Миний төрсөн 10000 дах өдөр

image

Би төрсөн өдрөө тэмдэглэдэггүй гэдгийг манай найзууд мэднэ. Гэвч энэ өдөр миний хувьд чухал тул энэ тэмдэглэлийг бичиж сууна. Төрсөнөөс хойш 10000 өдөр хүртлээ юу сурсан, ямар үнэт зүйлтэй, ямар бодолтой, ямар зорилготой болж өссөн гэдэг маань бичигдсэн байвал би 55 настай байх 20000 дах өдрөө, 82 настай байх 30000 өдөртөө хараад суугаасай гэж бодлоо. Болгоомжтой, идэвхтэй, эрүүл амьдраад 82 наслана гэж бодоход нийт амьдралынхаа 1/3-ыг өнөөдөр илээж байна.

  Би айлын ганц хүү. Багаас ээжтэйгээ хоёулахнаа өссөн. Улаанхуарангийн 5 давхар угсармал барилгууд байдаг даа? Тэндээс 4 настай Танангийн анхны ой санамж эхэлдэг. Амьдарч байсан байр маань 2 өрөө. Ээжийн нагац ахын өмч. Ээж маань бидний хэлж заншсан Шар хадны эмнэлэгт одоогийн миний насан дээр сэтгэл зүйн эмчээр ажилладаг байв. Улсын Сэтгэл зүйн төв эмнэлэг учраас галзуугаас гадна тэнд их ядаргаанд орсон, архи, мансууруулах бодисонд донтсон хүмүүс хэвтдэг. Ээж маань тийм хүмүүсийг хариуцсан эмчээр ажилладаг байлаа. Монголд эмчийн цалин бага тул жижүүрийн нэмэгдлээ бодоод 7 хоногт 2 удаа жижүүрлэнэ. Өглөө нь гэртээ ирж усанд ороод намайг цэцэрлэгт хүргээд буцаад ажилдаа явна. 30 гаруй цаг сэрүүн, ажлаа хийгээд яваад байна гэсэн үг. Уул нь манай ээж багаасаа 40, 50 мянгатад өссөн сэхээтэн айлын том охин. Аав нь Ерөнхий Сайд Наранцацралт агсны анхны дарга нарын нэг, 1970-аад оны үед Улаанбаатар хотын газар хариуцсан дарга байсан. Харин эмээ маань одоогийн Санкт-Петербург хотод их сургууль төгссөн армийн мэс засалч, эмч. Эмээгийн дүү нь зүүн Европт сурч, ажиллаж амьдардаг тул Монголдоо ховорт тооцогдох хувцасаар манай ээжийг гангалдаг байсан гэдэг.

Ингэж хотын захад тусдаа амьдрах болсон шалтгаан нь ээжийн маань гүргэр зан. Анагаахын паралель ангийн залуутайгаа хурим хийж, хүүтэй болсны дараа зохиосон амьдрал нь санаснаар болоогүй. Тэд 2 тийш болцгоосны дараа өөрийнхөө амьдралыг өөрөө босгоно хэмээн хүүгээ хөтлөн тусдаа амьдарсан хатуу зантай. Хар багаас эмэгтэй хүн ямар гүргэр, хор шартай, хичнээн их ачаалал даах чадвартай гэдгийг харж өссөн би одоо ямар ч эмэгтэй хүнтэй их сайн ойлголцдог гэж боддог. Тийм учраас дотны эмэгтэй найз олонтой. Түүний хажуугаар яг тулвал эмэгтэй хүн эрэгтэй хүнээс ч сэтгэл санааны хүчтэй байдаг гэдгийг мэднэ. Эрчүүд биднийг бодвол тэд олон сөхөрсөн ч түүнээс ч олон босоод ирж чаддаг юм билээ. Харин одоо ээж маань хувийн эмнэлэгтэй, салбартаа танигдсан PhD, профессор эмэгтэй. Ээжийн маань хор шар нь PhD хамгаалсан өдрөөс нь харагдана. ЭМШУИС-ийн 2-р давхарт эрдэмтэн цол хамгаалсан хүмүүсийн нэр он сараараа дараалан байдаг. Ээжийн нэр яг аавын дээр байдаг. Өөрөөр хэлбэл хүүгээ дагуулсан, давхар ачаатай хэрнээ ааваас түрүүлж доктор болж байгаагаа түүнд харуулсан.

Аав маань бас сэхээтэн гаралтай хүн. Хэдэн жилийн өмнө автомашины ослоор бурхан болохоосоо өмнө Улсын Клиникийн Төв Эмнэлгийн чих хамар хоолойн тасгийн эрхлэгч, ЭМШУИС-ын багш, PhD цолтой хүн байлаа. Аавын маань аав яг энэ тасгийг үүсгэн байгуулсан гавъяат багш, Шинжлэх ухааны доктор Лодойн Шагдар гэдэг хүн байв. Хэрвээ би эмч болсон бол 3 үе дамжсан эрдэмтэн, эмч болох байсан ч би сонирхолоо дагаад олон улсын харилцаа, бизнесийн салбарыг сонгосон.

I. Гэр бүл 

Эцэггүй өсөхийн сөрөг талыг мэдэх тул би өөрийнхөө хүүхдүүдийг хэзээ ч өнчрүүлэхгүй гэж өөртөө амладаг. Ээж маань намайг аливаа зүйлээр дутуу өсгөсөндөө бус угаасаа эцэг эх гэдэг 2 хүн байж хүүхдийн хүмүүжил бүрэн тогтдог байх. Тийм ч учраас суусан л бол салахгүй гэдэг хатуу зарчмыг би дотроо тээдэг. Харин суухаасаа өмнө төрөл бүрийн хүнтэй уулзаж учирч, өөрт таарах хүнээ мэдэх нь хамгийн чухал юм шиг надад санагддаг. Ингэснээр нөгөө хүнээ таних нь чухал ч, хамгийн гол нь өөрийгөө ямар хүнтэй нийцэхээ олж мэдэх нь чиний гол зорилго. Түүнээс гадна бидний үеийн залуучуудад гэр бүл зохиоход тулгардаг том асуудал нь байр. Манай аав ээжийн үеийнхэн эхнэр болох охиноо аав ээжийндээ авчраад хамт амьдраад болоод байдаг байж. Тэгээд эртхэн суугаад, эрт хүүхэдтэй болдог. Азаар би ажиллах хугацаандаа байрны урьдчилгааны мөнгө цуглуулж, үлдсэн мөнгийг нь гэрийнхнээсээ бэлгэнд авч байрны урьдчилгаагаа өгөн 8 хувийн зээлд хамрагдсан. Байрнаас гадна манай үеийнхэн өмнөх үеийнхнээсээ илүү сүүлд хүүхэдтэй болж байна. Надаар дүүрэн эр эмгүй ганц бие 30 хүрсэн, хүрч буй найзууд. Гэр бүлтэй болохгүй байгаа шалтгаан нь байр мөнгөний асуудал ч хамаатай байх, өөрсдийгөө эхлээд хөгжүүлээд дараа нь хүүхэдтэй больё гэсэн хүсэл ч нөлөөтэй байх. Миний хувьд бол сүүлийнх нь. Яг одоогийн миний темпээр би хүүхэддээ, гэргийдээ яарч 7-8 цагт очдог аав байж чадахгүй. Магадгүй хэдэн жилийн дараа чадах байх.

II. Хүүхэд 20 настайдаа дүүтэй болсон би давхар хүүхэд өсгөх курст үнэгүй суралцсан. Усанд оруулах, даавуу угаах, салхинд гаргах, хооллох зэргээс эхлээд энэ курст шамдан хичээллэсэн. Сүүлийн 1 жил харин яаж хичээл заах уу, яаж сургуулийнх нь заагаагүй зүйлсийг өөрт нь сонирхолтой байдлаар сургах уу гэдэг дээр толгой ажиллаж байна. Хэд хэдэн баримтад кино, ном, эссэ уншлаа. Аав ээж болцгоосон найзуудтайгаа ч зөвлөлдсөн. Ер нь баримтлах цөөн хэдэн л зарчим байдаг бололтой. Уншиж сурсанаа та бүхэнд хуваалцая.

1. Хүүхэд инээж, баярлаж байхдаа хамгийн сайн сурдаг. Ази соёл уу, эсвэл бидний хандлага уу? Монголчууд бид ихэнхдээ юм ойлгохгүй, сурахгүй байгаа хүүхдийг загнаж, зодож, харааж байж сургах техниктэй. Би ч тэр “хэлмэгсдийн үе”-ийн хүүхэд. Шугамдуулна, алгадуулна гээд их юм үзсэн дөө хөөрхий. Болж л өгвөл биеийн хохирол амсуулж байж “кайф” эдлээд байдаг мунаг арга барилтай багш нар манайд их байсан, одоо ч байдаг байх. Манай улсын сургуулийн багш нар бие махбодьтой нь гар нударгаар ярьж, тархи толгойг нь загнахаар хүүхдүүд ойлгохгүй юмаа гэнэт ойлгодог гэж боддог юм шиг байна лээ. Тун өрөвдмөөр. Хүүхэд инээж байхдаа л шинэ зүйл ойлгож сурдаг гэдгийг олон орны эрдэмтэд баталсан байдаг. Хэрвээ тэр хүүхэд ойлгохгүй бол багш та л буруу аргаар зааж байна гэсэн үг. Хүүхэд бүрийн сурах арга барил өөр. Зарим нь харж сурна, зарим нь өөрөө хийж сурна, зарим нь сонсч сурна. Эцэг эх танд ч энэ мөн хамаарна. Та хүүхдийнхээ сурах арга барилыг анзаарч эрт илрүүлээрэй.

Хэрвээ чи ярьж байгаа зүйлээ энгийнээр тайлбарлаж чадахгүй байгаа бол чи өөрөө тэрийгээ бүрэн ойлгохгүй байна гэсэн үг.”- Альберт Эйнштейн

2. Хүүхэд дуртай хүнээсээ суралцдаг. Загниулж занчуулж, уйлж гомдсон хүүхэд танд дуртай байна гэж үү? Үгүй л байх. Таныг үлгэрлэн дуурайна гэж үү? Үгүй. Таныг хүндэлнэ гэж үү? Үгүй. Энэ зарчим бидний насныханд ч адилхан үйлчилнэ. Бид дарга, захирлаа мундаг гэж хүндэлдэг бол түүнээс аль болох нэг үнэтэй үг унагаачихсан юмсан, нэг хэрэгтэй зөвлөгөө авчихсан юмсан, хоёулахнаа суугаад ганц кофе уучих юмсан гэж хүсдэг. Харин удирдлагын албан тушаалтнаа “Энэ ч балайр ааштай, их зантай, худлаа гардаа” гэж боддог бол нэг өрөөнд түүнтэй удаан байх нь битгий хэл коридорт ч дайралдахыг хүсдэггүй шүү дээ. Хүүхдэд эвээр, учирлаж, урамшуулж зааж болдог гэдгийг нэг ч удаагийн заах арга барилын курст суугаагүй би 8 настай дүүдээ 3 оронтой тоог 3 оронтой тоогоор үржүүлэх үйлдлийг заахдаа туршиж үзсэн. Уул нь түүний ангид 351 x 516=??? гэдэг урт тоо хэзээ ч үржүүлж үзээгүй. Гэхдээ болдог л юм байна лээ шд. Ойлгохгүй байвал юу нь ойлгогдохгүй байна гэж зөөлөн хоолойгоор асууж дахин тайлбарлаад, зөв үржвэл High Five өгдөг. Бид 2 одоо ийм төрлийн тоог нээх асуудалгүй үржүүлдэг болсоон.

3. Хүүхдийн “Яагаад?” гэдэг асуултанд хариулж, ирээдүйн цагийг нь хэмнэе. Хэтэрхий олон Яагаад гэж асуудаг хүүхдийг манайхан яшиглаад байдаг. Ямар ядаргаатай олон юм асуудаг юм бэ? Дуугүй байхгүй юмаа гээд л дахиад загниад эхэлдэг. Ингэснээр тэр таниас дахиж юм асуухгүй, шинэ зүйл сурахгүй, цаг хэмнэхгүй. Яагаад хүүхэд чинь, дүү чинь, шавь чинь их юм асуудаг гээч. Тэр маш сониуч учраас тэр. Бороо салхи хаанаас гардаг, яагаад өвөл зун ээлжилдэг, лифт яаж ажилладаг, яагаад өөр улсын хүмүүс өөр хэлээр ярьдаг, яагаад яагаад яагаад??? Том болоод энэ бүгдийн хариултыг тэд мэдэх ч, эртхэн хэлээд, эрт сургаж байх нь зөв санагдсан. Энэ бол магадгүй насанд хүрээд амжилттай амьдрах хүүхдийн бусдаас ялгарах хамгийн том давуу тал. Англиар үүнийг Intellectual Curiosity буюу Оюунлаг сониуч зан гэдэг. Би бас өөрөө хэрэгт дуртай, сониуч зантай. Нэг wikipedia-гийн пейж уншихаараа доторх мэдэхгүй зүйлсийнхээ тухай googleдсээр байгаад нэг мэдэхэд зөндөө пейж унших болчихдог. 3 жилийн өмнө Odbayar Enkhee ах энэ занг маань анзаараад наадахаа хаяж болохгүй шүү гэж захиж байсан. Түүнээс хойш Intellectual Curiosity гэдэг зүйл байдгийг мэдэж аваад одоо дүү дээрээ хэрэглэж, түүний сониуч занг хөгжүүлэхийг хичээсээр байна. Юм бүхнийг таньж мэдэх гэсэн хүсэл хүүхдэд л хамгийн их байдаг. Том болоод бидний энэ зан арилж, бүх зүйлийг байгаагаар нь л хүлээн авагч болон хувирдаг. Харин бага насны хүүхэд бүрт шинээр олж харсан, мэдэрсэн зүйлс нь шинэ соргог байдаг. Тэр үед нь та залхууралгүй, тээршээлгүй хариулаарай. Надаас манай дүү миний мэдэхгүй зүйлийг асуувал би мэдэхгүй байна гэдгээ хэлээд Нээрээ яагаад тэгдэг юм бол?! 2-лаа google-дие гээд л утаснаасаа хайгаад хариултыг нь хамт олдог. Би хувьдаа дүүгийнхээ сониуч зангаар маш их бахархдаг. Ингэж надаас юм асуудагт чинь ах нь их баярладаг гэдгээ ч хэлдэг. Тэр болгонд дүү маань урамшиж илүү их зүйлсийг мэдэхийг хүсдэг юм шиг санагддаг. Ингэснээр тэр үеийнхнийхээ 7,8-р ангид үзэх Байгаль Орчин, Биологи, Хими, Физикийн анх шатны мэдлэгийг 6 жилийн өмнө ойлгон авч, өрсөлдөх чадвартай нь тэр чинээгээрээ ихэсч, цаг хэмнээсэй гэж би хүсдэг.

4. Хэл Эрдэмтдийн баталсанаар хүүхэд 8-12 настайгаас эхлэн шинэ төрлийн авиа сонсч, давтан хэлэх чадвар нь багасдаг аж. Улмаар сургуульд орон унаган хэлээрээ бичиж сурч эхлэхэд төрөл бүрийн дүрэм үзэн түүндээ хөтлөгддөг. Энэ үед хоёр дах хэл сурч эхлэхэд хэл хоорондын дүрмийн ялгаа гээд толгой эргэм асуудалтай тулгарна. Үүнээс сэргийлэх арга нь хүүхдийг 8 нас хүрэхээс өмнө шинэ хэлд хөтлөх юм. Би их азтай. Намайг 7 настай байхад манай гэр Сансар кабель тавиуллаа. Гол шалтгаан нь кабель нь намайг гадаа тоглуулахгүй байх, гэртээ ганцаараа түгжигдээд үлдэхэд надад “хань” болох хэрэгсэл байв. Өдөржин хийх зүйлгүй би өглөөнөөс орой хүртэл Cartoon Network гэдэг ганц суваг үзнэ. Хүүхэлдэйн кинонууд нь давтах тоолонд дахиад үзээд л байна. Огт уйдахгүй. Энэ үед миний тархи автоматаар Sit, Stop, Stand, Blue, White, Black, Dog, Cat гээд энгийн үгнүүдийг гарч буй дүрсээр нь ялган цээжилж, чих маань онгойж эхэлсэн юм шиг байгаа юм. Дуртай юмаа хийнгээ шинэ хэл сурч байна гэсэн үг. Ингэж явсаар сургуульд орж анги ахих тусам сонирхол маань өөрчлөгдөж Discovery Channel, National Geographic Channel зэргийг үзэж үгийн баялаг маань сайжирч байлаа. Анх улсын сургуулийн 5-р ангид албан бусаар англи хэл зааж эхлэхэд үг нөхөж A, B, C, D хариултын аль зөвийг сонгох ёстой тест бөглөхдөө дүрмийг нь мэдэхгүй ч амандаа уншиж байгаад зөвийг нь дугуйлчихдаг байснаа санадаг. Энэ нь миний тархи олон жил зурагтаар сонссон харилцан яриагаа цээжлээд автоматаар аль үг хоосон зайнд орвол өгүүлбэр зөв сонсогдохыг ялгадаг болсон гэсэн үг юм билээ. Сүүлд том болоод энэ тухай найзуудтайгаа ярихад манай үеийнхэн ихэнх нь яг үүний адил англи хэл сурсан байдаг. Манай дүүгийн сургууль англи хэл огт заадаггүй учраас би дүү дээрээ энэ аргыг сүүлийн 3 жил ашиглаж байгаа. Саяхан гэр бүлийн аяллаар Сингапур ороход дүү маань метро гудамжны самбар ялгаж таних, McDonald’s ороход өөрөө англиар яриад зайрмаг авах зэрэг нь асуудалгүй болсон байна лээ. Иймээс таны хүүхдэд ч энэ арга үйлчилнэ. Хүүхдүүддээ аль болох багаас нь англи хүүхэлдэйн кино, суваг үзүүлээрэй. Эх хэлтэйгээ холино, мартана гэж санаа зовоод хэрэггүй. Англи, Хятад, Орос, Япон, Герман, Франц, Солонгос зэрэг дэлхийн шинжлэх ухаан, технологийн тэргүүлэгч орнуудын хэлийг сурах тусам тэдний мэдээлэл, боловсрол авах боломж бүрэн нээлттэй болно. Интернетэд байхгүй зүйл байхгүй болсоор байна. MIT, Harvard, Stanford зэрэг дэлхийн шилдэг сургуулиудын лекц үнэгүй тавигдаж эхэллээ. Хэл л байхад заавал хэдэн мянган доллар төлж АНУ явалгүй, тэдний хичээлийг өрөөнөөсөө үзэж сурах боломжтой.

III. Анд, Найз, Нөхөд “Олон найзтай хүн нэг ч найзгүй”, “Цагаа тулахад найз гэж байдаггүй юм” гэдэг үгс байдаг юм билээ. Зарим хүмүүс үүнтэй санал нийлдэг байх. Харин би үгүй. Учир нь би 20 жил айлын ганц хүүхэд явсан. Бие биеэ түшин тулж, зовох үед зовлонгоо, жаргах үед жаргалаа хуваалцах итгэлтэй андтай байна гэдэг бол өөрөө жаргал гэж би боддог. Олон хүнтэй найзалж, нөхөрлөдөг тул зарим найзууд маань бие биеэдээ дургүй, биенээ муу хэлэх тохиолдол байдаг. Тэглээ гээд яахав. Үнэхээр хоорондоо таарахгүй байгаа хүмүүсийг би яалтай. Харин нэг нь нөгөөгийнхөө тухай ярьсан онцгүй зүйлийг өөртөө шингээж, биесээ магтааж сайшаасан зүйлсийг нь тэдэнд сонсгож дамжуулах нь миний үүрэг. Хоёр найзын хэцүү байгаа харьцааг хурцатгах хэнд ч ашиггүй, ялангуяа надад. Зарим найзуудын маань харьцаа бас их сонин. Өдөр бүр ярьж уулзаад, лайк коммент бичээд сүйд майд болдоггүй ч сэтгэлийн мухарт байдаг найзууд та бүхэнд ч зөндөө байдаг байлгүй. Тэдэнтэй хэдэн сар холбоогүй байснаа гэнэт гарч ирээд шууд яриад явахад ямар ч асуудалгүй байдаг. ФМ-ээр бол нэг үелзэлээр бид ярьж ойлголцдог болохоор тэгдэг байх.

Ер нь чи өөрөө сайн найз байж чадвал, өрөөл хүмүүс чамд сайн найз болж чаддаг. Харин сайн найзын ард бас л сайн, сайхан сэтгэлтэй хүмүүс байдаг. Тэр зарчимаар чи өөрөө сайн хүн байж чадвал хүрээлэл чинь сайн хүмүүсээр дүүрдэг юм шиг надад санагддаг. Магадгүй нэг өдөр сайн найзын маань хүүхэд, манай хүүхэдтэй суугаач уу? Хэн мэдэхэв. Найзууд мөртлөө давхар худууд байвал ямар гоё вэ тэ?

IV. Ажил

1. Албан тушаал

Би цэрэг байж үзсэн, захирал болж үзсэн, буцаад цэрэг байж үзлээ. Цэрэг байх нь бие, сэтгэлд хамаааааааагүй амар. Нээх олон юманд санаа зовохгүй, ажилчдын цалингийн мөнгө яаж олох вэ хэмээн нойр хугаслах шаардлагагүй. Өөрт оногдсон урдах ажлаа явуулж байхад ерөнхийдөө болоо. Яахав ганц хоёр шинэ юм санаачлаад хийвэл хийчнэ. Гэвч хүн бүрийн амбиц өөр. Жижиг ч бай, том ч бай яг байгууллага хамт олон авч явна гэдэг амаргүй даваа. Азаар би харьцангуй залуу дээрээ хэр их ачаалалтай, хэр хүнд байдаг гэдгийг нь өчүүхэн төдий мэдрээд авсан. Залуу байхдаа ер нь аль болох их ачаалал аваад сурчихвал сайн юм шиг надад санагдсан. Шөнөөр сууж, үүрээр ирдэг оюуны ажилтай бол бүр ч сайн. Бага залуу насандаа хүнд жинд 100 кг төмөр өргөөд сурчихвал, хөнгөн жинд ороод 50 кг даах асуудалгүй болно.

2. Чанар ба үйлчилгээ

Хүн ам боловсролтой болж, улс хөгжихийн хэрээр хэрэглэгчийн хандлага илүү боловсронгуй болж байна. Facebook, twitter зэрэг нийгмийн сүлжээ хөгжсөнөөр таны бүтээгдэхүүн хэн нэгэнд таалагдаагүй, таны үйлчилгээ хэн нэгнийг гомдоосон бол та зөвхөн 1 хэрэглэгчээ алдаж байгаа бус харин хэдэн мянган хэрэглэгчээс холдоно. Биднийг бага байхад дэлгүүрээс шинэ хэмээн авсан Атар талх хөгзөрсөн байвал зөвхөн манай гэр бүлийнхэн дахиж тэр талхыг авахгүй. Хэрвээ одоо тийм талх гарч ирвэл би зургийг нь аваад фейсбүүктээ тавихад 1000 хүнд, магадгүй шейрлэгдээд 10000 хүнд элбэгхэн хүрнэ. Атар талхны борлуулалт өдөртөө л 1000-р буурна. Эрх мэдэл компаний гараас хэрэглэгчийн гар руу шилжсэний хамгийн том илрэл нь энэ. Харин эсрэгээрээ хэрэглэгчээ сэтгэл ханамжтай, тэднийг баярлуулах чин хүсэлтэй компаниуд хүчээ авч байна. Тэдгээр компанийн үйлчилгээнд талархсан хэрэглэгч 1000 хүнд энэ сэтгэгдэлээ хуваалцана. Хэдхэн сарын өмнө 0 төгрөгийн борлуулалтгүй компани, хэрэглэгчийг баярлуулсанаар маш хурдан хөгжих боломжтой юм. Америкийн борлуулалтаараа тэргүүлдэг хамгийн том 500 компанийн жагсаалтыг жил бүр Fortune сэтгүүл гаргадаг. 1955 онд гарсан жагсаалтыг 2014 онтой харьцуулахад нийт 500 компанийн 88 хувь нь жагсаалтаас хусагджээ. Өөрөөр хэлбэл 500-аас 61 компани л үлдсэн гэсэн үг. Үлдсэн 439 компани дампуурсан, зарагдсан, эсвэл өрсөлдөөнд ялагдан жижиг компани болон хувирсан гэсэн үг. Ингээд бодохоор, Монголд ч ийм зүйл тохиолдох боломжтой. Олон жил гахай үүрч, ганзага зөөн томруулсан компани нь хүүхдүүдийнх нь үед устаж үгүй болвол тун харамсалтай. Компаниуд ямагт өөрчлөгдөн шинэчлэгдэж, шинэ арга барилыг нэвтрүүлж, шинэ санал санаачлагыг дэмжин, сэтгэлтэй боловсон хүчнийг сонгож, ажилчдынхаа цалин хангамжийг, хэрэглэгчдийнхээ дуу хоолойг анхаарч, ажилдаа тусгаж чадахгүй бол дараагийн үеийн бизнесүүд араас нь гараад л ирнэ. “Хэн ч харж хянаагүй байхад ажлаа сайн хийсээр байхыг л чанар гэнэ.” - Хенри Форд

3. Сэтгэл ба Хандлага

Минийхээр хүн дуртай ажилдаа сэтгэлтэй ханддаг. Дуртай ажлаа олохын тулд өөрийнхөө юунд дуртай гэдгээ мэдэх ёстой гэж их олон ном дээр бичдэг. Гэвч тэрийгээ мэдэхгүй бол яах вэ? Олон жил шөнө орондоо би юу хийвэл амжилттай явах бол гэж бодсон хүмүүс та бидний дунд тун их байгаа. Би ч бас тэдний нэг. Ямар сайндаа манай нэг найз намайг набор гэхэв дээ haha. Төрөл бүрийн юм руу ордог гэж шоолж шоколадны набортой зүйрлэж байгаа нь тэр. Медиа, машин, харин одоо үл хөдлөх сонирхож байх жишээтэй. Гэхдээ нэг таалагдахгүй ажилтайгаа насаараа зууралдаж байхаар эртхэн өөртөө таарах эсэхээ хийж үзээд мэдсэн нь дээр гэж би боддог. Ихэнх хүмүүст хань, ажил 2 төстэй санагдах байх. Олон ажил хийж байж өөрийн дуртай ганцаа олно, олон төрлийн хүмүүстэй уулзаж байж амьдралын ханьтайгаа учирна. Харин ховор тохиолдолд эхнийхээрээ аль алийг нь олдог хүмүүс байдаг нь юутай азтай!!! Та нар шүү. Хандлага бол харин өөр хэрэг. Хэрвээ чи ажил дааж авсан бол чанартай, 100 хувь дуусгах чадвартай байж, хэрвээ байр түрээслэн суугаа бол өөриймсөг хандаж арчлах, хүнээс мөнгө зээлсэн бол буцааж өгөх, эд агуурс зээлж авсан бол байсан байдлаар буцаан өгөх, хүнийг баян ядуу, амьдарч байгаа байшин, унаж байгаа машин, өмссөн хувцас, хийж байгаа ажлаар нь ялгаварлаж харьцдаггүй зэрэг энгийн зүйлсээр хүний хандлага, хариуцлага харагдана. Саяхныг хүртэл муухай ааштай, их зантай, хатуу чанга дарга нараас эмээж тэднийг хүндэлж харьцдаг байсан бол бидний үеийн залуус найрсаг сайхан ааштай, энгийн төлөв даруу, үнэнч, дутагдлаа хүлээн зөвшөөрдөг удирдагчдыг илүү үнэлж хүндэлдэг болж байна.

Хүмүүс чамтай яаж харьцаасай гэж чи хүсч байна, яг түүн шигээ бусадтай харьцаж бай.” - Шинэ гэрээ, Библи

V.Боловсрол ба чөлөөт цаг

Би Ротари, Шейперс гэдэг хоёр гэр бүлтэй. Нэгэнд нь 6 жил, нөгөөд нь 6 сар болж байна. Аль аль нь одоогийн нийгмийг сайжруулангаа өөрсдөө зугаацаж, баярлаж, нөхөрлөл үүсгэх хүсэл эрмэлзэлтэй супер залуус, ах эгч нараас бүрдсэн. Зорилго нь нэг тул эдгээр хүмүүс их амархан ойлголцдог, ихэнх нь бие биенээ сайн танина. Та хэн нэгэнд тусалж, баярлуулахад таны биед dopamine, oxytocin гэдэг бодис ялгардаг. Энэ нь буцаад чамайг баярлуулж, илүү их зүйл бүтээх хүслийг төрүүлдэг. Хийх юмсан, дуусгах юмсан гэж бодож байсан ажлаа дуусгасаны дараа нэг тийм саак мэдрэмж төрдөг дөө? Чиний хийсэн үйлдэлд чинь хэн нэгэн баярлаж чамайг тэврээд талархсанаа илэрхийлэхэд чамд нээх гоё санагддаг даа? Хүнд өвдөж шаналсан хүн чиний оролцоотой эрүүл болоод босоод ирэхээр чамд гоё санагддаг даа? Дээрх бодисууд эдгээр гоё мэдрэмжийг төрүүлдэг. Ротари болон Шейперсүүдийн хувьд тэр мэдрэмжээр хооллож цаашдаа олон буянлаг төсөл хийх эрч хүч авдаг хүмүүс. Би аав ээжийнхээ аль аль талаас 3 дах үеийн эмчийн удам тасалсан нүгэлтэй ч Ротари, Шейперсийнхээ шугамаар аль болох олон хүний эрүүл мэнд, сэтгэлд эерэгээр нөлөөлж дулаан оч асааж байхыг хүсдэг. “Бусдын төлөө хийсэн сайн үйл чинь чиний дэлхий дээрх амьдарч буйн төлбөр юм.” - Мухаммед Али Үеийн үед бусдын амьдралыг амарчилж, сайжруулсан хүн л сайхан амьдардаг.

2016.02.29

 via TaNan Bat-Erdene 

avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 460

Цар тахлын үед УОК-оос авч хэрэгжүүлж байгаа ажил хэр оновчтой байна вэ?

56%
Маш оновчгүй, хангалтгүй
17%
Оновчгүй, хангалтгүй
13%
Боломжийн оновчтой, үр дүнтэй
6%
Маш оновчтой, үр дүнтэй
6%
Мэдэхгүй
  • 56%
  • 17%
  • 13%
  • 6%
  • 6%