихээхэн хэмжээний мөнгө хандивлах зэрэг урьдын луйврын бузар булай аргаа хэрэглэж, бүр зарим нь сонсогчид нь хүлээж авахгүй болохоор “та нараас гуйхгүй, намынхаа нэрсийн жагсаалтаар гараад ирнэ” гэж аархсан тохиолдол гарлаа. Сонгогчид бид амиа бодсон шунал, авилгалд автагддаггүй эх орноо хөгжлийн мухардлаас гаргах шийдэмгий чанар, алсын хараатай тийм л төр баригчтай байхыг хүлээж байна. Төр ард түмэн өөрийгөө нэгтгэх оюуны сууриа олж нийгмийг урагшлуулах гол хүч улс төрийн сэтгэлээний хувьсгалаар эх орныхоо хөгжлийн шинэ замыг зааж хөтлөж чадах Монгол Улсын Их Хурал, Засгийн газартай болох нь Монголын ард түмний энэ үеийн түүхэн хариуцлага мөн шүү.

Монгол Улсын Их Хурлын ирэх сонгуулиар “ Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна” гэж үндсэн хуулиар олгогдсон эрхээ бүрэн утгаар нь эдлэхийн төлөө эрхэм сонсогч таньд УРИАЛАХ НЬ:

Нэг: УИХ-ын сонгуульд сонсогч та идэвхтэй оролцож шинээр сонгогдох УИХ-ын гишүүнд дараах шалгуур үзүүлэлтийг харгалзан нэр дэвшигчийн төлөө саналаа өгөхийг зөвлөж байна.

1. Нэр дэвшигч нь монгол төрийн дотоод, гадаад зөв мэргэн бодлого шийдвэр боловсруулахад бэлтгэгдсэн эх хэл, түүх соёлоо эрхэмлэн дээдэлдэг, алсыг харах ухаантай, өөрийнхөө онол улс төрийн боловсрол мэдлэгээ дээшлүүлэхийн төлөө байнга анхаардаг, нийгэм улс төрийн шат дараалсан сонгуулийн ба сонгуулийн бус алба хашиж, ард түмнийхээ ширгэшгүй уламжлал хамтын оюун ухааныг шингээж туршлагажсан жинхэнэ төрийн хар хүн байж чадах.

2. Нэр дэвшигч нь нийгмийн оюун ухааны охь ёс суртахууны нандин чанарыг эзэмшсэнээрээ эх орон, ард түмнийхээ төлөө бие сэтгэл, итгэл зүтгэлээ дайчилдаг, хамгаас түрүүн эх орныхоо эрх ашгийг боддог, төрийн албаны нэр төрийг хувьдаа ашигладаггүй, ёс суртахууны үнэт чанарыг эрхэмлэдэг нэр цэвэр, хамт олон орчиндоо нэр хүнд нөлөөтэй, харилцааны тэгш эрх, алагчлалгүй шударга ёсыг хатуу баримталдаг байх.

3. Нэр дэвшигч нь нийгмийн амьдрлын гоо сайхан, ухаалаг хүний тэвчээртэй төрх төлөв, ааш араншин зан үйлийг эзэмшсэн, биеэ зөв боловсон авч явах соёл намба төрх, хэлэх үг нь олон нийтэд таалагддаг, шинийг сэдэх, хөдөлмөрч, бүтээлч үйлсээ цэнгэл жаргал гэж үздэг байх.

4. Нэр дэвшигч нь гэрээ засаж чадсан, ухаалаг хэрэглээг эрхэмлэдэг, амьдрал ахуйгаа чинээлэг дундаж түвшинд хүргэсэн, гэр бүлийн талаар тогтвортой, үр хүүхдээ зөв хүмүүжүүлдэг байх.

Манай судлаачдын хэлж буй олон улсын жишгээр бол дундаж давхраанд хэрэглээний дундаж түвшинтэй, хувийн байр орон сууц, машин зэрэг удаан эдэлгээ бүхий өмч хөрөнгөтэй, боловсрол эзэмших ба эмнэлэгийн үйлчилгээний төлбөрийг төлөх чадвар бүхий хүмүүс багтдаг бөгөөд эдгээр нь зарим хөгжилтэй орнуудад 60-70 хувийг эзэлдэг байна.

Харин манайд гэвэл 8-15 хувь нь дээр дурьдсан ерөнхий төлөвт хүрчээ. Баян ядуу хоёроос тогтож буй төр улс бол нэг хэсэг нь атаа хорслоор дүүрсэн, нөгөө хэсэг нь дээрэнгүй үзлээр бялхсан хүн ам бүхий орон болчихдог. Эл хоёр хэв маягийн хүмүүс бие биетэйгээ хамт нэг жимээр явахыг хүсдэггүй. Дундаж хүмүүсээс бүрдсэн улс л хамгийн шилдэг байгууламжтай орон болдог ажээ.

5. Улсын Их Хурлын гишүүдийн бүрэлдэхүүнд том хөрөнгөтөн, бизнес эрхлэгчид болон хэт залуучууд байх нь улс төрийг бизнест захируулах, улс дамнасан корпорацуудын сүлжээний ашиг сонирхолд автагдах, төрт ёсны уламжлал, ёс заншлаа мэддэггүйгээс манай онцлогт тохирохгүй гадныхыг хуулах хандлагатай байгааг мартаж болохгүй.

Ерөнхийлөгчид нэр дэвших нас 60-с дээш, УИХ-ын дарга, Ерөнхий сайдад 55-с дээш, УИХ-ын гишүүдийнх 50 наснаас дээш байдаг хөгжсөн орнуудын жишиг байна.

Хоёр: Олон зуун нэр дэвшигчээс эх орныхоо цаашдын хувь заяатай холбоотой шилдэгийн шилдэг 76-г сонгож саналаа өгөх бэлтгэлийг сонсогч та одооноос хангах ёстой. Сонгогч бүр улс төрөөр дамжуулж түүхэн хариуцлага хүлээж байна гэдгээ сайтар ойлгож сонголтоо маш ухаалаг өөрийн бүрэн итгэл үнэмшилээр хийгээрэй. Бид чинь нэг л эх оронтой, нэгдмэл төртэй хүмүүс. Тиймээс сонгогч бүр бидний уриалгад нэр дэвшүүлсэн нэр дэвшигчийн шалгуур үзүүлэлтүүдэд саналаа нэгтгэж нам эвсэл, үзэл бодол, шашин шүтлэг, нутаг ус, удам угсаа, хөрөнгө чинээгээр хуваагдахгүйгээр эвтэй байхдаа хүчтэйгээ харуулна гэдэгт итгэж байна.

Аливаа асуудалд эх орон, ард түмнийхээ язгуур эрх ашиг, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг хангах үүднээс ханддаг, ард түмнийхээ оюуны баялагийг төр засгийн бодлого шийдвэрт шингээж чаддаг, ардчилалын зөвшилцөл зэрэг үнэт зүйлийг эрхэмлэдэг, өндөр ёс суртахуунтай шилдгийн шилдэг хүмүүсийг Монгол Улсын Үндсэн Хуулийн гуравдугаар бүлгийн хорин гурав дугаар зүйлд зааснаар “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхолыг эрхэмлэж баримтлана” гэсэн УИХ-ын ариун танхимын суудал эзлүүлэхийг нийт сонгогчдод УРИАЛЖ БАЙНА.

ТӨР ТҮВШИН ТҮМЭН АМАГЛАН БАЙЖ САЙХАН МОНГОЛ ОРНОО ХӨГЖҮҮЛЬЕ.

1. Бүх ард түмний эв нэгдлийн холбооны /БАТЭНХ/ тэргүүн  Профессор Г.Шагдаржав

2. Монголын Ахмадын холбооны ерөнхийлгч, МУИХ-ын гишүүн асан Ц.Сүхбаатар

3. МУИХ-ын дарга ардын боловсролын сайд асан гавьяат багш доктор профессор С.Төмөр-очир

4. Монголын залуучуудын холбооны дэргэдэх хүүхэд залуучуудын байгуулагуудын ахмадын холбооны ерөнхийлөгч, түүх, улс төр судлаач С.Даш

5. Батлан хамгаалах яамны Ахмадын байгууллагуудын холбооны ерөнхийлөгч, Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, Хурандаа Д.Баярмагнай

6. ББМҮЯ-ын сайд асан Л.Цээсүрэн

7. Хилийн цэргийн удирдах газрын дэргэдэх Ахмадын холбооны ерөнхийлөгч, Түүхийн ухааны доктор Профессор, Хурандаа Г.Бямбасүрэн

8. Монголын ахмад багш нарын холбооны тэргүүн Гавьяат багш Профессор Д.Амар

9. Хөдөлмөрийн баатруудын холбооны ерөнхийлөгч хөдөлмөрийн баатар Гавьяат  Нисгэгч Р.Батнасан

2015 оны 11 дүгээр сар Улаанбаатар хот

avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 460

Цар тахлын үед УОК-оос авч хэрэгжүүлж байгаа ажил хэр оновчтой байна вэ?

56%
Маш оновчгүй, хангалтгүй
17%
Оновчгүй, хангалтгүй
13%
Боломжийн оновчтой, үр дүнтэй
6%
Маш оновчтой, үр дүнтэй
6%
Мэдэхгүй
  • 56%
  • 17%
  • 13%
  • 6%
  • 6%