Иргэн таны улс төрийн оролцоо

image Муу муухайг шавар шалбаагтай зүйрлэе гэвэл манай улс төрийн орчин асар уудам талбай дүүрсэн намаг балчиг болж таарах биз. Дунд нь баянбүрд бүхий арал. Тэхий голд нь байрлах сэнтийд залрах эрхмийг бид сонгох гэж байна. Харамсалтай нь намаг балчиг дундаас цэвэр, хуурай гарч ирэх хуухьтай эр Монголд байхгүй л байх даа. Ер нь угаас сайн хүн, муу хүн гэж үгүй. Гагц хүний сайн үйлдэл, муу үйлдэл л гэж байх аж. Тэгэхээр бидний хайгаад байгаа арван цагаан буяны мөрөөр орсон их гэгээн үнэндээ энд байхгүй. Харин хэн нь арай бага шавар шалбаагтай зууралдсан бэ гэвэл нягталж болох л байх. Даанч үүнийг нь тооцож гаргадаг арга технологи одоохондоо алга. Байлаа гээд ч түүнд нь шаардагдах дата мэдээллийг бүрэн цуглуулна гэдэг хэцүү. Цуглуулаад дэнслээд арай дөнгүүрийг нь сонголоо гэхэд чанарын хувьд нээх сүртэй ялгаа гарахгүй.  Оффшор, хээл хахууль, албан тушаалын наймаа, тендэр, өмч хувьчлал, ... Энэ бүгдийг өнөөгийн улс төрийн муу муухай зүйл гэж нэрлэж, энэ шалгууруудаар шүүж, дэнсэлж байна улс төрчдийг. Бид зөвхөн тоон утганд л ач холбогдол өгөөд байгаа болохоор энэ дэндүү муу муухай харагдаж байгаа хэрэг. Харин үүнийг эзэлхүүнээр илэрхийлээд үзвэл хамгийн нийтлэг, нийгмийн аль ч анги давхарга, ямар ч насны ангилалд байдаг үзэгдэл болж хувирна. Байгууллагынхаа хангамжинд нөхрийнхөө дэлгүүрээс 100'000₮ бараа шахаж л дээ нэг бүсгүй. Хангамжийн зардлынх нь 10 хувьтай дүйцнэ. Эрдэнэтэд 10 тэрбумаар шахаж л дээ. Бас л адилхан 10 хувь. Ижилхэн л шахаачид. Тоон хэмжээ нь ондоо боловч эзлэх хэмжээгээрээ ижил. Тэр ч бүү хэл ээж нь бага хүүдээ, эгчийнх нь цамцийг хүчээр өмсгөх чинь бас л шахааны нэг хэлбэр болж таарах юм биш үү? Эхнэрээсээ, гэр бүлээсээ 1000 төгрөг ч бай нуусан л бол оффшор юм биш үү? Танилаасаа гарын бэлэг авсаны хариуд хүн ажилд авбал албан тушаалын наймаа. Ажлаа хийгээгүй атлаа цалингаа гэмшихгүй авч байгаа хүн, хуралдаа суудаггүй гишүүн хоёр ямар ч ялгаагүй. Ерөөсөө намаг балчиг, муу муухайгаа улс төртэй биш өнөөгийн Монголын нийгэмтэй зүйрлэх нь зүйтэй юм байна. Муу муухай бүхнээр дүүрсэн энэ улсад сайн сайхан зүйл байна уу ер нь? Үр хүүхдүүддээ яаж сайн сайхан улс орныг үлдээх вэ? Тэгэхээр энэ намгийг эхлээд хатаах хэрэгтэй. Гэхдээ голоос нь биш захаас нь эхэлж хатаах хэрэгтэй. Умардын венец гэгддэг үзэсгэлэнт Санкт Петербург хотыг намаг дээр барьсан. Гэхдээ тэнд асар олон мянган боолын амь нас төлөгдөж байж намаг хатаж хот боссон. Үүний л адил иргэн та нийт массын гурван саяны нэгтэй дүйх хэмжээнд ч атугай нөлөөлж л байвал сайн сайхны эхлэл нь тэр. Дуслыг хураавал далай болдог. Бусдаас үл хамааран та хогоо саванд нь хаяж сур, бусдыг хуурч мэхлэхээ боль, шунахай сэдлээ барьж сур, ер нь яаж хэрхэн бусдад дараа төвөг болохгүй, буруу зүйлээс холуур аж төрөөд л сурчих. Тэгвэл та гандан орох ч хэрэггүй болно. Бусдад гай төвөг болохгүй явна гэдэг үнэндээ хамгийн том буян. Ард иргэд нь соёлтой, боловсолтой, зүрх сэтгэлтэй, зөв болж байж л тэдэн тундаас жинхэнэ төрийн түшээд төрж гарах биз. Бидний Монголчууд хэзээ нэг ухаалаг ард түмэн болох бол доо. Өнөөдөр биш, маргааш ч биш, бүр би тэр сайхан цагыг үзэх үзэхгүй нь ч хамаагүй. Ядаж үр хүүхэд минь тэр сайхан цагыг үзээсэй бил ээ дээ. Үнэндээ амь биеийг тэтгэх, аз жаргалаар сэтгэлээ цатгах хэрэгцээнүүд зарим хүмүүсийн амьдралын өртөгтэй харьцуулахад өчүүхэн төдий юм билээ. Үүнийг ч ойлгочихвол зөв амьдрах зам чинь нээгдэнэ дээ. Зөв амьдрал, зөв үйлдэл, зөв үлгэр дуурайлал гэдэг л иргэн миний улс эх орондоо хийж чадах хамгийн том алхам юм уу даа. 
avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 464

Цар тахлын үед УОК-оос авч хэрэгжүүлж байгаа ажил хэр оновчтой байна вэ?

56%
Маш оновчгүй, хангалтгүй
17%
Оновчгүй, хангалтгүй
13%
Боломжийн оновчтой, үр дүнтэй
6%
Маш оновчтой, үр дүнтэй
6%
Мэдэхгүй
  • 56%
  • 17%
  • 13%
  • 6%
  • 6%