Улс шиг улс болох юмсан

image

Монгол маань нэг л болохгүй байна. Улс төрөө мөнгөөр шийддэг, төрийн сандалыг хувьдаа ашигладаг, эдийн засаг элгээрээ хэвтсэн. Хот утаатай ард иргэд бухимдалтай гэх мэт гэх мэт тоочоод барашгүй. Хэрэв улс шиг улс байсан бол иргэд хангалттай цалинтай, улс төрчид ирээдүйгээ харж шийдвэр гаргадаг, төр хүчтэй гэхдээ хүнд сурталтай биш, иргэд эрүүл, хүүхэд залуучууд эрдэм ухаандаа шамдсан, хот утаа түгжрээгүй, олон улсад нэр хүндтэй байх байсан.

Би одоогийн улс төр нийгэмийг өөрчилж чадахгүй гэхдээ хувь хүний хувьд ийм нийгэмд яаж өөрийгөө авч явах вэ энэ тухай залуучуудад зөвлөгөө өгмөөр байна. 

Эхэндээ улс төр. Гол асуудал юунд байгаа вэ гэхээр хэт ойрын идшэнд дурлаж холын зорилгоо огт бодохгүй байгаад гэж боддог. Үр хүүхэд нь монголдоо л амьдрах болно. Гадаадад гарсан ч монгол нэрээ зүйх болно. Тэднийхээ ирээдүйг боддог бол ийм хачин байдалаа үргэлжлүүлээд байлгүй системээ засах байсан. 
Хэн нэгэн мөнгө бариад ороод ирлээ энд гарын үсгээ зурчих тэгээд л тэр мөнгө миний мөнгө. Гоё ажил байгаа биз. Мөнгө цуглуулаад л насаараа барахгүй хэмжээнд овоолоод тэгээд үр хүүхэдээ гадаадад гаргаж амьдруулна санаа зовох зүйлгүй сэтгэл амар... Гэтэл энэ системээ засахгүй тэнэгтээд байвал нэг өдөр улс дампуурч тэр уул шиг овоолсон төгрөг цаас болвол яах билээ. Доллар болгоод гадаадад гарлаа гээд харьж ирэх нутаггүй болвол яах билээ. Сонгуулиар сонгогдсон 4 жилээ биш түүнээс жоохон холыг хараад үз. Системээ янзалж засаад 20 жил төрийн эрхэнд сууж нэр хүндтэй буух уу өнөөдөр ууж идээд 4 жилийн дараа шоронд орох уу?  Хол гэлгүйгээр 4 жилийн дараахаа бодоод үзхэд л юу хийх зөв гэдэг ойлгомжтой баймаар. Жаргалын удаан зовлонгийн богино гэдэг. 4 жил хулгайлж идээд 40 жил зовмоор байгаа юм байх даа энэ улс төрчид. Богино хугацааны үйлдэл сайн ч бай муу ч буруутдаг. Яагаад гэхээр зөв буруу гэхээс илүү ямар аргаар гэж боддог тул. Зөвхөн аргаа бодоод байхаар муу арга л хамгийн сайн дөт зам болдог. Холыг зорьсон үйлдэл бол сайн муу аль ч сэдэл зөв болдог. Яагаад гэхээр холын зорилгонд буруу зүйл саад болдог болхоор. Муу сэдэлтэй байлаа ч холын зорилготой бол муу юм хийж чаддаггүй гэсэн үг. Ердөө л энэ. Мэдээж өнөөдрийн талхаа идэе гэх бодол үргэлж орж ирнэ ямар ч хүний хувьд. Энэ үед маргаашаа нэг жоохон 5 минут ч хамаагүй бодоод үзвэл өнөөдрийн талх тийм ч амттай зүйл биш харин хор байна гэдэгээ мэднэ. Залуучууд холоо харж шийдвэрээ гаргаарай. Ирээдүйгээ сайхнаар төсөөлж тэгээд түүнийхээ төлөө зүтгэж сурвал том эрдэм болно. 

Боловсролын талаар. Манай боловсролын систем ч сайхан нурж дээ... Багшдаа бэлэг өгөөд дүнгээ засуулдаг. Энэ бүхнийг хэн нэг хүн ганцаараа засах боломжгүй хурдан засрах ч үгүй байх. Энд анаарах зүйл гэвэл дүн бол боловсрол биш түүний төлөө бэлэг өгөх бол бүүр утагагүй зүйл. Тэгснээс өөрийн дуртай зүйлтэй бол зураг зурах дуу дуулах бүжиг бүжиглэх хөл бөмбөг тоглох гэх мэт. Ямар нэгэн юманд дуртай  бол. Гар утас дээрээ тоглоом тоглож найзуудтайгаа дэмий юм бичих бол хоосон цаг үрэлт шүү яахав чөлөөт цагаа зугаатай өнгөрүүлэхэд л юу юм гэхээс. Хэтрүүлвэл чиний хайран цагыг үр дүнгүй устгана юм сурж эрдэм олох цагаа тоглоомонд өгвөл ирээдүй чамд ядуу амьдрал зовлон бэрхшээлээс өөр юу ч өгөхгүй. Тоглоом нүүр хуудасны цагаа хязгаарлаж чадвал тэр хэмжээгээр том эрдэм болно. Тэгээд илүү гарсан цагаа нэг сонирхосон зүйл олж аваад түүнд зориул тэгээд тэрүүгээрээ өөрийгөө сорь. Дуртай юмтай бол. Сонирходог юмтай бол. Мөнгө дутагдалтай бол зах дээр гараад юмны үнэ судлаад жоохон нааш цааш наймаа хийгээд үз. Боловсролын систем нурж уначихаад чиний хайран цагыг устгаж байхад чи өөрөө өөрийнхөө цагыг дэмий үрж болохгүй шүү. 

Гэр бүлийн талаар. Гэр бүлдээ ялагдаж сур. Би зөв чи буруу гэж битгий зүтгэ битгий батлах гэж оролд. Гэр бүл гэдэг бол 2 хүн биш нэг юм түүн дотор нэг нь ялвал нөгөөдөх нь ялагддаг. Тэгснээр гэр бүлд аз жаргал нэмэгдэхгүй. Ялагдсан тал гомдолтой ялсан тал гэмшилтэй болдог. Тэгснээс өөрөө ялагдаж өгсөн үед ялагдал тийм ч гашуун байдаггүй харин нөгөө талдаа аз жаргал өгдөг. Ялагдал аз жаргал авчирдаг. Тэгээд бие биенийхээ дутагдалыг засах гэж битгий оролд. Хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Бие биенээ ялж дутагдалын чигчэлж хэрүүл хийж насаараа амьдрахуу бие биендээ ялагдаж хүлээн зөвшөөрч жаргалтай насаа элээхүү энэ яг чиний тэгээд нөгөө хүний чинь гарт байгаа. Ямар амьдралаар амьдармаар байна?  Өө нээрээ ханиа сонгохдоо мөнгө харах шиг утгагүй зүйл байхгүй шүү. Мөнгөөр асуудалаа шийдэх бол хамгийн арчаагүй зүйл. Хүн шиг л амьдармаар байвал мөнгөнөөс өөр зүйл олж харах хэрэгтэй.

Нийгэм. Нийгэм бол гэр бүлийн том хувилбар. Бусадын эрх ашигыг хүндэлж чадвал эргээд өөрт ашигтайгаар тусдаг. Харин хувиа бодоод байвал өөрийгөө хохироодог. Замын хөдөлгөөнд орохдоо би л болж байвал болоо гээд уулзвар руу чихэж орж бусадыг гацаах. Жоохон зогсоод  өөр хүнийг явуулчих боломж байхад урдуур нь тээглэж зогсох гэх мэт хувиа бодсон зан гаргаад байвал өөр хүн чамайг яарч явахад чинь яг тэгэх л болно. Бүгд бие биендээ зам тавиад учираа олоод явцгаавал бүгд очих газартаа хурдан очино. Бүгд хувиа бодоод бие биендээ саад болвол бүгд гацаж бухимдана. Нийгэмд амьдарч л байгаа бол бусаддаа боломжтой л бол заавал ялагдаж өг. Тэгснээр чи өөрөө аз жаргалтай болно. Уг нь хууль байгаа бүгд дүрэмээ бариад явбал бүгдэд ашигтай болдогт л хамаг утга учир байдаг зүйл. Хуулийг хүчтэй төр хэргэжүүлж ашиг тусын хүмүүст мэдрүүлж ойлгуулдаг. Манай төр энэ тал дээр маш сул тул өөрсдөө ухамсарлахаас өөр аргагүй. Түүний тулд ялагдаж сурхад л болно амархан байгаа биз. Нэг нь хог хаяж байхад би дутахгүй гээд нэмээд хаях биш ялагдаад тэр хаясан хогыг аваад хогийн сав руу хий. Тэрийг харсан өөр хүн чамайг дагаж хог авч хогийн саванд хийнэ. Ихэнх тэгээд байвал хаядаг хүн ч гэсэн шууд хаяхаа болиод хогийн саванд хийдэг болно. Ядаж хотоо цэвэрхэн байлгавал. Энийг бид ямарч гадны тусламжгүйгээр өөрсдөө чадах ёстой асуудал шүү дээ. Бид энэ дэлхий дээр цөөхүүлээ шүү дээ энэ жижигхэн хот дотроо бие биенээ хайрлаж хүндлээд аятайхан амьдарвал.

Эдийн засаг. Дэлгүүрээр дүүрэн импортын бараа байна гэхээр бидэнд тэр хэмжээгээр боломж байгаа гэсэн үг. Шинээр бизнес нээх боломж зөндөө байна. Өөр хүний хийж байгаа зүйл зах зээлээ хангаж дийлэхгүй байгаа бол тийшээ орж болох байх. Хэрэв хангачихаад байгаа бол заавал түүнтэй зах зээл булаацалдах хэрэггүй өөр боломж хай. Ногоо тарих ашигтай гэнэ, банк бус санхуугийн байгууллага ашигтай гэнэ, байшин барих ашигтай гэнэ гээд бүгд нэг юм дээр шаваарлдахаар бүгд алддаг. Нэг жишээ байдаг тахианы ферм ажиллуулж байгаа хүн будаа цацдаг тэгээд будаатай хувингаа жоохон хол тавьдаг. Будааг нэг тахиа гүйж ирээд хэдийг аваад зугтаадаг бусад тахиа тэр тахианаас булааж авах гэж араас нь хөөдөг... Цаана чинь хувин дүүрэн будаа байхад энэ тахиа гэж ёстой тэнэг юмаа. Гэтэл ухаант хүмүүс бид яг энэ фермийн тахиа шиг тэр мөнгө олоод байна гэнэ гээд л бүгд тийшээ шуурдаг тэгээд бүгд шатдаг. Цаана чинь хувин дүүрэн бизнэс байна. Шинэ юм хийхээ бод. Шинэ бизнес олохоо бод. Эсвэл одоо байгаа бизнесийг шинэчлэхээ бод. Юм бүтээхээ бод. Зөндөө их боломж байна. Одоо байгаа жоохон бизнесийг хоорондоо булаацалдаж битгий хоорондоо зодолд. Манай бизнесийхэн бие биенээ ялах гээд л нэгнийхээ барааг муулаад одоо монголд сайн нэртэй бараа бараг нэг ч алга ийм муухай бизнес юун сайхан юм бол... 

 

За тэгээд эцэст нь хүн жаргалын төлөө амьдардаг амьтан. Жаргалаа яаж тодорхойлохоос бүх зүйл хамаардаг. Зөвхөн мөнгө байгаад жаргана гэвэл бусадын хайр итгэл эсвэл өөрийн эрүүл мэндийг худалдаж авч чадах болуу? Энэ бүхэн аз жаргалд заавал хэрэгтэй болдог. Тэхлээр арай өргөнөөр холуур хар. Дундаж наслалт 70-80 нас хүрч байна. Энэ урт хугацааг туулаад насны эцэсээ бахархаж өнгөрөөмөөр байвал бусадын итгэл хайрыг даасан хүн болох л бидний гол зорилго болуудаа. Түүний төлөө заавал олимпийн аварга болох хэрэггүй. Будагчин болоод чинь сэтгэлээсээ сайхан будчихаад тэрийгээ хараад бахархаад явахад л аз жаргал ойрхон шүү дээ.

avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 1

Цар тахлын үед УОК-оос авч хэрэгжүүлж байгаа ажил хэр оновчтой байна вэ?