Монголчуудын хайртай дуутай холбоотой сонин түүх

image

♪Өвчинд шаналсан өнчин охин
 Өрөвдөх сэтгэлээр шувуу хийжээ.
 Хийсний тоогоор нас нь уртсах
 Хуучны домгийг дурсан санажээ...

Монголчуудын, ялангуяа 30-аас дээш насныхны сайн мэдэх "Хиросимын охины цаасан шувуу".  Сурвалжлага хийж явахдаа энэ дуу хэрхэн бүтсэн тухай сонин түүх мэдсэнээ хуваалцъя.

Юун түрүүнд, энэ дуунд гардаг өвчинд шаналсан өнчин охин гэж хэн байв?
Япон дайнд бууж өгөхөөс 9 хоногийн өмнө. 1945 оны 8 сарын 6. Японы Хирошима хотын дээрээс америкийн цэргийн бөмбөгдөгч онгоц атомын бөмбөг хаяв. Хүн төрөлхтөний түүхэнд анх удаа атомын бөмбөг дайны талбарт ашиглагдсан нь тэр байж. Хот хормын дотор үнсэн товрого болж, олон арван мянган хүн хайлж, түлэгдэж, даруулж, цацраг идэвхит туяанд хордож амь алдав.
Үүнээс 9 жилийн дараа нэгэн охин ”цацрагийн өвчин" буюу цусны хавдраар өвчилж эмнэлэгт хэвтэнэ. Нэр нь Сасаки Садако. Охин эмнэлэгт өвчинтэйгөө тэмцэж байхдаа ааваасаа мянган цаасан шувуу хийвэл өвчин нь эдгэрдэг гэдэг домгийг олж сонсоно. Бүх хүчээ дайчлан сарын дотор мянгыг хийв. Өвчин нь эдгэрсэнгүй. Дахиад мянгыг хийхээр шийднэ. 1. 2. 3. 4.. 100... 200... 300... Даанч охины явах цаг иржээ. Хайртай ээж аав, гэр бүл, хийж дуусгаагүй цаасан шувуугаа орхиод одохдоо охин 12-хон настай байв.

Садако охины түүхээс монголд хэрхэн дуу бүтэв?
1978 оны намар. Яруу найрагч Б.Явуухулан гуайн хүү Я.Энхээ Тэрэлжийн амралтан дээр санамсаргүй таарсан нэгэн япон залуугаас Садако охины гунигт түүхийг олж сонсоно. Монголоор ярьдаг, нэрийг нь ч мэдэхгүй япон хүнээс олж сонссон зүйлдээ сэтгэл нь ихэд хөдөлсөн Энхээ гуай дуу зохиохоор шийдэж өөрөө үгийг нь бичин, аяыг нь Д.Дашням гуайгаар хийлгэнэ. "Хиросимын охины цаасан шувуу" дуу 1979 оны "Улс төрийн дууны уралдаан"-аас тэргүүн байрын шагнал авсан ба хоёр уран бүтээлчийн хамгийн алдартай бүтээлийнх нь нэг болж үлдсэн байна.
Харин Энхээ гуай ардчилалаас хойш, олон жилийн өмнө Тэрэлжид өөрт нь цаасан шувууны түүхийг ярьж өгсөн япон залуугийн сургийг гаргахаар оролдсоор байсан боловч мэдэж чадалгүй байсаар хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ.

Энхээ гуайд Садако охины түүхийг ярьж өгсөн япон хүн хэн байв?
Японд атомын бөмбөг хаягдсанаас хойш 70 жил. Японы нэгэн ТВ тэр япон хүн хэн байсныг олж тогтооё хэмээн монгол уруу сурвалжлагын баг илгээнэ. (Баг ч юу байх вэ, нэг камер барьсан нэг монгол сурвалжлагч)
Японы хэд хэдэн ТВ болон сонин монголчуудад Садакогийн түүхийг таниулсан монгол дууны тухай сурвалжилж  байсан ч өдийг болтол тэр япон хүн хэн байсныг олж чадаагүй л байсан юм.
Харин энэ удаад надад аз тохиож, эрж сурсны эцэст хайж явсан хүнтэйгээ учирсан.
Я.Энхээ гуайд Садакогийн түүхийг ярьж өгсөн япон хүн бол  Япон Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Шимизү Такэнори гуай байсан юм.
1977 он. Японы ГЯЯ-ны шинэхэн ажилтан Шимизү монголд томилогджээ. Их Сургуульд монгол хэл үзэж, элчин сайдын яамны ажилтан хийж байлаа. Тухай үед  хүйтэн дайн ид дундаа үргэлжилж байв. Жирийн монголчуудтай чөлөөтэй уулзах боломжгүй, хаа нэг том даргын хүүхдүүдтэй л нууцаар шахуу уулзаж ярилцах завшаан гарна.
1978 оны намар. Тэрэлжийн амралтан дээр санамсаргүй  монгол залуустай таарч яриа өрнүүлэх боломж гарчээ. Залуу хүмүүс олон зүйлийн талаар ярилцсан бөгөөд тухайн үед олон улсын халуун сэдвийн нэг болоод байсан цөмийн зэвсгийн аюултай холбоотой яриан дундуур  Шимизү гуай  Садако охины түүхийг ярьж сонирхуулжээ.
Харин тэнд байсан монгол залуусын нэг болох Энхээ гуайн сэтгэлийг Садако охины гунигт түүх ихэд хөдөлгөснөөр бидний сайн мэдэх дуу мэндэлсэн ажээ.

...Арван хаврыг үзсэн охин
Алтан дэлхийгээс халин оджээ.
Тэсрэх бөмбөг дайны эсрэг
Тэмцлийн хөшөө болон сүндэрлэжээ.

Хөшөөн дээр ингэж сийлжээ.
Хөөрхий охины хүслийг бичжээ.
Цацраг хордолт надаар дуусаг
Цаасан шувуу нисэн хүрэг гэжээ...

 

avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 6025

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 17%
  • 69%