Гашуудал гэж яг яахыг хэлдэг хэрэг вэ?

image Сайн байцгаана уу? Миний бичих гэсэн зүйл маань бага зэрэг сөрөг талтай. Гэхдээ бусадтай хуваалцмаар санагдлаа. Саяхан ойр дотны маань хүн насан өөд болсон юм. Хэдий хамаатан садны хүмүүс насан өөд болж, тэдний ажил явдалд очиж байсан ч гэсэн, үлдэж хоцорсон хүмүүст нь ямар хэцүү байгааг хуваалцах гэж оролдсон ч гэсэн, өөрийн ойрын хүн хорвоогоос халихаар яг үнэндээ хагацал гэж юу байдгийг мэдэрдэг юм байна. Биеэрээ мэдэрнэ, яс махаараа мэдэрнэ гэдэг л энэ байх. Энэ хагацал гэнэтийн байсан учраас маш их цочирдож, шоконд орж, ийм зүйл болсонд хоёр хоносон ч итгэж чадахгүй байлаа. Маш их харамсал л үлддэг юм байна. Амьд мэндэд нь ингэх ч ёстой байж, тэгэх ч ёстой байж гээд л. Бодож, дүгнэлт хийх зүйлс зөндөө л байлаа. Гэтэл Монголын ёсонд юм уу яг ямар ёс нь юм мэдэхгүй, хүнээ өнгөрсөн байхад гашуудаж ч амжилгүй лам дээр очдог юм байна. Мэдээж хүний амьдралын хамгийн зовлонтой мөчид лам хүн ухаарлын үг, тайтгарлын үг, цаашид үлдсэн хүмүүсийн амьдралд нь сургаалтай сайхан яриа өрнөх болов уу гэж бодож байтал шал өөр нөхцөл байдал угтлаа. Бидний очсон лам маань талийгчийн нэр, төрсөн жилийг цаасан дээр тэмдэглүүлж авсан боловч яриандаа мартсан уу дахин дахин хэн билээ, ямар жилтэй билээ гэж асуулаа. Ном уншиж байх зуураа мессежээ шалгалаа, утсаар ярилаа. Бүр фэйсбүүкийн хуудсаа шалгаад авлаа. Ээж маань хөөрхий нас өндөр учир олон л юм асууж, лавлаж байсан. Харин өнөө лам маань асуултуудад нь иймхэн зүйл мэдэхгүй өдийг хүртэл юу хийж явсан юм гэх аятай, уцаартайгаар хагас хугас хариулна. Уй гашуудаа, арга мухардсандаа очсон бид хэд тиймхэн зүйлийг нь интернэтээр харчихаагүй бидний л муугийнх байх гэсэн сэтгэгдэлтэй сүмээс явсан даа. За тэгээд ийм ч юм хий, тийм ч ном уншуул гээд өдөр бүр завгүй юм. Ийм ч юм шатаа, тийм ч юм шатаа гээд их сонин сонин зан үйл байдаг юм байна. Хүний амьдралд үхэл хэзээ нэгэн цагт бүгдэд ирэх нь тодорхой ч гэсэн хэн миний эсвэл чиний цаг маргааш гэдгийг хэлж мэдэх вэ дээ. Дотны нэгнээ алдсан хүнд тэднийхээ араас гашуудаж, харамсаж, нулимс урсгаж, яагаад ийм зүйл болсон, бид юу хийж болох байсан, бид дараа ийм харамсалтай зүйл гарахаас өөрсдийн чадах ядахаар хэрхэн сэргийлж чадах вэ зэрэг сургамжийг авах ёстой мэт санагдах ч буддын шарын шашны зан үйл хүнд тийм завдал өгдөггүй юм байна. Долоо хоног бүр лам нарыг хооллодог юм байна. Ажил явдал гэж яагаад нэрлэснийг ойлгох мэт. Зарим тохиолдолд лам нарын дунд тогтсон нэг ойлголт ч байдаггүй юм байна. Нэг лам нь сүр шатаана гэнэ. Нөгөөх нь шаардлагагүй, өөр нэг нь бүр 100 кг гурил шатаана гэнэ. Нэг шашны зан үйл гэж байдаггүй юм байх даа? Эсвэл лам бүрийн үзэмжээр болдог хэрэг үү? За тэр бүхэн яахав талийгчийнхаа буяныг бодоод мэдээж хийж гүйцэлдүүлэх ч, хүний амьдралын хамгийн хэцүү үеүдийн нэг болох үхэл хагацалын үед хамгийн ихээр сэтгэлийн дэм болох болов уу гэсэн шашны лам нар маань өдөр тутмын байдаг л мөнгөн харилцаа мэт хүлээж авсан нь тун таагүй санагдлаа. Болзсон цагаасаа 5, 6 цаг хоцроод ирэхгүй болохоор нь араас нь залгатал тачигнатал загналаа. Хүн үхэл хагацал зэрэг зовлонтой үедээ л лам дээр очдог болов уу? Лам маань бидний гашуудсан сэтгэлийг ойлгож байсан болов уу? Хэрэв лам нар маань өөрсдийн үзүүлж буй үйлчилгээг авсан мөнгөнийхөө хариу төдий л зүйл гэж харж байгаа бол бусад төрлийн үйлчилгээнүүдэд байдагтай адил стандард тогтоомоор. Эцэст нь, олон хоногийн зан үйл дууссаны дараа бид яг яаж гашуудсанаа ч ойлгосонгүй. Завгүй гүйсээр байгаад, өөрсдийгөө л сатааруулсан мэт. Мэдээж өдөр бүр, улс орон бүрт л хүн таалал төгсөж байдаг. Улс орон, ард түмэн бүр өөр өөрийн онцлогоор гашууддаг. Гашуудсан, харамссан, гунигласан, айсан, сандарсан гээд энэ хэцүү үеийн мэдрэмжүүдийг бүх хүн төрөлхтөн л мэдэрдэг. Гэтэл энэ эмзэг, хэцүү үеийг ашиглан мөнгө хийгээд зогсохгүй, шашных нь нарийн зан үйлийг мэдээгүйн төлөө загнаж зандчин эвгүй байдалд оруулах гэх мэт ёс суртахуунгүй үйлдлийг ёс суртахууны билэг тэмдэг байх ёстой хүмүүсээс өөрсдөөс нь харах тун хэцүү байлаа. Монгол хүн яагаад бусад ард түмэнтэй адил энгийн гашуудаж болдоггүй юм бэ? Нэгнийгээ алдах хэцүү ч үлдсэн хэд нь цуглаад нэг нэгэндээ цааш цээж тэнэгэр алхах урам зориг хайрлаж, ухаарлыг үг хайрлаж, ядаж л талийгчийгаа дурсаад, сайн сайхан талууды нь бодоод нулимс унагаж болдоггүй юм бэ? Уйлаад байвал зам нь хаагддаг гэнэ. Тийм юм байж болох уу? Уйлж ч болохгүй хэрэг үү? Уйлах чинь уул нь хүний хамгийн үндсэн сэтгэл хөдлөлийн нэг биз дээ? Уйлж байж гашуудал тайлагдана биз дээ? Бид гашуудах тухай дахин эргэн нухацтай харах ёстойг сайн ойлголоо. Ид шидийн биш, эгэл жирийн хүний хорвоогоос жирийн нэгэн Монгол хүн халин одсон л гашуудах гэсэн юм аа. Яаж гашуудахаа ч мэдэхгүй дүүрсэн толгой байна гэвэл яг тийм байна. Тэр олон ном, арга, зан үйл, хойд урд нас, төлөг тойрог гээд есөн жорын юман дунд үнэхээр толгой эргээд яаж гашуудахаа ч ойлголгүй хоцорлоо.
avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 464

Цар тахлын үед УОК-оос авч хэрэгжүүлж байгаа ажил хэр оновчтой байна вэ?

56%
Маш оновчгүй, хангалтгүй
17%
Оновчгүй, хангалтгүй
13%
Боломжийн оновчтой, үр дүнтэй
6%
Маш оновчтой, үр дүнтэй
6%
Мэдэхгүй
  • 56%
  • 17%
  • 13%
  • 6%
  • 6%